
Гишүүн С.Ламбаа:
-Пропорциональ хувилбарыг дэмждэг. Энэ явахгүй гэвэл холимог систем зүгээр. Намууд гишүүнчлэлгүй болно гэдэг хамгийн зөв. Эмч, багш нарыг намын харьяалалгүй болгосноос хойш орон нутагт үндсэндээ ажилгүйчүүд, малчид л намын гишүүнээрээ үлдсэн шүү дээ.
Тойргийн мөнгө, хуулийн төсөл боловсруулахад гаргах мөнгөнөөс татгалзахыг дэмжиж байна. Хэл амтай зүйлээс салсан нь дээр. Надад бол цалинтай зөвлөх хэрэггүй.
Гишүүн С.Оюун:
-Пропорциналиар сонгууль явуулах нь зөв. Намууд гишүүнчлэлгүй болохыг дэмжиж байна. Нийгэм талцалгүй болно. Сонгуулийн үед иргэд мөрийн хөтөлбөрийг нь дэмжсэн намаа сонгоод явах нь зүйтэй. Орон нутгийн хөрөнгө оруулалтыг тойргийн мөнгө гэж гишүүдийн нэрээр нэрлэх нь буруу. Орон нутгийн Иргэдийн Хурлын мэдэлд хөрөнгө оруулалтыг шилжүүлдэг байя.
Гишүүн Ц.Батбаяр:
-Би жижиг 76 тойрогтой мажоритар системийг дэмждэг. Нам гишүүнтэй байх ёстой. Нам гэдгийн утга нь гишүүддээ байдаг. 76 тэрбум төгрөгийг гишүүд өөртөө хэрэглэдэггүй. Орон нутагт хэрэгжүүлдэг төсөв. Байж болох төсөв.
Гишүүн Су.Батболд:
-Пропорциональ системийг дэмждэг. Би Сонгуулийн хуулийг шинэчлэх ажлын хэсэгт ажиллаж байгаа. Энэ систем улс төрийн намуудын төлөвшилд тустай. Хэрэв пропорциональ систем рүү сонгууль шилжвэл нам гишүүнчлэлгүй байхад хэцүү. Одоохондоо гишүүнчлэлтэй байгаад яваандаа байхгүй болж болно. Сүүлийн үед намд харьяалалтай хүний тоо харьцангуй цөөрч байгаа.
Гишүүдэд энэ жил 76 тэрбум төгрөг хэрэггүй байсан. Арай бага мөнгө төсөвлөж болох байсан. Орон нутагт хөрөнгө жигд хуваарилах нэг хэлбэр юм л даа. Орон нутагт төсвийн эрх мэдэл өгвөл үүнийг болих хэрэгтэй. Харин хуулийн төсөл боловсруулахад авдаг мөнгийг хэрэглэж үзээгүй байна. Сайн төсөл боловсруулахад мэргэжлийн хүмүүсийн туслалцаа хэрэгтэй. Тэд мөнгөгүй ажиллахгүй тул хөрөнгө хэрэгтэй байх. Гэхдээ заавал 20 сая байх албагүй.
Гишүүн Р.Гончигдорж:
-Пропорционалийг дэмжиж байна. Гишүүнчлэлгүй байна гэдгийн хувьд Үндсэн хуулиар иргэд эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам бол иргэд сайн дураар эвлэлдэн нэгдэх нэг хэлбэр. Тэгэхээр шууд гишүүнчлэлгүй байна гэж хэлэхэд эрт байна.
Тойргийн мөнгөний хувьд УИХ-ын гишүүдийн аливаа асуудлаар санал гаргах эрхийг хязгаарлаж болохгүй. Энэ нь мөнгө байна уу, бодлого байна уу хамаагүй. Хуулийн төсөл сайн байх хэрэгтэй. Муу төслөөс болж муу хууль гардаг. Үүнд мэргэжлийн хүмүүс ажиллуулахын тулд тодорхой хөрөнгө хэрэгтэй.
Д.ОЮУН