Архангайн бүлэглэлийн нууц МАЭСТРО хэн бэ

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Архангайн бүлэглэлийн нууц МАЭСТРО хэн бэ

UBS. Монголын улс төрд жалга, довны улстөржилтийг цэцэглүүлж, эрх мэдлийн гинжнээс лавхан атгасан хүмүүс Увсынхан буюу UBS бүлэглэлд багтдаг байсан. Харин одоо тэд Архангайн бүлэглэлийнхэнтэй эрх мэдлийн эрэмбэ солилцож байна. Товчхондоо, UBS нэгдэл саринаж, Архангайн бүлэглэлийнхэн сүр хүчээ үзүүлж эхэллээ. УИХ-ын гишүүн “Фортуна” Н.Батбаяр, “Бридж” Д.Ганхуяг тэргүүтэй Архангайн төлөөлөл бүхий эдийн засагжсан эл бүлэглэл эгнээндээ олон гишүүнтэй. Ардын намын тэрслүү 26 буюу “Элсний 13”, “Уламжлал, шинэчлэл-Ардчилал, шударга ёс” жигүүрийн удирдлагууд, хотын фракцийн зарим төлөөлөл, Ардчилсан намаас Ардчилсан хүчний холбоо хэмээгч олон фракцийн нэгдэл энэхүү “Дарьтай торх”-ыг дүүргэжээ. Тийм ээ, эрх мэдэл, мөнгөний төлөөх амбицад нэгдсэн Архангайн бүлэглэл үнэхээр хүчээ авч байна. Тэд ардаа нөлөө бүхий том санхүүжүүлэгчтэй.  Тэрхүү нууц хэтэвчнийх нь өмнө  төрийн гурван өндөрлөг ч толгой гудайн сөхөрдөг.  Монгол Улсын төсвийн санг арвижуулах уу, хоосруулах уу гэдгийг тэр мэддэг болоод тэр. Түүнийг хүмүүс сайн мэддэг хэдий ч тэр олны өмнө ил гардаггүй.  Харин Архангайн бүлэглэлийнхний ерөнхий удирдаач буюу маэстро нь яах аргагүй тэр эрхэм юм.

Архангайн бүлэглэлийнхэн хам­тарсан Засгийн газрыг араандаа зуу­чихсан яваа. “Фортуна” Н.Батбаяр, “Бридж” Д.Ганхуяг, С.Эр­дэнэ, Д.Тэрбишдагва, Ц.Батбаяр, экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар  гол дүрүүдэд тоглож явна. Араас нь Архангайнх биш ч гэлээ  тэдний бүлэглэлд багтахыг хүссэн  Д.Балдан-Очир, Э.Мөнх-Очир, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, З.Энхболд нар олны хэсэгт амжилттай тоглож байна.  Тэдэнд Ц.Шинэбаяртангууд бүл нэмнэ.  Архангайнхантай ашиг сонирхлоор цус холилдсон энэ нэгдэл С.Батболдын тэргүүлж буй буй танхимын “хаалга”-ыг ойр, ойрхон хүчтэй балбах нь улам ихсэв.   Эхний удаад эдний сүржигнэл зүгээр л инээд хүргэж байсан бол  одоо эвгүйдэх нь.  Хамтарсан Засгийн газрын хувьд энэ бол том аюул.  Учир нь УИХ-ын тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар УИХ-д наймаас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулж болдог. Эрхэм гишүүд энэхүү заалтын дагуу нэгдэж чадвал  парламентад Архангайн хэмээх аюултай бүлэг үүсэх нь. Архангайнхантай Ардчилсан хүчний холбоо нэгэн тугийн дор жагсаж байгааг анхаарахгүй  өнгөрч боломгүй. Энэ бол гүйцэтгэх засаглалын өмнө бодит аюул нүүрлэж эхэлсний дохио юм.  Хэдийгээр дээрх хуулийн 26.11-д “Гишүүд нэг бүлгээс гарч, нөгөө бүлэгт нэгдэн орж болох боловч бүлгээс гарсан гишүүд нэгдэж, бие даан бүлэг байгуулахыг хориглоно” хэмээх заалт тэдний өмнө тээг болж мэдэх ч Ц.Шинэбаяр тэргүүтэй МАХН-ын түр штабынхан Мон­голын алдарт хувьсгалт нам бай­гуулж дөнгөчихөөд байхад тэд бүлэг байгуулж болохгүй нь юу байх вэ. Архангайн бүлэглэлийнхэн элдэв барьцаа, хувийн тоглолт хийж байгаад парламентад бүлэг байгуулахыг үгүйсгэх аргагүй юм.     Одоогоор  Архангайн бүлэг­лэл хамтарсан Засгийн газрын эсрэг гурван талт дайралт хийж байна. Нэг талаас “Ардын намын эсрэг ажиллагаа” хэмээх пайз зүүсэн Ц.Шинэбаяр тэргүүтэй МАХН-ын түр штабынхан, өвөрлөгч талаас Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг нарыг огцруулах нэрийдлээр засаглал руу шунагсад буюу Ардчилсан хүчний холбооныхон, харин баруун этгээдээс Д.Зоригт сайдаар туг тахиж байгаад С.Батболдын танхимыг буси­нуулахыг хүсэмжлэгчид буюу Ц.Бат­баяр нар гол фронтыг гартаа авах оролдлого хийж байна. “Дарьтай торх”-оо дүүргэчихсэн учраас тэд ийм итгэлтэй байгаа юм.

УИХ-д Архангайн бүлэглэл үүсгэх эхлэлийг Ардчилсан хүчний холбооныхон тавьсан. Одоогоос яг нэг жилийн өмнө З.Энхболд, С.Эрдэнэ нар Н.Алтанхуягийн “хормой”-ноос зуурч, хамтарсан Засгийн газрыг огцруулан нам болон Засгийн газарт эрх мэдлээ бататгах мастер төлөвлөгөөг боловсруулж байв. Сангийн сайд болохын төлөө амбицлаад суудалдаа хоосон хо­цорсон Н.Батбаяр тэргүүтэй МҮДН фракцийнхныг ч тэд татаж чадав. Улмаар Ардчилсан нам дахь соцдекүүд, Зүүн хойд Азийнхан тэдэнтэй хүч хавсрах болсон билээ. Төрийн бус байгууллага гэх нэрийн дор улс төрийн бүлэглэл үүсгэсэн тэд төд удалгүй анхдугаар хурлаа хийж, Ардчилсан намд Н.Алтанхуягийн эсрэг фракциудын нэгдэл байгуулснаа тов тодорхой зарласан удаатай. Харин үүнээс хойш хэдхэн сарын дараа Шадар сайд М.Энхболдын эсрэг 2007 онд хөдөлж, танхимтай нь хөнтөрсөн “Элсний 13” Ардын нам дахь найзуудаа дуудаж, С.Баярын гарт атгуулж амжаагүй захидлаа С.Батболдод өгч байсан юм. Гэхдээ тэд 13-уулаа биш, 26-уулаа болж хүч нэмсэн байлаа. Гэвч тэрслүү 26 намын даргатай найрсаг яриа өрнүүлж, ойлголцсон мэт жүжиглээд л чимээгүй болцгоосон. Гэвч тэдний нэгдэл дахин сэргэлээ. Тэрслүү 26-ын гол төлөөлөл болох Архангайн Д.Тэрбишдагва, Булганы Э.Мөнх-Очир, Завханы Д.Балдан-Очир зэрэг нөхөд хамтарсан Засгийн газрыг гөвөх камерын улс төрөө өчигдөр, уржигдраас улам идэвхжүүлж эхэллээ. Ардын нам дахь жигүүрийн удирдагч, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн шинэчлэгдсэн бат илэрхийлэх гардуулах арга хэмжээний үеэр “Наадахаар чинь би яах юм” хэмээн хэгжүүрхсэн гэх ч наашаа харж инээж, цаашаа харж уурлан байж бат илэрхийлэхээ гардсан дуулдана. Түүнтэй Б.Бат-Эрдэнэ гишүүн санаа нэгдэж, ингэж аягласан ч намынхныхаа үгийг дагасан уу, яасан Хэнтий нутгаар явж, гишүүдэд бат илэрхийлэх гардуулчихаад ирсэн аж.

Улс төрд Ц.Шинэбаяр хэмээгч үзэгдэл ажиглагдсаар багагүй хугацаа өнгөрөв. Тэрбээр түүх давтах оролдлого хийж байна. “Хөдөөгийн хөдсөн дээлт улстөрч” хэмээн түмэнд шоглуулаад авсан УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр “Талх дуусчихжээ” хэмээн гуниглангуй өгүүлэх жаалхүү адил “МАХН гэдэг товчлолыг авах боломжгүй болчихлоо” хэмээж байсан нь уржигдархан. Гэвч тэр овсгоотой эр юм гээч. “Улсын бүртгэлийн ерөнхий газрынхан улстөржөөд байна” гэж мань эр хэвлэлийнхэнд хошуу өргөнгүүт цаадуул нь сандарсан уу, яасан Монголын алдарт хувьсгалт нам гэгч задаргаа бүхий МАХН гэдэг товчлолыг хууль ёсоор эзэмших эрхийг өчигдөр түүнд олгожээ. Одоо тэр Ардчилсан хүчний холбооныхон анхдугаар их хурлаа хуралдуулсантай ойролцоо мөчид Монголын алдарт хувьсгалт нам буюу МАХН-ын онц их хурлаа хийнэ. Архангайн үндсэн харьяат­нууд, тэдэнтэй нэгдсэн бүлэглэлүүд ийн нэг зангилаан дор нэгдэж байна. Хууль ёс, өмч­лөл, эрх мэдэл, мөнгө… Тэд давшилт хийхэд шаардлагатай бүгдийг бүрэн баталгаажуулчихлаа. Товчхондоо, Монголын алдарт хувьсгалт нам буюу МАХН гэдэг товчлолыг эзэмших болсон нь Архангайн бүлэглэлийнхний хувьд эцсийн найдвараа гүйцэлдүүлсэн нь энэ. Өөрөөр хэлбэл, тэдний өмнө “хаалга” нээгдэж, хамтарсан Засгийн газрынхны хувьд хаалга үүдээ бэхлэх цаг ирлээ. Эрх мэдлийн төлөөх ашиг сонирхол дээр нам, фракци харгалзалгүй нэгдсэн Архангайн бүлэглэлийнхнийг дий­лэх хүч одоохондоо үгүй болов. “Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг эсэргүүцэж байсны минь төлөө бидэнд “Эх оронч гишүүд” өргөмжлөл олголоо” хэмээн ярьж, хамтарсан Засгийн газрын эсрэг чиглэсэн мэдээлэл бүхий хэвлэлийн бага хурал зарлагсдын нэгдэл хүний, өөрийн улстөрчдийг айлгаж байна. Тийм ээ, тэр бол Архангайн бүлэглэл. Бүр хамгийн хүчтэй, бас аюултай бүлэглэл нь тэд. Улс төрд Архангайн бүлэглэлийнхний нэн шинэ эрин тохиолоо. Тус бүлэглэлийнхэн хамтарсан Засгийн газрын танхимтай одоо л жинхэнэ цусгүй дайнд орох нь дээ. 

С.БАТТУЛГА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж