Газар хөдлөх цуу яриа цацагдаж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Газар хөдлөх цуу яриа цацагдаж байна

Сүүлийн хэдэн сарын турш удахгүй газар хөдөлнө гэсэн яриа иргэдийн дунд тасрахгүй байна. Зарим нэг мэргэч төлөгч үүнд ихээхэн хошуу нэмэрлэж иргэдийн айдас дээр тоглож байна. Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарт газар хөдөлнө хэмээн олон айл зуслангийн байр руугаа хүүхдүүдээ авч явсан байх юм. Энэ асуудлаар барилгын инженер Г.Тулгатай ярилцлаа.

-Нийслэл Улаанбаатар хотод газар хөдөлнө гэсэн яриа иргэдийн дунд газар аваад байна. Та бас сонссон байлгүй?
-Газар хөдлөлт гэдэг бол байгалийн онц аюултай үзэгдэл. Сүүлийн саруудад иргэдийн дунд тийм яриа дэлгэрч байгааг мэдэж байгаа. Хэвлэл мэдээл­лээр түгж байгаа мэдээллүүдийг харахад “Хэрэв Улаан­баатар хотод 5-6 баллын хүчтэй газар хөдлөх юм бол бүх барилга нурж, газартай тэгшлэгдэх тул ард иргэд бид ийм чанаргүй барилгад амьдарснаас, хотын зах руу хашаа авч, гэр барьж амьдрах нь аминд хал багатай” гэсэн ойлголт төрөхөөр байна. Ойлголт төрөхөөр барахгүй дэгсдүүлдэг заримынх нь яриа­гаар “Нарантуул”, “Хархорин” зах дээр дулаан хөнжлийн эрэлт нэмэгдэж байгаа сурагтай. Бүр нэлээд хариуцлагатай албан тушаалтан “Улаанбаатар хотод 9 баллын газар хөдлөлт болоход хотын барилгын 95 хувь, 8 баллын газар хөдлөлт болоход нийт барилгын 70 гаруй хувь нь нурах мэргэжлийн хүмүүсийн тооцоо бий” гэж мэдэгдэж байх юм. Уг нь барилга “нурах”, “эвдрэх”, болон “гэмтэх” гэдэг нь тус бүрдээ өөр ойлголт бөгөөд дээрхи  мэдэгдэл нь барилгын гайгүйхэн мэргэжилтэнд “Саарал өнгийг хар гэнэ” ч юм уу, эсвэл “Нэг метр нь гурван килограммтай тэнцэнэ” гэсэнтэй адилхан сонсогдож байгааг “мэргэжлийн” гэгдээд байгаа хүмүүс нь мэддэг л байлтай.
Хэдийгээр судлаачдад газар хөдлөлтийн чиглэлээр судалгаа шинжилгээний ажлаа явуулахад шаардлагатай санхүүгийн асуудлыг шийдвэрлүүлэхэд, барилгын салбарын зарим мэргэжилтнүүдэд өөрсдийн зах зээлийн ханшаа өсгөхөд, барил­гын бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа хэрэглэгчдэд сүүлийн үед байнга яригдаж байгаа барил­гуудын чанарт хандах анхаарлыг нэмэгдүү­лэхэд шийдвэр гар­гагч­дын ан­хаар­лыг хандуулах шаардлага байгаа нь эргэл­зээгүй боловч бүрэн батлаг­даагүй мэдээллээр нийгмийн сэтгэл зүйг хэт нэг тийш хан­дуулах нь хэр зохистой байдгийг жирийн нэг барилгын инженер би хувьдаа мэдэхгүй юм..
-Эдгээр мэдээлэл тэгвэл ташаа юу?
-1957 онд Говь-Алтай айм­гийн нутаг дэвсгэрт болсон Рихтерийн шаталбараар 8,6 магнитуд хүчтэй газар хөд­лөлтийн дараа газар хөдлөлтийг судлах мэргэжлийн байгуул­лагыг Монголд анх байгуулсан. 1959 онд газар хөдлөлтийн аюулын эрчмээр бүсчилсэн зургийг зохиосон. Харин газар хөдлөлтийн эрчмийг үнэлэх олон улсын МСК-64 шатлалын дагуу бүсчилсэн зургийг 1967 онд ЗХУ-ын ШУА-ийн оролцоотойгоор дахин хянаж гаргасан байдаг. Үүнээс хойш 1980-аад оны үед Монгол орны томоохон хот суу­рин газрууд, түүний дотор нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн газар хөдлөл­тийн бичил мужлалын зургийг тухайн үеийн Барилга архи­тектурын комисс, БАТХУХ, ШУА-ийн шийдвэр, тогтоолуу­даар баталж, мөрдөж эхэлсэн байна. Өнөөд­рийн байдлаар Улаан­баатар хотын газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг шинэч­лэх ажил гүйцэтгэлийн үе ша­танд байна. Энэ ажилд сүүлийн үеийн судалгаагаар газар хөд­лөлтийн идэвхжил нэмэгдэж байгаа гэж үзэж байгаа Сонс­голон Сон­гинын районд хийсэн нарийвчилсан судалгаа­ны үр дүнг харгалзан үзэх шаард­лага байгаа гэдэг нь эргэлзээгүй.
Газар хөдлөлтийн бүсэд баригдах барилга байгуулам­жийн зураг төслийг газар хөдлөл­тийн чиглэлээр хийсэн эдгээр судалгааны үр дүнд үндэслэн боловсруулж,  барилгын асуудал эрхэлсэн байгууллагын хянаж баталсан норматив, дүрмийн шаардлагын дагуу гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, газар хөд­лөл­тийн аюулын үнэлгээний үр дүнгээс хамааруулж газар хөд­лөлтийн эрчмээр нь ялгаатай бүс нутгуудад уг эрчимд нь тохир­сон барилга байгуу­лам­жийг төлөвлөдөг. Төлөвлөлтийн энэ зарчим нь техникийн талаа­саа нэлээд төвөгтэй асуудал бөгөөд энгийнээр хялбаршуулж өгүүлэхэд “Газар хөдлөлтийн 7 баллын бүсэд төлөвлөсөн барилга нь ийм хэмжээний үйлчлэлд огт эвдэрч, гэмтэх­гүй”, эсвэл “Газар хөдлөлтийн 7 баллын бүсэд төлөвлөсөн барилга нь 8 баллын нөлөөлөлд нурна” гэсэн үг огт биш, харин “7 баллын бүсэд тохирох шаардлагын дагуу төлөвлөсөн барилгад ийм хэмжээний үйлчлэлд хөнгөн эвдрэл, гэмтэл гардаг бол 8 баллын бүсэд тохирох шаардлагын дагуу тө­лөв­лөсөн барилгад ийм хэмжээний үйлчлэлд дээрхээс арай илүү хэмжээний эвдрэл, гэмтэл гарна” гэсэн үг юм. Жишээлбэл, даацын араг бүтэц­тэй, газар хөдлөлт төсвөр­лөлтийн шаардлага хангасан барилга бүхэлдээ нурахгүй ч хана, хамар хананд ан цав гарах, зарим хэсэгт нь хүчтэй эвдрэл гарч болно. Газар хөдлөлтөд тэсвэртэй барилга төлөвлөх үндсэн зарчмын тодорхой­лолтоор “Газар хөдлөлтийн нөлөөгөөр нурахгүй, оршин суугчдын амь насанд аюулгүй байдлыг хангаж, газар хөдлөл­тийн дараа сэргээн засвар­ласнаар барилга дотор явагдах үйл ажиллагааны хэвийн нөх­цөлийг хангах боломжтой барилгыг. . . “ газар хөдлөлтөд тэсвэртэй барилга гэж үздэг. Энэ тодорхойлолтод үндэслэж энгийнээр тайлбарлавал “газар хөдлөлт тэсвэрлэлтийн шаард­лага хангахгүй” барилга газар хөдлөхөд нурна гэж, эсвэл “газар хөдлөлт тэсвэрлэлтийн шаардлага хангасан” барилга газар хөдлөхөд огт эвдэрч гэмтэх­гүй гэж ойлгож болохгүй.
Өнөөдрийн Монгол Улсад мөрдөж байгаа барилгын нор­матив нь газар хөдлөлтийн эрчмийг хэмжих МСК-64 хэм­жүүрээр 7-9 баллын бүсэд тө­лөв­­­­лөх барилгад зориулагдсан бөгөөд энэ нормативаар МСК-64 хэмжүүрээр 9-өөс дээш баллын бүсэд барилга төлөвлөхийг хо­риг­лодог. Гэхдээ энэ бүсэд ба­рилга огт төлөвлөж болохгүй гэ­сэн үг биш бөгөөд ийм шаард­лага гарвал энд яригдаж бай­гаа­гаас өөр баримт бичгийг мөрд­лөгө болгоно л гэсэн үг. Онолын хувьд МСК-64 хэм­жүүрээр 9-өөс дээш баллын нөлөөлөлд нурах­гүй барилга төлөвлөх боломжтой боловч ийм ба­рилгын нэгж тал­байн үнэ өнөөдрийн бидний үнэтэй гэж үзээд байгаа барил­гуудынхаас олон дахин илүү болно. Товчдоо, барилгын конст­руктор инжене­рүү­дийн хувьд барилгыг хүчтэй газар хөдлөл­тийг тэсвэрлэхээр төлөвлөхөд барилгын үнэ өрт­гийн талаархи асуудлаас өөр зарч­мын онцгой хүндрэл бараг үгүй.  
Монгол улсын барилгын салбарт ЗХУ-ын барилгын нормативыг 1962 оноос албан ёсоор хэрэглэж эхэлсэн байдаг. Харин ЗХУ-ын хувьд газар хөдлөлтийн бүсэд барилга тө­лөв­лөхөд нормативуудыг 1948, 1951, 1957, 1961, 1969, 1981, 1996 онуудад шинэчлэн боловс­руулж техникийн нөхцөл, дүрэм, барилгын норм, барилгын норм ба дүрэм гэсэн нэртэйгээр мөр­дөж байсан байна. Өөрөөр хэл­бэл, тухайн цаг үед баригдаж байсан барилга байгууламжид авч байсан газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ нь өнөөгийн шаардлагыг хангахгүй нь үнэн боловч газар хөдлөлтийг тэсвэр­лэх чадварыг сайжруулах арга хэмжээ огт авч байгаагүй гэвэл алдаа болохоос гадна тэр үеийн­хээ мэргэжитнүүдийн оюуны хөдөлмөрийг үгүйсгэсэн болох биз. Өөрөөр хэлбэл, 1960-аад онд Улаанбаатар хотод баригд­сан барилгуудад газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ огт аваагүй биш, авсан арга хэмжээ нь өнөөгийн шаардлагыг хангахгүй гэвэл илүү үнэн бол­но. Тухайлбал 1960-аад оноос өмнө даацын өрмөл хана­т­ай барилгыг модон хучилттай төлөвлөж, барьдаг байсан бол 1960-аад оны үеэс нэвтэрч эхэлсэн хучилтын шинэ техни­логитой холбоотойгоор тоосгон барилгын газар хөдлөл­тийн тэсвэрлэлт дээшилсэн гэж үздэг. Өнгөрсөн зууны сүүлийн хагаст барилгын хана хучилтыг угсармал том хавтгаалжаар гүйцэтгэх технологийг өргөн хэрэглэж байсны жишээ нь одоогийн 1, 3, 4, 5, 12 гэх мэт орон сууцны хороолууд юм. Ийм барилгын газар хөдлөлтийн тэсвэрлэлт тоосгон барилгын­хаас ихээхэн давуу гэдгийг 1991 онд манай мэргэжилтнүүдийн КазахССР-ийн барилгын хо­рооны эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран хийсэн туршилт харуулдаг.
-Орчин үед тавьж байгаа шаардлагыг яагаад тэр үед авч үздэггүй байсан юм бол?
-Улс орны хөгжил, эдийн засгийн чадавхи, барилгын хэм­жээ, ач холбогдол зэргээс ха­маа­ран тэдгээрт тавих шаард­лага цаг тутамд өндөрсөж байдаг жамтай. Монгол улсын хөгжлийн хэрээр эдгээр шаардлага цаа­шид ч өөрчлөгдөх нь гарцаагүй.
2000-аад оныг хүртэл Монгол Улсад баригдсан орон сууц, олон нийтийн барилгуудын дунд даацын өрмөл ханатай болон угсармал хавтгаалжин ханатай барилга (90-ээс дээш хувь) зонхилж байсан бол сүүлийн жилүүдэд барилгын салбарын хөгжлийн чиг хандлагатай уялдан төмөр бетон болон ган араг бүтээцтэй барилга голлох болсон. Монгол улс 2002 онд “Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх” үндэсний норм ба дүрмийг мөрдөж эхэлсэн ба өнөөдрийн байдлаар уг норм ба дүрмийн шинэчлэн боловсруулсан хоёр дахь хэвлэлийг мөрдөж байна. Газар хөдлөлтийн бүсэд барилга төлөвлөх үндэсний норм ба дүрмээр барилга байгуулам­жийн төлөвлөлтөд тавих шаард­лага, өмнөх нормтой харьцуу­лахад нэлээд хэмжээгээр нэмэгдсэн бөгөөд барилгын бүтээцийн тооцоонд авдаг газар хөдлөлтийн үйлчлэлийг тооцсон ачааллыг, дээр дурдсанаар сүүлийн жилүүдэд зонхилон барьж буй барилгад, өмнө мөр­дөж байсан нормативынхаас ойролцоогоор 1,4–2,0 дахин нэмэгдүүлж авдаг болсон. Эн­дээс, барилгын бат бөх байдал тодорхой хэмжээгээр нэмэгд­сэн гэж ойлгож болно. Мөн гадна салбарын хэмжээнд төлөвлөл­тийн орчин үеийн арга хэрэгслийг нэвтрүүлж, түвэгтэй хийц бүтээцтэй барилгыг хүчтэй программ хангамж ашиглан төлөвлөж байгаа нь барилгын үндсэн бүтээцийн чанарт эерэ­гээр нөлөөлж байна. Харин инженерийн шугаман байгуу­ламж, түүний дотор цэвэр, бохир усны гол шугамууд, газар хөдлөлтийн үйлчлэлд илүү өртөмтгий боловч тэдгээрийн газар хөдлөлтийн тэсвэрлэлтэд тавих анхаарал бага байдаг шиг санагддаг.
Гэхдээ ямар ч хүчтэй газар хөдлөлтийг бүрэн тэсвэрлэх барилга байгууламжаар хэрэг­лэгч­дийг бүрэн хангах боломж эдийн засгийн чадавхийн хувьд манай улсад бүү хэл өндөр хөгжилтэй улс оронд ч төдийлөн байдаггүй. Тийм учраас судлаачид хөгжиж байгаа орнуудын хувьд газар хөдлөл­тийн эрсдэлээс урьдчилан сэр­гийлэхээс илүү гамшгийн үеийн авран хамгаалах арга хэмжээг оновчтой зохион байгуулах нь үр дүнтэй гэж үздэг.
-Чухам ямар арга хэмжээ авах хэрэгтэй гэж та үзэж байна вэ?
-Дараах арга хэмжээг даруй авч хэрэгжүүлэхийг шийдвэр гаргагчдад санал болгож байна. Үүнд:
-Юуны өмнө 2005 оноос хойш идэвхжил нь эрс нэмэгдсэн гэж үзэж байгаа Сонсголон, Сонгинын районд нарийвчилсан судалгаа хийж, уг судалгааны үр дүнд үндэслэн Улаанбаатар хотын газар хөдлөлтийн аюулын түвшин ямар байгааг тогтоох.
-Газар хөдлөлтийн аюулын тогтоосон түвшинг үндэслэн, газар хөдлөлтийн гамшгийг бууруулах чиглэлээр урьд хэрэгжсэн төслүүдийг ашиглан газар хөдлөлтийн нөлөөгөөр Улаанбаатар хотод эвдэрч гэмтэх барилга байгууламжийн тоо хэмжээ, гэмтэж бэртэх хүн амын тоог олон улсад хэрэглэдэг арга, аргачлалаар үндэслэлтэйгээр тодорхойлж, зайлшгүй шаардлагатай бол нийслэл хотыг нүүлгэх төлөв­лөгөөг боловсруулах, хуучин барилга байгууламжуудыг хэрхэх асуудлыг шийдэх
-Өмнө дурдсан тооцоо, судалгааны үр дүнд үндэслэн газар хөдлөлтийн гамшгийн үеийн авран хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөг бо­ловс­руулж зохих түвшинд бат­лах, энгийн иргэдэд гамшгийн үед өөрсдийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах чадавхийг бий болгох талаар орон нутгийн засаг захиргааны болон гамшгийн, сургалт, эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллагуудын хамтран ажиллах нөхцөлийг хангах
-Газар хөдлөлтийн бүс нутагт барилга байгууламжийг төлөвлөхөд мөрдөж байгаа барилгын нормативыг шинэчлэх
Мөн энэ мэт мэргэжлийн нарийн асуудлын талаар мэргэжлийн хүмүүсийн санаа бодлыг сонсдог байгаасай гэж сэтгүүлчдээсээ хүсэж байна.

Н.ТуЯа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж