Тавантолгойг хэрсэн хятад сүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Тавантолгойг хэрсэн хятад сүлжээ

Тавантолгойг хэрсэн хятад сүлжээ буюу тээвэрлэлтийн ченж

Өмнийн говийн шаргал элсэн доорх хар алтнаасаа  монголчууд  бид   хэдий  хэмжээний хувь хишиг хүртэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна.  Ард түмэнд ашиг хувь хүртээнэ гэсэн сайхан мөрөөдөл цаасан дээр шарлаж байх зуур хятадууд Өмнөговийн нүүрсний зах зээлд эзэн сууж, ямхын  бодлогоор  Монголын баял­гийг хамгийн хямдаар зөөж буй тухай "Тавантолгойг хэрсэн хятад сүлжээ" нийтлэлээ оны өмнөхөн бичсэн. Харин одоо үүний хоёр дахь цуврал болгож тээвэрлэлтийн ченж буюу Тавантолгойн нүүрс дагасан бизнесийг  атгасан БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн хятад эзэд монголчуудад, үндэсний компаниудад хэрхэн  дамлаж  ашиг  орлого олж буйг баримтаар хүргэхийг зорилоо.

"ЧЕНЖ" КОМПАНИЙН ЖИЛИЙН ЦЭВЭР АШИГ ХАГАС ТЭРБУМ ТӨГРӨГ

Өнөөдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд буюу Тавантолгойн нүүрсний ордыг да¬ган үйл ажиллагаа явуулдаг 20 орчим компани байна. Тэдний дийлэнх нь буюу бараг 80-90 хувь нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай. "Цон Лун", "Зун гу мин", "Фенда Тун Ли", "Сүн Фан", "Мон порд", "Пүшин Мон", "Пүшин говь" гээд нэрээсээ эхлээд хятад тамгатай. Нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа явуулдаг эдгээр компани Тавантолгойн IV болон VIII  амнаас нэг тонныг нь 25 ам.доллараар авсан нүүрсээ Гашуун сухайтын хилийн боомтын Цагаан хад болон Ганц модны  гэх талбайд буулгах үүрэгтэй. Энэ талбайд буулгасан нүүрс Хятадын хил давангуутаа 2-3 дахин өндөр үнэтэй болж 65-70 ам.доллараар худалдана. Үүнийгээ цааш  дахин дамжуулан худалдсаар Өмнөговиос ачигд­сан нүүрсний үнэ хэдхэн км цаашлах тусам нэмэгдсээр Шар мөрнөөс урагших Хятадын аж үйлдвэрийн мужуудад 110-200 доллар болтлоо нэмэгдэж очно. Монголын нутгийн гүнээс шахуу уурхайн амнаас нь авсан нэг тонн нүүрс ийнхүү явсаар 175 ам.доллараар нэмэгдэж гол худал­дан авагчдадаа хүрч буй нь ченжийн энэ сүлжээ улс дамнасан хэр ашигтай бизнес болохыг харуулж буй. БНХАУ нүүрсний хэрэг­лээгээр дэлхийд эхний гуравт ордог. Тэд Монголоос  нэг тонн нүүрсийг хамгийн бага зардал буюу  25 ам.доллараар ченжлэн зөөж буй бол харин Австралиас 500-700 юаниар авдаг. Хулгана хөеөгөө зөөдөг шиг  Монголын нүүрс ийнхүү хятад ченжүүдийн сүлжээгээр Австралийнхаас 3-4 дахин хямдаар үнэлэгдэж байна.

БАРИМТ 1.
Энэ бол "Таван¬толгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Х.Түмэнбаяр болон БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай  "Пүшин Говь"  ХХК-ийн ерөнхий захирал Ван Же Чан нарын хооронд байгуулсан нүүрс худалдах, худалдан авах тухай ¹ 02/11 тоот гэрээ. Энэ гэрээгээр  "Тавантолгойн нүүрсний уурхайгаас жилд 500 мянган тонн нүүрсийг нэг тонныг нь 25 ам.доллараар "Пүшин говь" компанид худалдахаар тохиролцжээ. Үнийн дүнгээр нь тооцвол жилд 12 сая 500 мянган ам.долларын нүүрс худалдан авчээ.  Үүнд нүүрсний үнэ, нүүрсийг олборлох, ачих зэрэг бүх зардал багтах бөгөөд худалдан авагч нүүрсийг тээвэрлэх, экспортод гаргахтай холбоотой бүх зардлыг хариуцахаар заасан байх юм. Энэ заалтаар бол "Пүшин говь" компани нүүрсээ өөрсдөө тээвэрлэх үүрэг хүлээжээ.  Гэтэл тэд энэ квотоо ашиглан өөр бусад тээврийн жижиг компанид дахин ченжлэн тонн тутамд 8580 төгрөгийн ашиг олдгийг бас нэгэн баримт харуулна.

БАРИМТ 2. Энэ бол "Пүшин говь" компанийн захирал Цуй Чан Шин болон "ТИБА" ХХК-ийн захирал Ч.Тэмүүжин нарын байгуулсан Нүүрс тээвэрлэх гэрээ.

Энэ гэрээгээр  "ТИБА" ком­пани Тавантолгойн нүүрсний уурхайгаас Гашуунсухайтын хилийн боомтын Цагаан хаданд байх "Пүшин говь" компанийн нүүрсний талбайд тээвэрлэсэн нүүрсээ буулгана. Үүнийхээ хөлсөнд нүүрсний тонн тутамд  120 юань авна. Гэхдээ үүнтэй холбоотой бүх зардлыг "Пүшин говь" биш "ТИБА" компани өөрсдөө хариуцна.   Өөрөөр  хэлбэл, "Пүшин говь" компани квот авч чадсан тул зөвхөн ченжлээд л ганц төгрөгийн зардалгүйгээр,  25 ам.доллар болон 120 юанийн үнийн зөрүүгээс жилд 340 мянган ам.доллар буюу хагас тэрбум төгрөгийн цэвэр орлого олдог байх юм. Энэ бол ганц жишээ. Гэхдээ ганц "Пүшин говь"  биш Тавантолгой ХК-иас квот авч чаддаг, хятад голдуу эзэдтэй компаниуд энэ мэтээр ченжилдэг бөгөөд манай үндэсний компаниудад тэр бүр ажил олгоод байдаггүйг ч эх сурвалжууд хэлж байна. Хятад хүн хятад хүндээ хайртай гэх зарчмаар тэд монгол компаниас муу ч байсан хамаагүй хятад компани, хятад жолооч нартаа голдуу ажил олгодог аж. Үүнийг дагаад ченжийн олсон ашгаас хувь  хүртдэг,  тэднээр дамжуулан халаас, түрийвчээ түн­тийлгэн мөнгө хүүдийлдэг бай­дал энд эрээ цээр, хамаа замбараагаа алдсан талаар нутгийнхан бас ярьж байна.  Аймаг орон нутгийнхаа нэр бүхий хэд хэдэн албан тушаалтныг  ийм аргаар хятадуудаас хувь хишиг хүртдэгийг барин тавин мэддэг гэнэ. Тэдний хүртдэг хувь хишиг нь хэдэн зуун саяас тэрбум хүртэл төгрөгөөр хэмжигддэг гэх бөгөөд хэдий хэмжээний нүүрс худалдан авах квот олж өгснөөс нь шалтгаалж энэ тоо өсдөг юм байна.  Ийм аргаар мөнгө хүүдийлдэг төрийн  албан тушаалтнууд үүнийгээ бизнес хэмээн тайлбарладаг нь энд авилга хээл хахууль ямар хэмжээнд газар авсныг илтгэнэ. Тиймээс орон нутгийн  төрийн бус байгууллагууд нэр бүхий хэд хэдэн хүнтэй холбоотой мэдээллийг АТГ-т өнгөрсөн онд өгсөн ч өнөөдрийг хүртэл ямар ч хариу өгөлгүй хав дарагджээ. Мөн хятадуудын энэ сүлжээ ганц тээвэрлэлтэд ч биш хөрс хуулалтад ч ноёрх¬жээ. "Тавантолгой" ХК хөрс хуулалтын ажлаа өөрсдөө хийдэг хэмээн мэдэгддэг. Гэтэл үндэсний компанийн хийж чадах энэ ажлыг ч бас Хятадын компаниар хийлгэдэг баримт байгаа юм.

БАРИМТ 3.  "Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Х.Түмэнбаяр, нөгөө талаас БНХАУ-ын "Shunfeng" ХХК-ийн захирал Ли Зжи Зунг нарын хооронд байгуулсан Түрээсийн гэрээ. Энэ гэрээгээр тус компани 170 мянган  шоо метрээс доошгүй хөрсийг нэг шоо метрийг нь 4000 төгрөгөөр хуулахаар тохиролцжээ. Үүнийг үнийн дүнгээр нь тооцвол сард хамгийн багаар 680 сая төгрөгийн хөлс авна.  Нэрээ нууцлахыг хүссэн компанийн эх сурвалжийн хэлснээр "Тавантолгой" ХК  сар бүр нэг сая ам.долларыг энэ компанийн дансанд шилжүүлдэг гэсэн мэдээлэл байх юм. Үүнээс үзвэл, Монголын нэг компанийн хийж чадах ийм ажлыг  ямар ч тендер, сонгон шалгаруулалтгүйгээр Хятадын компаниар хийлгэж жилд дунджаар 12 сая ам.доллар буюу 30 гаруй тэрбум төгрөгийг Монголоос гарган  Хятад руу урсгаж буй нь хэний ашиг сонирхолтой холбоотойг таашгүй.

ХЯТАДЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛҮҮД МОНГОЛ УЛСАД ТАТВАР
ХУРААМЖ ТӨЛДӨГ ҮҮ

Цагаан хад болон Ганц модноос цааш 20 гаруйхан км-ийн цаана БНХАУ-ын хил бий. Үүнээс цааш Монголын тээврийн хэрэгслийг нэвтрүүлдэггүй тул 200 гаруй км тээвэрлэсэн нүүрсээ 20-хон км-ийн цаана 2-3 дахин өндөр үнээр худалдах боломж монголчуудад  байдаггүй.  Уг нь Монгол Улс дархан хилтэй. Энэ хилээс 50 км-ээс дотогш Хятадын тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй байх БНМАУ болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын авто тээврийн хэлэлцээрийг 1991 онд байгуулсан. Гэтэл өнөөдөр БНХАУ-ын тээврийн хэрэгслүүд 50 байтугай 200 км-ээр Монгол Улсын нутгийн гүнд нэвтрэн, бизнесийн үйл ажиллагаа явуулж буй нь Улсын хил хамгаалах тухай хууль болон дээрх гэрээ хэлэлцээрүүдтэй зөрчилдөж байгаа юм. Энэ хэлэлцээрийг шинэчлэх ажил хэдэн жилийн өмнөөс л яригдаж буй. Гэвч өнөөдөр Монголын тээврийн хэрэгсэл БНХАУ-ын хил давах ч эрхгүй  байхад Хятадууд Монгол нутаг дэвсгэрт буюу Улсын хилийн тухай хуулиар нутгийн гүнд нэвтрэн Монгол Улсын жолооны үнэмлэхийг бүх ангиллын эрхтэйгээр бөөндөн өвөртөлсөн хятад жолооч нар, хятад эздээс өөр бусдад захирагдалгүй Монгол Улсыг  хуульгүй, хилгүй мэт дураар дургиж буй нь Монголын баялгийг дагасан Хятадын эдийн засгийн эзэрхийллийг хараа хяналтаас улам бүр гаргасаар байна.

Өнөөдөр Монгол Улсын  Авто тээврийн тухай хуульд улс, хот хоорондын ачаа тээврийн талаар ямар ч заалт байдаггүй нь ямар нэгэн зохицуулалт хийх  эрх зүйн орчныг бүрдүүлдэггүй аж. Энэ хуулийн цоорхойг өнөөдөр гаднын компаниуд ялангуяа хятадууд овжин ашигладаг нь ил байгаа.  Нэг сая ам.доллар дүрмийн сандаа оруулсан л бол Орос ч бай, Хятад ч  бай ямар ч улсын компани Монголд үйл ажиллагаа явуулах эрхтэй. Тиймээс ганц Тавантолгойд ч биш бусад орд газраас олборлосон ашигт малтмалаа хилийн боомтын ойролцоо тээвэрлэн буулгачихаад Хятадын тээврийн хэрэгсэл хилийн зурвасаас орж ирэн ачаад явчихна. Үүнийхээ төлөө, Монгол Улсын нутаг дэвсгэрт тээвэр хийснийхээ төлөө ямар ч татвар, хураамж, шимтгэл тэд төлдөггүй гэдэгт итгэхэд бэрх.

Монгол  Улсын нутаг дэвсгэрийн гүнд Хятадын тээврийн хэрэгслийг энэ мэт дураараа нэвтрүүлдгийг таслан зогсоох зорилгоор ЗТАЖЯ, Тээврийн үйлчилгээний төвөөс ӨМӨЗО-ы авто тээврийн төлөөлөгчид хэд хэдэн удаа уулзаж ярилцаж байжээ. Энэ дагуу Хятадын тээврийн хэрэгсэл Монголын тодорхой нэг боомт хvртэл, Монголын тээврийн хэрэгсэл Хятадын талын заасан боомт хүрэхэд хил нэвтрэх тусгай зөв­шөөрлийн бичгийг холбогдох төрийн байгууллагаас авдаг байх  журмыг 2007 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Гэвч хил, гааль, мэргэжлийн хяналт, зам тээврийн байгууллагуудын хоорондын ажлын уялдаа, тээвэрлэлтэд тавьж буй хяналт сул байгаа зэргээс БНХАУ-д бүртгэлтэй хүнд даа­цын тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын нутгийн гүнд тээвэр хийлгэх, зам тээврийн осол гаргах, түүнчлэн тээврийн хэрэгслийн хийц загварыг өөрчлөн даац, норм хэтрүүлэн ачаа ачих, зам эвдэх зэрэг зөрчил гарсаар байгаа нь өмнийн говийн байгаль орчинд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байгааг энэ дашрамд хүргэхийг хүслээ.  Өмнөговийн Ухаа худагт нүүрсний орд эзэмшиж буй "Энержи ресурс" компани Гашуун сухайт хүртэл автозам тавьж буй таатай мэдээлэл бий. Гэвч  ашиглалтад орсны дараа энэ   замаар нүүрс тээвэрлэхэд нэг машинаас 900 юанийн хураамж авах тухай урьдчилсан  төсөл яригдаж буй.  Хэрэв энэ хэрэгжиж эхэлбэл хүнд даацын машинууд хураамжаас бултаж өмнийн говийн хөрс шороог эргүүлсээр байх магадлалтай. Үүнийг зохицуулах эрх зүйн орчин бэлэн үү?

Баялаг дагасан бизнес нь хятадуудын сүлжээнд мафидуулж,   байгаль  орчин  нь   эзэнгүй мэт сүйтгэгдсээр  байгаад хяналт тавих, хариуцлага тооцох тэнхээ орон нутгийнханд алга. Харин Монголын төрд байгаа болов уу?

Д.ОЮУН-ЭРДЭНЭ.

Зохиогчийн эрх: "Өнөөдөр" сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж