Хурлын дараа хүүгээ төрүүлсэн

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Хурлын дараа хүүгээ төрүүлсэн

Г.Уянга: Хэвлэлийн хурал хийлгэснээс хойш хоёр цагийн дараа хүүгээ төрүүлсэн

Үндэсний шинэ намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Уянгыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Юуны өмнө танай гэр бүл шинэ хүнтэй болсонд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Андуураагүй бол хүүгээ төрсөн яг тэр өдөр та хэвлэлийн бага хурал хийлгээд сууж байсан санагдах юм. Хэдийд нь төрчихөв өө?

-Баярлалаа. Бид хоёр маш сайн байна. Нэгдүгээр амаржих газарт энэ сарын зургаанд төрж хүүтэй болсон. Хүү минь хурдан торниж байна. Ахынхаа 13-ны жил дээр миний хүү төрлөө. Хүү бид хоёрт санаа тавьсан хүмүүст сониноор тань дамжуулан талархлаа илэрхийлмээр байна. Миний хүүгийн авсан ээж АУИС-ийн эх барих эмэгтэйчүүдийн багш Энхцэцэг  эмч, нэгдүгээр амаржих газрын баталогийн тасгийн эрхлэгч Мядаг эмч болон тус амаржих газрын хамт олон, намайг байнгын хяналтад байлгаж, хүүг минь хэвлийдээ эсэн мэнд бойжиход тусалсан “Хатагтай” эмнэлгийн ерөнхий эмч Д.Отгонболд болон хамт олонд нь, мөн Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нарт өөрийн болон гэр бүлийнхнийхээ талархлыг илэрхийлмээр байна.   Хүүгээ төрүүлсэн тэр өдөр О.Магнай, Д.Лхагважав, П.Болд ах бид хамтдаа хэвлэлийн хурал хийлгэсэн.

Сар бүрийн 16-нд “Эрх чөлөө-16” нэртэй цуглаан хийе. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд тэр чигээрээ хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой заалтууд байдаг. Энэ заалтуудыг эрх баригчдад сануулж олон нийтэд ойлгуулъя гэсэн юм. Тэр өдрийн үдээс өмнө мэс засал хийлгэж төрөхөөр урьдчилан төлөвлөчихөөд байсан юм. Эмч нар маань намайг төрүүлэх гээд хүлээгээд байдаг. Би хурлаа хийлгэчихээд очъё гээд жаахан хоцорч очоод загнуулсан л даа.  Ингээд 12 цаг гэхэд хэвлэлийн хурлаа дуусаад 14 цагт хагалгаанд орсон. Төрсний дараа сэхээн амьдруулах тасагт шилжчихээд байхад  жижүүр эмч телевизийн мэдээ харчихаад над дээр орж ирээд  “Хүүе, энэ хурлыг өнөөдөр хийлгэсэн юм уу” гээд гайхаад байсан. Уг нь би ээждээ хэлээгүй байсан юм. Ээждээ ч бас жаахан зэмлүүлсэн.

-Ийм тэмцэгч ээжээс төрсөн гэхэд хүү тань их тайван юм. Ямар нэр өгсөн бэ?

-Нэлээд тайван, амар хүүхэд байна. Эгчээсээ их өөр юм. Аав нь төрсний дараах хоёр хоног эмнэлэгт хамт байсан. Тэгэхэд хоёулаа ярилцаж байгаад Бэрх гэдэг нэр өгсөн.

-Сонин нэр байна?

-Юунд ч давагдаж дийлдэшгүй хүчтэй байхыг бэлгэдсэн нэр. Нөгөө талаас бас Бэрх бол Бат хааны хүү. Алтан ордны улсыг захирч байсан түүхэн хүн л дээ.

-Ердөө хэдхэн сарын өмнө л та өлсгөлөн зарлаж, олон хүн таны эрүүл мэндэд санаа зовж байсан. Гэтэл та ядрах нь байтугай хүндрэл багатай төрж чадлаа. Үүний нууц юунд байна?

-Би ер нь хүүхдээ тээхдээ ч төрүүлэхдээ ч ямар нэг хүндрэл байдаггүй л дээ. Энэ чинь байгалийн л жам ёсны зүйл болохоос онцгой зүйл гэж үздэггүйтэй маань холбоотой байж ч болно. Ер нь монгол эмэгтэйчүүд бусад хүүхнүүдийг бодвол хүүхдээ тээж төрүүлэхдээ онцгой ямбалаад байдаггүй санагдана. 

-Охиноо мөн л сонгуулийн үеэр төрүүлж байсан санагдаж байна. Ээжийгээ дуурайсан хурц ааштай бололтой. Ер нь таны хувьд бүл нэмж хүүхэд төрүүлнэ гэдэг улс төрийн үйл ажиллагаанд саад болдоггүй, харин ч идэвхтэй үетэй нь давхацдаг онцлогтой юм уу даа?

-Анхнаасаа л бид хоёр гурван хүүхэдтэй болно гэж төлөвлөсөн. Монгол айлын хувьд хамгийн багадаа гурван хүүхэдтэй байх ёстой. Том хүүгээ гаргаснаас хойш арван жилийн дараа УИХ-ын 2008 оны сонгуулийн өмнөхөн охиноо төрүүлсэн. Ер нь охин минь миний зан араншинг илүү дуурайсан байж магадгүй. Ах нь тайван дөлгөөн байхад охин маань их хурц, хүнд бууж өгдөггүй зантай. Ийм хүүхдийг ямар жороор хүмүүжүүлэх ёстой юм бол гэмээр хэцүү ааш хааяа гаргадаг юм. Аав нь, миний охинд индиго хүүхдийн бүх шинж тэмдэг байна гээд л дуртай байх шиг байдаг юм.

-Нийгмийн аз жаргалыг гэр бүлийн аз жаргалтай хослуулна гэдэг ялангуяа өнөө цагт амаргүй. Гэтэл та хүүхдээ ч төрүүлээд, тэмцлээ ч хийгээд байж чадаж байгаа тань гайхалтай. Одоо хүүхдээ асрахаас эхлээд ажил ихсэх нь дээ?

-Ямар ч байсан нэг сарын хугацаанд гэртээ байж, хүүхдээ асарна. Лав л энэ сарын 16-ны цуглаанд оролцож чадахгүй байх. Гэхдээ нөхөдтэйгээ байнга холбоотой байж  утсаар л ажлаа хийнэ дээ. Өнөө цагт хүүхэд төрүүлнэ гэдэг урьдынхтай харьцуулбал хэцүү болсон нь үнэн. Намайг хүмүүс ар гэр, ажлаа сайн зохицуулж байна гэж магтаад л байгаа юм. Гэхдээ миний гавьяа гэж юу байх вэ. Гол нууц нь миний ээж. Олон эмэгтэй хүүхэд гаргамаар байвч харуулах найдвартай хүнгүй болохоор тэр бүр гаргаад байж чадахгүй байна. Зарим хүн намайг, “Чи аль насандаа ийм их буян хийсэн хүн бэ” гэдэг юм. Миний ээж дөрвөн хүүхэд төрүүлсэн. Бас миний гурван хүүхдийг өсгөн хүмүүжүүлж байна. Ямар сайндаа манай хамтаатнууд намайг жирэмслэхээр ээжийг дахиад төрөх нь дээ гэж хошигнож байхав. Би ч ээждээ л ажил нэмж байгаа хүн. 

-Иргэний хөдөлгөөнийхөн гэдэг нэгэн ам бүлд үе тэнгийн хэдэн залуус зэрэг орж ирж байсан. Амьдрал дээр ч найз нөхөд хэвээрээ байх. Тэр найзуудаас чинь ирж баяр хүргэсэн үү?

-Тэгэлгүй яахав. Бүгдээрээ баяр хүргэсэн. Намынхан маань, иргэний хөдөлгөөнийхөн, холбооныхон маань аймаг сумдаас баяр хүргэсээр л байна. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ маш сайхан үгтэй мессэж бичиж баяр хүргэсэн.

-Өнөөдөр та гэрийн эзэгтэй, ээж гэдгээс гадна сэтгүүлч, Үндэсний шинэ намын генсек, хөдөлгөөний зохицуулагч, Амлалт нэхэх ард түмний холбооны гишүүн гэхчлэн олон тодотгол зүүх болжээ. Алинд нь илүү анхаарал хандуулж байна вэ?

-Ерөнхийдөө хөдөлгөөн, нам хоёр дээр гол анхаарлаа төвлөрүүлдэг. Тэгэх ч зайлшгүй шаардлага байна. Өнөөдөр Монгол гэдэг улс, үндэстэн цаашид оршин тогтнох, хөгжиж дэвжих ёстой бол бидэнд хэрэгтэй суурь нь үндэсний үзэл. Тиймээс итгэл үнэмшил, үзэл бодлынхоо дагуу энэ намтай цаашдын үйл ажиллагаагаа хамтатгасан. Ард түмний холбооны үйл ажиллагаа бол тасралтгүй байх учиртай. Бид одоо өр зээлтэй иргэдийн бүртгэлийг хийж байна. Удахгүй гуравдугаар сарын 1-нд болох Бүх ард түмний их хуралдайд манай холбоо гол анхаарлаа хандуулж байна. Ер нь би сэтгүүлч Уянга гэдэг богинохон тодотголтой нэрэндээ илүү хайртай. Харамсалтай нь сэтгүүлчийн ажлаасаа жаахан хөндийрөөд байна. Гэхдээ удахгүй энэ алдаагаа бас засъя гэж бодож байгаа.

-Сэтгүүлчид улс төрд идэвхтэй оролцож байгааг та юу гэж үздэг вэ. Тэдэнд шийдвэр гаргах түвшний эрх мэдэл зайлшгүй хэрэгтэй гэж үү. Энэ эрх мэдэлд хэтэрхий улайраад байгаа юм шиг санагдахгүй байна уу?

-Ер нь сэтгүүлч гэдэг мэргэжлийн онцлог, хийж байгаа ажил нь улс төрд хамгийн ойр, улстөртэй их холбоотой байдаг. Бусад мэргэжлийг бодвол тодорхой салбар руу явцууралгүй нийгмийн бүх салбар, түвшинг хамарч ажилладаг нь бидний мэргэжлийн онцлог. Тиймээс ч нийгмийг илүү гүнзгий танин мэдэх бололцоо олгодог гэж боддог. Ийм ч учраас нөхцөл байдлыг сайнаар өөрчлөх боломж байгааг олж хараад улс төрд оръё гэж зориглож байгаа сэтгүүлчдээ талархан дэмждэг. Нийгмийн ийм идэвх харин ч манай сэтгүүлчдэд дутуу байгаа юм шиг санагддаг шүү.

-Парламент ба сэтгүүлчдийн хооронд өнгөрсөн долоо хоногоос эхлээд өнөөдрийг хүртэл үргэлжилж буй маргаантай асуудлын та анзаарсан байх. Сэтгүүлчдийн хувьд байнгын хорооны хурлыг л бичихгүй бол мэдээгүй болчих гээд байгаадаа биш, гол нь ардчилсан оронд хууль тогтоох байгууллага хаалттай хаалганы цаана асуудлыг ярьж болдог юм уу гэсэн асуудлыг л тавьж байгаа. Энэ талаар та бидэнтэй санал нийлэх үү?

-Мэдээж сэтгүүлчидтэйгээ санал нийлэлгүй яах вэ. Тэр тусмаа өнөөгийнх шиг олигархижсан төртэй байхад бид бууж өгч огт болохгүй. Олигархи төр л ийм шийдвэр гаргадаг. Хэвлэл мэдээлэл үнэхээр бие даасан засаглал мөн үү, биш үү гэдгээ одоо л харуулах хэрэгтэй. Гэхдээ бид асуудлын мөн чанар нь хаана байна гээд жаахан бодоод үзвэл яг л “бөөсний үлгэр” шиг суурь тогтолцоондоо байгаа юм. Үнэндээ 2012 оны сонгууль дөхсөн үед УИХ-ын гишүүн сонгогчдодоо таалагдах нь чухал байгаа. Улсын нийтлэг, язгуур эрх ашгийн төлөө дуугарах уу, өөрийнхөө дахин сонгогдохын төлөө байх уу гэдэг нь эцсийн дүндээ хувь гишүүний хүмүүжил, ёс суртахууны асуудал шүү дээ. Ёс суртахуунгүй байдлаа сэтгүүлчийн мэргэжлийн эрх ашиг, цаашилбал олон нийтийн мэдээлэл авах эрх ашигт халдаж байж хаацайлна гэдэг чинь хүлээн зөвшөөрч болох зүйл мөн үү дээ. Энэ буруу жишгийг өөрчлөхийн тулд хурлаа хаалттай болгох биш, тогтолцоогоо эрүүлжүүлж байж л асуудлыг цогцоор нь шийднэ шүү дээ.

-Энэ тогтолцоог Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталснаар өөрчилж чадна гэдэгт та итгэж байна уу?

-Би хувьдаа байдал өөрчлөгдөхгүй л болов уу гэж бодож байна. Сонгуулийн хууль, тогтолцоондоо ч гол нь байгаа юм биш. Эхлээд иргэдийн өгсөн саналыг шударга тоолчихдог болох хэрэгтэй. Ардчиллын амин сүнс болсон сонгуулийн саналыг тоолж чадахгүй байхад бусад асуудлыг яриад яах вэ дээ. Саналыг шударга тоолж чадахгүй болчихсон учраас, сонгуулиар бүх асуудлыг шийдэж чадахаа байчихаад байгаа учраас л янз бүрийн хөдөлгөөн, тэмцэл, экстремизм, өөр юу ч юм бэ, таамаглаагүй бусад асуудал урган гарч ирээд байгаа шүү дээ. 

-Өнгөрсөн зун та бүхэн өлсгөлөн зарлан амь насаараа дэнчин тавьж байж “Амласан бол заавал биелүүлэх ёстой” гэдгийг улстөрчдөд ойлгуулсан гэж танай хөдөлгөөнийхөн ярьдаг. Харин эдийн засагчид үүнийг маш буруу шийдвэр гэж үздэг. Энэ талаар эдийн засагчид та нартай ярилцаж байсан уу. Бэлэн мөнгө тараах нь улс орны эдийн засагт ямар хохиролтой вэ гэдгийг судалж үзэж байв уу?

-Бид улс төрийн асуудал тавьсан. Хариуцлагын тухай л ярьсан юм шүү дээ. Түүнээс биш эдийн засгийн асуудал тавиагүй. Тэр эдийн засагчид тийм л ухаантай юм бол анх амлалт өгч сонгуульд оролцож  байхад нь өнөөдөр ярьж байгаа шигээ хэлж ярьж байхгүй яасан юм бэ. Тийм биз дээ? Бидний амлалтаа биелүүл, хариуцлагатай бай гэж улстөрийн шаардлага тавьсны төлөө эдийн засгийн хор холбогдол ярьж, ухаантай харагдах гэсний хэрэггүй. Бид яг юу гэж амласныг нь л тэр чигээр шаардах ёстой. Бууж өгөөд байх шаардлагагүй. Хоёр сая 500 мянган төгрөгийг амлахад нь сонгочихоод 21 мянгыг өгөхөөр нь амлалтаа биелүүллээ гэж үзэж огт болохгүй, Ингэж ард түмэн өөрсдийгөө доромжлуулж болохгүй. Анх амласан 2,5 сая төгрөгийг л авна гэж зүтгэх хэрэгтэй. Тийм эрхтэй. Энэ бол ард түмний биш тэдний өөрсдийнх нь зуурсан бантан шүү дээ. Харин өгч чадахгүй нь ээ, худлаа амлачихжээ, дахин ингэж та нарыгаа хуурахгүй ээ гэж хариуцлагатайгаар мэдэгдээд амлалтаасаа татгалзвал бид ч бас тэр амлалтыг нь нэхэхээс татгалзана. Ингэвэл асуудал их өөр. Ер нь бол энэ байтугай байдлаар гурван сая хүрэхгүй ард түмний амьдралыг өөд татах бололцоо бий юу гэвэл бий.  
-Тэгэхээр улстөрчдийг хашрааж буй явдал гэж та хэлэх гээд байна уу?

-Улстөрчид амлалтдаа хариуц­лагатай хандах, сонгогчид ч ийм амлалт худлаа байдгийг ойлгож үлдэх ёстой. Ирэх сонгуульд тийм хариуцлагагүй амлалт, тэр тусмаа иргэн бүрт 1.5 сая төгрөг өгнө гэх мэтийн амлалт өгөх хүн ер нь байхгүй дээ. Тиймээс бид өнгөрсөн дөрвөн жилд ямар учиртай тэмцэл өрнүүлээд байсныхаа үр дүнг ирэх сонгуулиар харна гэж бодож байна. Иргэдэд 21 мянган төгрөг өгнө л гэж байна. Энэ бол бидний хүлээсэн үр дүн биш. Ийм шийдвэрт бид хууртахгүй.

УИХ-ын гишүүдийн хувьд энэ мөнгө нэг таваг хоол ч авч хүрэхгүй гэдгийг бид мэднэ.  Ер нь энэ байтугай хишгийг хүртэх бололцоог эцэг өвгөд бидэнд үлдээсэн байна. Энэ эрх баригчид нэг их өөрсдийнхөө халааснаас хишиг гаргаж хүртээх гэж байгаа юм шиг л аашлах юм. Эрдэнэт  үйлдвэр Монголыг олон жил тэжээж байна. Тэгэхэд ганц Оюутолгой долоон “Эрдэнэт”-тэй тэнцэнэ гэж байгаа, зөвхөн зэсийн нөөцөөрөө шүү дээ. Өөр олон баялаг байна. Дээр нь Тавантолгойг ашиглаж байна. Энэ хоёр л бидний амьдралыг өөд татахад хангалттай, бусдыг нь хаах хэрэгтэй.  

-Удахгүй хавар ирнэ. Хаврын синдром эхэллээ гэдэг үг хэдийнэ танил болчихсон болохоор тэгтлээ эмзэглэхгүй байх гэж бодож байна. Энэ хавар танай хөдөлгөөнийхөн ямар асуудлыг тавих вэ, урьдчилж төлөвлөдөг үү. Эсвэл цаг үеэ ажиглаж байгаад хэлэлцээд шийдчихдэг үү?

-Өөрсдөө төрөөрөө доромж­луулаад ядуугийн ядуу амьдарч байж бас тэмцэж байгаа хүмүүсийг синдромтой энэ тэр гэх нь манай ард түмэн, ингэж хэлж байгаа хүмүүсийн байж байгаа царайг нь л харуулаад байгаа юм л даа. Зурагтаар л гарч байвал хөдөлгөөн хөдөлж байна гэж ойлгож болохгүй. Манай хөдөлгөөн бол байнга л хөдөлгөөнтэй байдаг. Өр зээлтэй хүмүүсийн бүртгэлийг явуулаад дуусах шатандаа орж байна, бусад хөдөлгөөн, үзэл бодол нэгтнүүдтэйгээ хамтрах, хүчээ нэгтгэх талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. МАН, АН-аас бусад бараг бүх нам, иргэний хөдөлгөөн  саяхан хамтдаа шинэ жилээ тэмдэглэлээ. Хамтрахгүйгээр, нэгдэхгүйгээр үр дүнд хүрэхгүй нь тодорхой. Ирэх гуравдугаар сарын нэгэнд Бүх ард түмний их хуралдайг хуралдуулна. Олон ажил амжуулж байна. Ярилцах, төлөвлөх, бэлтгэх гээд зурагтаар гарч хэвлэлийн бага хурал хийлгэхээс өөр олон ажил байна шүү дээ.

-Таныг ҮШН-д орсныг, бүр генсек болсонд олон хүн эгдүүцэж байгаа нь өөрт чинь мэдрэгдсэн байх. “Иргэний хөдөлгөөнийхөн миний эрх ашгийг хамгаална” гэж найдаж байсан хүмүүсийн хувьд Г.Уянгыг улс төрийн намаас, албан тушаалаас харамласнаа илэрхийлж байгаа нь тэр болов уу?

-Хүмүүс юу гэж ярих бол гэж айгаад өөрийгөө, үзэл бодлоо чөдөрлөж болохгүй биз дээ. Ер нь би хүмүүст таалагдах гэж тэмцэл хийдэггүй, үр дүнд хүрэх гэж хийдэг. Үр дүнд хүрэхийн тулд өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийх л болно. ҮШН бол тийм л сонголтуудын маань нэг байсан. Ер нь хэрэгтэй юм бүхэн олон түмэнд таалагдах албагүй л дээ. Би олон жил бараг л ганцаараа чадах хирээрээ тэмцсээн, сонин гаргасан. Одоо бидэнд хэрэгтэй юм бол хамтын хүч. ҮШН надад ямар ч сайхан зүйл амлаагүй, энэ цэвэр миний үзэл бодлын сонголт. ҮШН байгуулагдахаас ч өмнө нөхөр бид хоёр сониноороо “Монголын Үндэсний үзэл мандтугай” хэмээн тунхаглаж, энэ сэдвээр дагнан бүтэн долоо найман жил сонин, сэтгүүл гаргасан. Өнөөдөр энэ үзлийг тугаа болгосон бүхэл бүтэн нам байгуулагдаад байхад би хамтралгүй яахав дээ. Бидний, манай намын хамт олны хүсч зорьж байгаа үндэсний үзлийг төрийн бодлого болгож хэрэгжүүлэх үйл хэрэг бол өнөө маргаашийн сонгуулиас хавьгүй урт настай, алсын хараатай үйл ажиллагаа. Өнөөдөр ч Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд бидний олон жил ярьж ирсэн зүйл цухас ч гэсэн орж ирээд байгаад бид баяртай байгаа. Бод л доо, наад зах нь саяхан л “Дэлхий хаашаа явна, Монгол тийшээ явна” гэдэг байсан хүмүүс одоо энэ гэнэн яриагаа жаахан татаж, бид юугаараа өөр билээ, монголчуудын үндэсний эрх ашиг хаана нь байна гэдгийг анхаарч ярьцгаах болж. Ер нь алсдаа Монголд үндэсний үзэл санаа тэргүүлж бусад нь дагалдах болно. Тэр цагт хэн ч намайг, биднийг зэмлэхгүй болов уу.

-Та улс төрийн хөдөлгөөнд идэвхтэй оролцлоо, сонгуульд ч оролцож байлаа. Улс төр танд юу өгөв өө. Тухайлбал, “Танайд хоноё” нэвтрүүлгээр гарсны дараа танай гэр бүлийн талаар сайн, муу олон яриа гарсан. Жирийн хоёр сэтгүүлч яагаад ийм хангалуун амьдрах болов, улс төрийн нөлөө гэхчлэн. Та үүнд хэрхэн ханддаг вэ?

-За даа,  бид хоёрын 100 хүрэхгүй ам.метр талбайтай гурван өрөө байрыг хэдэн жил ад үзэх гэсэн юм бэ дээ. Цаана чинь тэр сайд нар газар нутгийг маань зараад сая долларын хаусанд амьдарцгааж байна. Түүнийг сурвалжилмаар юм, Үүнийг нь хэлсний төлөө Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нөхөр бид хоёрыг шүүхэд өгсөн. Одоо бид хоёр эрүүгийн хэрэгтэн шахуу болчихоод байна. Гэтэл мөнөөх л бид хоёрын умгарыг ярьсаар л. Таван жилийн өмнө 40 саяар авсан гурван өрөө байр шүү дээ. Хорин хэдэн настайгаасаа өдий хүртэл зүтгэж байгаа хоёр сэтгүүлч энэ дайны орон сууцанд яагаад шударга хөдөлмөрөөрөө хүрч болохгүй гэж. Саяхан бидний нэг танил дүү сэтгүүлч маань биднийг орон сууцныхаа найранд урилаа. Чадалтай, хөдөлмөрч, шударга сайн сэтгүүлч болохоор нь ажил санал болгосон  байгууллага нь түүнд гурван өрөө мансардтай орон сууц өгсөн байна. Дөнгөж 30 нас хүрч байгаа залуу сэтгүүлч шударга хөдөлмөрөөрөө байртай болж. Өнөөдөр ийм зүйл зөндөө л бий шүү дээ. Гэтэл нөхөр бид хоёр 40 насанд дөхөж явна. Бидний орон сууцыг ад үзэх биш Л.Гансүхийгээ мөрдсөн нь арай дээр байхаа даа.

-Ярилцсанд баярлалаа.

У.ОРГИЛМАА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж