Зохиолч Х.Болор-Эрдэнэ: “Би нөхөртэйгээ насан туршдаа нөхөрлөе гэж тохирсон”

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Зохиолч Х.Болор-Эрдэнэ: “Би нөхөртэйгээ насан туршдаа нөхөрлөе гэж тохирсон”

Хүн бүхэн ертөнцийг өөр, өөрийн хувь зохиолын дагуу туулан, тус бүрийн дүрийг бүтээсээр амьдралаас олон янзын мэдрэмжийг авдаг. Амьдралаас авч буй тэрхүү мэдрэмжээ цаасан дээр буулган, уншигчдад хүргэдэг залуухан зохиолч бүсгүйтэй ярилцлаа. Хүний дотоод сэтгэлд нэвтэрч, уран бүтээлээ туурвиж чаддаг зохиолч Х. Болор-Эрдэнийг уншигчид “Диваажингийн хоригдлууд”, “Нүцгэн шөнө”, “Зүрхэнд үйлдвэрлэв”, “Би чамд хайртай” номуудаар нь мэдэх билээ.

Хэдэн онд сургуулиа төгсөж, хэрхэн зохиолч болсон бэ?

-Дунд сургуулиа бол 1993 онд төгсөөд тэр үед моод болоод байсан монгол бичгийн чиглэлээр нэг дээд сургуульд элсэн орсон юм. Хожим 2000 онд УЗДС-ийг сэтгүүлч-утга зохиолын мэргэжлээр төгссөн. Тэнд суралцаж байхдаа тухайн үеийн төрийн төв хэвлэл гэгддэг байсан "Ардын эрх" сонинд сэтгүүлчээр ажилладаг байсан юм. 1992 оноос эхлээд л богино өгүүллэг бичдэг байсан ч тэр тухайгаа хүнд хэлдэггүй байлаа. Дараа нь сэтгүүлч болоод жаахан зориг орж, ганц нэг сонин хэвлэлд бүтээлээ нийтлүүлж эхэлсэн дээ.

-Таны өгүүллэгүүдийг уншиж байхад ямар нэгэн хэлбэрт баригдаагүй, илэрхийлэхэд хэцүү санагддаг.  Яг л уншигч өөрөө тэр зохиолын нэгэн  дүр юм шиг мэдрэмжийг авдаг. Таны хувьд хэрхэн зохиолоо бичдэг вэ?

-Амьдрал баян гэж бид ярьдаг даа. Тэр утгаараа ихэнх зохиол маань миний өөрийн амьдралтай холбоотой сэрэл мэдрэмж, ухаарал, гомдлууд байдаг гэж хэлж болно. Өөрийн нүдээр харсандаа л илүү итгэдэг гэх үү дээ. Дотоод хүнтэйгээ их ярилцдаг. Бид хоёр заримдаа муудалдцана. Бүр бие биетэйгээ дуугарахаа ч болих үе бий. /инээв/. Гэхдээ тэр бүр санал зөрөөд байх нь ховор. Ихэнхдээ нэг мэдрэмж дээр төвлөрч, нэг л чиг шугамыг барихыг хичээдэг.

Дотоод хүнтэйгээ муудалцдаг гэнээ? Яаж тэр вэ?

Голдуу тэр надад зааж захирч, нэг хайрцганд хийчих гээд байдаг юм. Тэр үед нь би зөрдөг. Нэг тийм бачимдуу болж орхидог. Тийм үедээ голцуу хээр гарч, чанга хөгжим сонсонгоо салхи сэвэлзүүлэн давхидаг. Тэр үедээ л цаадах чинь уярч зөөлөрдөг дөө. /Инээв/

Хөгжим танд их хань болдог байх нь ээ. Ганцаардлын  тухайд?

Хөгжим бол зүгээр л хэрэглүүр төдий зүйл. Би ганцаараа байх дуртай. Тийм болохоор ганцаардлаа энэ тэр гээд нэг их сүртэй санагддаггүй. Яагаад гэвэл миний дотор галтай, эрчтэй, нэг тийм цоглог найз бүсгүй бас байдаг юм. Бид хоёр бие биенээсээ уйдаж байсан тохиолдол бараг байхгүй юм байна.

-Аливаа зүйлийг бичихээсээ бас хэзээ ч  уйддаггүй юу. Хааяа залхуурах тохиолдол байна биз?

Яг одоо бол маш их залхуурч байна. Ер нь бол их ажлын дараа бичгийн ажлаас хэсэгтээ татгалздаг. Дураараа давхиж, дуртай хүнтэйгээ уулзаж, эсвэл бүр цор ганцаархнаа өдрийг өнгөрүүлж, ном уншиж, блог хэсч, хүмүүстэй ярилцаж, заримдаа бүр шал утгагүйгээр гөлөрч суух нь ч бий. Амарч л байгаа янз нь тэр юм шиг байгаа юм. Зарим үед буяны ажил  хийнэ. Заримдаа сахилгагүйтнэ.

-Сахилгагүйтэхээр яадаг вэ?

-Яахав, хүмүүст цочроо өгч, гэнэтийн бэлэг барих, эсвэл зүгээр л хэн нэгнээр тоглох гээд байдаг талтай. /Инээв/ Жишээ нь зүсээ хувилгаж явах ч гэх юм уу?

-Танаас гэнэтийн бэлэг хүлээж авч байгаа хүмүүс тэгээд хэр цочирч байх юм? Нөхөртөө бол бүр олон surprise барьдаг байх даа.

-Тэгэлгүй яах вэ, нөхөр маань бол байнга л шинэ соргогоор хүлээж авдаг ш дээ. Миний урмыг боддог ч байж магад.

-Гэр бүлийнхээ хүнд зориулж өгүүлэг бичиж байв уу?

-Нөхөртөө зориулаад "Тэргэл сартай шөнө" нэртэй нэг өгүүллэг бичиж байсан юм байна. Тэрнээс өөр бол санаанд орохгүй байна. Харин манай нөхрийн надад зориулан бичсэн "Миний эмэгтэй" гээд нэг өгүүллэг бий. Бас "Зун шиг" нэртэй шүлэг нь байна.

Мэргэжил нэгтэй хоёр хүн. Танай гэр бүл их сайхан байдаг байх. Ойлголцохгүй байгаа зүйлээ бичгээр илэрхийлээд бие биенийхээ дотоод ертөнцийг таньж мэдээд л…

-Хамгийн хоосон, хамгийн ядуу, хамгийн хэцүү цагтаа бид бие биенээ олж харсан юм аа. Гэхдээ гэр дотроо янаг нялуун харилцаа бидэнд байдаггүй. Хөгшөөн… гээд л явж байдаг. Эхнэр нөхөр гэхээсээ илүүтэй нөхөрлөлийн халуун харилцаа бидний дунд байдаг. Ер нь бол бид насан туршдаа нөхөрлөе л гэж анхнаасаа тохирсон. Эхнэр нөхөр гэхээсээ илүүтэй нөхөрлөлийн халуун харилцаа бидний дунд байдаг.

-Нөхөртэйгээ найз нөхөд шиг байхыг илүүд үздэг гэхээр гайхаад байна л даа, хайр сэтгэлийн тухайд та юу гэж боддог вэ ?

-Хайр бол хэн нэгэндээ маш их зүйлийг өгөхийг хүсдэг тийм л том бэлэг болов уу. Нэг нь өгөөд л байна. Нөгөөх нь аваад л байна. Аваад байгаа хэрнээ талархахгүй байсан ч өгсөөр л байдаг зах хязгааргүй сэтгэлийн бэлэг юм болов уу гэж боддог

-“Би чамд хайртай  2”-ын зохиолч маань “Би чамд хайртай” гэдэг үгийг хэр их хэлдэг вэ?

– Нэг л удаа хэлж байсан юм байна, миний хувьд. Миний нөхөр ч бас нэг л удаа хэлсэн. Үг бол шидтэй, хүчтэй зүйл. Нэг л хэлчихэд хангалттай тийм том үг шүү дээ, энэ чинь. Харин өдөр бүхэн, үйл бүхнээрээ ил хэлдэггүй ч, байнга л тэр үгийг хэлэх мэт амьдарч байгаа гэж хэлж болно. Яагаад гэвэл би алхам тутамдаа тэр санааг олж хардаг. Жишээ нь, яг одоо миний ширээн дээр гурван хайрцаг жимсний шүүс, гучин хэдэн ном, зургийн тавиур, бийр будаг байж байна. Тэрнийг миний нөхөр л надад бэлдэж өгдөг. Дуртай юмаа хий гэсэн санаа нь байх.

-Таны “Амьдрал” гээд өгүүллэг санаанд орж байна. Энэ өгүүллэг хүмүүсийг яг л өөрсдийнхөөрөө юунд ч баригдалгүй амьдрахыг уриалсан аястай байдаг.

-Тиймээ, миний хувьд ямар нэг хайрцаг, хэв маяганд баригдах дургүй. Яг л салхи шиг эрх дураараа байх дуртай. Тэр хүслийг минь хамгийн их өөгшүүлдэг хүн бол миний нөхөр, яруу найрагч-сэтгүүлч Б.Эрдэнэсолонго. Бүр анхнаасаа л надад "Эмэгтэй хүн хоббигоороо амьдрах ёстой" гэж хэлдэг байсан юм. Гэхдээ тэглээ гээд би тэр их итгэл найдварыг нь хэт зоргоороо ашиглахгүй юмсан гэсэн дотоод хүнлэг чанарт бас баригдаад байдаг талтай.

-Анхны юм бүхэн эргээд дурсахад сайхан байдаг. Анхны ном, анхны шагнал авч байсан үеийнхээ сэтгэгдлээс хуваалцаач.

-Анхны ном маань "Нүцгэн шөнө" нэртэй жижигхэн, нимгэхэн ном байсан юм. Анхны шагнал гэвэл номоо хэвлэлтнээс авч байсан тэр нэг цас нүүр нүдгүй шуурсан өдөр нөхрийн минь өгсөн чин сэтгэлийн үнсэлт байлаа. Бид хоёр гурван хайрцаг номоо дааж ядан чирсээр гэртээ аахилан орж ирчихээд хэсэгхэн зуур юу ч ярихгүйгээр инээмсэглэн сууж байж билээ. Анхны номыг минь өлгийдөн авч, редакторлаж байсан хүн бол Төрийн соёрхолт, яруу найрагч Г.Аюурзана байсан юм. Тэр хүний бичсэн өмнөтгөл үг надад буцаж няцалтгүй бичих их урмыг хайрласан. Өдгөө хүртэл тэр урмын үгийг хөсөр алдалгүй, дааж амьдрахсан гэж л хичээж байна. Дараа нь МЗЭ-ээс гишүүнээр элсэх урилга ирж байсан юм. Тэр мөчөөс л эхлээд энэ мөрөөдөл болсон салбартаа хүч сорихоор шийдсэн дээ

-Зохиолчдоос хэний ном зохиолыг илүү их уншдаг вэ?

-Бүгдийг нь л уншдаг. Бүх л зүйлд хүний сэтгэл, хүний хөдөлмөр, оюун санаа шингэсэн байдаг учраас болж өгвөл гартаа таарсан бүхнийг барьж авахыг хичээдэг. Юунаас ч санаа төрж болно шүү дээ. Бас бүх л номонд бүтээл гэсэн том агуулга шингэж байдаг тул хэн нэгнийг ялгаж, голж, зааглаж харилцахыг хүсдэггүй

-Таны бичсэн “Би эр хүнд хайртай” жүжгийн дуу нэлээд хит болж байна. Дууны шүлэг хэр их бичдэг вэ, дууны үгийг та захиалгаар бичдэг үү эсвэл таны шүлгийг дуу болгодог юм болов уу?

-Голцуу хөгжмийг бэлэн болгосны дараа надад ханддаг л даа. Аяыг нь сонсоод утгыг нь үгээр урлан наах үүрэг оногддог гэсэн үг. Бэлэн хөгжим дээр үг наах нь амаргүй юм шиг байгаа юм. Миний хувьд Балхжав ахтай гурав дахь дуун дээрээ хамтран ажилласан нь “Би эр хүнд хайртай” жүжгийн дуу. Нэг их онцолж дууны үг барьж аваад бичээд байдаггүй л дээ. Сэтгэлд хүрээд, тохироонд хүрчихвэл ямар ч төрлийн бичгийн ажлыг хийхээс татгалздаггүй. Өмнө нь Балхжав ахтай хамтран "Охин минь битгий уйл", "Ээждээ би хайртай" жүжгийн дууг хийж, дуучин Ариунаагаар дуулуулсан нь хит болж чамгүй урам өгсөн. Дуучин Туул, ГАЛА хамтлаг, Өөдөө, Ундрал, Алтанцэцэг гээд дуучдад дуугаа өгч дуулуулж байсан юм байна.

-2009 оны “Алтан өд” шагналын эзэн болж байсан. Энэ ч бас танд улам ихийг хийх хүсэл эрмэлзлийг өгсөн байх. Одоо шинэ ном бичиж байгаа юу?

-Удахгүй хэд хэдэн ном өлгийдөн авна аа. Шинээр бичиж байгаа номнууд маань голцуу үргэлжилсэн үгийн том хэмжээний төрөлд багтах тул эхнээс нь блог уншигчиддаа хүргэсэн байгаа. Алтан-Өд шагналын тухайд энэ наадамд дөрөв дэх удаагаа орж байгаад авсан тул нүүр бардам байгаа. Бас уншигчдын маань санал, санаачилгаараа хэвлүүлж өгсөн ном маань шагнуулсан шүү дээ. Ингэж бодохоор цаанаа л урамтай байлгүй яахав. Их ч зүйлийг хийж бүтээх төлөвлөгөөтэй байгаа.

-Баярлалаа таны цаашдын ажилд амжилт хүсье.

С.Уянга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж