Монгол Улсад биеийн тамир, спортын салбар үүсч, хөгжсөний 90 жилийн ой энэ жил тохиож байна. Энэхүү ойн баярыг тохиолдуулан БТСГ-аас өнгөрсөн 90 жилийн түүх, ололт амжилт, ялалт ялагдлын талаар баримтат кино хийхээр төлөвлөжээ. Ойн баяраа долдугаар сарын 1-5-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд энэ үеэр гадна, дотны олон зочид манай улсад хүрэлцэн ирэх аж. Түүнчлэн ойн баярын үеэр Улаанбаатар хотноо Азийн спортын менежментийн ээлжит их хурал болох учир 20 гаруй орны 150 гаруй эрдэмтэн судлаачид манай улсад саатах юм. БТСГ-аас 90 жилийн ойн баярын хүрээнд олон ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд хөөр баяр болж, шагнал гардуулаад өнгөрөх биш Лондон-2012 олимпийн наадамтай холбогдуулаад Олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг хийхээр төлөвлөөд байна. Лондонгийн олимпийн наадамд хэрхэн оролцож, Ази төдийгүй бусад тивийнхэн зуны олимпод ямар чиг хандлагатай байгаа талаар Монголын болон гадны эрдэмтдийн дуу хоолойг сонсч, улмаар Монголын баг тамирчдын арга барил дээр ажиллах бүрэн бололцоотой болох юм.
Ойн баярын нээлтийн ажиллагааг Яармаг дахь Шинэ ордонд хийх ба энэ үеэр спорт холбоод тайлангаа тавьж, шилдэг тамирчид, арга зүйчид, биеийн тамир, спортын салбарын шилдэг хамт олныг шалгаруулах гээд олон арга хэмжээ хийхээр төлөвлөөд байгаа гэнэ.
С.Цэлмэг