Д.Энхбат: Намын дарга парламентаа удирдмааргүй байна

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Д.Энхбат: Намын дарга парламентаа удирдмааргүй байна

Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулан Ерөнхий сайд болон Ерөнхийлөгчид өргөн барьж байгаа асуудлаар УИХ-ын гишүүн Д.Энхбаттай ярилцлаа.

-Шинээр боловсруулсан хуулийн талаар та дэлгэрэнгүй тайлбарлаач. Яагаад уг хуулийг боловсруулах болов?

-Энэ нь юу гэхээр 1990 оноос хойш, 1992 оны үндсэн хуулиас хойш Монгол Улс өөр зарчимд шилжсэн. Төрийн эрх мэдэл нэг намын гарт биш, төрийн эрх мэдэл ард түмний гарт байх болсон. Төрийн дээд байгууллага нь УИХ байна. Тэгэхээр нам гэдэг нь маш чухал байгууллага. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эвлэлдэн нэгдсэн улс төрийн эрх ашгаа хамгаалж үзэл бодлоо илэрхийлдэг байгууллага. Монгол Улсын парламент өөрөө дотоод ардчилалтай байх ёстой. Энэ нь юу хэлээд байна гэхээр намын бүлгүүд байгуулагдахаас өмнө 2008 онд хоёр нам ярилцаад парламентын байнгын хороог 60/40-өөр хувааж авахаар болж парламентын даргаа тэр хүнээр тавина гэх зэргээр урьдчилан тохиролцсон нь өөрөөр хэлбэл парламентын гишүүн болж байгаа 76 хүний эрхэнд шууд халдаж байгаа хэрэг. Тэгэхээр энэ асуудлаас эхлээд парламентад гажуудал үүсч байна. Нөхцөл байдал Асуудал ийм байгаа хэрнээ Засгийн газрын гишүүд бараг бүгд УИХ-ын гишүүн хийж байна. Ядаж байхад тэд нар нь намынхаа удирдах зөвлөлийн гишүүд байдаг. Гэтэл намын дарга нь Засгийн газар, парламентаа удирдаад ямар ч хяналтгүй болж байна. Байдал ийм байгаа болохоор УИХ-д сөрөг хүчин байхгүй болсон. Сөрөг хүчин байхгүй болохоор парламент ямар ч хяналтгүй болж гол зарчмын асуудал нь үндсэндээ нэг болж байна.

-Тэгэхээр энэ асуудлыг хэрхэн шийдвэл зохистой вэ?

-Би хэлсэн, байнгын хорооны дарга нь МАН-ын хүн байна гээд шийдэхээр Ардчилсан намын гишүүд нь санал дэвшүүлэхгүй. Нөгөө нам харилцан тохирсноороо МАН-ын гишүүд ижил дүр зураг үзүүлнэ. Тэгэхээр парламентад ард түмнийг төлөөлөн сууж байгаа 76 хүн хэрвээ өөрийнхөө ажиллах байнгын хорооны даргыг сонгох эрхгүй байх юм бол энэ парламент яаж ажиллах вэ. Тийм учраас улс төрийн намуудын ач холбогдлыг маш зөв ойлгож байна. Улс төрийн намууд эрч хүчтэй ардчилсан байх ёстой. Гэхдээ байнгын хороо нь парламентын дотоод бүлэг байх ёстой байх болохоос, парламентын дээд талд удирддаг байгууллага биш. Энэ мэд тулгуур хоёр заалтаас үндэслээд бид тооцоолсон. Өнөөдрийн парламентын хариуцлага яагаад сулхан байна. Яагаад улс төрийн намуудын нөлөөлөл ихсээд байгаа. Яагаад Засгийн газар нь парламентдаа хамаг асуудлаа тулгаад байгаа гэх мэт энэ олон гажуудлууд байна. Нэг зүйлийг онцолж хэлэхэд бидний оруулж байгаа асуудлууд үндсэн хуулийг ерөөсөө шийдэж чадахгүй. Үндсэн хуульд эдийн засгийн хувиар гэх мэт олон асуудал байна. Бид энэ долоон өөрчлөлт буюу улсын тогтолцоог гажуудуулсан өмнө нь хийсэн алдаагаа засахаасаа эхэлж ажлаа хийе гэж бодсон. асуудлыг эндээс эхэлж ярих хэрэгтэй. Хуулийн төсөл санаачилсан 15 гишүүн бол шинээр батлагдсан журмын тухай хуулийн дагуу маш өндөр босго тавина парламентын олон гишүүд саналаа хэлэх байх. Босго тогтоохын хувьд гэвэл 4/3 хувь 3/2 хувь гээд томоохон босго бий.  Бидний тусгах зорилго бол асуудлыг энэ өнцгөөс эхэлж яръя гэсэн улс төрийн хүсэл зорилго байна.

-Байнгын хорооны дарга нарыг ямар зарчмаар сонгодог байвал зохимжтой вэ?

-Байнгын хорооны дарга нарыг сонгохдоо байнгын хороонд дөрвөн жил ажиллаж байгаа УИХ-ын гишүүн сонгох эрхгүй. Яагаад гэхээр хоёр нам байнгын хорооны даргын суудлыг шууд хувааж авсан. Уг нь байнгын хороо бол УИХ-ын дотоод байгууллага болохоос аль нэг улс төрийн нам даргын суудлыг хувааж авах зэргээр шийддэг байгууллага биш болохоор байнгын хорооны дарга, УИХ-ын дарга мөн дэд дарга нарыг сонгохдоо нууц санал хураалт явуулдаг байх хэрэгтэй. Энэ нь УИХ-ын гишүүний ард түмнээсээ мандат авсан бүрэн эрхийн илэрхийлэл болох учиртай. Бид дөрвөн жил ажиллана үүнд зөвхөн би бие даасан байх төдийгүй манай байнгын хороо, УИХ бие даасан байх ёстой гэдэг эрхийг нь улс төрийн намууд УИХ-ын гишүүдэд өгөхгүй байгаа болохоор бид энэ асуудлыг тавьж байгаа.

-УИХ-ын чуулганд хууль батлахад гишүүдийн ирц бага байдаг, энэ асуудалд та бүхэн хэрхэн хандаж байна?

 -Ер нь бол яг ирцийн асуудлыг бид шууд хөндөөгүй. Харин бүтэц талаас нь асуудал хөндөж байгаа. Өөрөөр хэлэхэд УИХ улс төрийн намууд, Засгийн газраасаа хараат бус байдлаар ажиллах хэрэгтэй байна. Энэ өөрчлөлтийг дагаад бүлгийн асуудал яригдана. Бүлэг нь УИХ-ыг удирддаг бус УИХ-ын дотоодын гишүүдийн хоорондын байгууллага байх ёстой. Тэгэхээр цааш цаашдаа энэ мэтчилэн бүлгүүдийн хариуцлага өөр болох зэрэг өөрчлөлтүүд явагдана. Дахин хэлэхэд энэ хоёр өөрчлөлтөөр бид олон асуудал шийдээгүй зөвхөн эхлүүлж байна. Энэ талаар саналаа бид Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид өгсөн 30 хоногийн дотор дэмжигдсэн эсвэл дэмжээгүйгээс үл хамаараад УИХ-д өргөн барина.

-Өнөөдөр Үндсэн хуулийн өдөр өнгөрсөн хугацаанд үндсэн хуулийн өөрчлөлт манай улсын хөгжилд хэр зэрэг нөлөө үзүүлсэн бол. Ямар үр дүн гарсан бол? 

-Монгол Улсад ардчилал тогтлоо, иргэд ардчилал гэж яг юу байх  талаар ойлгодог болсон. Манай улсын эдийн засаг шинэ харилцаанд орж байна. Гэхдээ Монголчууд бид өшөө хорин жилийн дараа нэлээд туршлагатай болно. Гол нь зовлонгоо мэддэг болсон.  Үндсэн хуулиа буруу өөрчилж үзлээ, иргэний эрх гэж юу байна, яаж эрхээ хамгаалах тухай мэддэг болсон. Монгол Улс бол эдийн засгийн хөгжлийн ээдрээтэй эрмэг дээр ирсэн энэ бүх нөхцөл байдалд улс төр нь өөрөө саад болох ёсгүй. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын төр нь бизнесээ гүйцэхгүй, ард түмний санаа сэтгэлд ч хүрэхгүй өөрсдөө Монголын хөгжилд саад болоод байна. Гол саад нь юу гэхээр байгуулсан парламент, Засгийн газар, улс төрийн намуудын харилцааг буруу хийсэн. Ардчиллынхаа гол зарчмаар ажиллахын оронд буцаад 1990 оны нэг намын тогтолцоо руу шилжих гээд байна. Тэгэхээр энэ асуудлаа засах үүднээс улс төр нийгмийнхээ өмнө улам нээлттэй болох, хөгжил дэвшилд саад боохгүй байх л хэрэгтэй.

Б.Алтансүх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж