ЭЗ-ын өсөлтөд хөгжиж буй орнуудын үүрэг их байна гэв

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

ЭЗ-ын өсөлтөд хөгжиж буй орнуудын үүрэг их байна гэв

2011 онд дэлхийн улс орнуудад эдийн засаг ямар байх тухай мэдээллийг өнөө өглөө Вашингтон хот дахь Дэлхийн банкны төв байрнаас өглөө. Азийн таван орны сэтгүүлч сурвалжлагч, эдийн засагчид Дэлхийн банкны эдийн засагчдын мэдээллийг сонсохоор цугласан байлаа. Хэдийгээр Вашингтонд шөнийн 23 цаг өнгөрч байсан ч Дэлхийн банкны ерөнхий эдийн засагч, эдийн засгийн хөгжлийн ахлах дэд ерөнхийлөгч Жастин Ифу Лин, хөгжлийн төлвийн захирал Ханс Тиммер нар Азиас холбогдсон сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Дэлхийн эдийн засаг хямралын дараахь байдлаас сэргэлтийн үеийн өсөлтийн шатанд аажмаар, гэхдээ тууштай шилжиж байна гэж Дэлхийн банкны эдийн засагчид дүгнэв.  Өнгөрсөн онд дэлхийн ДНБ өсөлт 3.9 хувь байсан бол, 2011 онд 3.3 хувь,  2012 онд 3.6 хувь болно гэсэн төлвийг тэд танилцуулав. Хөгжиж байгаа орнуудын хувьд ДНБ-ний өсөлт 2010 онд долоон хувь, 2011 онд зургаан хувь, 2012 онд 6.1 хувь байх төлөвтэй байгаа ажээ.

Дэлхийн эдийн засгийн өсөлтийн дийлэнх хувь нь хөгжиж буй орнуудад ногдож байгаа гэнэ. Учир нь хагжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт өндөр хөгжилтэй орныхоос хамаагүй өндөр гарсан төдийгүй хөрөнгийн урсгал ч хөгжиж буй орнуудыг чиглэх болжээ. Өнгөрсөн онд капиталын урсгалыг татаж чадсан есөн орны дөрөв нь Зүүн Азид байгааг тэд бас тодотгов. БНХАУ, Индонез, Малайз, Тайланд зэрэг улс орнууд руу хөрөнгийн урсгал илүүтэй чиглэжээ.

Түүнчлэн энэ онд дэлхий нийтийн хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний үнэ өндөр хэвээр байхын дээр эрэлт ч буурахгүй гэдгийг эдийн засагчид хэлж байна. Үүнд эрэлт нийлүүлэлтийн харьцаанаас гадна нефть, нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт ч хамааралтай аж.

Д.Цээнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж