Мөнгөний нийлүүлэлт өмнөх оноос 62,5 хувь өсчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Мөнгөний нийлүүлэлт өмнөх оноос 62,5 хувь өсчээ

Үндэсний статистикийн хороо өнгөрсөн оны нийгэм, эдийн засгийн байдлын нэгдсэн дүнг урьдчилсан байдлаар сэтгүүлчдэд мэдээллээ. Хэвлэлийн бага хурлыг хорооны тэргүүн дэд дарга Г.Гэрэлт-Од, Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Б.Бадамцэцэг, Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга Д.Оюунчимэг нар хийв.

Тус хорооноос гаргасан мэдээгээр хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс улсын хэмжээнд 13, Улаанбаатарт 14,3 хувийн өсөлттэй байна. Инфляцийн жилийн дундаж төвшин хоёр оронтой тоонд шилжиж 10,1 хувь болжээ. Ерөнхий индекс ийн өсөхөд хүнсний барааны үнийн өсөлт нөлөөлсөн байна. Өмнөх сард улсын хэмжээнд инфляци 2,4 хувь өссөн нь махны үнээс хамаарсан гэнэ. Тухайн сард хонь, ямааны махны экспорт өмнөх үеэс нэмэгдсэн нь махны үнэ болон инфляцид нөлөөлсөн байна. Монголбанкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн оны эцэст 4680,0 тэрбум төгрөг болж өмнөх сарынхаас 740,4 тэрбум төгрөг буюу 18,8 хувь, өмнөх оныхоос 1800,0 тэрбум төгрөг буюу 62,5 хувь өсчээ.

Амаржсан эхийн тоо буурав

Эрүүл мэндийн яамны мэдээгээр өнгөрсөн онд 65.7 мянган эх амаржиж, 65.9 мянган хүүхэд төрсөн байна. Амаржсан эхийн тоог өмнөх оныхтой харьцуулахад 2.9 мянга буюу 4.2 хувиар буурчээ. Улсын хэмжээгээр 1-5 хүртэлх насны 347 хүүхэд эндсэн нь өмнөх оныхоос 107 хүүхэд буюу 44.6 хувиар нэмэгдэж, нэг хүртэлх насандаа 1275 хүүхэд эндэж, 111 хүүхдээр буюу найман хувиар буурчээ. Энэ хугацаанд жирэмслэлт болон төрөлтийн улмаас 30 эх эндэж, өмнөх оныхоос 26 эх буюу 46.4 хувиар буурчээ.

Ажилгүй иргэдийн тоо өсчээ

Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-т бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн оны эцэст 38.3 мянга болж, өмнөх оныхоос 173 хүнээр буюу 0.5 хувиар өсчээ.  Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оныхоос Улаанбаатар хот (1411 хүн), Төв (609 хүн), Өмнөговь (495 хүн), Завхан (426 хүн), Архангай (308 хүн), Дундговь (294 хүн), Ховд (199 хүн), Хэнтий (142 хүн) өссөн нь ажилгүй нийт иргэдийн тооны өсөлтөд голлон нөлөөлсөн байна.

Үндэсний статистикийн хороо ажиллах хүчний мэдээллийг ирэх гуравдугаар сард нэгтгэн эцсийн байдлаар гаргах гэнэ. Одоогийн байдлаар хөдөө орон нутгаас мэдээлэл цуглуулах ажил хийгдэж байгаа гэнэ.

“Хүний хөгжил сан”-гаас 276 тэрбум төгрөг олгожээ

Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээгээр нийгмийн даатгалд 2010 оны эцсийн байдлаар 576.0 мянган хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 356.7 мянга буюу 61.9 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагаас, 219.2 мянга буюу 38.1 хувь нь төсөвт байгууллагаас шимтгэл төлсөн байна.   Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ өнгөрсөн онд 360.5 тэрбум төг болж, үүний 73.6 хувийг өндөр настны, 12.6 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, 7.1 хувийг тэжээгчээ алдсаны, 6.7 хувийг цэргийн тэтгэвэр эзэлж байна.

Харин Нийгмийн халамжийн тэтгэвэрт онд 56.7 мянган хүн хамрагдсан нь өмнөх оныхоос нэг мянган хүн буюу 1.8 хувь, олгосон тэтгэврийн хэмжээ 2.8 тэрбум төг буюу 11.2 хувиар нэмэгдсэн байна. “Хүний хөгжил” сангаас иргэн бүрт 120 мянган төг олгохоор шийдвэрлэсний дагуу 2.6 сая иргэнд 276 тэрбум төгрөг олгожээ.

ДНБ-ий хэмжээ өсөв

Үйлдвэрлэлийн аргаар тооцсон ДНБ-ий хэмжээ 2010 оны урьдчилсан гүйцэтгэлээр, оны үнээр 8255.1 тэрбум төгрөг, 2005 оны зэрэгцүүлэх үнээр 4154.0 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос оны үнээр 25.3 хувь, зэрэгцүүлэх үнээр 6.1 хувиар тус тус өслөө.  ДНБ-ий 2010 оны дээрх өсөлтөд бөөний болон жижиглэн худалдаа; машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбар 23.4 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбар 11.3 хувь, уул уурхай, олборлох салбар 6.3 хувь тус тус өссөн нь голлон нөлөөлж байна.

Эцсийн ашиглалтын аргаар тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2010 оны урьдчилсан гүйцэтгэлээр 8420.7 тэрбум төг болж, өмнөх оныхоос 1852.3 тэрбум төг буюу 28.2 хувиар өссөн байна. Уг өсөлтөд эцсийн хэрэглээ болон нийт хуримтлал нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.

Б.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж