М.Энхсайхан, Н.Энхбаяр хоёр хамгийн аюултай

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

М.Энхсайхан, Н.Энхбаяр хоёр хамгийн аюултай

Э.БАТ-ҮҮЛ: М.Энхсайхан, Н.Энхбаяр хоёрын ажиллагаа санхүүгийн том дэмжлэгтэй учраас хамгийн аюултай

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлтэй ярилцлаа. Улс оронд хүчирхийллийн, байдал бүр хурцдах шинж тэмдэг илэрч, өдөөн турхирагчид нь ил цагаандаа гараад байгаа тухай эрхэм гишүүн сэтгэл эмзэглэн ярьж, анхааруулж байна. Мөн тэрбээр, 90-ээд оны хир буртаггүй улс төрөө дурсан, өнөөгийнхтэй харьцуулан өөрийнхөө гаргалгааг хийж суусан.

Санхүүгийн дэмжлэгтэй үйл ажиллагаа хортойгоос хортой байж чаддаг. Энэ бол зүгээр нэг шоу огт биш

-Сүүлийн үед таны “Хүчирхийлэлгүй Монголын төлөө” нийтлэл олон хүний ярианы сэдэв болж байна. Тэр нийтлэлийг уншаад Э.Бат-Үүл гэдэг хувь хүн юу бодож бичсэн юм бол гэж лавлаж асуумаар санагдаад байлаа?

-Тэр нийтлэл анх хэв­лэгдэхдээ л дотны нөхдийн зүгээс шүүмжлэлд өртсөн. Шүүмжлэлийн утга нь, ер нь тухайн зүйлийг дэгсдүүлж, хэтэрхий сүржигнэсэн байна гэсэн. Африк шиг болчихгүй байх ухаан монголчуудад бий байлгүй дээ. Байсаар ч ирсэн. Улс орон сүйрээд уначихаж байгаа юм шиг ямар их сүржигнээв гээд л. Баабар нэлээд зэмлэнгүй “20 жилийн турш хүчирхийлэх өнгө аястай яриа явсаар л ирсэн шүү дээ. Сүржигнэж л байсан. Дайрна, үзнэ гээд л. 1996-2000 онд Ардчилсан холбоо эвсэл засгийн эрх барьж байхад ална, хядна гээд Бошигт тэргүүтэй нөхөд гудамжаар нэг суугаад, О.Дашбалбaар агсан цэргийн форм өмсч ирээд 32 мянган хүнийг цаазална энэ тэр гэсэн үйл явдал болж л байсан. Энэ мэт мангар, мангар юм 20 жилийн турш өрнөсөөр л байсан шүү дээ. Гэтэл одоо л гэнэт үзэж байгаа аятай юун сүртэй юм бэ” гэсэн шүү. Гэхдээ лав л нийтлэл гарсны дараа интернэтийн сэтгэгдэл уншихад нэг их алдаж буудаагүй юм байна гэж бодсон. Интернэтийн сэтгэгдэл дээр олонх нь “Шударга ёсны төлөө хүчирхийлэх хэрэгтэй” гэсэн байсан. Ер нь хүчирхийлэлд уриалсан хандлага тэр сэтгэгдлийн олонх нь байсан. Интернэтийн сэтгэгдэл нийгмийн санаа бодлыг судалдаг социологийн баримт болохгүй л дээ. Гэхдээ ямар ч байсан тийм санаа бодолтой хүмүүс байгааг илэрхийлэхтэйгээ шүү дээ. Тэгэхээр цөөн, олон нь хамаагүй. Ямартай ч тийм санаатай хүмүүс байна. Нэн ялангуяа интернэтийн цаана хүмүүс нүүр нь харагдахгүй, нэр нь мэдэгдэхгүй учраас их зоригтой бичдэг шүү дээ. Тийм учраас сэтгэлдээ байгаа итгэл үнэмшлээ гаргаж чадна, тэд нар. Тэр утгаараа яах аргагүй бодож байгаагаа л хэлнэ. Бодож байгааг нь сонсоход хүчирхийлэхэд бэлэн хандлагатай улс хангалттай олон юм билээ.

-Зад шүүмжилье, жагсая, цуглая гэж таны нийтлэл төгссөн байсан. Ингэснээрээ та ч бас дайнд өдөөн хатгаад байгаа юм биш үү?

-Ардчилсан байдлаар, ардчилсан ёсоор хуулийн хүрээнд л үйл ажиллагаа явуулах хэрэгтэй гэдгийг тэр санаануудаар уясан. Хэрэв тэгж харагдаж чадаагүй бол би их муу бичсэн байж таарна.Өөрөөр хэлбэл, манай хүмүүс жагсах, цуглах, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Тэр эрхээ хэрэгжүүл. Гэхдээ огт хүчирхийлэлгүйгээр гэдэг л утга санаа нь байж, түүнд зангидаж, түүн рүү чиглүүлсэн юм.

Надад төр нь булчин шөрмөсөө харуулаад, хүмүүсийн эрхийг хаагаад, жагсаж, цуглахыг нь болиулаад байх нэг талын буруу ойлголт төрүүлэх вий гэсэн болгоомжлол төрсөн. Аягүй бол хуулийнхаа дагуу л үйл ажиллагаагаа явуулах ёстой, явуулахгүй бол юу гэдэг юм төр төмөр нүүрээ харуулна гэсэн нэг талын туйлшрал руу явчихвал ардчиллын үнэ цэнээ алдах аюул руу явж мэднэ. Нэн ялангуяа эрх барьж байгаа хүмүүс их хурдан шүүрч авах аюултай байхгүй юу. Тэгэхээр миний хэлэх гэсэн санаа бол ерөөсөө ардчилсан Монгол Улс байя. Тэр ардчилсан Монгол Улсад тайван замын бүх тэмцэл нээлттэй байя. Үүнд хэн ч хориг тавихгүй, хэн ч хориг тавих ёсгүй. Энэ бол Үндсэн хуулиар олгогдсон эрх. Энэ эрхээ хэрэгжүүлэхдээ л хүчирхийлэл рүү явж болохгүй шүү гэж хэлэх гээд байгаа санаа минь тэр.

-Та нэлээд олон санаа гаргасан. Ерөнхий сайдаас унагасны гомдлоо тайлж чадахгүй, өөрөөр хэлбэл матрын нулимс одоо болтол унагаад байгаа хүмүүс байна гэж Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёрыг хэлсэн болов уу гэж ойлгосон. Зөв үү?

-Тийм ээ, би Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёрыг хэлсэн. Манай М.Энхсайхан их өөрчлөгдсөн. Өөрчлөгдөх, өөрчлөгдөхдөө либерал ардчилсан үзлээсээ бүр 180 градус эргээд илүү большевик арга барилтай болсон л доо. Би М.Энхсайханыг үндэслэлгүй шүүмжлээгүй. Тэр гаргаж нийтэд тараасан “Үндэсний хувьсгал” гэдэг номондоо Үндсэн хуулийн бус арга замаар төрийн эргэлт хийх тактик, стратеги тогтоочихсон байгаа. Ерөөсөө бүх сумаас “Үндэсний хуралдай”-н төлөөлөгч сонгож ирээд, тэд нар нь Үндсэн хуулийг шинээр батлаад, тэндээ Ерөнхийлөгчөө сонгоод явна энэ тэр гээд. Одоо байгаа Үндсэн хуулийн бүх институцийг бүгдийг нь хүчингүй гэж зарлах тактикийн болон стратегийн зорилтууд тавиад, бүр тодорхой биччихсэн байгаа. Энэ номоо хөөрхий олон хувиар тараасан.     Тэгээд санаагаа хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Тийм утгаар нь би бичсэн. 20 жилд өчнөөн сонгууль үзлээ, гэхдээ сонгуульд унасныхаа гомдлыг ингэж их хорсож, шүд зууж үлдсэн хүн Н.Энхбаяраас өөрийг би үзээгүй. Урьд нь П.Очирбат гуай ч, манай Р.Гончигдорж, М.Энхсайхан ч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд ялагдаж байсан. Ц.Элбэгдорж өчнөөн л огцорч байлаа. Тэднээс ингэж шүд зууж, одоо байгаа төрийн институцийг хүлээн зөвшөөрөхгүй, ийм аяг гаргаж байгаа хүн бол ганцхан Н.Энхбаяр. Тэр ерөөсөө зүгээр суухгүй байна. Их сонин шүү дээ. Ерөнхийлөгч байх үеийн Н.Энхбаяр, одоо үеийн Н.Энхбаяр хоёр шал өөр. Өөрөө Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга байхдаа “Эвтэй байх ёстой. Хуулийнхаа хүрээнд ажиллах ёстой. Төрөө хүндлэх ёстой” гэж хамгийн их дуугарсан, тийм биз дээ. Ялагдчихаараа эвтэй байх нь хуйвалдаан гэх мэтээр бүгдийг нь харлуулаад, тэр битгий хэл одоо Үндсэн хуулийн дагуу байгаа төрийн институцийг хүлээн зөвшөөрөхгүй байх улс төрийн хандлага барьж байгаа нь үнэхээр гайхмаар. Иймээс ч би энэ улс орон ганцхан Н.Энхбаярт зориулагдсан биш ээ гэж хэлдэг.

-Одоо ямарч албан тушаалгүй энэ хоёр хүний явуулж байгаа үйл ажиллагааг тийм том чичиргээ, доргио өгч чадна гэж та бодоод байгаа юм уу?

-Энэ хоёр  хүний  үйлдэл  бол  өөрийгөө харуулах, илтгэх гэсэн үйл ажиллагаа биш. Ямар ч үнээр хамаагүй өөрсдийн байсан тэр эрх мэдэлд очих гэсэн улс төрийн зорилготой байхгүй юу. Тэр зорилгоо хэрэгжүүлэх ажиллагаа нь санхүүгийн том дэмжлэгтэй байна. Хамгийн гол нь энэ. Хаана ч, хэзээ ч санхүүгийн дэмжлэгтэй хортой үйл ажиллагаа хортойгоос хортой байж чаддаг. Зүгээр нэг шоу огт биш. Бид эрх мэдэлдээ заавал эргэж очих ёстой, очихын тулд нийтийг уруу татна. Нийтийг уруу татахад шаардлагатай санхүүгийн эх үүсвэр байна гэсэн тов тодорхой зохион байгуулалттай улс төрийн үйл ажиллагаа. Би жишээ нь, их олон шударга бус зүйлсийн өмнөөс бачимдаад явж байгаа хүнийг ойлгодог. Тэр ч битгий хэл энэ бол ардчилсан биш олигархийн төр боллоо. Хувьсгал хийх ёстой гэж би хэлдэг. Миний өнгөрсөн хавар бичсэн нийтлэл ч бий. Ийм зүйлийг хийх хэрэгтэй гэж би хэлдэг. Гэхдээ эрх мэдэлд хүрэх гэж, түүнийг шохоорхож хийж байгаа үйлдэл биш. Үүнд ямар нэгэн хувийн сонирхол огт байхгүй. Ердөө л илүү сайн засаглалтай болъё, ард түмнийхээ төлөө гэсэн төртэй болъё л гэсэн санаа. Ингээд шударга бусын эсрэг, шударга бус байдалд эмзэглэж байгаа тэр хүмүүсийг анхааралтай сонсоод, ажиглахаар, явсаар байгаад ард нь Н.Энхбаяр, М.Энхсайхан руу хүрч оччихоод байгаа юм. Тэгээд л миний урам хугардаг. Зүгээр нэг явцуу сонирхлын гар хөл болж байна, тэд. Үндэсний удирдагч, Ерөнхий сайд байхдаа үүнээс олигтой байж чадаагүй улс одоо илүү дээр болгоно гэж яаж ярьж чаддаг юм бэ. Огт өөр улс төр явж байна шүү дээ, энэ чинь.

Н.Энхбаяр өөрийгөө бурхан багштай дүйцүүлээд байх юм

-Ц.Шинэбаяр гишүүн сүүлийн хоёр сарын турш эрчимтэйгээр улс төр хийлээ. Нийтлэлүүдээ ч бичиж байна. Зарим нэгнээс нь хоморголон устгах санаа ч гарч байна. Ангийнхаа гишүүний эл үйлдэлд та ямар байдлаар хандаж байгаа вэ?

-Ц.Шинэбаяр гишүүний хэлж байгаа зүйлд шударга ёсыг тогтоох юмсан, илүү сайн засаглал бий болгох юмсан, энэ ард иргэдийн өмч хөрөнгийг идэж, ууж байгаа хариуцлагагүй явдалтай тэмцэх юмсан гэсэн хүсэл зориг байгааг харж байна. Гэхдээ шударга ёсны төлөө тэмцэх энэ тэмцлээ хүчирхийллийн аргаар хэрэгжүүлж, бүр сүүлдээ ураг төрлөөр нь устгах хэмжээний хийрхэл болгож, хувиргасан нь үнэхээр ой гутааж байгаа. Шударга ёс гэдгийг хүн өөрийнхөөрөө л ойлгодог. Гэхдээ шударга ёсны төлөө хүчирхийлэл хийнэ гэвэл аюултай зүйл. Жишээ нь, өнгөрсөн зуунд шударга ёсыг хамгийн их ярьсан хүмүүс хамгийн том дарангуйлагчид байсан. Ленин шиг их шударга ёс ярьсан хүн ховор. Гэхдээ тэр ямар дарангуйлал тогтоолоо. Сталин ямар дарангуйлал тогтоолоо. Гитлер шиг  Герман үндэстэн хүн төрөлхтөнийг тэргүүлэх нь шударга ёс гэж орилсон, түүнийгээ өөрийнхөөрөө ойлгосон дарангуйлагч байхгүй. Мао Зе Дун үргэлж шударга ёс гэж ярьсан. Ер нь ингээд харж байхад нэг гайхалтай нь дарангуйлагчдын нэг нийтлэг зүйл хамгийн их шударга ёс ярьсан байдаг. Жишээ нь, хэдэн сарын өмнө ч билээ нэг хятад залуу шударга ёс ярьж очоод баахан сургуулийн хүүхэд хутгалсан айхавтар хэрэг хийлээ шүү дээ. Тэр шударга ёсны төлөө л гэж өөрийгөө зөвтгөсөн. Шударга ёсны төлөө хүчирхийлэл рүү уриалж байгаа бол дарангуйлал болно. Тэгэхээр би Ц.Шинэбаярыг  шударга ёсны төлөө хүчирхийлье гэснийг хараад бас л жижиг хувилбарын дарангуйлагчийн төрх гарч байна. Дээрээс нь Н.Энхбаярын гар хөл болчихсон. Ард түмэн “Чи Ерөнхийлөгч байсан. Бүр Ерөнхий сайд ч байсан. Чамайг хэн ч хянахгүй тийм том үндэсний удирдагч байсан. УИХ-ын дарга байлаа. Тэр үедээ яагаад улс орноо өөд нь татаад, ард түмнээ сэхээгээд явчихаагүй юм бэ” гэж асуух ёстой. Н.Энхбаяр шиг төрийн гурван өндөр албан тушаалыг гурвууланг нь хашсан. Түүн шиг хүссэнээ хийж болох, тийм том удирдагч Монголд сүүлийн 20 жил гараагүй. Гэхдээ би хариултыг нь мэдэж байна л даа. Н.Энхбаяр “Би тэр үед хүмүүсийнхээ амьдралыг сайн ойлгоогүй байсан. Одоо л ойлголоо” гэж хариулна. Гандангийн зарим лам нар их дургүйцэж байгаагаа надад хэлж байсан. Н.Энхбаяр өөрийгөө бурхан багштай дүйцүүлээд байх юм гэж.

-Харин ч Н.Энхбаяр шиг шашинтай ойр Ерөнхийлөгч манай улсад гараагүй л байгаа биз дээ?

-Бурхан багшийг өмчилж, өөрийгөө бурхан багштай дүйцүүлж байгаа нь шашны хүмүүст их таагүй сонсогддог юм байна л даа. Үнэхээр бурхны номдоо үнэнч лам  нар хэлж байна билээ. Энэ хүн өөрийгөө бурхан багштай дүйцүүлээд байх юм. Энэ хүн Ерөнхийлөгч болохоосоо өмнө бурхны номыг орчуулсан нь үнэн. Гэхдээ тэр “Бурхан багшийн сургааль” гэдэг номд нь орчуулсан Н.Энхбаяр гэж байсан юм. Ерөнхийлөгч болсныхоо дараа бурхан багшийн сургаалийг дахиж хэвлэсэн. Тэгэхдээ  тэр магнай дээр нь Намбарын Энхбаяр гэж нэрээ тавьсан байна билээ. Ингэхээр бурхан багшийн сургаалийг юмны учир сайн ойлгохгүй хүмүүс Н.Энхбаяр зохиосон гэж хармаар болчихоод байгаа. Нэн ялангуяа сүүлийн үед ярьж байгаа зүйлийг нь хараад гайхаж байгаа байхгүй юу. Бурхан багшийн амьдралын тухай домог дээр л байдаг даа. Яагаав нөгөө нэг их гоё хааны гэрт төрөөд, тэгээд амьдралаас тасарчихсан байж байгаад нэг өдөр онгорхой хаалгаар гараадахсан чинь л ард түмэн ямар аймаар амьдарч байгааг харж, ойлгодог. Тэгээд л гэгээрлийн замаар бурхан багш явсан түүхтэй шүү дээ. Одоо Н.Энхбаяр яг тийм юм ярьж байгаа байхгүй юу. Үндэсний удирдагч байхдаа олж хараагүй байсан тэр амьдралын бэрхшээлийг одоо л олж хараад, сэтгэл зүрх нь өвдөөд авлаа гэж. Бурхан багшийн амьдралын домгийг хүртэл ингэж их зальжинаар өөртөө нааж байгаа байхгүй юу. Энэ нь мэдээж хэрэг бурхан багшийг хүндэлдэг сүсэгтэн олонд их л эгдүүтэй харагдаад байгаа хэрэг. Лам нар надад энэ ямар муухай эгдүүцмээр юм бэ гэж хэлж байсан.

Байгалийн баялаг үнэд орох тусам улстөрчдийн араншин өөрчлөгдөж эхэлсэн

-Бид баялаг, уул уурхай гэж ярьж эхэлснээс хойш “баялгийн хараал” гэдэг үг найз нөхөд гэж байгаа юм шиг танил болсон. Гэхдээ таны “баялгийн хараал хэвлийдээ тээсэн улстөрчид” гэж бичсэн нь таатай санагдаагүй?

-Улстөрчдийнх нь соёл дорой, улстөрчид нь хариуцлагагүй ийм улс орон баялагтай байх нь их аюултай юм байна л даа. Бусад улс орны түүхээр нотлогдсон зүйл юм билээ. Улстөрчид нь ард түмнийхээ төлөө байх ёстой гэдгээ ухамсарласан, улс орноо хөгжүүлэх ёстой гэдгээ сайтар ойлгосон, үр хүүхэд маань энэ оронд амьдарна гэдгийг ухамсарласан, улс төрийн өндөр соёлтой оронд бол байгалийн баялаг хөгжлийн хамгийн том, хүчирхэг дэмжлэг болдог юм байна. Норвеги үүний тод жишээ. Улстөрчдийн соёл өндөртэй нийгэмд байгалийн баялаг ёстой бурхны хишиг болдог юм байна. Гэтэл улстөрчид нь соёлоор дорой, ард түмнийхээ төлөө биш, амин хувийнхаа сонирхлыг тэргүүнд нь тавьдаг. Төр нь авлига, хээл хахуульд автсан улс оронд байгалийн баялаг хараал болох нь 100 хувийн нотолгоотой зүйл. Хараал болно гэдэг нь бараг зайлшгүй зүйл юм. Үүнийг ажиглаад байхад яг манайд үүний эхлэлийн шинж тэмдгүүд нь мэдэгдээд байгаа байхгүй юу. Би энэ 20 жилийн улс төрийн түүхийг мэдэх юм.1990 онд хүмүүс төр рүү хошуурдаггүй байлаа. 1990 онд хүмүүс улс төрд орохдоо ерөөсөө хувийн ашиг сонирхлоо боддоггүй байлаа. Өөрийнхөө итгэл үнэмшлийн төлөө тулалдана. Коммунист үзэлтэй нь ч, ардчилсан үзэлтэй нь ч ялгаагүй өөрийнхөө үзэл бодлынхоо төлөө тулалдана шүү дээ. Тэнд ямар нэгэн хувийн сонирхол ерөөсөө байхгүй. Үнэхээр гайхалтай. Жишээ нь, албан тушаалд очвол ардчиллаа төгөлдөршүүлнэ гэсэн болзол тавьдаг байлаа. Та нар ардчилсан Үндсэн хууль баталж өгвөл би сайд болж болно гэсэн тийм болзолтойгоор очно. Бүр бид Д.Ганболд, Д.Дорлигжав хоёрыг сайд болгох гэж яаж үйлээ үзэж байсан гээч. Сайд болгох гэсэн чинь эсэргүүцээд салдаггүй. Тэгээд яасан гэхээр бид тал талаас нь ятгаад, сайд болох юм бол  ардчилсан Үндсэн хуулиа гаргах бололцоотой болох гээд байна. Сайд болох юм бол өмч хувьчлалыг хийх гээд байна. Илүү ардчилсан сайн хууль гаргах гээд байна гэж ятгаж аваачиж байсан. 1990 оны үеийг өнөөдөр сонсвол домог болохоор улс төр байлаа. Ямар гоё цэвэр ариун байсан гээч. Улсын бага хурлын гишүүд хувийн зүйл сонирхоно гэж байхгүй. Гэхдээ гайхалтай нь өдөржин шөнөжин хуралдана. Хааяа шөнийн арван хоёр, хоёр гээд Засгийн газрын ордонд ороод ирэхэд С.Баяр, М.Энхсайхан нарын гишүүд ажиллаж л байдагсан. Тэр үед хоол унд хомс. Хажуудаа хуушуур бууз авчруулчихсан, кофе  энэ тэр тавьчихсан  хуулиа бичээд сууж байлаа шүү дээ. Түүнтэй харьцуулахад өнөөдөр улс төр асар их хувирсан. Одоо юун тэр зарчим, итгэл үнэмшил. Зөвхөн сайн, сайхан зүйлийн төлөө явах сэтгэл үнэндээ бараг байхгүй, устсан. Өөрийгөө огоорон байж явдаг улс төрийн тэр хүмүүжил байхгүй болсон. Эцсийн эцэст би юу хожих вэ гэсэн бодол л давамгайлдаг.

-Гол шалтгаан нь өнөөх л хувийн эрх ашгийн сонирхол уу?

-20 жилийн хугацаанд баялаг үнэд ороод эхэлсэн чинь дагаад улстөрчдийн араншин хувираад ирсэн байгаа юм. Манайх малаа иргэддээ өгсөн. Жижиг дэлгүүрүүдээ бүгдийг нь өгсөн. Бүгд хувийнх болсон. Одоо байгалийн баялаг л төрийн мэдэлд байна. Тэгсэн төрийн мэдэлд байгаа байгалийн баялаг улам үнэд ороод, улс төрийн араншин ч өөрчлөгдөөд эхэлсэн. Улс төрд орох хамгийн хүсүүштэй зүйл болсон. 1990 онд би намын дарга байлаа. Тэр үед АИХ-д нэр дэвших хүн олдохгүй хэцүү байлаа шүү дээ.

Бүр аргаа ядаад би өөрийнхөө намын нэрийн өмнөөс МАХН-ын гишүүдийг гуйж нэр дэвшүүлж байлаа шүү дээ. Улсын бага хуралд хэдэн гишүүнээ суулгах гэж бөөн юм болдог байв. Өнөө хэд маань бидэнд энэ сайхан эрх чөлөө нээгдчихлээ. Бид явж бизнес хийе гээд болдоггүй. Юу яриад байгаа юм бэ. Энэ чинь намын даалгавар, та нар тэнд очиж, шинэ ардчилсан Монгол Улсаа байгуул гэж загнаж байж улс төрд оруулж байлаа. Одоо бол хөөгөөд байхад эргэж, гүйж ирээд улс төрд орно гээд хаалга манаад зогсчихдог болж. Энэ үзэгдэл байгалийн баялгийн үнэ  өсч байгаатай уялдаж байгаа байхгүй юу. Уг нь хүмүүс сайн мэднэ дээ. Тавантолгойн орд Монголд байж л байсан зүйл шүү дээ. 1990-ээд оны эхээр энэ тухай бид ярьдаг ч үгүй байсан. Арван жилийн өмнө Тавантолгой чинь яг үнэндээ Австралийн “ВНP” гэдэг компани ашиглалтын эрхийг нь авчихсан байлаа шүү дээ. Бид гуйж ирээд өгснийг нь яана гээч. Та нар дэлхийн мундаг компани, Монголд хөрөнгө оруулаач. “ВНP” ирвэл бусад нь ирэх гээд байна гэж гуйж байгаад Тавантолгойг өгсөн. Ашиглалтын лицензийг нь биш Тавантолгойгоо тэр чигээр нь бүхэлд нь өгсөн байхгүй юу.

-Тэгээд яг яаж буцааж авсан юм бэ. Улстөрчид маань алсын  хараатай байж “BHP”–гээс салгасан юм уу?

-Харин “ВНP” яаж тэнэгтэхээрээ ашиглалтын лицензийг нь эргүүлээд өгснийг одоо болтол гайхдаг. Энэ ямар аз вэ гэж би залбирч явдаг юм. Тээр жил би тэдэнтэй уулзаад та нар яагаад лицензээ эргүүлээд өгчихсөн юм гэж асуусан. Тэд бүү мэд гээд толгойгоо барьдаг байхгүй юу. “Биднийг хэн ховсдсон юм бүү мэд. Тэр үед ер нь больё гээд олон төслөө хассан. Түүнд дотроо Тавантолгойг оруулчихсан” гэж байсан. Одоо бодоод үзээрэй. “ВНP” өнөөдрийг хүртэл төлбөрийг нь төлөөд эзэмшиж байсан бол Монголын Засгийн газар яаж ч чадахгүй. Яагаад гэвэл тэднийг барууны ертөнц бүхлээрээ дэмжинэ. Бид “ВНP”-тэй хууль бусаар харилцах гэж оролдох л юм бол бойкотонд орох аюултай. “ВНP” өнөөдөр Хятадын уул уурхайн хамгийн том хөрөнгө оруулагч. Тэд хэвээрээ байсан бол бид баларна. Өөрсдөө ашиглах тухай яриа ч байхгүй. Уул уурхай яг үнэндээ ийм л байсан шүү дээ. Хэн ч тоодоггүй. Одоо харин тоохгүй ч амьтан алга. Тоохгүйгээс гадна хамгийн гол нь булаацалдаад бөөн зодоон болж байна. Өөрөөр хэлбэл, баялаг бидний араншинг үнэхээр өөрчилсөн. Өөрчлөхдөө байгалийн баялгийнхаа төлөө улам бүр тэмцэх байдал руу оруулаад байна. Одоохондоо эхлэлийн шинжтэй болохоор жаахан зөөлөндүү л байх шиг байна. Парламент байгалийн баялгийг их л зөв хуваарилж, асуудлыг шийдэхгүй бол түүнийхээ төлөө алалдаж болзошгүй л гэж бодоод байна.  

Ганцаараа муу сайн нэр дуулаад Яваадаа жаахан гонсойгоод байгаа шүү

-Та сүүлийн үед УИХ-ын гишүүдийн халдашгүй дархан эрхийн эсрэг яваад байх шиг. Сая Дэгийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр ч тэр, спикерт хэт их эрх мэдэл өгөхөд ач холбогдолтой үг хэлж дэмжлэг үзүүлж байсан. Бас УИХ-ын гишүүний үг хэлэх эрхийн асуудлаар хуулийн төсөл санаачилж байна гэж сонсогдсон?

-Байгалийн баялаг Монголын нийгмийг бүхэлд нь өөрчиллөө. Тэр дундаа улстөрчдийн араншинг өөрчиллөө гэдгийг би хэлсэн. Нэн ялангуяа Монголын амгалан тайван байдлыг эрсдэлд орууллаа. Байгалийн баялгаа булаалдах тэмцэлд оруулж болзошгүй байна. Ийм үед төр өөрөө ажил хэрэгч байх ёстой. Ончтой шийдвэр гаргах чадвартай байх ёстой. Тийм учраас төрийг илүү ажил хэрэгч байдал руу чиглүүлье. Улс төрийг жүжгийн талбар биш болгоё л гээд байгаа юм. Улс орон хямралд ороход улс төрийн жүжгийн талбар нь манай төрийн байгууллага байх юм бол бид бут үсэрнэ. Шийдвэр ч гаргаж чадахгүй. Парламентат ёсны гунигтай түүх нь энэ. Парламентад шийдвэр гаргаж, асуудлыг хөтлөөд явахын оронд өөрсдөө бослогын толгойлогч болж хувираад, жүжиг тавиад эхлэхээр шууд дампуурна. Байгалийн баялаг биднийг хооронд нь өрсөлдөөн тэмцэлд оруулчихлаа. Одоо улс төрийн бодлогын тэмцэл биш боллоо. Байгалийн баялгийн төлөө тэмцэл болсон гэдгийг хүлээн зөвшөөрье. Үүнээс яавал сэрэмжлэх вэ гэдгийг дандаа бодож явъя.

Тиймээс сүүлийн үед миний хийж байгаа алхам бүр яавал үүнээс сэрэмжлэх вэ гэсэн үүднээс л яваад байгаа хэрэг. Тийм л зүйлсийг чадах ядахаараа хийж байна даа. Харин яагаад ганцаараа вэ гэдэгтээ гайхаад байна. Бусад нь яагаад санаа зовохгүй байгаа юм. Би л ганцаараа энд тэнд муу, сайн нэр дуулаад байдаг нь ямар учиртай юм гэж сүүлийн үед жаахан гонсойгоод байгаа шүү. Бусад нь зүйтэй гээд толгой дохиод л байх юм. Тэгээд би Их хурлын гишүүн нийгмийн, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг уриалах, нийгмийг мөргөлдөөн хагарал руу дуудах зүйл гаргах юм бол хариуцлагад татна гэж байгаа юм. УИХ-ын гишүүн тангарагтай. Ийм зүйл хийхгүй, Үндсэн хуулиа чанд биелүүлж ажиллана гэсэн. Гэтэл манай Их хурал дээр иргэний дайн болно шүү гэж заналхийлж байлаа. Одоо гудамжинд хүмүүс гарч ирээд иргэний дайн хийнэ гэвэл яаж тэднийг буруутгах вэ. УИХ-ын гишүүн хэлж болдог, бусад нь хэлж болдоггүй гэж төр яаж хэлэх юм. Төрийн эргэлт хийе гээд нэг УИХ-ын гишүүн, хувьсгалч хүн болоод орилоход би түүнийг зогсоож чадаагүй мөртлөө талбай даар ирээд төрийн эргэлт хийе гэж хашгирсан хүнийг яаж болиулах юм. Энэ боломжгүй шүү дээ, тийм биз дээ. Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй. Тэгэхээр Их хурлын гишүүдийн дураараа чалчдагийг болиулья гэж байгаа юм. Энэ бол нийгэмд маш хортой. АНУ-д Конгрессийн гишүүнийг буудчихлаа. Сара Пэйлин гэдэг хүн “Энэ гишүүнийг устгах ёстой” гэж хэлснээс болоод буудчихсан. Улстөрчдийн үг ийм хортой байдаг. Жишээ нь, Германд Бундестагийн гишүүн иргэний дайн хийе гэвэл шууд барьж хорино. Английн парламентын гишүүн тэгж донгосох юм бол үг дуугүй парламентаас зайлуулагдана. Тэд тийм эрхгүй.

Тиймээс л би хуулийн төсөл өргөн барьсан. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдах, нийгмийг хүчирхийлэл рүү турхирсан үйл ажиллагааг санхүүжүүлсэн хүний эд хөрөнгийг хураах хүртэл арга хэмжээ авна гэсэн хууль. Яагаад гэвэл энэ баялагтай улс орныг харж байгаа гадныхан зөндөө байна. Баялгийн төлөө тэмцлийг нь санхүүжүүлэх улс олон. Тэр санхүүгийн крантыг хаахгүй бол биднийг тэмцэл рүү гарцаагүй оруулна. “100 доллар өгье. Хүрээд ир” гээд дуудвал хөдөө ажилгүй  суугаа залуу давхиад л ирнэ шүү дээ. Гадны том баян компани, эсвэл ямар нэгэн олигархи ирээд Монголыг бужигнуулахад ямар ч асуудал алга шүү дээ. Хэдэн тэрбумын үнэтэй Тавантолгойг нь авахын тулд 10 сая доллар хаяхад түүгээр төр эргүүлэх бололцоотой байна. Энэ 10 сая доллараар ажилгүй 10 мянган хүн цуглуулж, арми байгуулж болно. Тиймээс ийм хууль өргөн барьсан юм. Тийм ч учраас миний сүүлийн үед олон түмнийг гайхшруулаад байгаа алхам бүр ганцхан зүйл рүү зорьж байгаа. Зүгээр л тогтвортой, амгалан тайван байдлаар асуудлаа шийддэг Монгол Улс байх ёстой гэж хичээж зүтгэж байна. Хүчирхийлэл нэг л бий болбол түүнийг хэн ч удирдаж чадахгүй. Мангас шиг дарангуйлагч л удирдаж чадна. Өөр хэн ч чадахгүй. Тэр тусмаа нийгмийн эрүүл хэсэг нь. Хүчирхийлэл хэзээ гарах нь хэзээ ч хаана ч таашгүй зүйл. Тиймээс нийгмийн хүчирхийллийн донсолгоог галт уул дэлбэрэхтэй адилтгадаг. Галт уул дотроосоо буцалдаг шиг цаанаа баялгаас болдог гэдэг шалтгааныг нь мэдэж байгаа мөртлөө хэзээ, яаж эхлэх вэ гэдгийг хэн ч хэлж мэддэггүй. Хүчирхийлэлд хамгийн сул дорой хүмүүс өртдөг. Африкт хүчирхийллийн дараа дандаа охидыг хүчирхийлсэн тухай л ярьсан. Хамгийн хамгаалалт байхгүй улс хүчирхийлэлд өртөөд эхэлдэг. Шударга ёсны төлөө Хятадын тэр нөхөр хамгийн хамгаалалт байхгүй сургуулийн хүүхдүүдийг сүйтгэж, эвгүйтүүлж байгаа хэрэг шүү дээ. Өөрөөр хэлбэл, хүчирхийлэх донтой улсын нэг арчаагүй зүйл нь хүчтэй хүнээс айдаг. Хүчгүйд нь түүнийгээ гаргадаг. Дандаа биеэ авч явж чадахгүй ахмадууд, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд. Тиймээс ийм дүр зураг гарах вий гэж айдаг. Дээрээс нь энэ зуунд дэлхий даяараа хүчирхийллээс сэргийлж байна. Хүчирхийллийн цаана хүний эртхэний наймаа яваад болохоо байсан. Урьд нь хүн төрөлхтөнд үхсэн хүний эрхтэнг өөр хүнд суулгадаг шинжлэх ухааны түвшинд очоогүй байлаа. Энэ л бизнес биш байлаа. Дэлхийн нэг, хоёрдугаар дайны үед хэн ч тэр үхсэн цэргийн элгийг ухаж гүйгээгүй. Хэн ч тэр үхсэн цэргийн зүрхийг нь ухаж гүйгээгүй. Яагаад гэвэл шилжүүлэн суулгах хэмжээнд анагаах ухаан хүртлээ хөгжөөгүй байсан. Одоо хамгийн аймаар зүйл нь хүн төрөлхтөнд хүний эрхтэнг шилжүүлж суулгадаг болчихоод байна. Одоо энэ Африкийн улс орнуудад хүчирхийллийн дараа хүний эрхтэний наймаа газар аваад байна. Косовогийн Ерөнхийлөгчөөрөө сонгосон Тач гэдэг нөхрийг хар л даа. Хүний эрхтэний наймаа хийж байсан хүн Ерөнхийлөгч болоод гараад ирлээ гэж байна. Шинэ зууны хүчирхийлэл их өөр өнгө төрхтэй болсон аюултай. Мөн түүнд уриалсан улстөрчид хамгийн аймаар нь хохирч үлддэггүй л байхгүй юу. Тэд зугтах газраа мэддэг. Ялагдсан нь зугтдаг, ялсан нь дарангуйлагч болдог.

М.МӨНХЧИМЭГ.


Зохиогчийн эрх:
“Өдрийн шуудан” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж