Ёс зүй шаардсан УИХ-ын дэгийн хуулийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Ёс зүй шаардсан УИХ-ын дэгийн хуулийг дэмжлээ

-Ажлын хэсгийнхний боловсруулсан УИХ-ын дэгийн тухай хуулийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 82.5 хувийн дэмжлэг хүлээсэн бол нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөл 87.5 хувийн санал авсан юм-

Монголын парламент 20 жилийг туулахдаа арав гаруйхан хоногийн өмнө баталсан хуульдаа гар хүрэхээр олонхиороо шийдвэр гаргаж байсан тохиолдол үгүй аж. Гэхдээ тэд хэвлэлийн эрх чөлөөг тунхаглаж, ийм шийдвэр гаргалаа.

Шинэ оны өмнө буюу 2010 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр гишүүдийн 81 хувийн саналаар Улсын их хурлын Дэгийн тухай хууль батлагдаж, улмаар “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдэж ч амжилгүй 2011 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн нь парламентын сэтгүүлчдийн хурцхан тэмцэлтэй нүүр тулахад хүргэсэн юм. Шалтгаан нь УИХ-ын байнгын хороодын хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн явдал байв. Мөн парламентын үйл ажиллагааг сурвалжлах сэтгүүлч нь таваас доошгүй жил ажилласан байх ёстой гэсэн шалгуур тавьж, түүнийгээ хуульдаа “шигтгэчихсэн” нь эцэг хуультай зөрчилдөхөд хүргэв. Гэхдээ УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж, УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан бол УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ц.Сэдванчиг нарын гишүүд мөн байнгын хороодын хуралдааныг нээлттэй болгох УИХ-ын дэгийн тухай хуулийг боловсруулж, өргөн мэдүүлсэн билээ. Эдгээр төслүүдийг УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцээд, олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Тодруулбал, ажлын хэсгийнхний боловсруулсан УИХ-ын дэгийн тухай хуулийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 82.5 хувийн дэмжлэг хүлээсэн бол нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөл 87.5 хувийн санал авсан юм. Гэхдээ хэлэлцүүлгийн шатанд дээрх төслүүд гишүүдийн хурцхан шүүмжлэлүүдтэй тулгарав. Хаалттай хурал гэж юуг хэлдэг вэ. УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдоржийн тайлбарласнаар хаалттай хуралдааныг хоёр тохиолдолд хийдэг. Нэгдүгээрт, улсын нууцтай холбоотой асуудлыг авч хэлэлцэх тохиолдолд байнгын хороо болоод УИХ-ын чуулганы нэгд­сэн хуралдааныг хаалттай хийдэг. Хоёрдугаарт, гишүүн горимын санал гаргаж,  олонхи дэмжсэн тохиолдолд хаалттай хуралдана. Хаалттай хуралдааны проткол нууцын зэрэглэлд хамаарах учраас энэ талаар мэдээлэл гадагшаа цацагдах ёсгүй. Харин одоо мөрдөж буй хуульд заасанчлан байнгын хорооны хуралдааныг хаалттай горимд шилжүүлснийг хаалттай хуралдаан гэж томъёолж болохгүй. Учир нь хаалгаа хааж, харуул хамгаалалт зогсоож байнгын хорооны хуралдааныг  хийсэн ч гэлээ хуралдаан дууссаны дараа байнгын хорооны дарга сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Тус хуралд цөөнх болсон гишүүн хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлэх бололцоо бүрэн нээлттэй. Хурлын протколтой сэтгүүлчид төдийгүй жирийн иргэн ч танилцах боломжтой. Тиймээс хаалттай хурал гэж юуг хэлдэг, нээлттэй хурал гэж юуг хэлдэг вэ гэдэг тодорхой гэв.

Харин байнгын хорооны хуралдааныг нээлттэй горимд шилжүүлэх төсөл санаачилсан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ арай өөр тайлбар хийв. Тэрбээр “Хаалттай хуралдаан хийх заалт тусдаа байхад байнгын хорооны хуралдааныг хаалттай горимд шилжүүлж, оролцоог хязгаарлах нь өөрөө хуулийг гуйвуулж байгаа хэрэг. Иргэд, сонгогчдын саналыг авч парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн хэлэлцэж байгаа асуудал дээр ямар байр суурь илэрхийлж буйг олон нийтэд хүргэж байгаа нь нээлттэй хуралдаан болохыг харуулна. Түүнээс хаалттай хаалганы цаанаас гарч ирээд, бэлтгэсэн мэдээллээ ярихыг нээлттэй хурал гэж ойлгохгүй байна гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “УИХ-ын гишүүд өөрсдөө зөв болох асуудал болохоос нэг, хоёр хүн сахилгагүйтдэгийн төлөө парламентыг хаалттай бүс болгож болохгүй. Ядаж л бусдын өмнөөс кноп дарахаа болъё гэв. Гэвч дээрх асуудал эцэстээ сэтгүүлчид ёс зүйтэй байж чаддаг уу, мэдээлэл үнэн зөв байж чаддаг уу гэдэг асуулт тавихад хүргэлээ. УИХ-ын гишүүн Б.Батбаярын хэлснээр өнгөрсөн онд нэгэн телевиз УИХ-ын гишүүн сардаа хоёр сая төгрөгийн цалин авч байна гэж мэдээлжээ. Энэхүү мэдээллээ нэлээн хорчин хийж. Дунд сургуулийн багшаас асууж байна. Таны сарын цалин хэд вэ гэж… Багш сардаа 200 гаруй мянган төгрөгийн цалин авдаг. Хэрвээ та УИХ-ын гишүүн шиг хоёр сая төгрөгийн цалин авдаг болбол түүгээр юу хийх вэ. Багш “Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлнө. Банкныхаа зээлийг дарна гэх мэтчилэнгээр олон хариулт өгчээ. Бодит байдал дээр гишүүн хоёр сая төгрөгийн цалин авдаггүй. Дээрх мэдээллийг харсан УИХ-ын гишүүний эхнэр “Энэ нөхөр цалингаа дутуу хэлж, цааш нь хийж, үрдэг байх нь гэж хар төрүүлмээр мэдээ” цацсан гэж гомдол тавив. Бас болоогүй нэгэн сэтгүүлч өөрийг нь гэрээ байгуулахыг шаарджээ. Гэрээ байгуулснаар гишүүн зургаан сая төгрөг өгөх ёстой. Хариуд нь гишүүнийг жилийн турш “балбахгүй”. Нэг үгээр хэлбэл, Монголын парламент өнөөгийн мэдээллийн хэрэгслийн гол санхүүжүүлэгч болоод хувирчихаж… Эзэд ямар даалгавар өгнө, түүний дагуу ажиллана.

Үүнд З.Алтай гишүүн тайлбар хийж,  УИХ-ын гишүүд өөрсдөө сэтгүүлчдийг эвдэж байгаа шүү” гэдэг анхааруулга өгөв.

Улмаар гишүүд дээрх хуулийн төсөлтэй холбогдуулж саналаа хэлэх үед байнгын хорооны хуралдааныг хаалттай горимд шилжүүлэх төсөл санаачилж, УИХ-аар батлуулсан гишүүн Ч.Сайханбилэг “Өнөөдөр бол Үндсэн хуулийг баталсан баярын өдөр. Гэвч хувь заяаны шоглоомоор баярын өдрийг гунигийн өдөр болгож байна. Өнгөрсөн өдрүүдэд ямар инээдтэй юмнууд болов. УИХ-ын зарим гишүүн хэвлэлийн эрх чөлөө нэрийн дор байнгын хорооны хуралдааныг нээлттэй болгох төсөл барьж гүйлээ. Хамгийн инээдтэй нь, УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийнхний санаачилсан хуулийн төсөлтэй адилхан, уг хуулийн төслөө ажлын хэсгийнхний өргөн мэдүүлсэн хуулийн төслөөс даруй 2 цагийн дараа УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн байх жишээтэй. Яг үнэндээ чуулганы хуралдааныг сурвалжилж байгаа 30 орчим сэтгүүлчид энэ танхимд суудаг 76 гишүүн нугачууллаа шүү дээ. эв нэгдэлтэй байж чадсан бол сэтгүүлчдийг ялж болох байсан. Бид чадсангүй” гэв.

Дээрх үгэнд УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир хариу болгож “УИХ-ын гишүүдэд хууль санаачлах эрх нь бий, Ч.Сайханбилэг гишүүн ийм зүйл ярьж байгаад харамсаж байна. Гишүүд хууль санаачилж болдоггүй юм бол, УИХ-ын Тамгын газар хуулийн төсөл санаачилдаг болох хэрэгтэй юм байна л даа. Тэгээд ч ажлын хэсгийнхэн  боловсруулсан хуулийн төслөөУИХ-ын даргад өргөн мэдүүлэхээс 2 цагийн өмнө гишүүдийн санаачилсан хуулийн төсөл бэлэн болчихсон байсан. Битгий ухаантай юм ярих гэж царайл. Телевиз, сонинуудыг захирч суудаг цаад сайд, гишүүдээ эхлээд захирчих” гэв.

Ийнхүү УИХ-ын дэгийн тухай хууль УИХ-ын гишүүний ёс зүйг хөндөөд зогсохгүй сэтгүүлчийн ёс зүйг ч хөндөхөд хүргэсэн юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж