Инфляци Улаанбаатарт 14,3 хувь байна гэв

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Инфляци Улаанбаатарт 14,3 хувь байна гэв

Үндэсний статистикийн хороо өнгөрсөн оны нийгэм, эдийн засгийн байдлын нэгдсэн дүнг урьдчилсан байдлаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Хэвлэлийн бага хурлыг хорооны дэд дарга Г.Гэрэлт-Од болон бусад газрын дарга, мэргэжилтнүүд хийв.

Тус хорооноос гаргасан мэдээгээр хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс улсын хэмжээнд 13, Улаанбаатарт 14,3 хувийн өсөлттэй байна. Инфляцийн жилийн дундаж төвшин хоёр оронтой тоонд шилжиж 10,1 хувь болжээ. Ерөнхий индекс ийн өсөхөд хүнсний барааны үнийн өсөлт нөлөөлсөн байна. Инфляци өнгөрсөн жилийн эхний таван сарын байдлаар улирлын шинжтэй өсч, харин өнгөрсөн жилийн дундуур буурчээ. Харин сүүлийн гурван сар эргэн өсөх хандлагатай болсон нь улирлын шинж чанартай хүнсний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлттэй холбоотой байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард улсын хэмжээнд инфляци 2,4 хувь өссөн нь махны үнээс хамаарсан гэнэ. Тухайн сард хонь, ямааны махны экспорт өмнөх үеэс нэмэгдсэн нь махны үнэ болон инфляцид нөлөөлсөн байна.

Монголбанкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн оны эцэст 4680,0 тэрбум төгрөг болж өмнөх сарынхаас 740,4 тэрбум төгрөг буюу 18,8 хувь, өмнөх оныхоос 1800,0 тэрбум төгрөг буюу 62,5 хувь өсчээ.

Б.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж