Сотогийн зөвлөгөөг мартсан байж болно

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Сотогийн зөвлөгөөг мартсан байж болно

Манай улс өнгөрсөн оны хоёрдугаар сард “Эдийн засгийн анхдугаар чуулга уулзалт”-аа сүр дуулиантай зохион байгуулсныг хүмүүс тодхон санаж байгаа байх. Чуулга уулзалтын зохион байгуулалт, үр дүнгийн талаар ярих юм бол тийм ч сүртэй юм болоогүй л дээ. Гэхдээ дэлхийн шилдэг эдийн засагчдын нэг Эрнандо Де Сото тэр үеэр хүрэлцэн ирж, монголчуудад үнэ цэнэтэй зөвлөгөө өгсөн нь л дуулиантай үйл явдалд тооцогдоно. Эрхэм Сото бидэнд хандан “Эдийн засгийн хөгжлийн үндэс суурь нь өмч хөрөнгө. Гэхдээ аливаа өмч хөрөнгө албан ёсны бүртгэлтэй, хариуцах эзэнтэй байж гэмээнэ үнэ цэнэтэй болдог. Танай улс бүртгэлийн тогтолцоондоо эн тэргүүнд анхаарах шаардлагатай” гэж зөвлөөд буцсан билээ. Харин тэр мөчөөс хойш даруй бүтэн жил улирч, монголчууд “Эдийн засгийн II форум”-аа зохион байгуулахаар бэлтгэл ажлаа өдгөө ид базааж байна.Хурал цуглаан зохион байгуулах ч яах вэ. Хийх ёстой л зүйл.

Харин энэ хугацаанд Монголын төр Сотогийн зөвлөгөөг бодит ажил хэрэг болгох талаар юу хийсэн бэ гэдэг нь сонин. Уг нь түүнийг ирээд буцсаны дараахан улс төр, эдийн засгийн хүрээнийхэн их л хөл хөөр болцгоож “Бид улс орноо хөгжүүлэх гарцыг олчихлоо. Одоо бүх өмч хөрөнгөө паспорттой болгоод гүйцээ…” хэмээн ам уралдан ярьж байсан санагдана. Гэвч “Сонин дээрээ соохол­зоно, сониноо буухаар гоохолзоно” гэгчээр тэгсгээд л мартаж орхив. Засгийн газар 2010 оныг “Бизнесийн орчныг шинэтгэх жил” болгосон гээд бүртгэ­лийн системтэй холбоотой зарим зөвшөөрөл, лицензийн тоог цөөлөх гэх мэт мэр сэр ажил хийсэн. Одоо үүнийгээ эд хөрөнгийн бүртгэлийн тогтол­цоог сайжруулах чиглэлээр ав­сан томоохон арга хэмжээ гэж тодор­хойлох биз. Үнэн хэрэгтээ Эрнандо Де Сотогийн хэлсэн энгийн атлаа өргөн далайцтай тэр санааг эдийн засгийн хөгжлийн хөшүү­рэг болгон ашиглах талаар нүдэнд харагдаж, гарт баригдтал хий­сэн зүйл огт алга.

Монголд 7.5 тэрбум ам.дол­лараар үнэлэгдэх өмч ямар ч бүртгэлгүй, үхмэл хөрөнгө хэлбэр­тэй байна гэдгийг ноён Сотогийн удирдлага дор ажилладаг судлаа­чид хэдхэн хоногийн дотор тодор­хой болгоод өгсөн шүү дээ. Гэтэл бид энэ их үнэ цэнэтэй капита­лаа эдийн засгийн эргэлтэд оруу­лах ажил хийхийн оронд уул уурхайгаас амар хялбар ар­гаар яаж тав, гурван төгрөг унагах вэ гэж л улайрч байна. Төрийн­хөн Сотогийн зөвлөгөөг аль хэ­дийнэ мартаж орхиод тулга тойр­сон маргаандаа мансуурч суу­гаа гэхэд болно. Харин олон улсын болон төрийн бус зарим байгууллагынхан түүний зөвлө­гөөг хэрэгжүүлэх талаар багагүй зүйл хийсэн шүү. Жишээ нь, Мян­ганы сорилтын сангаас “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэ­лийн үйл ажиллагаа, мэдээллийн технологийг сайжруулах зөв­лөх үйлчилгээ” нэртэй төсөл хэрэг­жүүүлж байгаа. Тэд энэ хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээс гадна олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх зорил­гоор нийгмийн шинжтэй рек­лам телевизээр байнга цацаж бай­гаа. Түүнчлэн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийнхан өнгөр­сөн намар сэтгүүлчидтэй хамтран “Өмчийн эрх ба эдийн засгийн өсөлт” сэдэвт дугуй ширээ­ний ярилцлага зохион бай­гуулсан. Энэ мэтээр төрийн бус байгууллагынхан тодорхой ажил хийж болоод байхад УИХ, Засгийн газар ерөнхийдөө унтаа байдалтай байна. Дээр дурьдсан 7.5 тэрбум ам.долларын үхмэл хөрөнгийнхөө чухам хэдийг нь бүртгэж, хэдийг нь эзэнтэй болгосон юм бүү мэд. Гэхдээ энд үүнээс илүү анхаарууштай нэг зүйл бий. Эрхэм Сото “Эдийн засгийн ухааны ноён оргилуудын нэг” хэмээн дэлхий дахинд үнэлэгддэг ч бид заавал гадны хэн нэгний хэлснийг ягштал биелүүлж, тахин шүтээд байх албагүй. Харин айлаас гуйхаас авдраа уудалсан нь хамаагүй дээр. Монголчууд “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашна” гэж ярьдаг. Өмч хөрөнгөө үнэгүйдүүлэхгүй байх зарчмыг бидний өвөг дээдэс тов тодорхой хэлчихсэн л байна шүү дээ. Гагцхүү эдгээр үнэ цэнэтэй үгсийг хий цэцэрхэн ярих бус, хөгжлийн оргилд хүргэх жигүүр болгон ашиглаж сурмаар байна. Товчхондоо бол “Сотогийн үгийг мартсан байж болно. Харин…” гэж л хэлэх гэсэн юм.

Ч.ДАШДЭЛЭГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж