Хоршоо байгуулах асуудлаар санал сонслоо

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Хоршоо байгуулах асуудлаар санал сонслоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  2010 оны 11 дүгээр сарын 29-нд Засгийн газарт Сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар чиглэл өгч зарлиг гаргасан билээ. Энэ зарлигийн 1.1 –д Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр, Малын тэжээл, Экологийн цэвэр бүтээгдэхүүн, Сүү хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд үнэлгээ өгч, нийслэл болон томоохон суурин газрын орчим  сүүний чиглэлийн фермерийн аж ахуйг эрчимтэй хөгжүүлэхэд шаардагдах газар зохион байгуулалт, бэлчээрийн  хуваарилалтыг шинэчлэн зохион байгуулах, сүүний фермерүүд хоршиж тэжээлийн ургамал тариалах, хадлан тэжээл бэлтгэж нөөцлөх, тэжээлийн болон даршны үйлдвэрлэлийг дэмжих, сүүний чиглэлийн үхрийн генефондыг сайжруулах, өсвөр үхрийг технологийн дагуу бойжуулах, сүү хүлээн авах, хадгалах, тээвэрлэх үеийн эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөлийг сайжруулах, хуурай сүүний үйлдвэр байгуулах, сүү нөөшлөх технологи нэвтрүүлэх, сүүний нөөц бүрдүүлэх зэрэг чиглэлээр хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхийг чиглэл болгосон юм. Үүнийг Хүнс, хөдөө аж ахуйн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар дэмжин, өөрсдийн хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэлийн газар, агентлагийн дарга, мэргэжилтнүүдийг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Жаргалант тосгоны фермерүүдтэй уулзуулж, тэдний саналыг сонслоо. Тэдэнтэй Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр хамт өчигдөр явсан юм.

Шар хад, Нарийны хэсгийн фермерүүдтэй Ахмадын нөхөн сэргээх сүүн сувилалд, бусад хэсгийнхэнтэй нь Жаргалант тосгоны төвд уулзав. Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр фермерүүдэд зарлигийн талаар танилцууллаа. Нийслэлийн сүүний хэрэгцээний 27 –хон хувийг хот орчмын фермерүүд хангаж байна. Иймээс Улаанбаатар орчмын фермерүүдийг эхний ээлжинд дэмжье гэсэн бодлого барьж байгаа. Өнөө жил хадлан, дарш бэлтгэх асуудалд нь анхааръя. 20-40 айл нийлээд хоршоо байгуулж, ногоон тэжээл тарьж болох юм. Тэгвэл үр, техник, зээлийн асуудлаа шийдэхэд нь тусалж, бас сургалтад хамруулъя. Даршны нүхээ өөрсдөө бэлд. Өндөр ашиг шимтэй үнээ хэрэгтэй бол үүнд нь бас тусалъя. Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан сүү үйлдвэрт хэрэгтэй. Цахилгаан саалтууртай, байр савтай болно гэсэн үг. Ингэж саасан цэвэр сүүг хөргөн нөөшилж болно. Үйлдвэрт савлаад удаан хадгалах боломж бүрдэнэ. Эрчимжсэн сүүний фермерийн аж ахуйг даршгүйгээр төсөөлөх аргагүй. Тарих газрын асуудлыг бид зохицуулна. Энэ ажлыг хоршихгүйгээр та бүхэн хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэж чадахгүй. Хоршоо байгуулбал нэг боломж нэмэгдэнэ. Нөгөө эрдэнийн хувийн бэлнээр өгөхгүй гээд буй нэг сая төгрөгийг хөрөнгө оруулалт болгон ашиглах асуудлыг чинь бид хөөцөлдье. Нэг айлыг хоёр хүнтэй гэж бодоход хоршооны 40 өрхийн 80 сая төгрөг бий болно биз дээ. Төрөөс энэ мэт дэмжлэг үзүүлбэл хоршоо байгуулах сонирхол байна уу? Та бүхний саналыг бид сонсох гэж зорьж ирлээ гэж Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр хэллээ.

Фермерүүд бүгд л хорших нь зөв гэдгийг ойлгож, дэмжиж баяртай байна гэдгээ илэрхийлэх юм. Дарш бэлдэхээр ногоон тэжээл тарихад га тутмын 80 000 төгрөг төлдөг. Ийм байхад бид яаж ногоон тэжээл тарих юм бэ гэж байна. Үүнийг нийслэлийнхэнтэй ярилцаад 3600 төгрөг болгосон тухайгаа Эрхэмбаяр зөвлөх хэлсэн.

Бэлчээр байхгүй. Хадлангийн талбай алга. Ногоон тэжээл тарих газар ч хомс. Байгаа газрыг нь хотын хүмүүс ам амаар нь хашаад авчихсан. Зун болохоор малтай айлууд гаднаас ирээд буучихдаг. Тэр олон хонь, ямаа, адуу бэлчээрийг талхлаад дуусгах юм. Худаг усыг нь яаж шийдэх юм. Хөрөнгө мөнгө алга. Эдгээрийг шийдэх хэрэгтэй байна. Ногоон тэжээл тарьж, дарш бэлдэж байсан хуучин туршлагатай  хүмүүс бий. ОХУ-д үнээгээ шинжлүүлсэн. Үйлдэрлэг байдал нь 70 хувь байна гэсэн. Тиймээс байгаа үнээнүүдээ саагаад, дарш бэлдээд ашиг шимээ нэмэгдүүлэх боломж, сонирхол их бий хэмээн хүмүүс ярив. Нийслэлийн болон Хүнс, хөдөө аж ахуйн яамны мэргэжилтнүүд тэдний сонирхсон, лавласан асуултуудад тодорхой хариу өгч байлаа. Уулзалтад оролцсон хүмүүс хоршоо байгуулах нь зөв, дэмжиж байна гэлцэн нэлээд баяртай харагдлаа. Харин ганц нэг хүн та нар худлаа баахан амлаад явдаг шүү дээ гэж байв. Сонгуулийн үеэр нэр дэвшигчдийн хэлсэн амлалтуудыг тэд санасан биз дээ.  Ерөнхийлөгчийн зөвлөх Эрхэмбаяр бид саналыг чинь сонсохоор ирсэн, шийдвэр гаргадаг хүмүүст уламжлаад хэрхсэн талаараа хариу  өгнө гэлээ.  Яамныхан тэдний саналыг олон асуулт тавьж бичгээр авч байв. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэхийг дэмжих чиглэлээр яам, хотын төсөвт хэдий хэр мөнгө туссан, түүнийг юунд зориулах талаар тэд мэдээлж, ямар боломж байгааг дуулгав.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж