Баруун даваа цасанд боогдоод байсныг онгойлгожээ

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Баруун даваа цасанд боогдоод байсныг онгойлгожээ

Завхан аймгийн төвөөс 150 гаруй км Нөмрөг  сумын нутагт  орших   Баруун даваа бүрэн хаагдсанаар хойд чиглэлийн сумдууд  хоорондоо зорчих ямар ч боломжгүй болсон.  Баруун даваа хаагдсаны улмаас 40-50 км тойрч хойд чиглэлийн Баянтэс, Тэс  сумдад хүрч байна. Ялангуяа өвөлжилт хүндэрсэн сумдад өвс тэжээл хүргэх, түргэн тусламжийн үйлчилгээг шуурхай үзүүлэхэд багагүй бэрхшээлийг бий болгож байгаа юм. Баталгаагүй замаар зорчсоны улмаас машин техник саатах, их хүйтэнд осгож гэмтэх, хүний амь нас эрсдэх нөхцөл ч үүсэх аюултай байгаа учраас Баруун давааг онгойлгох ажлыг ийнхүү шуурхай зохион байгууллаа. 1м-ээс дээш зузаан цастай байгаа учраас уг давааг онгойлгоход тийм ч амар байсангүй. Завхан АЗЗА компаний есөн хүний бүрэлдэхүүнтэй замын хэсэг гурван шөнө, гурван өдрийн турш ажиллан давааг онгойлгож хойд сумдад саадгүй зорчих боломжтой боллоо.

Гэхдээ цас нэмж орох, шуурах тохиолдолд дээрх даваа хаагдах эрсдэл байгаа учраас цасны хаалт хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэн ойролцоох сумдыг ажиллуулахаар болсон юм. Замын хэсгийнхэн улсын чанартай томоохон зам даваануудад ажилладаг хэдий ч байдал хүнд байгаа учраас орон нутгийн гол гол зам даваануудыг онгойлгоход орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаж байна. Замын хэсгийнхэн Баруун даваанаас гадна гамшгийн зэрэглэлд байгаа Баянтэс сумын зарим замыг онгойлгон багуудад хүрэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Баянтэс сум 4 багтай.Өнөөдрийн байдлаар дээрх багууддаа хүрэх ямар ч боломжгүй болсон байна.

   Н.Норжмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж