Монгол бол үндэстэн-төр улсын сонгодог загвар

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Монгол бол үндэстэн-төр улсын сонгодог загвар

Үндэсний Шинэ Намын нарийн бичгийн дарга Даваадоржийн ДЭЛГЭРЦОГТ-той ярилцав.

-Үндэсний Шинэ Нам шинэ Үндсэн хуулийн төслийг олон нийтэд танилцуулаад багагүй  хугацааг үдлээ. Хүмүүс хэрхэн хүлээн авч байгаа бол?

-“Шинэ” Үндсэн хуулийн төслийг хүмүүс хэрхэн хүлээн авч байгааг хэлэхийн өмнө яагаад Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэйг ярих нь зөв болно.

-Тийм ээ, энэ тухай би асуухаар зэхсэн.

-Энэ нийгэм “нэг л биш ээ” гэх үгсийг хүн бүр гэр, гэртээ ярьцгааж байна. Ярих нь чухал ч өвчилсөн нийгмээ эрүүлжүүлэх, илааршуулах бодит алхам хийх нь түүнээс чухал. Товчдоо “нэг л биш” нийгмийг эмчлэх жор нь шинэ Үндсэн хууль юм. Зөв оношилж, эмчилгээг цаг алдалгүй эхлүүлбэл нийгэм хурдан эрүүлжинэ. Эрүүл нийгэмтэй байхыг ард түмэн хүсч байна. Иймд өөрчлөлт зайлшгүй.

-Яаж… Хүмүүс өнөөгийн нийгмийг өөрчлөх хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ч яаж гэдэгт хариулт өгч чадахгүй байна. Та бүхний боловсруулсан Үндсэн хууль үүнд хариулт өгч чадах уу?

-Чухамдаа наад асуултанд чинь хариулах, гарцыг нь заах, олох зорилгоор л “шинэ” Үндсэн хуулийн төслийг бичиж, санал болгож байгаа юм. Аливаа Үндсэн хуулийн амин сүнс нь засаглал, төрийн байгуулалтын тогтолцоог тодорхойлох явдал байдаг. “Шинэ” Үндсэн хуулийн суурь үзэл санаа нь “хүчтэй Ерөнхийлөгч бүхий парламентын засаглал” юм. Үүнийг намын дарангуйллаас ангижирч, Их хуралдайд түшиглэсэн төрийн тогтолцоо руу шилжих концепци ч гэж ойлгож болно. Их хуралдайг хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглалын нэгдсэн зохицуулалтын түвшинд тавьж өгөх нь төр төвтэй засаглалын тогтолцоо, төрийн байгуулалт бүрэлдэх боломжийг бий болгож буй хэрэг юм. Өнөөгийн тэнцүү эрхтэй төрийн байгуулалтын бүтэц тухайлбал, хууль тогтоох субьект УИХ нь төр барих давуу эрхийг хэрэгжүүлж байгааг өөрчлөх хэрэгтэй. Чухам яаж гэдэг зохицуулалтыг хуульд тусгасан. Аливаа саад бэрхшээл их байвал “үндэсний хувьсгал”-аар хийх тухай арга замыг ч дэвшүүлсэн.

-Уучлаарай, 1992 оны Үндсэн хуулийн амин сүнс нь юу байсан бэ?

-Үндсэн хуулийн амин сүнс нь юу байсан, одоо юу болсон тухайд судлаачид хэлэх байх. Хэлж ч байгаа. Би бол энэ хууль түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэдгийг хэлж чадна. Энэ хууль социалист үзэлд тулгуурласан Үндсэн хуулиас либериаль үзэл баримтлалд суурилсан хууль руу шилжсэн, нийгмийн ч эрх зүйн ч холимог шилжилтийн зохицуулалтыг агуулж байсан бол Тавдугаар Үндсэн хууль нь монгол үндэсний хэв шинжийг хадгалан хөгжүүлэх дархлаа бүхий байх учиртай.

-Та Тавдугаар Үндсэн хууль гэж хэлэв үү?

-Тийм ээ, бид санал болгож буй Үндсэн хуулиа “Тавдугаар” хэмээн тодотгож байгаа. 1924 онд анхны Үндсэн хуулиа баталсан гэж үзвэл тав дахь нь энэ болно.
Монголчууд өөрийгөө таньж мэдэх, өөрийнхөө дархлааг бий болгох алтан үетэй золгоод байна. Бусдыг хуулбарласан “ёлкны мод” шиг бус өвөг дээдсийн ариун шүтээн, андгай, гэгээн  сургаальд сууурилсан, уламжлалаа хадгалан, улмаар бататган шингээсэн, орчин цагийн орон зайд өөрийгөө тодруулсан, ирээдүйгээ мэдэрсэн тийм Үндсэн хуулийн тухай бид ярьж байна. Энэ үзэл баримтлал нийгмийн анхааралд ихээхэн өртөөд байгаа. Ямартай ч эрс хатуу эсэргүүцэл алга, харин ч Үндсэн хуульд гар хүрч болохгүй гэдэг байсан хүмүүс хүртэл өөрчлөх талаар дуугарч эхэлсэн нь үр дүн. Энэ удаа засварлах, нэмэлт, өөрчлөлт оруулах гэснээс цоо шинээр харж, сэтгэж, бичих хэрэгтэй гэдгийг олон түмэн дэмжиж байна.

-Тавдугаар Үндсэн хууль нийгмийг өөрчлөх зорилгыг агуулж байгааг Та хэллээ. Тиймээс “хувьсгалт” шинжтэй гэж хэлэхийг ч сонссон. Өөр зорилго, давуу тал нь юу вэ?

-Нэгдүгээрт, үндэсний үзэл баримтлалд үндэслэсэн, орчин цагийн үзэл баримтлалыг цэгцтэй авч үзэн түгээмэл давуу талыг тусгасан, хоёрдугаарт, нам бус төр төвтөй засаглал, төрийн байгуулалтын тогтолцоонд шилжих болсон, гуравдугаарт, үндэстэн, өрх гэр, хөдөлмөр гэсэн илүү амьд тунхаглалд суурилсан зэрэг болно.

-Та бүхний санал болгож буй Үндсэн хуулийг хэн батлах вэ гэдэг асуудал анхаарал татаж байна. Одоогийн парламент батлах уу. Эсвэл…

-Төсөлд бичсэнээр Үндэсний Их Хуралдай батлана. Мэдээж дэвшүүлж байгаа үзэл баримтлалыг Хуралдай хүлээн зөвшөөрөх учиртай. Монгол улс хөгжиж байгаа л бол үүнээс өөр бодлого, арга зам байхгүй л болов уу. Өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа оюун санааны будлианаас ангижрах нь Монгол улсын хөгжилд шууд нөлөөлнө. Монголын улс төр, нийгмийн тогтолцоог шийдвэртэй өөрчлөх үзэл санаа дэвшигдэж байгаа тул нийгмийн оюунлаг хэсэг манлайлан хэрэгжүүлэх учиртай. Энэ утгаараа манай нийгэмд “пролетари”-ийн хувьсгал бус оюун санааны үндэсний хувьсгал хэрэгтэй. Бидний хувьд өргөн судалгаа, олж авсан мэдлэг боловсрол, туршлага, алдаа оноогоо цэгнэн асар их бэрхшээл, элдэвчлэл, доромжлолыг хүлцэн байж үзэл баримтлалын томьёоллыг боловсруулан өргөн барьсан нь түүхэн бахархал болно.

-Би ч та бүхнээр бахархаж байна. Улс төрийн намууд биенээ үгүйсгэдэг, шүүмжилдэг. Харин Үндэсний Шинэ Нам парламентын гаднаас “шинэ” Үндсэн хуулийн төсөл санал болгож байгаа нь улс төрийн соёл, үзэгдэл гэж үзэж болох байх. Тийм үү?

-Монгол улс бол тэртээ 13-р зууны үед үндэстэн төр улсаа байгуулж байсан түүхтэй дэлхийн сонгодог “үндэстэн төр улс”-ын загвар юм. Өнөөдөр энэ шинж байдлаа хадгалан хөгжүүлэх замаар дэлхийн төр улсын тогтолцоонд жинтэй хувь нэмэр оруулах бололцоотой. Дэлхийд ноёрхлоо тогтоож байсан үндэстэн төр улсын хувьд үеийн үед мөнхжүүлэх, нандигнан хайрлах, бахархах, бусдад үлгэр дууриал болох асар их үнэт баялагтай агаад энэ нь үндэсний үзэлд шингэн агуулагдаж байдаг болно. Асуудлын мөн чанар ийм тул манай нам “үндэсний үзэл”-ийг Таны хэлснээр “туг”-аа болгодог. Гэхдээ бид “үндэсний үзэл”-ийг тусгаарлан, салган авч үздэггүй хүн төрөлхтний түгээмэл дэвшлийн үзэл баримтлалтай хосломол холбоонд авч үздэг.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн суурь болох Үндэсний үзлийг тодорхойлж хэдэн үг хэлээч?

-Үндэсний үзэл гэдэг бол ил утгаараа тухайн үндэстэн төрөө байгуулж, хамгаалан бэхжүүлэх улс төрийн хөтөлбөр юм. Харин далд утгаараа тухайн төрийн “хар хайрцаг”-ны бодлого. Нийгэмд зөв ойлгогдох хэлбэрээр бол үндэстнээ хайрлах “хайр” гэж ойлгож байна.

Үнэнийг хэлэхэд бид өнөөдрийг хүртэл Монгол төрөө байгуулах, бэхжүүлэх, хамгаалах улс төрийн хөтөлбөргүй явж ирсэн. Байгаа гэвэл тэр нь гадны, импортын үзлүүд. Түүхээ ухвал өөрийн үзэл, хөтөлбөр байна. Тийм атал яагаад харийн үзлийг шүтээд, шүлэнгэтээд байгаа юм. Үзлээ түгээхийн тулд мөнгө зардаг, сайхан нэртэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг нь нууц биш, бас ч тэдний буруу биш. Бид л түүнд автах, авах учиргүй.  

-Монголчууд, монгол улс өөрийн үзэлгүй хэдэн зууныг үдэж ирлээ. Одоо өөрийн үндэсний үзэлд суурилсан улс төрийн бодлоготой болох цаг ирсэн гэж та хэлэх гээд байна уу?

-Энгийнээр ойлговол, том зүйлийн уналт удаан байдаг. Хамаг Монголын Их Гүрний уналт хэдэн зууныг үдсэн гэвэл арай ойлгомжтой болов уу. Зарим уналт бүр сүйрэл, усталтыг дагуулна. Сүйрлийн тодорхой түвшнээс сэргэлт эхлэхэд шууд өөрөө өөрийгөө танихгүй, тухайн нөхцөл байдалд хамаарсан олон олон шинэ өөрийн биш зүйлийг хэрэглэнэ. Энэ утгаар авч үзвэл бүх зүйлийг хараар будах хэрэггүй л дээ. Харин яаж яваад, ямар хувь заяагаар сэргэв гэдэг ч бас үнэ цэнэтэй зүйл шүү дээ. Энэ бол сургамж. Маш үнэтэй сургамж.

-Үндэсний үзлийг “эх оронч” үзэл, “үндсэрхэг үзэл”-тэй хольж хутгах нь бий. Энэ талаар юу хэлэх вэ?

-Тодорхой үзэл суртлын давамгайлал нь бусад үзэл суртлын үгүйсгэл, харлуулалт дээр тодорч байдаг. Тухайлбал, “харлуулалт” гэхэд “үндэсний үзэл”-ийг “үндсэрхэг” үзэлтэй зориуд хольж хутган харлуулна. Энд “үндэсний үзэл” бол “хайр”, харин “үндсэрхэг” үзэл бол “үзэн ядалт”. Тэмээ, ямаа шиг ялгаатай. “Эх оронч” үзэл бол төрөлх нутгаа хайрлах хайр. Иймд өнөө үед бид “үндсэрхэг үзэл”, “эх оронч үзэл” хийгээд “үндэсний үзэл” хэмээх нэр томьёололд ямар агуулга байгааг задалж цэгцтэй ойлгох нь манай нийгэмд учраад байгаа оюун санааны будлианы учгийг тайлах нөхцөл юм.

-Тийм ээ, ерэн онд социализмыг үгүйсгэн либерализм гарч ирсэн. Масс иргэдийн хувьд тэр үзэл баримтлал чухал биш өнөө маргаашийн амьдрал ахуй, энэ шилжилтийн гэж хэлж буй үе л гол асуудал байсаар ирэв. Тиймээс Та бүхний дэвшүүлээд буй үндэсний үзэлд масс анхаарлаа хандуулахгүй байх шиг санагддаг. Эсвэл Та бүхэн өөрсдийн санаагаа нийтэд хүргэж чадахгүй байна уу?

-Энэ цаг үед дээр доргүй амьдралын төлөөх тэмцэлд хүч үзэж байна. Улс төрийг замбараагүй хийж байна. Тодорхой хүн, хүмүүс эрх ашгийн сонирхолд хөтлөгдөн аливаа зүйлийг агуулга мөн чанарын хувьд бус өөртөө унацтай байдлаар ашиглаж байна. Ардчиллыг нийгмийн мөн чанар болгохоосоо илүү өөрсөддөө ашиглаж байна. Харамсалтай нь “үндэсний үзэл” учрыг зөн совингоороо мэдрэх цөөхөн хүмүүсийн хүрээнд яригдаж байна. Үүнийг массын анхааралд өртүүлэх, тэдний үзэл болгоход ялангуяа оюунлаг хэсгийн төдийгүй хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Хэцүү боловч монгол хүн болж төрсөн хувь заяагаараа үндэсний үзэл санааг бүрэлдүүлэхийн төлөө зүтгэх нь нэр төрийн хэрэг үүрэг гэж үзэж байна. Мандан дэлгэрч хэрэгжинэ гэдэгт итгэж байна.

-Та Орост, мөн Японд боловсрол олсон хүн. Тэнд үндэсний үзлийг хэрхэн томьёолдог вэ. Нөгөө талаас Их гүрнүүд нөлөөгөө өөрсдийн үзэл сурталаар тогтоодог нь нууц биш. Монголын үндэсний үзэлд тэд хэрхэн хандаж байгаа бол.

-“Советский союз” задарч социализм бутарч томоохон өөрчлөлт явагдаж, дуусаагүй байна. Олон үндэстний хүчирхэг гүрний хувьд “үндэсний үзэл” агуулгын хувьд “эх орнч үзэл”, “интернационалч” үзэл тал руу илүү халхлагдсан харагдаж байна. Өнөөгийн Оросын үндэсний үзлийг онолын хувьд ангилж төрөлжүүлэхэд мэргэжлийн судлаачдад ч хүндрэлтэй байна. Оросын үндэсний үзэлтнүүдийн хувьд Орос орон газар нутгийнхаа хувьд Европ, Азийг дамнасан, хуучин “Советский союз” гэсэн агуу гүрэн байсан настологи, ортодокс үзэл суурь нь болж байна.

Харин Японы хувьд байдал өөр, “үндэсний үзэл”-д суурилсан орчин цагийн хөгжлийн загвар болж байна. Японы сонгодог загвараар үндэсний үзэл нь шинжлэх ухаан, техникийн хөгжил, түүнээс улбаатай үйлдвэржүүлэлтийн нөлөөн дор уламжлал, өөрийгөө таньж хадгалсан хүчтэй улс төрийн зарчим болж хөгжсөн юм. Монголын “үндэсний үзэл”-д хөрш орнууд болон дэлхийн олон нийт тусгайлан сөргөөр хандахгүй. Эмзэг тал нь бид тэдэнд өөрийгөө “үндсэрхэг үзэл” талаас харагдуулж болохгүй агаад ийм байдал нь сөрөг үр дагавартай. Асуудлын мөн чанар нь ойлголтуудын агуулгад байгаа гэдгийг зөв харах хэрэгтэй. Харин ч монголчууд оюунлаг орчин цагийн зөв соёлтой байх нь хөгжил дэвшилд эерэг нөлөө үзүүлнэ. Онол, практикийн хувьд ийнхүү судалгаа  шинжлэх ухааны түвшинд асуудлаа цэгцлэн тавьж чадвал тэд бидэнд хүндэтгэлтэй хандана.
   
-Эцэст нь гадны “изм”-ийг түгээн дэлгэрүүлэгч намууд та бүхэнд хэрхэн хандаж байгаа бол гэх асуулт сонирхол татаад байна?

-Наад асуулт чинь ч миний сонирхлыг эрхгүй татаж байна. Маш сонирхолтой асуулт. Уг сурвалжаар нь хандах юм бол дээр би хэлсэн дээ. “…сэргэлт эхлэхэд шууд өөрөө өөрийгөө танихгүй, тухайн нөхцөл байдалд хамаарсан олон олон шинэ, өөрийн биш зүйлийг хэрэглэнэ…” гэж. Иймд бидний дэвшүүлж байгаа үзэл санаа бол “чанар” гэж ойлгож, хандаж болно. Энгийнээр “… тооноос чанарт…” гэхээр хүн бүр ойлгоно доо. Тэр бүр анзаарагддаггүй ч маш чухал “амьдралын чанар” /качество жизни/ гэдэг ойлголт байдаг. Мөн чанартаа гадны “изм”-үүд бүгд монголчлогдох, манай “үндэсний үзэл”-д уусах, дасан зохицох учиртай. Тодруулбал Үндэсний үзэл, үндэсний эрх ашиг цөм нь болж “изм”-үүд түүнийг тойрч ойртоно. Шуудхан хэлэхэд гадны “изм”-үүд  бидний дэвшүүлж байгаа үзэл санааг санаатай, санамсаргүйгээр улам, улам авах болно.

-Баярлалаа.

Ярилцсан Сундуйн МӨНХЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж