Жигүүртэн шувуудын амьсгаа хураалт

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Жигүүртэн шувуудын амьсгаа хураалт

Жигүүртэн шувуудын бөөнөөр “амиа хорлож байгаа нь” дэлхийг сандаргаад эхэлжээ

Бараг хоёр долоо хоногийн турш дэлхийн олон орнуудаас шувуудын бөөнөөр үхсэн мэдээ шил дараалан гарч байна. Хаа нэгэнтээ хүүрзгэнэ хэдэн зуугаараа унан үхэж өөр нэг газар алагтуу, хөөндөй, тагтаа олноороо байна.

Дэлхийн гайхшралд орсон хү­мүүст шувууны үхлийн янз бүрийн тайлбарыг мэргэжилтнүүд өгсөн юм. Шинэ жилийн ёслолын буудлага шувуудыг стресст орууллаа гэж нэг хэсэг нь ярьж байхад нөгөө хэсэг нь шувуудын үхэлд химийн хорт бодис буруутай гэв. Гэхдээ тэд энэ үзэгдлийн шалтгаан огт ойлгомжгүй гэдэгтэй санал нэг байна.

Дэлхий шинэ оноо угтахаар бэлтгэж байсан арванхоёрдугаар сарын 31-нд хэрэг явдал эхэлсэн билээ. АНУ-ын Арканзас мужийн төвийн Бииб хотод шинэ жилийн ёслолын буудлага хийсний дараа  хүмүүс дээр шувууд унаж эхэлжээ. 3000  гаруй шувууд үхсэн байлаа. Эхлээд хар хөөндөй үхлээ гэж байсан боловч шувууд нь улаан мөрт хар трупиалын төрөл болж таарав.

Шувууд ёслолын буудлагын дараа үхсэн учраас мэргэжилтнүүд тэднийг буудлагын улмаас дү­лийрч, чиг баримжаагаа алдсан гэж үзэв. Буудлагаар үргэн ниссэн шувууд өндөр байгууламж мөргөн үхсэн байх гэж тэд хэлж байлаа. Гэрэл гэгээтэй үеэр шувууд хангалттай өндөрт нисэн саадыг даван гаталдаг аж. Тэд стресст орсон үедээ “өндрөө авч” чадаагүй байж болох юм.

 Гэлээ ч Бииб хотын гудамжууд үхсэн шувуудаас дүүрсэн байв. Хачин тохиолдол тэгс гээд мартагдаад хүмүүс хоёр хоногийн дараа тайвшрав. Гэтэл шинэ оны эхээр 500 орчим трупиал дахиад үхсэн байлаа. Энэ удаа Луизиана мужид.

Дараа нь шувууд бөөнөөрөө үрэгдсэн тохиолдлууд Европт гарч эхлэв. Шведийн баруун өмнөд Фальчепинг районд хэдэн зуун үхсэн алагтуу, хэрээ, шаазгай нэгдүгээр сарын 5-ны шөнө олдсон байв. Нутгийн хүмүүс замын дагуу хэвтэж байсан шувуудыг хараад шуурхай албаныхныг дууджээ. Тэднийг ирэхэд ихэнх шувуу үхсэн байв.

Албан ёсны шалтгаан болох тайлбарууд  улам ихээр гарч  бай­лаа. Шувууд гэмтсэн, шар­хадсан байснаас тэднийг “гадны хүчтэй нөлөөнд” үхсэн гэв. Дараа нь тэднийг химийн бодисоор хорджээ гэсэн байлаа.

Зам засварын материалд ордог химийн бодис тэднийг хордуулсан байх гэж мэргэжилтнүүд үзэв. Гэтэл цус урссан шарх тэдэнд хаа­наас гарч ирсэн бэ гэсэн асуудал гарлаа. Хүмүүсийн дунд галав юүлэхийн өмнөх үзэгдэл нь энэ мөн гэсэн яриа хүчээ авч байна.

Ийм сандрал гаралгүй яахав. Шувууд бөөнөөр үхэж үрэгдэх нь байдаг л хэрэг. Гэтэл хэдэн мян­ган шувуу хэдхэн цаг, өд­рийн зөрөөтэйгөөр дэлхийн олон газар үхэх нь үүнийг өдөөл­гүй яахав. Сандрал өсөөд л. Яг энэ үеэр Италийн Равенна мужийн Фаэнца хотод хэдэн зуун хүүрзгэнэ үхсэн хэ­рэг гарлаа. Нэгдүгээр сарын 7-нд тэднийг олж илрүүлсэн байв. Нутгийн хү­мүүс модон дээр сууж байсан шу­вууд унаж эхэлснийг хар­жээ. Тэд­нийг хордсон гэлээ. Хүүрз­гэнэ хэтэрхий ховдог шувууд болж таарав. Мэргэжилтнүүд дахиад л тайлбараа гаргаж чадаагүй.

Италийн хүүрзгэнэ үрэгдсэний дараа Канадын тагтаанууд үхэв. Нэгдүгээр сарын 8-нд Сан-Огюстен-де-Демор хотод бараг зуу орчим тагтаа үхсэн байв. Канадын шувуу судлаачид тагтааны үхэл өмнөх хэрэг явдалтай холбоогүй гэсэн юм. “Яг харагдаач” гэсэн маягаар л тэдний тайлбарт хүмүүс хандлаа. Дараагийн тохиолдол хаана байх бол?

Харамсалтай нь хүлээлт удсангүй, энэ сарын 11-нд Туркийн Бурса мужид хэдэн арван турлиах үхсэн байв. Нөгөө л шувуудынхаа адил замын дагуу үхсэн шувууд хэвтэж байлаа. Мэргэжилтнүүд дахиад л сонин тайлбар өгч тэднийг том оврын машиныг мөргөсөн гэв. Гэтэл шувуудтай мөргөлдсөн том машины жолооч гарсангүй.

Болсон хэрэг явдлууд ургуулан бодохыг уралдуулан гаргаж байна. Хуйвалдааны талыг төлөөлдөг хүмүүс шинэ зэвсгийн нууц туршилтад шувуудыг оруулсан гэв. Дэлхийг 2012 онд сөнөнө гэдэгт итгэдэг хүмүүс шувуудаас гадна сүүлийн өдрүүдэд загас жараахай, хавч бөөнөөр үхсэнийг  анхаарах хэрэгтэй гэлээ. Тэднийхээр бол энэ нь галав юүлэлтийн эхлэл гэнэ. Үнэндээ дэлхийн олон газар хэдэн зуун сая далайн амьтад үхсэн юм.

“Ногоон” үзлийг тулгагчид загас ба шувуудын үхэлд хүний үйл ажиллагаа буруутай гэсэн юм. Дэлхийн итгэлийн хэмжээг алгасаад одоо хүн төрөлхтөн өөрийн үйлдлийн зах зухыг амсаад эхэллээ хэмээн тэд сануулж байна. Амьтдын үхэл нь Австрали ба Европын үертэй давхцаж байгаа нь тэдний сануулгыг улам  хүчтэй болгов.

Нэг үгээр дуртай хүн  бүр л өөрийн таамаглалаа гаргаж байна. Мэргэжилтнүүд энэ үзэгдэлд тайлбар хийж чадахгүй, сандрах зүйл алга гэж хэлж буй нь зүгээр л хүмүүсийг тайвшруулах гэсэн арга юм. Шувууд өрөвдөлтэй гэдгийг л итгэлтэйгээр хэлж болох нь хэн хүнд ойлгомжтой нь үнэн юм.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж