М.Чойсүрэн: Усны нөөц ТЭЗҮ батлагдахаас өмнө тодорхой болсон байсан

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

М.Чойсүрэн: Усны нөөц ТЭЗҮ батлагдахаас өмнө тодорхой болсон байсан

Оюутолгойн
орд газрын Тех­ник эдийн засгийн үндэслэлийг баталснаа Засгийн газар
өнгөр­сөн долоо хоногт зарлалаа. Уг техник эдийн засгийн үндэслэл дотор
бүдэг бүрхэг тусгагд­санаас нэмж тодруулах шаард­лагатай дөрвөн асуудал
байсны нэг нь ус юм. Говь нутаг гадар­гын усаар тун ядмаг. Гэтэл угийн
хомсхон усыг нь уул уурхайн компаниуд сая сая тонноор нь ашигласаар
говийнх­ныг харангадуулах нь гэсэн бас нэг хармын үг хаа сайгүй
яригд­даг. Тиймээс ч Ашигт малт­малын газрын дэргэдэх Эрдэс баялгийн
зөвлөлийн хуралдаа­наас усны нөөцийг дахин тодот­гох үүргийг өгөөд
байгаа. Энэ талаар бид Усны газрын усны нөөцийн хэлтсийн ахлах
мэргэжилтэн М.Чойсүрэнгээс тодруулсан юм.
-Оюутолгойн Техник
эдийн засгийн үндэслэлд усны нөөцийг хэрхэн тусгасан бэ. Төсөл
хэрэгжүүлэх гучин жилийн хугацаанд ус хүрэлцээтэй байж чадах уу?


“Айвенхоу майнз Монголиан инк” компанийн хийсэн усан хангамжийн
судалгааны тайланг манай Усны газрын шинжлэх ухаан технологийн зөвлөл
болон мэргэжлийн шүүмжлэгч нарыг байлцуулан хэлэлцсэн. Тус компани усны
судалгааг 2003-2007 онд явуулж, бид 2008 оны арваннэгдүгээр сарын 11-ны
өдрийн хуралдаанаар хэлэлцсэн. Судалгаанд усны нөөцийг анх 1122
литр/секунд байхаар тусгасан. Үүнийг манай технологийн зөвлөлийн гишүүд
болон шүүмжлэгч нар хэлэлцээд маш өндөр даралтын устай хоёр цооногийг
хасч тооцон 870 литр/секундээр, 40 жилийн хугацаатай баталсан. Энэ нь
өдөрт 100 мянган тонн хүдэр олборлоход хүрэлцээтэй.
-Хоногт
150 мянган тонн хүдэр олборлоно гэж Оюутолгойнхон мэдэгдсэн. Тэр
хэмжээгээр олборловол усны нөөц хүрэлцэхгүй гэсэн үг үү?

-Эхний
таван жилд Оюутол­гойд хэрэглэх усны хэмжээ нэмэгдэхгүй. Харин зургаа
дахь жилээс 150 мянган тонныг олбор­лоод эхэлж болох юм. Оюутол­гойн
ордод  газрын доорх усны хяналт шинжилгээний сүлжээ ажиллуулна. Үүний
үндсэн дээр газрын доорх усны төвшний бууралтын нөлөөллийн радиу­сыг
тодорхойлон усны хэрэглээг нэмэгдүүлж болно. Тиймээс Галбын говь юм уу,
бусад гидрогеологийн нөхцөл бүрдсэн талбайд усны судалгаа явуул гэсэн
үүрэг өгсөн. Мөн өмнөд говийн бүсийн уурхайн ашиглалттай холбоотойгоор
гуравдугаар эх үүсвэр буюу гадаргын усыг шилжүүлэн татах асуудлыг ч
давхар судалж байх учиртай.  Орхон говь, Хэрлэн говь төслүүдийг
нарийвчлан судлах хэрэгтэй гэсэн үг л дээ. Өмнөд говийн бүсийн уул
уур­хайн ашиглалт 2012 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллаж  эхэл­нэ гэж
тооцвол 2018 он гэхэд газрын доорх усны судлагдсан нөөц хомсдох 
магадлалтай. Тиймээс гадаргын усыг шил­жүүлэн татах төслүүдийг
хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй юм.
-Хэрлэн говь, Орхон говь
төслийг хэрэгжүүлэхийг нутгийн иргэд ихээхэн эсэр­гүүцдэг. Гол мөрөн,
булаг шанд олноороо ширгэж бай­гаа өнөөгийн нөхцөлд эдгээр төслүүд
байгаль орчинд сөрөг нөлөөтэй юм биш үү?

-Агаарын хур
тунадасаар тэжээгдэж байсан жижиг гол горхи ширгэж байгааг
үгүйсгэх­гүй. Хүний үйл ажиллагаатай холбоотой ширгэсэн нь ч бас бий.
Гэхдээ Сэлэнгэ, Хэрлэн, Орхон зэрэг гадагш урсгалтай гол мөрнүүдийн
усыг дотооддоо ашиглах нь зүйтэй гэж би хувь­даа боддог.  Дэлхийн бусад
улс оронд, тухайлбал БНСУ, Япон, Турк зэрэг орнууд далан боомт
байгуулан гадаргын усаа ашиглах арвин баялаг туршлагатай. Далайд
гарцгүй орнууд гадаргын усныхаа 30 хувьтай  тэнцэх хэмжээний усыг
дотооддоо ашиглаж болно гэсэн олон улсын  зөвшилцөл ч байдаг. Нэгэнт
урсаад хил давчихдаг усны тодорхой хэсгийг улс орондоо хэрэгтэй зүйлд
ашиг­лахаас татгалзаад байгаа нь хүмүүс мэдээлэлгүй байдагтай
холбоотой. Дээрх төслийн хү­рээнд Орхон, Хэрлэн мөрний усны тав орчим
хувийг л ашиглана шүү дээ.
-Говь ус муутай, дээрээс нь их
хэмжээний хэрэглээ нэмэгдэхээр худаг ус ширгэж, хүн, мал нь амны усгүй
болох вий гэсэн болгоомжлол хаа сайгүй байна л даа?

-Говь
нутаг угаас гадаргын урсац байхгүй. Зөвхөн газрын гүний усаар хүн, мал,
уул уурхай нь тэжээгддэг. Тиймээс Оюутолгойн орд газарт газрын гүний
усыг ашиглах нь гарцаагүй. Харин тэгэхдээ идэвхтэй солилцооны ус буюу
нэгдүгээр давхаргын усыг бус хоёроос доош давхаргын гүнд оршиж байгаа
даралттай усыг хэрэглэхээр техник эдийн засгийн үндэслэлд тусгасан.
Газрын доор 150-270 метрийн гүнд оршиж байгаа усыг ашиглана. Тиймээс
Гүний хоолой орчимд амьдарч байгаа айл өрхүүдийн худаг ус ширгэхгүй
байх бололцоотой.
-Газрын гүний ус эргэн нөхөгдөхийн тулд
1450 жил шаардлагатай гэж саяхан эрдэмтэд мэдээлж байсан. Гэтэл бид
газрын гүний усыг үйлдвэрлэлд ашиглах гээд байдаг?

-Угаасаа
онолын хувьд газрын гүний ус чинь газар дээр буусан бороо хурын усаар
тэжээгдэж байдаг. Тиймээс нөхөн тэжээгдэх хугацаа нь хэдэн арван
жилээс, хэдэн мянган жилээр яригддаг. Ингэж хэлж байгаа эрдэмтдийн зөв.
Гэхдээ Оюутолгой болоод бу­сад төслийн хувьд газрын гүний усыг ашиглаж
болох болом­жит хэм­жээнд нь тохируулан судалгааг явуулсан тул газрын
доорх усны нөөц баялагт сөргөөр нөлөөлөхгүй. Өөрөөр хэлбэл 870 литр
секундээр ашиглахад айлтгүй гэсэн үг. Байгальд болоод газрын доорх усны
ордод сөргөөр нөлөөлөхгүй гэдгийг тооцож гаргасан. Тэгэхээр Гүний
хоолойн усыг юу юугүй шавхаж авах гэж буй мэт ойлгож болохгүй. Тэгээд ч
газрын гүний хоёр, гуравдугаар давхаргад  хүн малын унданд хэрэглэж
болохооргүй давсархаг ус байдаг. Далайн устай зүйрлэж болохуйц шорвог
ус байгааг судалгаагаар баталсан.
– Оюутолгойнхныг 870
литр/секунддээ багтаан ашиглаж байна гэдгийг яаж тогтоох вэ. Тогтоосон
хэм­жээнээс хэтрүүлэн хэрэглэх юм бол усны нөөц цагаасаа өмнө барагдчих
аюултай юм биш үү?

-Техник технологи хөгжсөн өдгөө цагт ийм
хардлага гаргах хэрэггүй. Түүнийг чинь тоолуур тавиад л гаргачихна шүү
дээ. Харин ч Оюутолгойнхон усны хэмнэлттэй технологи хэрэг­жүүлж 870
литр/секундээс бага хэмжээгээр ашиглах боломж байгаа.
-Оюутолгойн ТЭЗҮ буцаагд­санаас хойш усны нөөцийн судалгааг дахин явуулсан уу?
-Усны
нөөц гэдэг хэн нэгэн хүний дураар өөрчилдөг зүйл биш. Судалгаа хийж
байж л өөрчилдөг. Нэгэнт тогтоогдсон нөөцөд дахин дахин судалгаа хийх ч
шаардлага байхгүй. Оюутолгойн усны нөөц бол аль хэзээний тогтоочихсон,
ТЭЗҮ хийхээс ч өмнө тодорхой болчихсон зүйл шүү дээ.

Д.Цээпилмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж