Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Жон Фрамыг иртэл шүү

Номхон далайн Солмоны  арлуудын урдхан    Ванаүти  хэмээх  бүлэг арлаас бүрдсэн   жижигхэн  улс бий.   Тэр  улсын  нэгэн  тосгоныхон   Жон Фрам гэгч америк нөхрийг хүлээсээр 100  жилийг үджээ.   Номхон далайн  олон жижиг арлуудын нэгэн дээр нь  орших энэ бяцхан  тосгонд  1910 хэдэн оны үед  америк цэргүүд ирж гэнэ.   Цэргүүд  жийнс гэгч хувцас өмсч, бохь зажилж, коко кола ууж байхыг  омгийнхон нүдээрээ  үзжээ.  Амьдралдаа ийм юм эдэлж хэрэглэх нь байтугай нэрийг нь сонсч, барааг нь ч хараагүй тэд унаж тустлаа гайхалгүй яахав. Сүрлэн банзлаар гангарч,  жад, хутгаар  зэвсэглэн наргил модны самар, шош, буурцаг, зэрлэг төмс, загас төдийхнөөр  хооллодог байсан “Нутгийн индиануудад” америкчуудын эдэлж  хэрэглэж байгаа нь гайхамшиг, өөрсдөө ч  чухам л тэнгэрийн элч мэт санагджээ. Цэргүүдийн ахлагчийг Жон Фрам гэдэг байв.  
Мэлэрч гайхахаас  өөрийг мэ­дэхгүй “тэрэгч Лувсангуудад”  америкчууд их л нигүүлсэнгүй хандаж. Зэр зэвсгээ  гайхуулан бүр зарим нэгээр нь буудуулж хүртэл үзүүлжээ. Өмсч явсан цэргийн хувцаснаасаа илүүчилж, ганц нэг урагдаж элэгдсэн  жийнсээ тайлж өгөх зэргээр “халамжлав. “Хүн төрөлхтний соёл  иргэншлээс  хэдэн мянганаар  хоцорсон ширэнгийн  зэрлэгүүдэд  гэм хийгээгүй байна. Цэргүүдийн  эдлэл хэрэглэл юухан   ч  болов  тэдний гайхшралыг нь барж байв. Ингэж “соёлыг гайхахыг” нь  харж    шоолж инээлдэнэ.  Тэр дунд  Жон Фрам гэгч шаггүй марзан нөхөр байх. Мань эр тэднийг цаашлуулж  өөрийгөө бурхны элч хэмээн ойлгуулж өмнөө сөхрүүлж суулгаад тэдний мэдэхгүй  хэлээр орилж   гуагчин дүвчигнэдэг байж.  Бас ч гэж байнга марзаганаад байсангүй ан авд хамт явж,   хурдан буу ч бэлэглэсэн гэнэ. Ер нь юм юм л зааж өгсөн юм даг уу даа.  Ингэсээр нэг л мэдэхэд америк цэргүүд  буцаж  нутгийнхан  халуун ам бүлээрээ үлдэв. Салж одохдоо   Жон Фрам гуай “Эргэж ирээд нутаг орныг нь хөгжүүлж цэцэглүүлнэ”  хэмээн марзганасан байна.   Энэ омгийнхны нэгэн домогт үл мэдэгдэх  газраас бурхны элч олон дагуулуудтайгаа ирж,  омгийн дайчдыг ивээх бөгөөд тэр нь ан ав, цэрэг дайны сахиусан тэнгэр  болох учиртай гэнэ. Ингээд омгийнхон  домогт гардаг ивээн тэтгэгч бурхны элчийг Жон Фрам мөн хэмээн итгэж түүнийг хүлээх болсон гэнэ. Тус  омгийнхон  ердөө  100 хүрэхгүй хүн амтай.  Гэхдээ л тэд  1930-аад оноос хойш түүнийг тэвчээр заан хүлээсээр  байгаа.  Жилийн нэг өдрийг “Жон Фрамыг хүлээх өдөр” хэмээн нэрлэж баяр болгон тэмдэглэдэг уламжлал тогтоов.   Тэр өдөр нутгийн эрчүүд бүгд хөгшин хөвөөгүй нүцгэн цээжин дээрээ улаан  будгаар U.S.A гэж бичээд модон жад барин жагсч бас  бэлхүүсний  бүжиг бүжнэ. Дайтаж намнаж байгаа үйл хөдөлгөөн дүрслэн ширэнгийн бүжгээ ч мартахгүй нэг ёсны шоурхуу юм  хийдэг аж. Сүрлэн урцнуудынхаа гадна Америкийн жижигхэн далбаа хатгаж,  эр, эмгүй “Америк мандтугай”, “Жон Фрам мандтугай”гэж хамаг чангаараа   орилолдоно.   Омгийн ахлагч тэртээ  1910 хэдэн  онд америк цэргүүдийн үлдээгээд явсан гэх   хуучирсан  офицер хувцсаар гангарч “цэргүүдийнхээ” өмнүүр их л ихэмсэг алхана.   Тэд хэзээ нэгэн цагт Жон Фрам эргэн ирж тэднийг хайр ивээлдээ авах бөгөөд  тэр цагт өчүүхэн жижиг омгийнх нь нэр хүнд  цуурайтаж  юу юунаас илүүтэй айлгаж байгаа цус ойртох өвчин илааршиж дэлхийг  байлдан дагуулна гэдэгтээ  эргэлзэхгүй итгэдэг. Омгийн ахлагч BBC-д “Бид Жоныг ердөө 100 жил л хүлээж байна. Цаашдаа ч хүлээнэ. Тэр заавал ирнэ. Тэр цагт  манай омгийн уламжлал, соёл заншил устахгүй бөгөөд бид дэлхий дахинаа хүчирхэг гүрэн болно”хэмээн итгэл төгс  ярьжээ. Хоёр жилийн өмнө  Христийн номлогчид тэдэн дээр очиж ойн гүнээсээ гарч далайн эрэг дээр очин хүн төрөлхтний  хөгжил дэвшилтэй  хөл нийлүүлэн амьдрахыг гуйсан боловч тэд татгалзжээ. Дэлхийн хөгжлийг дагаад явчихвал ёс заншлаасаа холдчих аюул нүүрлэж байгааг удаан бодсоны эцэст  олж тогтоож. Тэгээд л нөгөөх  Жон Фрамаа иртэл ойн гүндээ хүлээнэ гэдгээ хэлсэн байна. Дэлхийн  газрын зураг дээрээс  удтал хайж  олох  энэ жижиг улсын бяцхан омгийнхон Америк хэмээх бурханд итгэж, Жон Фрам гэдэг бурхны элчийг хүлээсээр зэрлэг бүдүүлэг хэвээрээ л амьдарч байдаг аж. Америк цэргүүдийн зажилж байсан шүлстэй бохийг ам  дамжуулан амтархан зажилж, элэгдэж хуучирсан  цэргийн дүрэмт хувцсыг нь шүтээн болгон хадгалж, гартаа галт зэвсэг биш  модон жад барьж яваа тэдний нүдний зөрүү арилж хорвоог үнэнээр нь таньтал дахиад хэдэн жилийн хүлээлт хэрэгтэй  юм бүү мэд.  Америк гэж ямар улс байдгийг, Жон Фрам гэгч хэн болохыг мэдэхгүй атлаа тэднийг аврагч хэмээн итгэх тэр зэрлэг омгийнхон  өдгөө дэлхийн газар зүйн сувгийн гайхалтай нэгэн үзмэр болон хувирчээ. Гэхдээ тэд бас манайхантай тун төстэй зүйл яриад байгаа нь анхаарал татлаа.  Өв соёл, зан заншил гээд байгаа ойн гүн, сүрлэн банзлаа  хэвээр нь хадгалахын тулд орчин үеийн соёл иргэншлээс татгалзжээ.  Бас орчлон дэлхийг таньж  хэн нь хэн бэ гэдгийг төсөөлөх ч үгүй  атлаа зажилсан бохио амнаасаа  авч өгсөн зальтай америк  эрийг бурхан болгон тахив.  Юу ч мэдэхгүй бүдүүлэг харанхуйгаар  нь далимдуулан  элэг доог хийн   тэдэнд тохирсон үлгэр ярьж байгаад явчихсан нөхдийг хамгийн сайн хүн хэмээн итгэж хоцорч. Хамгийн сонирхолтой нь тэд “Жон Фрам” хөдөлгөөн байгуулж үүнийгээ Үндэсний нэгдсэн хөдөлгөөн хэмээн зарлаж бусад омгуудаа татан оролцуулахыг эрмэлздэг гэж байгаа.  Тэдэнтэй хаяа нийлэн орших жижигхэн омгууд  уг  хөдөлгөөнд нэгдсэн бөгөөд бүгд соёлт амьдралаас татгалзаж  ойн гүндээ амьдран суухаар тохиролцжээ.  Гэхдээ Жон Фрамыг иртэл шүү…

Л.МӨНХБАЯСГАЛАН


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж