Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Хуурай газрын цунами

Австралийн зүүн хойд нутаг далайд урсахад бэлэн болжээ

Австралийн Квинсленд мужийнхан сүүлийн хэдэн долоо  хоногийн дотор амар амгаланг үзсэнгүй. Халуун орны усан бороо тус орны зүүн хойд хэсгийг сүүлийн хагас зууны дотор байгаагүй үерт нэрвэгдүүлээд байна. Квинслендэд болж буй гамшгийн гэрч нар үүнийг “далайгаас хол цунами” гэж нэрлэжээ.

Австралийн зүүн хойд нутагт арваннэгдүгээр сараас хоёрдугаар сар хүртэл борооны улирал учраас үер ховор үзэгдэл биш. Өнгөрсөн оны сүүлчээр зарим районуудаас хүмүүсийг нүүлгэсэн, болгоомжгүйгээс үерт амиа алдсан тухай мэдээлэл Квинслендаас ирэх болсон билээ.

Гэтэл нэгдүгээр сарын эхээр бай­дал эрс муудаж, мужийн нийс­лэл Брисбен ба тэр хавьд 1974 оны гамшиг давтагдах нь гэсэн түгшүүр газар авч эхлэв. Тэр жилийн их үерт 14 хүн амиа алдсан ба хохирол нь тухайн үеийн ханшаар хэдэн зуун ам.доллар болж байв. Өнөөгийн ханшаар бол тэрбумаар л яригдах хэрэг.

Энэ сарын 11-нд тэдний түгшүүр ор үндэсгүй биш нь батлагдан Брисбены эргээс зүүн тийш 127 км-ийн зайд орших Тувумба хот бараг тэр чигтээ усанд живжээ. BBC News-ийн тэндээс дамжуулсан кадрт усны асар хүчтэй урсгал элдэв төрлийн хог новш, хугарч булгарсан мод, олон тооны автомашин, нисэх онгоц, бүхэл бүтэн байшинг урсгасан зураглал харагдаж байлаа.

Азгүй хотын иргэд байшингийн дээвэрт гаран аврал хүлээж байв. Хүмүүсийг нисдэг тэргээр зөөж байлаа. Хотоос  бие даан гарна гэж байхгүй. Хүрэн шаргал бохир далайн гүн нь гурван метр болжээ.

Хот ба орчинд нь учирсан хохирол асар их гэдгийг л баттай хэлж болохоос өөр тооцоо алга. Энэ байдал улам ч хүндэрч магадгүй юм. Мужийн нийслэл Брисбен хот хүнийхээ тоогоор Австралийн гурав дахь нь бөгөөд аяган дотор мэт байрлалтай. Гурван талаас нь уул, дөрөв дэх талаас нь далай хүрээлсэн хонхорт хот орших ба хотоор дайрдаг Брисбен голын усны төвшин сүүлийн хоногуудад эрс нэмэгдэж байна. Зогсох найдлага ч алга.

1974 оны дараа Брисбен гол дээр баригдсан усан санд хуримтлагдсан усны хэмжээг  ихсэж байгаа учир далангийн шлюзыг нээж усаа асгахаас өөр аргагүй. Тэр нь дахиад л голын төвшинг нэмэгдүүлж өгнө. Ийм нөхцөл байдалд эрх баригчид Тувумба хотын хувь заяаг давтахгүйн тулд хотын оршин суугчдад хандан илүү хуурай газарт нүүхийг уриалж байна. Энэ мэдээ Брисбен хотод бага зэргийн сандралдааныг үүсгэлээ. Хэдэн арван мянган хүмүүс нэгэн зэрэг хотоос явах гээд замуудад асар урт түгжрэл үүсгэсэн байна. Хотын үлдсэн хэсэг нь дэлгүүр хоршооны лангуунаас барааг цуглуулан хоослов.

Квинсленд нийслэлийн голын эрэг ба гудамжинд шуудайтай элсээр бэхлэлт хийж байгаа аврагчид ба сайн дурынхан ажиллаж байна. Хүмүүс энэ хүнд цагаар бие биедээ туслахыг бас уриалж байгаа гэнэ.

Энэ цагаар дүрвэгсдэд толгой хорогдох байрнуудыг нээн тэдэнд амрах ба усанд орох боломжийг өгч байна. Австралийн Улаан загалмай мянган хүн хүлээн авна гэв. Гамшигт нэрвэгдсэн хүмүүст туслах утсан шугам нээгдсэн байна. Ийм бэлтгэлүүд хийгдэж байгаа ч цаг уурчид, эрх баригчид байгалийн гамшгийн эсрэг хүмүүсийг тууштай хандахыг уриалсаар байна.

Эдгээр сануулга хүмүүст хэрхэн хүрсэн нь ойрын 2-3 хоногуудад Квинслендын гол мөрний төвшин дээд цэгтээ хүрсэн үед харагдана.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж