Худалдан авалтыг хэтрүүлэх дутагдал гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Худалдан авалтыг хэтрүүлэх дутагдал гарчээ

Төрийн өмчийн хороо /ТӨХ/ саяхан төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын өнгөрсөн оны ажлыг дүгнэж, алдаа оноог нь цэгнэжээ. Үүнд төрийн өмчийн оролцоотой, хамтарсан гэхчилэн бүхий л үйлдвэрийн газрууд багтсан байна. Энэхүү шалгалтын талаар ТӨХ-ны төрийн өмчийн бүртгэл, хяналт шалгалтын газрын дарга Б.Сүхбаатартай уулзаж ярилцлаа.

-Шалгалтад нийт хичнээн үйлдвэр, компани багтсан бэ. Шалгалтын үр дүнд сэтгэл хангалуун байж чадаж байгаа юу?

-Өнгөрсөн онд Төрийн өмчийн хороо 100 гаруй төрийн өмчит компани үйлдвэрийн газрыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажилласан. Үүн дотор үйлдвэрийн газар 24, хамтарсан үйлдвэр зургаа, төрийн өмч давамгайлсан хувьцаат компани гурав, төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани зургаа, төрийн өмчит хувьцаат компани 39 байсан. Эдгээр үйлдвэр, компаниуд улсын төсөвт 73,2 тэрбум төгрөгийг орлогын албан татвараар, 99,2 тэрбум төгрөгийг ногдол ашгаар төлсөн байна. Нийтдээ 172,4 тэрбум төгрөгийг дээрх хоёр төрлийн татвараар улсын төсөвт төвлөрүүлнэ гэдэг чамлахаар тоо биш юм. Энэ нь 2008 оны дүнгээс орлогын албан татвар 47 хувиар, ногдол ашиг 3,6 дахин өссөн үзүүлэлттэй гарсан. 100 гаруй байгууллагын хөрөнгийн дүнг авч үзвэл хоёр их наяд 690 тэрбум төгрөгт хүрээд байгаа юм. Энэ нь оны эхнээс 10 хувь өссөн гэсэн үг юм. Түүнчлэн 2009 онд төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын авлагын хэмжээ 59 тэрбумаар, өглөг 86,2 тэрбумаар буурсан байна. Авлага, өглөгийг бууруулахад “Эрдэнэт” УБҮ, Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэр, Мэдээлэл харилцаа холбоо, сүлжээний газар, “Монголросцветмет”, Багануурын уурхай зэрэг газрууд хүчин чармайлт гарган ажилласан нь нөлөөлсөн. Ганцхан жишээ хэлэхэд Мэдээлэл харилцаа холбоо сүлжээний газар л гэхэд өнгөрсөн онд хоёр тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол энэ жил хоёр тэрбум төгрөгийн ашигтай ажилласан.

-Шалгалт гэдэг ололт гадна алдаа оноог нь дүгнэн цэгнэдэг. Төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын хувьд шахааны бизнес их байдаг гэдэг. Энэ талын зүйлс ажиглагдсан уу?

-Шахааны бизнес гэдгийг шахан гаргах цаг хэдийнэ болсон. Энэ ойлголтыг халахын тулд хяналт шалгалтын нарийн чанд явуулж байна. Төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудад түгээмэл ажиглагдаж байгаа нэг дутагдал бол худалдан авалтыг хууль зөрчин явуулах зөрчил юм. Төлөвлөөгүй худалдан авалт хийх, төлөвлөснөөс хэтрүүлэн худалдан авалт хийх зэрэг дутагдал нийтлэг ажиглагдлаа. Мөн байгууллагууд дээр эргэлтийн хөрөнгийн үлдэгдэл маш их байна. 33 байгууллагад хийсэн шалгалтаар 97,1 тэрбум төгрөгийн бараа материалын үлдэгдэл бүртгэгдлээ. Зарим байгууллага хууль буруу хэрэглэснээс 3,8 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Үүний 2,7 тэрбум төгрөгийн хөрөнгийг батлагдсан төсөвт өртгөөс хэтрүүлсэн бол 1,1 тэрбум төгрөгийн төлөвлөөгүй худалдан авалт хийсэн байна.Эдгээр байгууллагын удирдлагуудыг цалингийн 20 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийн арга хэмжээ авлаа. Түүнчлэн худалдан авалтын тайлангаа ирүүлээгүй, мэдээллийг Сангийн яамны вэб сайтад байршуулаагүй зэрэг 12 байгууллагын удирдлагад сануулах арга хэмжээ аваад байна.

-Зөрчил дутагдалгүй амжилттай ажилласан байгууллагаас нэрлэвэл?

-Үнэт цаас төлбөр тооцооны төв, Оргил рашаан сувилал, Дарханы Дулааны цахилгаан станц, зам арчлалтын компаниуд гэхчилэн газруудын  ажлын үр дүн өндөр гарсан.

-Нийт төрийн өмчит үйлдвэр, компаниудаас гадна төрийн өмчийн оролцоотой хэчнээн байгууллага байдаг вэ.?

-Дээрх 100 гаруй  байгууллагаас гадна мянга гаруй төрийн өмчит байгууллага бий. Эдгээрийн олонх нь төсвийн байгууллагууд юм.

-Төрийн өмчийн хорооны хамгийн сүүлийн хуралдаанаар төрийн өмчит компаниудыг хөрөнгийн зах зээлд гаргах талаар шийдвэр гаргасан гэсэн. Энэ талаар тодруулмаар байна?

-Төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх талаар олон талт ажил төлөвлөсний нэг нь төрийн өмчит компаниудыг хөрөнгийн зах зээлд гаргах юм. Энэ жилээс Концессийн хуулийг мөрдөн ажиллаж байгаа. Энэ бүхний хүрээнд  хэд хэдэн асуудлыг журамласан. Үүнд худалдан авах ажиллагааны тайланг хугацаанд нь гаргах, үр дүнг цаг тухайд нь мэдээлэх, өртөг зардлыг хэтрүүлэхгүй байх хатуу үүрэг даалгавар өгсөн. Түүнчлэн аюулгүйн нөөцийг бүрэн бүрдүүлэх, байнгын нөөцийн норматив тогтоох, эргэлтийн хөрөнгийн үлдэгдлийг эмхэлж цэгцлэх, барагдуулах ажлыг эхний хагас жилд хийж хэрэгүүлэх юм. Түүнчлэн төрийн өмчит компанийг хөрөнгийн зах зээлд гаргах, компанийн засаглалыг бэхжүүлэх, төрийн өмчит компанийн удирдлагыг тендерийн шалгаруулалтаар томилох, ТУЗ-д хараат бус гишүүн ажиллуулах зэрэг өөрчлөлтүүдийг энэ онд нэвтрүүлнэ. Мөн төрийн өмчит компаниудад баруунй менежментийг нэвтрүүлж, удирдлагын ажлыг дүгнэх байдлыг уян хатан болгох, тэнцвэржүүлсэн үнэлгээний системийг нэвтрүүлэхээр болж байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж