Баянтэс, Отгон суманд шөнөдөө 41-43 градус хүрчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Баянтэс, Отгон суманд шөнөдөө 41-43 градус хүрчээ

Өнгөрсөн хоногт Улаанбаатар хот, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Ховд, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Сэлэнгийн нутгаар цас орж, Завхан аймгийн Баянтэс, Отгон суманд шөнөдөө 41-43 градус хүйтэн хоносон байна. Харин өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төв болон говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хагаст зүүн хойноос, бусад нутгаар баруун хойноос  5-10 метр секунд,  Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 16 метр секунд хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч  Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 30-35 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 21-26 градус, Эхийн голын баян бүрд болон говийн нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 18-23 градус хүйтэн байна.

Энэ сарын13-ны шөнө говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 15-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 16, 17-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 15, 16-нд говь, тал хээрийн нутгаар хойноос 12-14 метр секунд хүртэл ширүүснэ. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 40-45 градус, өдөртөө 33-38 градус, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, Эхийн голын Баянбүрд, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байх төлөвтэй байна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж