Зарим шинжээч В.Путин, АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш хоёрыг сайн найзууд гэж дүгнэдэг. Гэхдээ улс төрийн тайзан дээр бол тэд эвлэршгүй өрсөлдөгчид гэж өөр нэг хэсэг нь хэлдэг. В.Путин 2007 оны хоёрдугаар сарын 10-нд Германы Мюнхен хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр тавьсан 45 минутын илтгэлдээ олон улсын аюулгүй байдлын тогтолцооны талаар онцолжээ. “Олон талт тэгсэн хэрнээ нэгдмэл аюулгүй байдал бол үндсэн зарчим” гэсэн В.Путиний үгийн учрыг тайлах гэж ажиглагчид нэлээд ноцолджээ. Тэгээд АНУ-ын Ерөнхийлөгч асан Франклин Д.Рузвельт дэлхийн хоёрдугаар дайн дэгдэж эхлэх үед хэлж байсан “Энх амгалан байдал хаа нэг газар алдагдаад эхэлсэн л бол энэ нь дэлхийн бусад оронд бүгдэд нь аюул заналхийлнэ” гэсэнтэй адилтгасан юм. Ерөнхийдөө В.Путиний тавьсан илтгэлийн гол агуулга нь АНУ-ын гадаад бодлого, тэр дундаа Афганистан, Ирак руу чиглэсэн бодлогыг шүүмжилж энэ нь олон улсын аюулгүй байдлыг алдагдуулж байгааг онцолжээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр Ж.Бушийн хэлж байсанчлан “АНУ-ын хэлсэн болгоныг дагах” гэсэн үгийг эсэргүүцэж, Америк төвт дэлхийг үгүйсгэсэн гэхэд болно. Тэр ч байтугай алс хэтдээ ч болов хоёр их гүрний харилцаа зөөлөрнө гэж үзэх шинжээчдийн таамгийг Өмнөд Оссет дахь цэргийн мөргөлдөөн үгүй хийсэн билээ.
Цөмийн цэнэгт пуужин, зэвсэг техник гэх мэт цэргийн салбар дахь хоёр их гүрний өрсөлдөөн бүхнийг тоочиж барах вэ. Английн геополитикч Хэлфорд Макиндерын тодорхойлж байсанчлан зүрхэн газар буюу Хартлэндын төлөө АНУ, ОХУ хоёрын бодлого тэмцэлдсээр ирсэн. Хартлэнд гэх тодорхойлолтод Евроазийн өргөн уудам нутаг багтдаг. Байгалийн асар их нөөц баялагтай, газар тариалангийн салбарыг хөгжүүлж, хүнсний хомсдолд орохоо шахаад байгаа дэлхийг тэжээж тэтгэх хөрстэй, хамгийн гол нь геополитикийн ашигтай байрлалтай Украйн, Гүрж зэрэг хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудад өнгө өнгийн хувьсгал олон гарсан. Үүний цаад эзэн нь Пентагон, Кремлийнхэн байгааг нотлох ажиглагч цөөнгүй. Зөвхөн байгалийн хий, газрын тосны зах зээлд л гэхэд хоёр орны өрсөлдөөн илт ажиглагддаг. АНУ-ын засаг захиргаа Афганистан, Иракаас эхлэн Украйн, Польшоор дамжин Балтийн тэнгисийн усан доогуур хийн хоолой барьж, Германтай харилцах болсон. Европын орнууд ч Оросын байгалийн хийн монопольчлолоос ангижрахын тулд америкчуудтай яв цав сонирхол нийлж байгаа гэхэд буруудахгүй. Харин ОХУ Хятад тэргүүтэй Азийн орнууд руу чиглэсэн бодлого явуулж эхэлжээ. Нийт 4800 км урт үргэжлэх Зүүн Сибирь-Номхон далайн хоолойгоор жилд 15 сая тонн нефть тээвэрлэхээр болж, хоолойн эхний хэсэг саяхан ашиглалтад орсон билээ. Оросын төрийн тэргүүн Д.Медведев өөрөө “Газпром”-ын тэргүүн байсан хүн гэхээр энэ орон газрын тос, байгалийн хийн салбартаа ямар их анхаарал хандуулж байгааг илэрхий болгох биз.
АНУ-ын төв банк мөнгөний тэлэх бодлого баримталж, зах зээлд их хэмжээний ам.доллар нийлүүлж байгаагаас ам.долларын ханш сулрах болсон. Яг энэ үед өсөн нэмэгдэж буй эдийн засагтай Хятад улс юаниа дэлхийн нөөц валют болгох боломжийг эрэлхийлж байна уу гэлтэй. Олон улсын худалдаанд зөвхөн ам.долларыг ашигладаг байсан бол Хятад харилцагч орнууддаа юанийг санал болгож эхэлсэн. Тэгвэл ноён долларыг унагах гэсэн энэ бодлогыг дэмжиж байгаа орнуудын нэг бол ОХУ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард хоёр орны төлөөлөгчид хоорондын худалдаагаа юань, рублиэр хийх болсноо зарласан. Түүнчлэн Оросын төв банк канад, австрали доллар их хэмжээгээр нөөцөлж, үүнийгээ ам.долларын эрсдэлээс сэргийлж байна хэмээн тайлбарлаж байгаа юм.
Орос бол “БРИК”-ийн орон. Сүүлийн үед ажилгүйдлийн түвшин ихэсч, дифляци үүсэх магадлалтай болсон АНУ гэхээс илүүтэйгээр өсөн нэмэгдэж буй зах зээл бүхий “БРИК”-ийн орнууд руу хөрөнгө оруулагч, компаниуд хошуурах болсон. Ямартай ч 2050 он гэхэд эдийн засгийн хувьд хамгийн хүчирхэг болж мэдэх гүрнүүдийн таамаглалд Орос ч мөн багтаж байна.
Бүхэл бүтэн 17 жил яригдсан асуудал өнгөрсөн оны сүүлчээс нааштайгаар шийдэгдэхээр болсон. Тэр юу вэ гэвэл Дэлхийн худалдааны байгууллагад ОХУ элсэн орох тухай юм. АНУ-ын дэмжлэгтэйгээр уг хэлэлцээр бүтэмжтэй тал руугаа хандаж, энэ оны дундуур гэхэд Орос улс албан ёсоор Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болно. Гэхдээ энэ нь тус улсын газрын тос тэргүүтэй байгалийн баялгийг үнэ тарифын хөнгөлөлттэй авах гэсэн орнууд, гадны хөрөнгө оруулалтыг дэмжих замаар эдийн засгаа модерницазчлах гэсэн Орос сонирхол огтлолцсонтой холбоотой. Ямартай ч АНУ, ОХУ хэмээх хоёр их гүрний бодлого мөнхөд сөргөлдсөөр ирсэн юм. Сүүлийн үед худалдааны дайн гэх нэр томъёо АНУ, Хятадын харилцаатай холбогдон олонтаа дурьдагдах болсон. Гэхдээ геополитикийн бодлогын зөрчлөөс үүдэн эдийн засаг, худалдаа, харилцааны хувьд Орос, АНУ хоёр хэдийнэ дайны талбарт гарчихаад байна гэхэд буруудахгүй юм.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин