Засгийн газрыг “чимхэв”

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Засгийн газрыг “чимхэв”

УИХ-ын ээлжит чуулганы нээлт боллоо. Эрхэм гишүүд бараг 100 хувь цугларсан нээлтийн ёслол 45 минут үргэлжлэв. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарын хэлсэн үг бүрэн эрхийнхээ тэн хагас руу дөхөж яваа Засгийн газрыг шүүмжлэх тал руугаа байсан юм. Тэдний хэлсэн үгээс гүйцэтгэх засаглалыг чиглэсэн үгийг харьцуулж үзье.
Д.Дэмбэрэл дарга Засгийн газарт шуурхай ажиллах сануулга өгөв. “УИХ-аас Засгийн газарт хариуцлага тооцох чадвар мөхөсдсөн гэгдэх ч, хамтарсан Засгийн газрын хүчийг бид хараахан гүйцэд амсаагүй, их зүйлийг хүлээж байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны  хөтөлбөр, Үндсэн чиглэлийн биелэлтийг Засгийн газраас Улсын Их Хуралд хугацаанд нь оруулаагүй, Хууль тогтоомжийг боловсронгуй болгох Үндсэн чиглэлд Засгийн газраас өргөн барихаар тусгасан 64 асуудлын 37-г өргөн мэдүүлээгүй, УИХ-ын зургаан тогтоолын 12 заалт биелэгдээгүй, өнөөдрийн бидний яриад байгаа Тавантолгой, Төмөр замын хөгжлийн стратеги, 2010 оны улсын төсвийн тодотгол зэрэг хаврын чуулганаар нэн тэргүүнд хэлэлцэх бодлогын асуудлуудыг одоо болтол УИХ-д Засгийн газар оруулж ирээгүй байна. Бид ямар их хугацаа алдаж байгааг харж байна уу. Хоёр намын хамтарч байгуулсан Засгийн газар юм бол ажил нь хоёр дахин их, хариуцлага нь хоёр дахин өндөр байх ёстой. Засгийн газар мэргэжлийн төвшинд шуурхай ажиллах цаг  болсон гэж үзэж байна” гэж тэрбээр гүйцэтгэх засаглалын цалгардуу ажиллаж буйг шүүмжлэв. Мөн иргэдэд нэгэнт амласан бол амлалтаа биелүүлэх шаардлагатайг ч санууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд мөн л Засгийн газрыг “чимхсэн” үг хэлсэн юм. Тэрбээр Засгийн газарт ажил хийх хугацаа бага үлдсэнийг анхааруулж байв.  “Хамтарсан Засгийн газрын бүтээмж өндөртэй, талцал хуваагдал багатай ажиллах хугацаа тийм ч их үлдсэнгүй. 2010 оны үлдсэн сарууд, цаана нь 2011 он гээд  сонгуулийн бус нэг л жил үлдэж байна. Хэрэв хийж чадвал энэ хооронд УИХ, Засгийн газар олон сайн шийдлийн ард гарах боломжтой. Иймээс асуудалд өөдрөг, эвлүүлж бүтээх талаас нь хандъя. Олныг нуршилгүй шууд хэлэхэд иргэдийн “хэзээ” гэсэн асуултад өнөөдрийг оролцуулаад 2011 он гэж амлалтыг хэрэгжүүлэх хугацаагаа тогтьё. Харин “хэрхэн” гэдэгт асуудлынхаа шийдлийг бодит боломжтойгоо уялдуулж бас гарч болох эрсдэлийг тооцох хэрэгтэй. Юуны өмнө сүүлийн 20 жилд хэрэгжсэн халамжийн бодлогоос нийгмийн баялгийн шударга, оновчтой хувиарлалт болох “Хүүхдийн мөнгө”-ний олголтыг сэргээе. Төрийн сонгуульд оролцохдоо амласан амлалтаа биелүүлэхийн төлөө сонгогдсон хүмүүс сонгогдсон хугацаандаа чармайж ажилладаг, чадахгүй бол ард түмэн ээлжит сонгуулиар тэдэнд дүнгээ тавьдаг, тийм ардчилсан тогтолцоог Монгол Улс сонгоод хэрэгжүүлээд явж байгаа.  Энэ бол Монголын ард түмний зовж бүтээсэн нийтлэг ололт” гэсэн нь УИХ-ын даргын хэлж сануулсантай мөн л агаар нэг байв.
УИХ-ын сонгуулийг 76 тойргоор явуулдаг хувилбарыг дэмжихгүй гэдгээ, Ерөнхий прокурорт ажлаасаа чөлөөлөгдөх шаардлага тавьсанаа, Төрийн албаны зөвлөлийг татан буулгах ёстойг, орон нутагт эрх мэдлийг нь ахиу өгөхийг Ерөнхийлөгч үгэндээ дурдсан юм.
Хамгийн сонирхолтой нэг зүйл байсан нь, урьд өмнөх Ерөнхийлөгч нар чуулганы нээлтэд зориулсан үгээ “УИХ-ын эрхэм гишүүд ээ” гэж эхэлдэг уламжлалтай байсан бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эрхэм хүндэт ард, иргэд ээ” хэмээн эхэлсэн нь содон байлаа.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж