Алтыг хэзээ ч тушаасан 68 хувийн татвар авна

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Алтыг хэзээ ч тушаасан 68 хувийн татвар авна

Зэс болон алт үйлдвэрлэгчдийн нүдний хор болоод байсан гэнэтийн ашгийн 68 хувийн татвар энэ сарын 1-ээс хүчингүй болсон. Ингэснээр Монголбанкныхан  энэхүү татварын хууль хэрэгжихээс өмнө худалдаж ав­даг байсан шигээ хэмжээний алт дахин худалдаж авч чадах уу, үгүй юу гэдэг асуулт гарч ирээд байгаа. Гэтэл яасан гэж санана аа, шинэ он гарав уу үгүй юу ажлын эхний долоо хоногт Монголбанкинд алт тушаахаар ирсэн аж, ахуйн нэгжийн тоо хоёр оронтой тооноос давах шахаж, нэлээд урт дараалал үүссэн аж. Харин хариуд нь Монголбанкнаас “Тушаах гэж байгаа алт чинь энэ онд олборлоогүй учир гэнэтийн ашгийн 68 хувийн татвар авч байж л худалдаж авах юм байна” гэснээр хэсэг алтттай нөхөд Гэнэтийн ашгийн 68 хувийн татварын хуулийг дахин хараасаар алтаа аваад буцсан бол зарим нь тушаасан явдал гарчээ.

Энэ бүхэн анхнаасаа буруу ойлголцсоноос л болсон хэрэг болж таарлаа. Учир нь төр засгийн зүгээс 2011 оноос өмнө тушаасан алтнаас л 68 хувийн татвар авна гэж алт олборлогчдод ойлгуулан, тэднийг  2011 он хүртэл алтаа хадгалах шийдвэр гаргуулчихсан байгаа юм. Гэтэл одоо шийдвэрээ  хадгалж, алтаа тушаахаар очсон хүмүүсийг “Хууль үйлчилж байхад олборлосон алтаа хадгалж, татвар төлөхөөс зайлсхийсэн учир татвар хэвээрээ үйлчилнэ” гэсэн хариулт өгч байгаа аж. Тиймээс энэ талаар холбогдох албаныхан нь юу гэхийг сонирхсон юм.

Г.Дэлгэрмаа: АЛТЫГ ХУУЛИЙН ДАГУУ Л ХУДАЛДАЖ АВНА

Он гарсаар хэдий хэмжээний алт Монголбанкинд тушаасан талаар Монголбанкны Валют, эдийн засгийн газрын захирал Г.Дэлгэрмаагаас тодрууллаа.

-Монголбанкинд тушаах гэсэн алт ихэссэн ч 68 хувийн татвар авна гэсэн шаардлага тавьж  байгаа гэсэн. Яагаад?

-Монголбанкинд алт тушаахаар ирж буй тохиолдол цөөнгүй гарч байгаа. Бид хуулийн дагуу л ажиллаж байна. Өөр тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Ер нь Монголбанкинд худалдахаар ирж буй алтыг хуулийн дагуу худалдаж авч байгаа.

-Он гарсаар хэдий хэмжээний алт худалдаж авсан талаар тоо, баримт өгөөч?

-Энэ талаарх тооцоо одоогоор гараагүй байна.

Монголбанкнаас дээрх хариулт өгснөөс үзэхэд алт худалдаж аваагүй гэсэн яриа үнэн болох нь тодорхой боллоо.

О.Тэнгис: БАНКИНД ХАДГАЛУУЛАХ НЭРЭЭР ХУДАЛДЧИХААД ОН ГАРАНГУУТ БОРЛУУЛАХ САНАЛ ТАВЬЖ БАЙНА

Харин 2011 онд тушаасан алтнаас 68 хувийн татвар авах үндэслэлийг Татварын ерөнхий газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга О.Тэнгис ийнхүү ярьсан юм.
 
-Монголбанкинд алт тушаах гэсэн хүмүүсээс гэнэтийн ашгийн 68 хувийн татвар авна гэж бай­гаагийн  учир юунд байна?

-Хуулийн хэрэгжилт энэ онд дуусна гэдгийг хүлээж банкинд алтаа хадгалуулж байгаад одоо тушааж байгаа тохиолдол их гарч байна. Энэ бол татвараас зайлсхийж байгаа нэг хэлбэр. Тиймээс Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар үйлчилж байхад олборлосон алтыг хэзээ тушаахаас нь хамаарахгүй татвар авах ёстой.

-Хэзээ олборлосныг нь яаж мэдэж ийм шийвдэр гаргаж байгаа юм бэ?

-Мэдээж энэ онд олборлолт хийгээд алтаа тушааж байгаа аж ахуйн нэгжүүдэд татвар оногдуулах ямар нэгэн тохиолдол гарахгүй.  Энэ онд олборлсон уу үгүй юу гэдгийг тогтооход амархан. Учир нь шороон ордоос алт олборлодог газруудын үйл ажиллагаа өдийд явагдахгүй байхад он гарсаар алт олборлосон байх ямар ч боломжгүй. Харин үндсэн ордоос алт олборлодог компаниудын энэ онд олборлосон алтан дээр энэхүү татварыг авах үндэслэл байхгүй. Тиймээс үндсэн орд уу, шороон орд уу гэдэг нь зураг дээр тодорхой байдаг учир алтыг ялгаж худалдаж авахад нэг их асуудал гарахгүй. Ха­рин анхнаасаа газрын хэвлий доорх баялгийг ашиглахад хэчнээн  төр­лийн татвар төлөхөө мэдсээр байж олборлосон алтаа тушаахаас цаар­галсан компаниудаас л 68 ху­вийн татварыг нөхөн авч байгаа хэрэг.

Татварын ерөнхий газраас байр сууриа ингэж иэлрхийлсэн бол Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба гэнэтийн ашгийн 68 хувийн татвар үгүй болсон ч Монголбанкинд ту­шаах алтны хэмжээ өсөхгүй гэсэн байр суурьтай байлаа.

Тэрбээр “ Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар энэ жилээс байхгүй болж байгаа ч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нэмсэн нь татвартай байсан үетэй адилхан нөх­цөл байдал үүсгэж байна. Тухайлбал, алтнаас 10, зэсээс 15 хувийг авахаар бол­гож нэмсэн шүү дээ. Үүнээс гадна алт үйлдвэрлэгч гол компаниуд үүдээ барихад хүрчихээд байгаа нь алтны олборлолтыг бууруулж, Мон­голбанкинд тушаах алтны хэмжээг нэмэхгүй л гэж бодож байна.” хэ­мээсэн юм. Зөвхөн алт ту­шаахад ийм асуудал гарч байгаа бөгөөд зэс олборлогчид татвараа цаг тухайд нь төлөөд явдаг учир иймэрхүү асуудал үүсээгүй байгаа юм.

Р.САРАНГОО


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж