Нүүрсний үнэ тэнгэрт хадлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Нүүрсний үнэ тэнгэрт хадлаа

Сүүлийн 30 жилийн турш харагдаагүй үер Австрали улсын нүүрсний хангамжийг бууруулж байна. Мягмар гаригт нүүрсний үнэ хоёр жилийн турш харагдаагүй өндөр хэмжээнд хүрчээ. Нүүрсний ил уурхайнууд үерт автаж, төмөр замууд боогдсоноос болж төмрийн үйлдвэрт хэрэглэдэг коксжуулсан нүүрсний хамгийн том нийлүүлэгч Австралийн экспорт ихээр багасч байна. Тус улс түүнчлэн цахилгаан станцуудад хэрэглэдэг нүүрсний хангамжаар дэлхийд хоёрдугаарт ордог юм. Хоёр бүтээгдэхүүний үнэ цаашид ч өсөхөөр байгаа юм.

“2011 онд нүүрсний үнэ дэлхийн зах зээлд хамгийн их ашиг олох бүтээгдэхүүн болоод байна” гэж “Deutsche Bank”-ны шинжээч Дэниэль Бребнер хэлэв.

Сиднейд бүртгэлтэй “New Hope” компани их хэмжээний борооноос болж үйл ажиллагаагаа зогсоож байгаа тухай мягмар гаригт мэдэгдсэн юм. “Хэдийгээр үерийн аюул уурхайн бүст хохирол үзүүлээгүй байгаа ч тээвэрлэлтийн дэд бүтцийг ашиглах боломжгүй байна” гэж компани тайлбарлажээ.

Нүүрс олборлогч “Xtrata”, “Anglo American”, “Macarthur Coal”, “Rio Tinto” болон “Peabody” компаниуд форс мажор зарлаж, нөхцөл байдлыг хянах аргагүй байгаа тул худалдааны гэрээгээ биелүүлэх боломжгүй байгаа гэсэн юм. Цахилгаан станцад хэрэглэдэг нүүрсний гурван сарын урьдчилсан гэрээт үнэ Австралийн Ньюкастл боомт дээр 4,1 хувиар өсч, тонн нь 134,90 ам.доллар болжээ. Харин шууд худалдааны үнэ 140 ам.доллараас давсан байгаа юм. Энэ нүүрсний үнэ 2010 оны наймдугаар сараас хойш 52 хувиар өсөөд байгаа төдийгүй энэ онд 200 ам.доллар хүрэх магадлал өндөр байна. Гэхдээ нүүрсний үнэд газрын тосны үнийн өсөлт мөн нөлөөлсөн юм.

Коксжуулсан нүүрсний үнэ 295 ам.доллар болов. Харин гэрээт үнэ 225 ам.доллар байгаа аж. Австралийн Квинслэнд муж нь дэлхийн далайгаар дамжуулдаг нүүрсний хангамжийн 60 хувийг эзэлдэг билээ.

Э.Очирт
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж