Хөгжлийн банкинд 16.7 тэрбум төгрөг байршуулна

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкинд 16.7 тэрбум төгрөг байршуулна

Эдийн засгийн өсөлт, банк, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд шаардлагатай эх үүсвэрийг бий болгох зорилгоор Хөгжлийн банк байгуулахаар болсон. Арилжааны банкуудын зээлийн чадавхи аж үйлдвэрийн болон дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд хүрэлцэхгүй байгаагаас ийм банк байгуулах болсон гэдгийг Засгийн газраас мэдэгдсэн билээ. Стратегийн орд газруудаас орох орлогыг хуримтлуулж “Шинэ бүтээн байгуулалт” зэрэг томоохон хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх тус банкны үйл ажиллагааг тусгай хуулиар зохицуулахаар болжээ. Тодруулбал, Засгийн газраас Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барьсан. Хуулийн төслийг УИХ дахь Ардын намын бүлэг дэмжсэн бол АН-ын бүлэг хойшлууллаа. АН-ынхан Сангийн сайд эзгүй шалтгаанаар төслийг хойш тавьсан гэх боловч олонхи нь уг төсөлд шүүмжлэлтэй хандаж байгаа аж. Учир нь Хөгжлийн банк гадаадаас зээл авбал Засгийн газар батлан даахаар хуульчилжээ. Энэ нь Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэлтэй. Монгол Улсын төр их хэмжээний өртэй үлдэх магадлалтай гэж гишүүд болгоомжилжээ. ”ОХУ-д төлөх их өр” гэх хэллэгтэй адил ирээдүйд “Монгол Улсын Засгийн газрын төлөх их өр” гарч ирэхийг гишүүд үгүйсгэхгүй байна.

Хөгжлийн банкны тухай хуулийн төслийн талаар тодруулбал, Засгийн газар уг банкийг байгуулж, татан буулгах эрх эдлэх аж. Мөн Засгийн газар хувь нийлүүлэгч нь байх бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдийг томилно. Харин гүйцэтгэх удирдлагыг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож, хувь нийлүүлэгчид (Засгийн газар)-ийн хурлаар зөвшөөрснөөр Төлөөлөн удирдах зөвлөл томилохоор хуульчилжээ.

САЙД ЗӨВШӨӨРВӨЛ ХӨГЖЛИЙН БАНК ГАДААДААС ЗЭЭЛ АВНА

Хууль санаачлагчдын тооцоолсноор Хөгж­лийн банкинд байршуулах Засгийн газрын хөрөнгө оруулалт өнгөрсөн оны байдлаар 16.7 тэрбум төгрөг болжээ. Энэ хөрөнгийг Хөгжлийн банкаар дамжуулж үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулах аж. Мөн Тогтворжуулалтын сангийн хөрөнгөөс тус банкаар дамжуулан уул уурхай, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийвэл 100 тэрбум төгрөг тутамд эдийн засгийн өсөлт нэг хувиар өсөх судалгаа хийжээ. Засгийн газраас баталгаа гаргавал Хөгжлийн банк тухайн хөтөлбөр, төслийг шууд санхүүжүүлэх үүрэг хүлээх аж. Улмаар Засгийн газраас баталгаажуулсан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс дэмжлэг үзүүлж болох талаар хуулийн төсөлд тусгажээ. Үүнээс гадна Хөгжлийн банк гуравдагч этгээдэд зээлийн баталгаа, батлан даалт гаргаж болно. Хуулийн энэ заалтад гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа аж. Мөн Хөгжлийн банк нь хөрөнгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх зорилгоор санхүү, төсвийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний зөвшөөрснөөр гадаад, дотоодын эх үүсвэрээс зээл авах эрхтэй болох нь. Харин Засгийн газрын гишүүний санал, зөвшөөрлөөр авах зээлийн хэмжээнд хяналт тавих тухай зүйл, заалт хуулийн төсөлд алга байна.

ЗЭЭЛИЙН БАТАЛГААНЫ ХЭМЖЭЭГ УИХ ТОГТООНО

Хөгжлийн банкны үйл ажиллагаан дахь УИХ-ын оролцоог хуулийн төсөлд тусгажээ. Засгийн газраас Хөгжлийн банкинд оруулах хувь хөрөнгийн эх үүсвэрийн хэмжээг УИХ тогтоох аж. Мөн Засгийн газраас гаргах зээлийн баталгааны дээд хэмжээг тогтоох эрх эдлэх юм байна. Үүнээс гадна Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн аудитын тайлантай ямар нэг байгууллагын зөвшөөрөлгүйгээр танилцах эрх УИХ-д байх аж. Харин Засгийн газар тус банкийг байгуулснаараа дүрмийг нь батлах юм байна.

Япон, Солонгос, Малайзын жишгээр байгуулах Хөгжлийн банкны үйл ажиллагаанд Засгийн газар хатуу хяналт тавих бололтой. Учир нь Хөгжлийн банкны дотоод хяналтын нэгж Төлөөлөн удирдах зөвлөлийн шууд хяналтад байхыг хуулийн төсөлд тусгажээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газар өөрийн сонгосон Төлөөлөн удирдах зөвлөлөөр дамжуулж Хөгжлийн банкны үйл ажиллагааг хянана гэсэн үг.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж