С.Баяр: Хэн ч, ямар санал тавьж болно, хүлээж авах эсэхээ шийдэх нь бидний эрх

Хуучирсан мэдээ: 2010.02.27-нд нийтлэгдсэн

С.Баяр: Хэн ч, ямар санал тавьж болно, хүлээж авах эсэхээ шийдэх нь бидний эрх

331x286-Би монгол хүн. Хувь хүнийхээ хувьд Орос орон, оросуудыг хүндэлдэг. Үүнийгээ нуудаггүй-

Хоосон яриа, хоноцын сэтгэлгээ хоёр л "улс төржилт"-ийн гол агуулга байдаг

Цаг үеийн болон хүмүүсийн анхаарлыг хамгийн ихээр татаж буй асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярын манай сонинд өгсөн толилуулж байна. Ерөнхий сайдын хэлсэн үг бүр "юм" хэлдэг хойно сүүлийн үед өрнөөд буй олон асуудалд хариулт өгөх болно.

Та хэдхэн хоногийн зайтай "Шилдгийн шилдэг улстөрч", "Тэргүүн алдартан" боллоо. Таныг ингэж "доош орох" гэж дээ гэсэн харамсал зарим хүнд төрөөд байх шиг. Ийм өргөмжлөлтэй, өргөмжлөлгүйгээр Та хангалттай нэр хүндтэй шүү дээ. Танд ийм юм хэрэгтэй гэж үү ?

-Янз бүрийн өргөмжлөл өгдөг, авдаг уламжлал бий болоод удаж байна. Ийм уламжлал надтай, надгүй тогтсон. Одоо түүнийг нь гэнэт үгүйсгээд унах нь хаашаа байдаг бол. Тэгэх тусмаа "Надад ийм юм хэрэггүй" гэж үл тоомсорлоод, "томроод" байх нь зөв гэж үү? Үгүй л болов уу. Шалгаруулалт, зохион байгуулалтын талаас нь анхаармаар зүйл байдаг л байх. Гэхдээ энэ бол миний анхаарах, санаа зовох ёстой асуудал биш. Миний хувьд шалгарах, тодрохын тулд үг дуугарч, үйлдэл хөдөлгөөн хийсэнгүй. Тиймээс өргөмжлөл авснаараа "доош орчихлоо" гэж бодохгүй байна. Бас сүрхий "дээш гарчихлаа" гэж хөөрцөглөхгүй байгаа. Үгүйсгээд, эсвэл дөвийлгөөд байх асуудал биш л дээ. Ингэж үзээд зохих хэмжээнд нь үнэлж, тайван хандах хэрэгтэй байх аа. Олны дэмжлэгийн нэгэн хэлбэр гэж бэлгэшээж хүлээн авах нь л хамгийн зөв болов уу. Энэ хэмжээний алба хашиж байгаа учраас би бусдын зохион байгуулсан арга хэмжээ, тогтсон уламжлалд нэн хүндэтгэлтэй хандах ёстой.

-Энэ хэмжээний алба гэснээс Ерөнхий сайдын ажил хэцүү юм уу? Та ийм байна гэж төсөөлж байв уу ?

-Амар алба биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Би ч бас багцаалж л байсан. Гэхдээ хүнд хэцүү, энэ тэр гээд зовлон тоочоод байх нь хаашаа юм. Ийм цаг үед энэ амаргүй ажил алба оногджээ гэдгийг бүрэн ухаараад, дүүрэн зүтгэх л хэрэгтэй.

-Зүтгэсний үр дүн тэгээд гарч байна уу? "Засгийн газрын 100 хоног" гээд хийсэн, бүтээснээ илтгэдэг, тайлагнадаг уламжлал бий. Тэр тайлангаа танай Засгийн газар хэзээ тавих гэж байна вэ?

-Уламжлалын дагуу тайлангаа тавьж л таарна. "100 хоног" ирэх сарын дундуур тохионо. Тэр л үед нь тайлагнана. Зүтгэсний үр дүн заавал гардаг. Гарч ч байна. Зарим үр дүн одоо биш, дараа гарна. Харин бүтчих боломжтой зарим ажил бүтэхгүй байгаад санаа зовж байгаа. Гэлээ гээд зогсох ёсгүй. Зүтгээд л байх учиртай. Ерөөс зүтгэсний эцэст л бүтдэг хорвоо шүү дээ. Юутай ч хожмын өдөр "Тэнд нь дутааж, энд нь хөдлөөгүйгээс болж" гэж харамсахгүй байхын тулд энэ албанд байгаа цагтаа зүтгэх, тодорхой үр дүн гаргах хэрэгтэй гэж боддог.

-Та намын даргын хувьд сонгуулийн кампаниа удирдах нь лавтай. Сонгуулийн бэлтгэлээ эхэлсэн уу? Танай намын мөрийн хөтөлбөр, уриа болон бодлогын баримт бичгүүд бэлэн болж байна уу?

-Сонгуулийн бэлтгэл ажил эртнээс эхэлсэн. Гол гол бичиг баримтуудын төсөл ноднин намар намын Их хурлын өмнө гарч, хэвлэлд нийтлэгдсэн. Намын мөрийн хөтөлбөрт тусгах асуудлуудаа бид сүүлийн гурван жил намын Бага хурлуудаараа хэсэгчлэн хэлэлцээд яваад байгаа. Улс орны эдийн засаг-нийгмийн хөгжлийн бодлого, төрийн шинэтгэл гэх зэрэг зарчмын том зарим асуудлыг намын Их хурлаар тусгайлан хэлэлцлээ. Одоо ч зарим асуудлаа эрдэмтэн мэргэдээр судлуулж, хэлэлцээд, тодотгоод л явж байна. Намын бодлого, мөрийн хөтөлбөрийг боловсруулна гэдэг бол удаан хугацааны нүсэр ажил. Тэрнээс хэдэн нөхөд хувийн санаа бодлоо санааныхаа зоргоор телевиз дамжин яриад явдаг эд арай биш. Онол, практикийн талаас нь тунгааж, маш олон хүний ухаан бодол төвлөрч, сүлэлдэж байж боловсордог, төрдөг зүйл шүү дээ, намын бодлого гэдэг чинь.

-"Санааныхаа зоргоор телевиз дамжин яриад явдаг" гэж та хэнийг хэлж байна вэ ? Ардчилсан намынхныг хэлж байгаа юм уу?

-Хэн нэгнийг хэлж байгаа юм биш. Намын бодлого төрдөг, гардаг ерөнхий зарчим, хандлага ямар байвал зохилтой талаар л ярьж байна. Намын бодлогод санааныхаа зоргоор хандвал намдаа ч, улсдаа ч дэндүү их хор хохиролтой болно.

-Та Ардчилсан намын "Арван зөв бодлого"-ыг хэрхэн үнэлж байна вэ? Хэр зэргийн үндэстэй, тооцоо судалгаатай болсон гэж бодож байна вэ?

-Би бодлого тусгасан бичиг баримт бол олж үзээгүй. Үзээгүй учраас үнэлж дүгнэх боломжгүй юм. Юутай ч үндэс тооцоо сайтай, үнэхээр зөв бодлого гараасай гэж чин сэтгэлээсээ хүсэх, залбирах байна. Ардчилсан нам тийм буурь суурьтай, даацтай бодлого боловсруулах чадвартай нам. Монголын хөгжил дэвшилд тустай бодол, зөв санал, төсөл байвал хэн хэлсэн, хэн санаачилсан, хэн боловсруулсан гэдгээс үл хамааран бүгдээрээ дэмжих учиртай. Улсын хөгжлийн асуудлаар улс төрийн намуудын байр суурь, бодлого уялдаатай байх тусмаа сайн. Тэгж гэмээнэ л улс орон маань хөгжиж, дэвжинэ шүү дээ.

-Та "Монголын улс төр Монголын хөгжлийг гацааж эхэлжээ" гэж саявтар хэлсэн байсан. "Гацааж эхэллээ" гэснийг бодоход улс төр хөгжлийг гацаадаггүй, дэмждэг сайхан үе байсан гэсэн санаа бас байх шиг. Ерөөс Монголын улс төр улс орны хөгжлийг хангах, дэмжих чадвартай гэж та боддог уу?

-Хөгжилд нэмэр болохгүй улс төр хэнд хэрэгтэй юм бэ гэж асуух ёстой. Улс төрийн бодлого, шийдвэр гарах ёстой цагтаа гарч байж л улс орон хөгждөг. 1990-ээд оны эхээр Монголын улс төр Монголын хөгжлийг урагшлуулж чадаж байсан. Хүнд хэцүү, шинэ тулгар олон асуудлыг богино хугацаанд шийдэж чадсан. Өөрөөр хэлбэл, улс төрийн шийдлүүд цаг алдалгүй гардаг байж. Жишээ гэвэл олныг хэлж болно. 1992 оны Үндсэн хууль болон улс төр, эдийн засгийн шинэ тогтолцооны олон тулгуур хууль богино хугацаанд батлагдсан байдаг. Тэр үеийн Улсын Бага Хурал, Ардын Их Хурал улс төрийн том бодлого тодорхойлох үүргээ сайн биелүүлсэн. Улс төрийн амьдрал үнэнхүү ширүүн өрнөж байсан тэр үед өнөөгийнх шиг хоосон "улс төржилт", цаг барсан хийрхэл харин ч байдаггүй байж дээ. Гэтэл өнөөдөр хий хоосон "улс төржилтөөс" шалтгаалсан шийдэгдээгүй асуудал уул овоо шиг хуримтлагдсан байгаагаас үзвэл өнөөгийн улс төр улс орны хөгжлийг урагш биш, хойш нь татаж байна.

Ашигт малтмалын орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулах, тэндээс олох ашгаа ард түмэндээ шударга хүртээхээс эхлээд сонгуулийн тогтолцоогоо илүү шударга болгох, төрийн чадавхи, дархлааг бэхжүүлэх гээд шийдэж чадаагүй, амжаагүй, бүтээгүй асуудал дэндүү олон байна.

– "Улс төржилт" гэж ярьдаг болоод бид удаж байна. Өөрт нь таалагдахгүй байгаа юманд "улс төржилт" гэсэн нэр хаяг өгөөд байна уу даа гэж заримдаа бодогддог. Таныхаар бол чухам юуг "улс төржилт" гэж хэлэх вэ ?

– "Улс төржилт" гэдгийг таньж цөхөөд байх юмгүй шүү дээ, уг нь. Жишээ нь, юу санаачилж байгааг нь биш, хэн санаачилж байгаа талаас нь асуудалд хандахыг "улс төржилт" гэнэ. Зөв юм хэлсэн ч "нөгөө талын" хүний амнаас гарсан гэж үзэж байгаа бол түүнийг нь дэмжинэ гэж үгүй. Мушгин гуйвуулна, ил далд сөрнө. Үүнийг "улс төржилт" гэхээс өөр юу гэх юм бэ.

Амьдралын гэрэл сүүдэр, сайн саарыг ялгалгүй нэг л өнгөөр будахыг "улс төржилт" гэнэ. Улс төрийн бодлогыг уянгын яруу найраг мэт андуураад, хий хоосон цэцэрхээд, ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж гуайн хэлсэнчлэн "сумгүй хонгиороод" байх явдал улстөрчдийн дунд цөөнгүй. Энэ бол бас л "улс төржилт". Хуруу нь хэзээ ч хөдөлдөггүй атлаа, хошуу нь байнга хөдлөөд байдгийг "улс төржилт" гэж би хэлнэ. Цагтаа хийгээгүй, зүтгээгүй, чадаагүй атлаа, одоо эргээд яаж хийх, зүтгэх, чадах тухай бусдад зааж зааварлаад явдгийг "улс төржилт" гэмээр бас санагддаг. Энэ мэтээр яривал олон жишээ татаж болно.

"Улс төржилтийн" хэлбэр нь элбэг баян. Харин агуулга нь бол ядмаг. Хоосон яриа, хоноцын сэтгэлгээ хоёр л "улс төржилтийн" гол агуулга байдаг. Гэтэл улс төрийн шийдлээ хүлээсэн том асуудал дэндүү олон байна. Одоо шийдэхгүй бол оройтох гээд байгаа тулчихсан асуудлууд шүү дээ …

Улс орны язгуур эрх ашиг хөндөгдөж буй асуудлыг сонгуультай холбох нь тэнэг хэрэг

-Тулчихсан асуудлууд гэснээс Тавантолгой, Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээ хэзээ хийгдэх бол? Гадна дотногүй л үүнийг хүлээж байна. УИХ-ын ажлын хэсэг байгуулагдаж, та түүнд нь гишүүнээр орсон дуулдсан. Ерөнхий сайд хүн парламентын ажлын хэсэгт орж болдог юм уу? Ажлын хэсгийн ажил тэгээд урагштай байгаа юу?

-Ажил бүтэж байвал УИХ-ын ажлын хэсэгт Ерөнхий сайд орж ажиллахад буруу юу байх вэ. Монголын төр, засгийн байр суурийг нэгтгэн томъёолох үүрэгтэй ажлын хэсэг учраас хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын төлөөлөл орсон. Ажлын хэсэг бол саналаа солилцох, ойлголтоо ойртуулах, тодорхой гарц, шийдлийн төсөл боловсруулахад тустай ажлын хэлбэр байгаа юм.

Ажлын хэсэг дээр ажил хэргийн уур амьсгал ноёрхож байгаа. Энэ нь ихээхэн найдлага төрүүлж байна. Оюутолгойн ордын талаарх хэлэлцээрээ үргэлжлүүлэх, үр дүнд хүргэх шаардлагатай байгаа. Гэхдээ хэлэлцээр хийх ажил "Ашигт малтмалын тухай хууль"-ийг тойрсон эргэлзээ, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай асуудлууд УИХ дээр нэг тийш болсны дараа л бүрэн төгс болно. Ээлжит бус чуулган ойрын үед хуралдуулж, хууль тойрсон эдгээр асуудлыг нэг тийш шийдчихвэл зам шулуудах учиртай. Энэ бүгдийг хүлээсээр байтал цаг л их алдаж байна даа.

-"Цаг алдаж байна" гэж шавдуулж байгаад Оюутолгойн ордын асуудлыг сонгуулийн өмнө яаран шийдэх гэж байна хэмээн таныг харддаг. Тэгж их яарах хэрэг байгаа юм уу?

-Цаг хугацаа гэдэг бол мөнгө. Алдагдсан цаг бол асгаж гээсэн мөнгө. Их мөнгө. Жишээ нь, зөвхөн Оюутолгойн ордын асуудлыг шийдэж чадаагүйгээс Монгол Улс жилдээ дор хаяж 400 орчим сая доллар алдаж байна гэсэн тооцоо бий. Энэ бол нэг өдөрт нэг сая гаруй доллар олох боломжоо үгүй хийж байна гэсэн үг. Бод доо, нэг өдөрт нэг сая доллар шүү дээ. Жилийн өмнө, хоёр, гурван жилийн урьд гэрээ байгуулсан бол ямар их ашиг олох байж вэ гээд тооцоод үз л дээ. Цаг алдсанаас болж бид хэчнээн олон асуудал шийдэж чадсангүй вэ? Монголд ямар олон сургууль, эмнэлэг, орон сууц сүндэрлэж чадсангүй вэ? Нөгөөтэйгүүр, хөрөнгө оруулалтын зардал харсаар байтал нэмэгдэж, сүүлийн нэг жилд бараг хоёр дахин өсчихлөө. Өчигдөр хоёр тэрбумаар босох байсан үйлдвэр, уурхай өнөөдөр дөрвөн тэрбумаас наашгүй гэгдэх болж. Ийм байхад яагаад яарах хэрэггүй гэж? Алгуурлаад, "улс төржөөд" суугаад байх гэж үү?

-Өдөрт нэг сая доллар олох боломжийг алдаж байна гэж Та хэллээ. Энэ үнэн бол монголчуудын амьдралыг богино хугацаанд өөд нь татах хангалттай мөнгө орж ирэх бололтой. Энэ асуудлыг сонгуулиас өмнө шийдэж чадах уу?

-Асуудлыг заавал сонгуультай холбох ёсгүй. "Ашигт малтмалын тухай хууль"-ийн асуудал цэгцэрсний дараа Монгол Улсад ч, хөрөнгө оруулагч талд ч ашигтай гэрээний хувилбар дээр тохиронгуутаа л тэр дор нь шийдэх ёстой. Улс орны байнгын, язгуур эрх ашиг хөндөгдөж буй энэ асуудлыг цаг зуурын шинжтэй сонгуультай холбох нь тэнэг хэрэг. Гэтэл чухамдаа сонгуулиас болоод гацаж магадгүй гэсэн бодол, болгоомжлол байгааг нуугаад хэрэггүй биз. Энэ тухай саяхан болсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр УИХ-д байгаа улс төрийн намуудын удирдлага илэн далангүй ярилцсан. Ярилцсаныхаа эцэст Засгийн газраас УИХ-д тодорхой санал, төсөл оруулж ирвэл шийдэх тал дээр нь хамтран ажиллая, улс орныхоо язгуур эрх ашиг талаас нь бүгдээрээ хандъя гэж ойлголцсон, тохиролцсон.

-Аль орд газрын тухай тохиролцсон юм бэ?

-Тэр энэ гэж тогтоогүй л дээ. Одоохондоо тогтох ч арга байхгүй. Стратегийн бүх орд газар л хүлээлтийн байдалтай байгаа. Би түрүүн хэлсэн, давын өмнө Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлаа УИХ-ын ээлжит бус чуулганаар энэ гуравдугаар сарын дундуур шийдэх ёстой. Дараа нь энэ хуулиа үндэслээд Засгийн газар хөрөнгө оруулагч нартай хэлэлцээрээ хийнэ. Тэгээд л УИХ-д өргөн мэдүүлэх учиртай.

-Тавантолгойн ордын тухай хэлэлцээр юу болсон бэ? Тус ордын ашиглалтын лицензтэй байсан хүмүүсээс лицензийг нь хурааж төрийн мэдэлд авна гэж та мэдэгдсэн. Үнэ мөнгөний хэмжээн дээрээ тохиролцож чадахгүй байгаа гэсэн яриа байна. Одоо яах гэж байна вэ? Тэдний нэхсэн мөнгийг өгөх үү, тохиролцох гэж оролдох уу, эсвэл мэдэгдлээсээ буцах уу?

-Хэлэлцээр хуучин оны сүүлч, шинэ оны эхээр идэвхтэй өрнөж байгаад түр завсарласан. Цагаан сарын завсарлага авсан гэх үү дээ. Одоо дахин үргэлжилнэ. Засгийн газрын байр суурь хэвээр байгаа. Түүнээсээ бол буцахгүй. Лиценз эзэмшигчдээс гаргасан зардлыг нь бодитоор тооцох, түүнийг нь аль нэгэн хэлбэрээр нөхөх талаар бодох ёстой. Үүнийг бол хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ засгаас бэлэн мөнгө төлөх асуудал байхгүй гэдгийг шулуухан хэлж байгаа.

Хэлэлцээр үр дүнд хүрэх ёстой. Хүрнэ ч гэж итгэж байгаа. "Хүн хэлээрээ, мал хөлөөрөө" гэдэг дээ. Монголоо гэсэн сэтгэлтэй монголчууд өөр хоорондоо ярьж байна даа. Учраа олно оо. Олох ёстой.

Монгол гурилаар хийсэн талхнаас социализм үнэртэж байгаа бол тийм социализм мандтугай гэж хэлье

-Тавантолгойн лицензийг төрд буцааж авна гэсэн Таны шийдвэрт олон түмэн ам сайтай байгаа. Мөн болж бүтдэггүй төрийн албан хаагч нартай хариуцлага тооцож эхэлсэн нь ч таалагдсан. Гэхдээ зарим хүмүүс Таны энэ болон бусад алхмуудыг ардчилал, зах зээлийн эдийн засгийн зарчмаас ухарсан явдал, захиргаадалтын үеийг санагдуулах боллоо гэж ярьж байх шиг. Ялангуяа "Атрын гурав дахь аян"-ыг эхлүүлнэ гэсэн бодлого чинь багагүй шүүмжлэлтэй тулгарах бололтой. Энэ атар эзэмших хөдөлгөөн, зөвлөлгөөн, өдөрлөг гэдгээс социализм үнэртээд байна гэх юм…

-Хэрэв монгол гурилаар хийсэн талхнаас социализм үнэртэж байгаа бол тийм социализм мандтугай гэж хэлье. Монголчууд бид хүнс, тариагаа хүнээс гуйлгүй, өөрсдөө хангалттай үйлдвэрлэж амьдрахыг социализм гэж байгаа бол тийм социализм байгуулахын төлөө бид тэмцэх ёстой.

Ажлаа хийж чадахгүй, мэдэхгүй, хүсэхгүй байгаа хүнд, алдаа завхрал гаргасан этгээдэд арга хэмжээ авсныг захиргаадалт гэж байгаа бол төрийн ажилд тийм л "захиргаадалт" ус, агаар мэт өнөөдөр дутагдаж байна. Хариуцлага алдсан хүн ардчиллыг арьсаа хамгаалах хэрэгсэл мэтээр үзэж байгаа бол тийм ардчилал хэрэггүй гэж хэлмээр байна…

-Тийм л дээ. Гэхдээ "Атрын аян"-ыг тань газар тариалангийн мэргэжилтнүүд эсэргүүцэж байгаа юм биш үү? Цөлжилт ихэссэн энэ үед атар эзэмшинэ гэдэг буруу бодлого гэхчлэн шүүмжилж байна л даа.

-Газар тариалангийн асуудалд бодлогогүй, тооцоогүй хандсанаас байгаль орчиндоо хохирол учруулах вий гэж анхааруулж, сэрэмжлүүлж байгаа мэргэжилтнүүдийн үгийг сонсох ёстой. Сонсож ч байна. Газар тариалангийн салбарын төлөөлөгчидтэй би байнга уулзаж, зөвлөлдөж байгаа. Атар газар шинээр эзэмших гээд байгаа юм биш шүү дээ. Урьд нь тариа тарьж байгаад орхисон, атаршаад хогийн ургамалд эзлэгдчихсэн, эргэлтээс гарсан тийм талбайн тодорхой хэсгийг эргүүлж ашиглах тухай ярьж байгаа юм. Үүний зэрэгцээ орчин үеийн эрчимжсэн арга технологийг түлхүү хэрэглэх тухай бас хөндөж байгаа юм шүү дээ. Усалгаатай талбайн хэмжээг хэрхэн нэмэгдүүлэх, уриншаа яаж хийх, ямар сортын тариа сонгох, бордоог яаж, хэдий хэмжээтэй хэрэглэх гэхчлэн нарийн асуудлууд олон бий. Энэ бүхнийг мэддэг, чаддаг эрдэмтэн мэргэжилтнүүд, газар тариаланчид манайд бас бий шүү дээ. Гагцхүү бодлого зорилт, арга технологи, нөөц бололцоо, тооцоо судалгаа гээд бүх юм тодорхой байх ёстой.

-Тодорхой ямар зорилт дэвшүүлж байгаа юм бэ?

-Бид эх орны хөрсөнд ургуулсан улаан буудай, төмс, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чаддаг байлаа. Энэ сайхан уламжлалаа сэргээх зорилт дэвшүүлж байна. Эрүүл, аюулгүй, үндэсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаснаар импортоос хараат байгаа өнөөгийн бидний арчаагүй байдал арилна. Бид өнөөдөр хэрэгцээт буудайнхаа 25 хувь, хүнсний ногооныхоо 50 хувийг ч хангаж чадахаа болиод гаднаас чанартай, чанаргүй юм зөөж амьдардаг болсон байна шүү дээ. Тэгээд ч дэлхийн зах зээл дээр улаан буудай, хүнсний үнэ байнга өсөн нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд үүнээс өөр сонголт, өөр арга зам бидэнд үнэхээр алга болсныг хаана хаанаа ойлгох, ухаарах учиртай.

-Гурил, будаанаас гадна түлш шатахууны сэдэв олны анхаарал татаж эхэллээ. "Роснефть" гэдэг Оросын нэг компани Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүүд захидал илгээж, тэр нь бүр хэвлэлд нийтлэгдсэн байсан. Монголын нутаг дэвсгэр дээр шатахуун түгээх 100 станц барихыг тус компанид зөвшөөрвөл манайд нийлүүлж байгаа шатахууныхаа үнийг өсгөхгүй байж болох юм гэсэн утгатай зүйл бичээд гэрээний төсөл хавсаргасан байсан. Энэ юу гэсэн үг вэ? Тулган шаардаж байгаа хэрэг үү?

-Би тэр сонинд нийтлэгдсэн захидлын асуудлаар Х.Наранхүү сайдад тодорхой үүрэг өгсөн. Нэгдүгээрт, Оросын "Роснефть" компани тийм захидал Монголын талд илгээсэн эсэхийг нягтлах. Хоёрдугаарт, хэрэв илгээсэн бол яагаад Ерөнхий сайд нь энэ талаар асуудал хариуцсан сайдаасаа биш өдөр тутмын сониноос олж мэдэх болов. Гуравдугаарт, Оросын тал ийм санал үнэхээр тавьж байгаа бол Монголын талын байр суурь ямар байх ёстой талаар яамныхаа санал, тооцоо судалгааг боловсруулах гэсэн чиглэлээр үүрэг өгсөн. Эдгээр болон өөр бусад асуудлаар тодорхой ойлголттой болж байж л би дээрх сэдвээр ярилцах эсэхээ шийдэх ёстой. Учир нь гадаад харилцааны асуудлыг, түүний дотор худалдааны үнэ тохиролцох асуудлыг хэвлэлээр дамжуулж хэлэлцдэг тийм ёс хаана ч байхгүй.

-Шулуухан асуухад оросууд үнэхээр ийм саналтай байгаа бол бид түүнийг нь яах юм бэ ?

-Энэ асуудлыг би бүрэн нягтлаагүй байгаа учраас ерөнхий зарчим л хэлье. Бидэнтэй харилцаж буй хэн ч, ямар ч санал тавьж болно. Тэр бол тэдний эрх. Харин хэний ч, ямар ч саналыг хүлээж авах эсэхээ шийдэх нь бидний эрх.

-Хүлээж авахгүй гэвэл бид хохирох уу? Энэ талаар та юу бодож байна вэ??

-Үнэгүй бяслаг гэж энэ хорвоод байдаггүй. Тэгэх тусмаа зах зээлийн зарчмаар амьдарч байгаа өнөөгийн нөхцөлд. Бүх юм өөрийн үнэ цэнэтэй. Үүн дээрээ яаж тохирохоос, ерөөс тохирч чадах эсэхээс л асуудал хамаарна даа. Бид шатахуун түлшээ дан гаднаас авдаг. Тодруулж хэлбэл манайд импортоор орж ирж буй нефть бүтээгдэхүүний 96.4 хувийг ОХУ-аас худалдан авч байна. Намайг юу бодож байна вэ гэж чи асуулаа. Гаднаас хамааралгүй болохсон. Хүнээс юм царайчлахаа болихсон. Шатахуун түлшээ дотооддоо үйлдвэрлээд өөрийн хэрэгцээгээ бүрэн хангадаг болчих юмсан гэж бодож, мөрөөдөж байна. Тийм бололцоо бидэнд бий.

Манайд газрын тос байна. Түүн дээрээ үйлдвэр барьж болох. Дэд бүтэц, зам харгуйн асуудлыг л шийдэх ёстой байгаа юм. Манайд нүүрсний асар их нөөц байна. Нефтийн үнэ тэнгэрт хадсанаас болж нүүрснээс шатахуун гаргадаг технологи гадаад орнуудад эрчимтэй хөгжиж байна. Тэр тэргүүний технологийг эзэмшиж аваад, төмөр замтай ойр нүүрсний орд газраа түшиглүүлээд нэг сайхан нефть-химийн цогцолбор үйлдвэртэй болохсон гэж л бодож сууна даа. Энэ талаар тун саяхан ШУА-ийн эрдэмтэн мэргэдтэй би санал солилцож, зөвлөлдсөн. Тэдний хийсэн тооцоо судалгаа, боловсруулсан тодорхой саналууд нь миний бодол, мөрөөдөл биелэх үндэстэй гэдгийг нотолсон шүү. Тэр саналуудыг нь бодит ажил болгох талаар Засгийн газар ажиллаж байна.

Би намын даргын хувьд нийслэлд нэр дэвшинэ

-Уучлаарай, бас нэгэн эмзэг сэдэв хөндье. Таныг Асгатын ордыг ОХУ-д өгөх гээд байна гэсэн хар бас байдаг бололтой…

-Бас л хар. Өнөөх л "улс төржилт". Дотроо "улс төрждөг" юмаа гэхэд гадаад харилцааны асуудал, ялангуяа хоёр хөрштэй харилцах асуудлыг тэгмээргүйсэн. Энэ нь давын өмнө бидэнд л хортой. Асгатыг хэн нэгэнд "май" гээд өгчихнө гэдэг бол ямар ч утгагүй яриа. Харин хамтраад харилцан ашигтай ажиллахыг би бол дэмжсээр ирсэн, цаашид ч дэмжинэ.

Нарийн яривал, Асгатын мөнгөний ордыг ОХУ-тай ижил тэнцүү хувиар олборлох тухай гэрээний төсөл намайг Ерөнхий сайд болохоос өмнө бэлэн болсон байсан. Тэр төсөл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид бүрэн нийцэж байгаа. Түүнийг нь шинэ Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлсэн. Тэнд очоод харин гацсан. Асгатын ордыг эзэмших эсэх асуудал одоо Засгийн газраас биш УИХ-аас хамаарч байгаа. Энд намайг хардаад, сэрдээд байх учир шалтгаан баймааргүйсэн.

-Таныг ер нь оросуудад талтай хүн гэдэг л дээ. Бүр оросуудын барьцаанд байгаа ч гэдэг. Таны Ерөнхий сайд болсны гол зорилго нь Асгатын болон өөр бусад асуудлыг Оросын талд ашигтайгаар шийдэх явдал гэсэн яриа, хардалт улс төрийн хүрээнийхний дунд бий. Энэ талаар өөрийн тань үгийг сонсмоор байна.

-Хардалт аа гэж… Угтаа бол хардалт гэдэг олон талтай, олон үзүүртэй эд. Асуудлыг нөгөө талаас нь харж, асууж бас болно л доо. Асгатыг оросуудтай хамтран олборлох асуудлыг хэн, яагаад гоочлоод, эсэргүүцээд байна вэ гэж? Ингэх нь цаагуураа хэнд ашигтай юм бэ гэж асууж бас болно шүү дээ.

"Оросуудад талтай, барьцаалагдсан" энэ тэр гэж шуугиулж байгаад ерөөс Оростой харилцах бодол, боломжийг нь хясаад өгье, зүрхийг нь үхүүлье гээд байгаа юм биш биз? Шулуухан хэлэхэд, тийм оролдлого байгаа бол нэмэргүй. Би монгол хүн. Хувь хүнийхээ хувьд Орос орон, оросуудыг хүндэлдэг. Үүнийгээ нуудаггүй. Бусад улс орон, үндэстнүүдийг ч хүндэлдэг. Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол Улсынхаа тусын тулд гадаад харилцаагаа хөгжүүлэхийн төлөө цаашид ч зүтгэнэ. Чингэхдээ улс орноо, ард түмнээ хохироох гэрээ, хэлцэл хийхгүй байхаа бас мэднэ.

Монгол, Оросын хил дээр байгаа орд газрыг ОХУ-тай хамтарч эзэмшихэд буруу нь юу байх билээ. Харилцан ашигтай байх зарчмаар хойд хөрштэй он удаан жил хамтраад ирсэн сайхан уламжлал бидэнд бий. Тэр уламжлалыг би Монголын ард түмэнтэйгээ нэгэн адил чин сэтгэлээсээ хүндэтгэдэг. Ганц жишээ дурдахад, Монгол, Оросын хамтарсан "Эрдэнэт" үйлдвэр одоо ч бидэнд ашиг тусаа өгч, улсын төсвийн гуравны нэгийг бүрдүүлсээр л байна. Бидэнд ийм "Эрдэнэт" олон байгаасай билээ гэж залбирцгаая.

-Харилцааны сэдвээ орхиод сонгуулийн сэдвээ дахин хөндье. Танай нам харьцангуй боловсон хүчин сайтай болохоор нэр дэвшүүлэх хүн олдохгүйн зовлон биш, хэнийг нь вэ гэдэг сонголтын хэцүүг эдэлнэ. Нэр дэвшүүлэхдээ ямар зарчим баримтлах вэ?

-Хэн сонгогдох илүү магадлалтай байна, тэр хүнийг дэвшүүлэх суурь зарчим баримтална. Магадлалтай эсэхийг хэн нэгэн даргын үзэмжээр биш, тухайн тойрогт оршин суугаа манай намын гишүүдийн удаа дараагийн хэлэлцүүлгээр тодруулдаг болсон шүү дээ. Мөн тэнд оршин суугаа сонгогчдоос "Эдгээрээс хэнийг нь дэмжих вэ" гэдэг талаар хэд хэдэн судалгаа авч, жагсаалтаа нарийвчилж байгаа. Дээр нь тухайн орон нутгийн намын байгууллагын санал бодлыг харгалзах учиртай. Эцэст нь нэр дэвшүүлэх албан ёсны шийдвэрийг намын Бага хурал гаргана. Ийм л дараалал, зарчмаар асуудлаа шийднэ дээ.

-Таныг Хөвсгөлд нэр дэвших нь, Ерөнхий сайд болонгуутаа тийшээ явлаа гэж хүмүүс таамаглаж байсан. Гэтэл сүүлийн үед сонгуулиа удирдахын зэрэгцээ хотод нэр дэвших бололтой гэх юм. Та шийдсэн үү?

-Жилийн өмнө шийдсэн, нөхдөдөө мэдэгдсэн асуудал. Сонгуулийн ажил зохион байгуулах, удирдах үүрэг хүлээх тул хөдөө орон нутагт нэр дэвших бололцоогүй. Намын даргын хувьд нийслэлд нэр дэвшинэ.

-Дэвших тойрог тань тодорхой болсон уу ?

-Намаас надад оноож өгсөн тойрог бол тодорхой. Гэхдээ намын Бага хурлаар гардаг учиртай албан ёсны шийдвэр хараахан гараагүй байхад эцэслэсэн мэт байдлаар ярих бас боломжгүй шүү дээ.

-Мэдээж та намаа ялуулна гэж намын дарга болсон. Ялалтаа тооцож байгаа биз. Ялна гэдэгтээ итгэлтэй байна уу? Тактик энэ тэр тань нууц байх л даа… Хэдэн суудал харагдаж байна вэ ?

-Намаа ялагдуулна гэдэг намын дарга байхгүй. Ялалтаа зөв тооцдоггүй, түүндээ итгэдэггүй намын дарга ч хэрэггүй. Харин тухайн нам хэдэн суудал авах вэ гэдгийг намын дарга нар биш, намуудад, намын дарга нарт дүн тавьдаг сонгогчид л мэднэ шүү дээ.

-С.Баяр гэдэг Ерөнхий сайдыг хожим ямар бодлогоор нь хүмүүс дурссаар байх бол оо? Н.Энхбаяр Оросын өрийг төлсөн гэдэгтэй адил…

-Энэ албыг хашиж байгаа үедээ хийх ёстой ажлаа эзний ёсоор хийе л гэж бодож, зүтгэж байна. Наад зах нь хожмын өдөр өөрөө харамсахгүй, өрөөл бусдад хараалгахгүй байвал болно. Дурсах, дурсагдах цаад захын тухай бодож суух цаг арай болоогүй байна.

– Ярилцлага өгсөнд баярлалаа.

2008 оны 2 сарын 26

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж