
Ингээд хор шарандаа мань эр уржигдар шөнө нойргүй хонож бодсоны эцэст намынхаа нэрийг хоёр ч хувилбараар сонгожээ. Юмыг яаж мэдэхэв гээд өглөө эрт яаран сандран Улсын бүртгэлийн ерөнхий газар руу харайлгаад Монголын Алдарт Хувьсгалт Нам, Монголын Алдартай Хувьсгалт Нам гэсэн өнөөх хоёр нэрээ бүртгүүлээд авлаа. Оргүйгээс охинтой гэж үг бий. Ямар ч гэсэн МАХН гэсэн товчлол бүхий шинэ намыг тэр үүсгэн байгуулж чадлаа. Гэхдээ 10 хоногийн дотор байгуулсан, ийм товчлол бүхий 77 намын нэр Ардын намынханд давхар данстай байгаа болохоор ирэх жилийн сонгуулиар баахан МАХН гэсэн сурталчилгаагаар “булахад” л хүмүүс алийг нь ялгахгүй, байдал эвгүйдэж мэднэ. Харин өнгөрсөн намраас хойш тэссэн Монгол Ардын Хувьсгалт Нам ийнхүү түүх болж, зарим “улаан” өвөө, эмээгийн намын батлахад л дурайж үлдэх нь тодорхой болов. Өчигдрийг хүртэл цор цор хийж байсан түр штаб нь ч ялгаагүй, гаднах хаягаасаа эхлээд бүх зүйлээ солихоор болов. Одоо Монгол Ардын Хувьсгалт Намдаа л үнэнч байна гэж гүрийгээд байсан хуучин гишүүд нь яах бол. Ардын нам руу юу, эсвэл Алдарт хувьсгалт нам руу МАХН-ын батлахаа барьж гүйх үү. Энэ л сонин байна. Гэхдээ энэ бүхний эцэст тэд хаашаа ч орсон улс төрийн намууд дотроос хамгийн олон гишүүнтэй нь одоо Ардчилсан нам болсон нь л үнэн.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин