Чуулганы хуралдааныг завсарлууллаа

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдааныг завсарлууллаа

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг авч хэлэлцлээ. Тодруулбал, УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн боловсруулсан УИХ-ын дэгийн тухай хууль, мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ц.Сэдванчиг нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг авч хэлэлцэн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх байсан ч, гишүүдийн ирц бүрдэхгүйгээс үдээс хойш санал хураалт явуулахаар болж, хуралдааныг завсарлуулсан юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэх үед УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг “Өнөөдөр бол Үндсэн хуулийг баталсан баярын өдөр. Гэвч хувь заяаны шоглоомоор баярын өдрийг гунигийн өдөр болгож байна. Өнгөрсөн өдрүүдэд ямар инээдтэй юмнууд болов. УИХ-ын зарим гишүүн сэтгүүлчдэд таалагдахын тулд байнгын хорооны хуралдааныг нээлттэй болгох хуулийн төсөл барьж гүйлээ. Хамгийн инээдтэй нь, УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийнхний санаачилсан хуулийн төсөлтэй адилхан, уг хуулийн төслөө ажлын хэсгийнхний өргөн мэдүүлсэн хуулийн төслөөс даруй 2 цагийн дараа УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн байна лээ. Яг үнэндээ чуулганы хуралдааныг сурвалжилж байгаа 30 орчим сэтгүүлчид энэ танхимд суудаг 76 гишүүнд нугачууллаа шүү дээ, эв нэгдэлтэй байж чадсан бол сэтгүүлчдийг ялж болох байсан. Бид чадахгүй байна шүү дээ” гэв.

Харин түүний үгэнд УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир хариу болгож “УИХ-ын гишүүдэд хууль санаачлах эрх нь бий, Ч.Сайханбилэг гишүүн ийм зүйл ярьж байгаад харамсаж байна. Гишүүд хууль санаачилж болдоггүй юм бол, УИХ-ын Тамгын газар нь хуулийн төсөл санаачилдаг болох хэрэгтэй юм байна л даа. Тэгээд ч ажлын хэсгийнхний боловсруулсан хуулийн төслөө УИХ-ын даргад өргөн мэдүүлэхээс 2 цагийн өмнө гишүүдийн санаачилсан хуулийн төсөл бэлэн болчихсон байсан юм” гэлээ.

Ийнхүү мэтгэлцээн дуусч, чуулганы хуралдааныг ч завсарлуулсан юм.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж