АНУ-ын чип үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Intel болон график карт боловсруулагч NVidia-ийн хооронд үүсээд байсан патентын маргаан шийдэгдэж, Intel-ээс NVidia-д лицензийн төлбөр төлөхөөр болжээ.
Тус хоёр компаний 2004 онд байгуулсан гэрээний дагуу Intel өөрийн чипний технологийг ашиглах зөвшөөрлийг NVidia-д олгосны дараа патентын маргаан дэгдсэн байна. Улмаар 2009 оны хоёрдугаар сард Intel NVidia-г лиценз ашиглалтын төлбөр төлөх ёстой хэмээн шүүхэд өгсөн ч, нэг сарын дараа NVidia 2004 оны гэрээний дагуу лиценз эзэмшиж байгаа тухайгаа мэдэгдэж Intel-ийг хариу шүүхэд өгсөн байна.
Удаан маргалдсаны дараа хоёр компани сая ойлголцолд хүрч, Intel 1,5 тэрбум ам.долларыг ирэх таван жилийн лиценз ашиглах төлбөр болгож NVidia-д төлөхөөр болжээ.
Б. Энхцэцэг