
Харин эрх баригчдыг шүүмжлэхийн хажуугаар хэв журмыг сахиулах цагдаагийнхантай ч нударга зөрүүлэхээс буцдаггүй байсан жагсагчдын нүдэнд энэ удаад эргэлзээ, тээнэгэлзээ илүү харагдана. Бухимдал, хорсол, цөхөрлийн үгээ хэлэх иргэдийн олонх нь байдал бишдэх вий гэсэн айдастай байснаа нуугаагүй. Харин жагсаал зохион байгуулагчид тэднийг зоригжуулах гэсэн мэт “Ард түмэн ялна” гэх л үгийг байн байн сануулж байлаа. Уран цэцэн үгтэй хүмүүс ч шүүмжлэлийн шүлгээ харамгүй уншсан.
Уг нь хэдхэн хногийн өмнө жагсаал зохион байгуулагчдын иргээд уриалж байсан зүйл бол иргэн бүрт өгөх 1,5 сая төгрөгийн амлалт. Амлалтаа нэхэж авах “аян дайн” байлаа. Харин өчигдрийн жагсаалын гол зорилго нь УИХ, Засгийн газрыг тараах болж хувирчээ. Бодвол Засгийн газар өнгөсөн баасан гаригт “1,5 саяыгаа сонгуулийн хугацаандаа багтааж бүрэн дүүрэн өгнө өө” хэмээн яаран сандран зарласан нь жагсаал зохион байгуулагчдыг шаардлагаа өөрчлөхөөс өөр аргагүйд хүргэсэн бололтой. Амлалтаа биелүүлэхийг шаардан цугласан олон ч зохион байгуулагчдынхаа чиглүүлснээр асуудлынхаа мөн чанараас хазайж эхэлсэн.
Ерөнхийдөө бол жасгсаал зохион байгуулагчдыг ороосон элдэв яриа улс төрийн хүрээнд тараад байсан нь ил болж, ард иргэдийн өмнөөс шаардлага тавихаасаа илүү улс төрийн огт өөр ашиг сонирхлыг агуулсан нь “УИХ тар”, “Засгийн газар огцор” гэсэн уриа лоозонгоос харагдаж байлаа. Хууль тогтоогчид болон гүйцэтгэх засаглалыг огцруулахад хангалттай гэж үзсэн үндэслэлд нь УИХ-ын сонгуулиар Ардчилсан намын амласан нэг сая төгрөгийн хувьцаа болон 10 зөв бодлого, МАХН-ын амласан 1,5 сая төгрөг хийгээд 12 төгөлдөршил орж буй гэнэ. Дээр нь эрхэм гишүүдийн дур мэдэн амны зоргоор бурсан сайхан амлалтууд багтаж буй аж. Энэ бүх амлалтуудыг ердөө л сонгуульд ялалт байгуулах гэсэн хоосон амлагчдын худал мэхлэлт байсан гэж тэд дүгнэж буй юм.
…Долоодугаар сарын 1-ний хэргийг нуун дарагдуулсан, авлигач гишүүдтэй, гадныхантай хуйвалдан газрын баялгаа худалдсан гэхчлэн олон олон шалтгааныг индрээс дурдана. Дээр нь өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр гүйцэтгэх засаглалын тэргүүний хэлсэнчлэн 1,5 сая төгрөгийг олгохоор болсон явдал ч боломжгүй гэж тэд үзжээ.
Үгүйсгэлийн үгүйсгэлээр үйлдэл бүхэнд хандах тэднийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр болон ҮШН-ын М.Энхсайханы эрх баригчдын эсрэг турхирсан өдөөн хатгалаг гэдгийг нэр бүхий хүмүүс мэдэгдэж, сануулж буй нь ч нууц биш. Тиймээс цөхөрсөн иргэдийн хүсэмжилж буй амлалтаа биелүүлэхийг шаардсан лоозонгоос илүүтэй эрх баригчдыг буухыг шаардсан нь давгайлсан биз. Үүнийг дахин дахин сануулах нь өөр бусад хүмүүст бас ашигтай. Тиймээс ч “Дөрөвдүгээр сарын 5” гэсэн нэртэй, хаанаас хэн хэвлэсэн нь мэдэгдэхгүй гүтгэлгийн шинжтэй сонинг жагсагчдын дунд тараасан. Магадгүй Н.Энхбаяр, М.Энхсайхан нар энэ бүхний ард бий гэх мэдээллийг тараасан хүмүүсийн хийсэн ажил ч байхыг үгүйсгэх арга алга. Юм бүхэн утгаа алдаж, өөрсдийн сонирхлыг гүйцэлдүүлэх гэсэн нөхдүүд иргэдийг ийн ашиглаж буй нь бүгдэд ойлгомжтой боллоо. Хэрэв тийм бол ард түмэн гэхээсээ илүүтэй хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхлын шунахай сэтгэлээр энэ бүхэн болж байна гэх хялбархан дүгнэлтэд амархан хүрч болно. Нөгөөтэйгүүр тайван жагсаал хийхийн тулд лам нараас туслалцаа хүсч, нөгөөдүүл нь мандал өргөн, шударга тэмцэлд нь амжилт хүсэх нь монголчууд улам бүр цөхөрч, уруудан доройтож байгааг ч илтгэх мэт санагдана. Харин энэ бүхэн буруугаар эргэх вий гэхээс түгшсэн цагдаа, дотоодын цэргийнхэн СТӨ орчимд өнжлөө.
Мэдээж УИХ-ын гишүүд жагсаалыг соргогоор ажиглаж буй нь гарцаагүй ч хэлсний зоргоор суудлаасаа огцрох нь юу л бол. Юу л бол гэлтгүй сайн дураараа огцрохгүй нь ойлгомжтой гэдгээ ч эрхэм гишүүд илэрхийлж буй бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хувьсгалыг хэзээний хийсэн” гэх товч хариултаар байр сууриа илэрхийллээ.
Гэсэн хэдий ч “Амлалт нэхэх ард түмний холбоо, “Тусгаар тогтнол” эвсэл, “Миний Монголын газар шороо”, “Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүнүүд албан ёсоор шаардлагаа хүргүүлсэн. Тэдний шаардлагыг УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж хүлээн авч байгаа нь зүй ёсны л асуудал. УИХ асуудлыг хэлэлцээд огцрохгүй нь тодорхой ч 72 цагийн дотор хариугаа өгөх ёстой. Хэрэв тэдний шийдвэр таалагдахгүй бол жагсаал хийхээр талбайд гарах нь ч ойлгомжтой л асуудал. Гэхдээ цусан тангараг тавьж хэтэрхий туйлшарсан харанхуй үйлдэл, жагсаалд оролцогч бүрийг эрх баригчдыг огцруулахыг шаардсан лоозон бүхий туузаар хангаж буй энэ их мөнгийг хаанаас хэн гаргаж буй нь ч бодох л асуудал.
Янз бүрийн байр суурь, өөр өөр өнцгөөс харсан шүүмжлэлд өртсөн ч гэлээ Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу нэг хэсэг нь нийслэл, зарим аймгийн төвд үг хэлэх эрх чөлөөгөө эдлэн, эрх баригчдад шаардлагаа хүргүүллээ.
Магадгүй 2012 он хүртэл өнөөгийн эрх баригчид ийм шаардлагатай тулсаар л байх болно. Тэр болгонд огцрохгүй ч гэлээ улстөрчдийн хуурамч амлалт, худал үгэнд нь итгэсэн иргэдийн амьдрал улам бүр доройтсоор буйг бодитоор харах зайлшгүй шаардлага тулгарлаа. Хэрэвзээ иргэдээ сонсохгүй аваас хэзээ л бол хэзээ дэлбэрч үймээн самуун гарч ч мэднэ. Ямартай ч жагсагчид самуун дэгдээх вий гэх эрх баригчид, жагсаалыг хүчээр тараах вий гэсэн жагсагчид, үймээний улмаас бэртэж гэмтэхээс зүрхшээсэн цагаадгийн төв талбайн ойролцоо түгшүүртэйхэн нэг өдрийг ардаа орхилоо. Амлалтаа биелүүлэхийг шаардана гэж иргэдийг уриалсан жагсаал зохион байгуулагчид зорилгоо гуйвуулан эрх баригчдыг огцруулахыг шаардав. Амлалт нэхэгчдийн будаг бүдгэрч араас арай өөр өнгө цухуйж эхэллээ.
Л.НАРАНТӨГС