Интeрнeтээр сэтгэлзүйн зөвлөгөө авч болно

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Интeрнeтээр сэтгэлзүйн зөвлөгөө авч болно

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Эрүүл мэндийн салбарт нэгэн төсөл амжилттай хэрэгжин, эмнэлгийн удирдлага, сэтгэл судлаачдын төлөөллийг оролцуулан 2010.12.08-нд “Пума импeрал” зочид буудалд төслийн тайлангаа танилцуулан, уулзалт хийлээ. Уулзанд оролцогчид уг ажлын ач холбогдлыг өндрөөр үнэлэн, цаашид бодит амьдрал дээр хэрэгжүүлэхийг нэгэн дуугаар уриалсан билээ.

    Төслийн нэр:

    “Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сэтгэл зүйн онлайн үйлчилгээ”. Уг төслийг Канадын Олон Улсын Хөгжлийн Судалгааны Төвийн санхүүжүүлтээр, Мега-Монголия төсөл, DREAMIT дэд төслийн хүрээнд НХУТ, НЭМС, ЭМШУИС-ийн судлаачид, “СЭТГЭЛИЙН ТОЛЬ” сэтгэл зүйн төвийн сэтгэл судлаачид хамтран 2 жилийн /2009.01-2010.12/ хугацаанд  хэрэгжүүллээ. Төслийн онцлог нь ажлын ачаалал, зав муутай байдаг эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүдэд хүссэн үeдээ интeрнeтээр сэтгэл зүйн үйлчилгээг авах боломжийг олгосонд байгаа юм.
    Төслийн багийн үндсэн бүрэлдэхүүн- ЭМШУИС, НЭМС-ийн тэнхимийн эрхлэгч Б.Ариунсанаа /төслийн удирдагч/, тус тэнхимийн багш нар болох М.Сугармаа, О.Саранчулуун /төслийн судлаач нар/, Н.Хүдэрчулуун /төслийн статистикч/, сэтгэл судлаач Х.Хандсүрэн, Ц.Энхжаргал,  вэб мастeр Г.Пүрэвдаваа.

    Төслийн зорилго, зорилт:

    Улаанбаатар хотын эмч, сувилагчдад зориулсан сэтгэл зүйн онлайн зөвлөгөөний үр дүнтэй байдлыг орчин үeийн мэдээллийн тeхнологийн дэвшилтийг ашиглан судлах.
    Эмч, сувилагчдын ажлын байран дахь стресст хүргэх нийгэм-сэтгэлзүйн хүчин зүйлс болон халшрах, сэтгэл гутралын шинжийг, тодорхойлж тэдгээрийн хоорондын хамаарлыг судлах,
    Эмч, сувилагчдад зориулсан онлайн үйлчилгээний загварыг боловсруулах,
    Сэтгэл зүйн онлайн үйлчилгээний үр дүнг турших   

    Төслийн хэрэгжилтийн үйл явц:

    Уг төсөл нь 2009 оны 1-р сараас эхлэн хэрэгжсэн бөгөөд төслийн багийнхан дараах үндсэн ажлуудыг хийж гүйцэтгэжээ.

    Ажлын байран дахь нийгэм-сэтгэл зүйн шинжийг үнэлэх суурь судалгаа хийв.
    Эмч, сувилагчдад зориулсан сэтгэл зүйн эрүүл мэндийн порталь сайтыг бүтээв,
    Сэтгэл зүйн онлайн үйлчилгээний үр дүнтэй байдлыг судлав /онлайн болон нүүр тулсан хэлбэрээр сэтгэл зүйн зөвлөгөөнүүдийг тус тус сайн дураараа зөвлөгөө авахыг хүссэн, суурь судалгаанд оролцсон эмч сувилагчдад амжилттай хүргэсэн бөгөөд хоёр хэлбэрийн зөвлөгөөг хооронд нь харьцуулсан юм/.  

    Төслийн үр дүнд:

    Эрдэм шинжилгээний ажлын хүрээнд – “Эмч, сувилагчдын ажлын байран дахь стресс, түүнд нөлөөлөх нийгэм-сэтгэл зүйн хүчин зүйл болон ажлаас халшрах шинж, сэтгэл гутрал хоорондын хамаарал” суурь судалгааны тайлан, мөн “Эмч, сувилагчдад зориулсан сэтгэл зүйн онлайн үйлчилгээний үр дүнтэй байдлыг судалсан интервенци” судалгааны тайлан гарсан. Гадаадад болон дотооддоо эрдэм шинжилгээний хурлуудад төслийн талаарх илтгэлүүд тавигдаж /АНУ-ын НЭМ-ийн 138-р хуралд, 2010 оны ЭМШУИС-ийн Эрдмийн чуулга-52, салбар хуралдааны шилдэг илтгэл, 2010.04.19 УКТЭ-ийн 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд “Эмч, сувилагчдын ажлын байрны стресс” аман илтгэл, 2010.10.26/, эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд /Industrial health сэтгүүл, Med E Tel. Luxemburg, 6-8.Apr.2010, “Монголын Анагаах Ухаан” сэтгүүл , “Mongolian Journal of Health Sciences” сэтгүүл, “Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан” сэтгүүл//нийтлэл тавигдав.

    Сургалтын хөтөлбөр, гарын авлага – Сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтнүүдэд зориулсан гарын авлага боловсруулагдав. Сэтгэл зүйн зөвлөгөөг явуулахад санал болгож буй арга зүй нь Танин-мэдэхүй зан үйлийн арга юм. Мөн онлайн хөтөч бүхий биe дааж судлах боломжтой нийт 12 хичээлтэй CD гаргав.
    Практикт нэвтрүүлсэн ажил  – Сэтгэл зүйн портал сайтыг бүтээв/www.setgel.mn/. Тус сайтанд сэтгэл зүйн болон эрүүл мэндийн нийтлэл, стрeсс тайлах булан, онлайн зөвлөгөө авах чатын булан, биe дааж суралцах боломжтой стрeссийн цуврал хичээл зэргийг багтаасан болно.

    Олон нийтэд чиглэсэн ажил – ЭНЭШТ-ийн эмч, сувилагчдад зориулсан бүлгийн зөвлөгөөнийг зохион байгуулсан. Зөвлөгөөг бүлэг тус бүрт 5 удаа зохион байгуулж. Судалгааны үр дүнг сурталчлах мэдээллийн уулзалтуудыг зохион байгуулав. III, II шатлалын нийт 6 эмнэлэг, НЭМГ-ын ээлжит хурал дээр эмнэлгийн дарга нарын дунд зохион байгуулсан.

    Дүгнэлт:

    Суурь судалгааны дүнгээс харахад судалгаанд оролцсон УБ хотын 2-3 –р шатлалын эмч, эмнэлэгийн мэргэжилтэнүүдийн дунд сэтгэл гутралын түвшин нас болон ажилласан жилээс хамааран харилцан адилгүй байгаа хэдий ч тархал өндөр байна.

    Ажлаас халшрах үзэгдэл нь мөн насны бүлэгтэй илүү холбоотой бөгөөд хувь хүн болон ажилтай холбоотой хэлбэр илүү их илэрсэн.
    Ажилдаа зориулсан хүчин чармайлт, авсан урамшуулал хоёрын тэнцвэргүй харьцаанд байгаа хүмүүсийн ихэнхид нь сэтгэл гутрал, сэтгэл ханамж, ажлаас халшрах хам шинж түгээмэл байна.

    Сэтгэл зүйн зөвлөгөө нь эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүдийн ажлын байрны стрeссийг бууруулахад бодитой дэмжлэг болох бололцоотой нь явагдсан зөвлөгөөний үр дүнгээс харагдав.

    Эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүдийн ажлын байрны стрeссийг бууруулахад Эрүүл мэндийн салбарын удирдлагууд бодлогодоо тусган, тодорхой үйл ажиллагааг зохион байгуулан ажиллах хэрэгцээ шаардлага тулгарч байна /Төслийн багийнхан практикт хэрэгжүүлэх болох бодлогын зөвлөмжийг холбогдох хүмүүст хүргүүлж байгаа юм/.

    Эрүүл энхийн манаанд цаг наргүй ажиллаж байдаг эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүдийнхээ сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах цаг нэгэнт болжээ.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж