2009 оны шилдгийн шилдэг видео тоглоомууд | News.MN

2009 оны шилдгийн шилдэг видео тоглоомууд

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

2009 оны шилдгийн шилдэг видео тоглоомууд

Видео тоглоомын салбар хүрээгээ тэлэн өргөжиж, борлуулалт нь Холливудын кино урлаг, хөгжмийн CD-ний борлуулалтыг ч давах болсон билээ. 2009 оны хувьд компьютер, тоглоомын консол, зөөврийн тоглоомын хэрэгсэлд зориулагдсан гээд 1500 гаруй том, жижиг, янз бүрийн төрөл жанрын видео тоглоом худалдаанд гарчээ. Тийм ч учраас оны шилдгийг тодруулна гэдэг чамгүй бэрх даваа байсан бөгөөд тоглоомын төрлөөр нь ангилан шилдгийг тодруулсныг тоглоом сонирхогчдодоо зориулан хүргэе.

Байлдаан, тулааны сэдэвт шилдэг тоглоом:

“Activision” студийн бүтээсэн “Call of Duty: Modern Warfare 2” тоглоом нь Microsoft-ын Xbox 360, Sony-гийн PlayStation-3 болон PC-нд зориулсан “М” ангиллын буюу 17-оос дээш насныханд зориулсан тоглоом юм. Афганистан, Рио де Жанейро болон Вашингтон хотод Оросын террористуудтай тулалдах ойрын ирээдүйн цэргийн, байлдааны сэдэвтэй тоглоом бөгөөд ганцаараа тоглож болохоос гадна олуулаа холбогдож, хамтран эсвэл хоорондоо байлдаж тоглож болохуйц тусгай газруудыг багтаасан.

Шилдэг адал явдалт тоглоом:

“Sony” корпорацийн “Naughty Dog” студийн бүтээл “Uncharted 2: Among Thieves” тоглоом нь 2009 онд гарсан хамгийн сонирхол татахуйц, адал явдалт, экшн төрлийн, “Т” ангиллын буюу 13-аас дээш насныханд зориулсан видео тоглоом юм. PlayStation тоглоомын консолд зориулан цувралаар гарч байгаа энэ тоглоомд гол дүр болох Натан Дрейк ер бусын хүч чадал бүхий домогт эрдэнэсийн эрэлд мордоно. Ганцаараа тоглож болохоос гадна нэгээс дээш тооны тоглогчид нэгэн зэрэг тоглох боломжтой бөгөөд яг л интерактив киноны од болсон юм шиг сэтгэгдэл төрүүлэх гэнэ. Энэхүү тоглоом мөн Spike TV-гийн видео тоглоомын шилдгийг шалгаруулах ёслолоос “Оны шилдэг тоглоом”-ын шагнал хүртжээ.

Шилдэг платформ тоглоом:

Хүүхэд багачуудын сэтгэлийг эзэмдсэн “Nintendo”-гийн шилдэг бүтээл болох “New Super Mario Bros. Wii” 49.99 ам.долларын “E” ангиллын буюу зургаагаас дээш насныханд зориулсан, хөгжилтэй, зугаатай тоглоом юм. Алдарт Mario-гийн шинэ хувилбарт тоглоомын гол баатар хулгайлагдсан гүнжийг аврахын тулд дэлгэцийн зүүн талаас баруун тал руу гүйж, үсэрч, замдаа зоос цуглуулан, тусгай өмсгөл өмсч, мөн нууц зүйлсийг илрүүлэх юм. Онцлог нь, дөрвөн тоглогч нэгэн зэрэг тоглох боломжтой.

Шилдэг хөгжмийн тоглоом:

Тоглоомын савлагаанд багтсан эвхэгддэг, утасгүй удирдлагын тусламжтайгаар төрөл бүрийн аялгуу, авиа үүсгэх боломжтой “Activision” компанийн “DJ Hero” тоглоом нь 119.99 ам.долларын үнэтэй ба Xbox 360, PlayStation 2/3 болон Nintendo Wii-д зориулагджээ. 2009 онд видео тоглоомын салбарыг, тэр тусмаа хөгжмийн сэдэвт тоглоомыг байлдан дагуулсан “DJ Hero” хамгийн шинэлэг, хувьсгал хийж чадсан тоглоом болсон юм. Хоёр огт өөр дууг хооронд нь хольж хутган уусгаж, цоо шинэ дуу үүсгэх бөгөөд бүжгийн талбайд цугласан бүжигчдэд дуугаа хүргэх ёстой. Түүнчлэн нэгээс дээш тоглогч тоглох боломжтой ба гитар, микрофон зэрэг нэмэлт хэрэгслийг тоглоомын явцдаа шинээр илрүүлж, мөн шинэ дүр төрх бүхий DJ-г бий болгох юм.

Шилдэг спорт тоглоом:

Энэ жилийн хувьд цөөнгүй тооны спорт сэдэвтэй тоглоом хэрэглэгчдийн гарт очсон ч “EA Sports” багийнхны бүтээсэн “FIFA Soccer 10” видео тоглоом нь маш олон төрлийн горимтой бөгөөд дүрслэл, график, удирдлага, тоглогчдын гадаад төрх, тэдний давуу тал зэргийг төгс шийдсэн учир яахын аргагүй тоглоом сонирхогчдыг байлдан дагуулжээ.

Шилдэг стратегийн тоглоом:

“PopCap Games” студийн бүтээл “Plants vs. Zombies” тоглоом энгийн боловч тун сонирхолтой. “Цамхаг хамгаалах” стилийн энэхүү стратегийн тоглоом нь өөрийнхөө оромжийг зомби нараас хамгаалах гол үүрэгтэй. Харин тактикийн хувьд тэдгээр зомбиг устгахын тулд тоглогч хамгийн тохиромжтой ургамал, цэцгийг тун ухаалгаар сонгох ёстой юм.

Шилдэг уралдааны тоглоом:

“Microsoft Game Studios”-ын “Forza Motosport 3” видео тоглоом 2009 оны шилдэг уралдааны тоглоомоор тодорчээ. 400 гаруй мөрөөдлийн автомашины жолооны ард сууж, дэлхийн өнцөг булан бүрт орших 100 гаруй бодит уралдааны талбараар давхилдах боломжтой энэ тоглоом нь зөвхөн “Microsoft” корпорацийн Xbox-360 тоглоомын консолд зориулагдсан байна. Тоглогчид өөрийн хүссэнээр автомашинаа тоноглож, өөрчлөх боломжтойгоор өөрийн гэсэн багаа бүрдүүлж, онлайнаар бусад хүмүүстэй холбогдон уралдах боломжтой юм.

С.Цэлмэг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-04-06 202.179.20.220

ene jiliin garah CALL OF DUTY BLACK OPS INN TUHAI MEDEELEL BICHEJ OGOOCH GUUY PLS PLS

Avatar

Зочин 2010-04-06 81.153.58.46

TANY HETEVCH TANYG TODORHOILNO MONGOLD ANH UDAA MATAR MOGOI STINGRAY-SUVDAN ZAGASNY ARISAN TURIIVCH TELEE TSUNK HUDALDAJ BNA VIVA SHOP SKY TALST 91195733 95353568

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж