Федерер Австралийн үерт нэрвэгдэгсдэд тусална

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Федерер Австралийн үерт нэрвэгдэгсдэд тусална

Талбайн теннисний ертөнцийн супер од Рожер Федерер Австралийн үерт нэрвэгдэгсдэд зориулж, хандивын тоглолт зохион байгуулахаар шийджээ. Австралийн Кийнслэнд мужийн Брисбейн хотын дундуур урсдаг Брисбейн гол үерлэж, голын усны төвшин эрс нэмэгдсэний улмаас олон айл үерт автаад зогсохгүй тус хотын цахилгаан, эрчим хүч доголдоод байгаа юм.

Ирэх долоо хоногт Мелбурн хотноо “Их дуулга”-ын цуврал тэмцээний эхнийх нь болох Австралийн нээлттэй тэмцээн эхлэх бөгөөд Федерер аваргын цомоо хамгаалан өрсөлдөхөөр өдгөө Мелбурнд бэлтгэлээ базааж байгаа аж. Тэрбээр Facebook дэх хуудсандаа өчигдөр ийнхүү бичжээ. “Австралийн үер үнэхээр аймшигтай байна. Миний хувьд бэлтгэлээ үргэлжлүүлэн хийсээр л байна. Би Автсралийн теннисний холбоотой ярилцаж, Кийнслэндийн үерт автсан хүмүүст зориулан ням гаригт хандивын тоглолт зохион байгуулах талаар шийднэ. Австралийн нээлттэй тэмцээн эхлэхийн өмнө бусдад туслах арга хэмжээ зохион байгуулах нь талбайн теннисний спортын хувьд чухал зүйл байх болно” гэсэн байна.

Өдгөө 29 настай Швейцарь теннисчин 2003 онд өөрийн гэсэн хүмүүнлэгийн сан үүсгэн байгуулж, тэр цагаас хойш олон арван буяны үйл ажиллагаа зохион байгуулж байсан юм. Тэрбээр мөн Рафаэль Надалийн хамт өнгөрсөн арванхоёрдугаар сард Цюрих хотноо хандивын тоглолт хийж, 2,6 сая ам.долларыг хүүхдүүдэд хандивлажээ. Түүнчлэн UNICEF-ийн Сайн санааны элч тэрбээр цунамид өртсөн ард иргэдтэй уулзаж байсан юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж