Малаа эрүүлжүүлж үүлдэр угсааг сайжруулна

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Малаа эрүүлжүүлж үүлдэр угсааг сайжруулна

“Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд Завхан аймагт мал сүргийг эрүүлжүүлэх ажил амжилттай зохион байгуулагдлаа. Өнгөрсөн онд давхардсан тоогоор халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Завхан аймагт 5.5 сая мал, паразиттах өвчнийг эмчлэн сэргийлэхэд 703.8 мянган мал хамрагдаж өвчний шалтгаанаар хорогдсон мал өмнөх оныхоос 1.5 хувиар буурсан байна. Мөн аймгийн мал сүргийг бруцеллёз өвчнөөс эрүүлжүүлэх төслийн хүрээнд 100.6 мянган үхэр, 2.1 сая хонь, ямааг вакцинжуулалтанд хамруулан үр дүнгийн шинжилгээ хийхэд бруцеллёз өвчний дархлаажуулалт 95.0 хувьтай байна.
Энэ ажил цаашид 2-3 жил үргэлжлэх учир сум, багийн Засаг дарга нар ялангуяа шинээр зохион байгуулагдсан “Мал эмнэлэг үржлийн тасаг”-аас тавих хяналтыг өндөржүүлэн ажиллаж байна. Малаа бруцеллёз өвчнөөс эрүүлжүүлж чадвал гадаад зах зээлд малын мах гаргах боломж нээгдэнэ хэмээн холбогдох албаныхан үзэж байна.

Мөн мал эмнэлгийн албадуудаас малын гоц халдварт өвчнийг эрт илрүүлэх зорилгоор өвчний тандах судалгааг өргөн хүрээнд хийж байгаа. Энэ хүрээнд аймгийн 20 суманд үүлдэр, омгийн хуц 740, ухна 245-ыг бэлтгэн нийлүүлэгдсэн нь малын чанарыг сайжруулах, сүргийн нөхөн үйлдвэрлэл хэвийн явагдах боломжийг дээшлүүллээ. Буурал омгийн ямааг үүлдэр болгох, Сартуул үүлдрийн хонийг үндсэн сайжруулагчаар баталгаажуулах талар мал аж ахуйн мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаач нартай хамтран ажиллах ажиллагаанд ахиц гарч байна.

Б.Мягмарсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж