Quiza: Би дуулах дуртай,сайн ойлгосон

Хуучирсан мэдээ: 2010.02.27-нд нийтлэгдсэн

Quiza: Би дуулах дуртай,сайн ойлгосон

Дуучин Quiza буюу Бавуугийн Батцэнгэлтэй ярилцлаа.

-Завгүй л яваад байна уу. Тоглолтоо хийх гэж байгаа гэж сонссон?
-Тийм
ээ, гэхдээ тоглолтоо бага зэрэг хойшлуулахаар болсон. Уг нь дөрөвдүгээр
сарын сүүлчээр хийнэ гэж байсан чинь жаахан асуудал гарлаа.

-Ямар асуудал?

-Ивээн тэтгэгчээ олоогүй байна. Тоглолт хийхэд мөнгө хэрэгтэй шүү дээ.

-Тэгэхээр тоглолтын тов тодорхой бус гэсэн үг үү?

-Үгүй
ээ, би хийнэ гэж бодсон зүйлийнхээ үр дүнг ихээр бодож хоёр сарын дотор
л хардаг. Тэгэ­хээр нэг их хойшлуулах бодолгүй байна. Тавдугаар сарын
эхээр тоглолтоо хийж болно байх аа.

-Итгэлтэй байна уу?

-Тэгэлгүй яах вэ.

-www.quiza.mn
гэсэн веб хуу­дас руу чинь ороход нэг дууны чинь клипний зохиолыг хууль
ч Х.Тэмүүжин бичсэн гэсэн мэдээ байна лээ. Бага зэрэг гайхсан шүү?

-Яагаад.

-Олон
хүн Х.Тэмүүжин хууль­чийн дэвшүүлсэн санаануудыг сонирхож, анхаарлаа
хандуул­даг. Тэр манай шилдэг залуу хуульчдын нэг нь. Яагаад Quiza-тай
хамтрах болов гээд л?

-Их сургуульд сурч байхад ма­най ангид
хичээл ордог байсан. Харин сүүлд Либертари сангийн шугамаар илүү сайн
танилцсан юм. Өнгөрсөн зун Либертари сан­гаас хүүхэд залуучуудад
либертари үзлийг сурталчилж, таниулах зо­рил­гоор зуны сургалт зохион
бай­гуулсан. Намайг тэдэнд урлагийн тухай чөлөөт ярилцлага хийхийг
Х.Тэмүүжин санал болгосон. Мөн нэг удаа түүний ярьж байсан зо­хиол их
таалагдсан. Тэгээд л “Бу­руу” гэдэг дуундаа клип хийлгэхдээ тэр
зохиолоос санаа авах бодол төрсөн. Манайханд өөрийн бурууг өрөөлд
тохдог, өрөөлийн асуудлыг өөрийнхөө толгой дээр үүрдэг тийм жишиг
байдаг даа. Энэ нь өнөөд­рийн нийгмийн харилцаанд хэвийн үзэг­дэл
болчихсон. Яг л шу­муул­наас болж дайн дэгддэг үлгэртэй адил нэг хүн
цонхоороо тамхины иш хаяснаас болж ямар их асуудал үүсч байгааг
харуулсан клип.

-Та Либертари сангийн гишүүн юм уу?

-Дуу
бичүүлэх, дуулах энээ тэрээ гээд ажил ихтэй байдаг болохоор үйл
ажиллагаанд нь тэр бүр идэвх­тэй оролцож чаддаггүй. Гэхдээ сангаас
эрхлэн гаргасан номыг бүгдийг нь уншсан.

-Хамгийн сүүлд ямар ном хэвлүүлснийг санаж байна уу?

-Тийм ээ, Кэн Скуландын “Жонатан Гулибэлийн аялал” ном гарсныг нь би уншсан.

-Ямар санагдав?

-Орчуулагчийн
хийсэн тайлбар нь байхгүй байсан бол илүү зүгээр санагдсан. Уншиж
байгаа хүн нь илүү тайлбаргүйгээр өөрийнхөөрөө ойлгох боломжтой байх
байсан болов уу. Үнэндээ би тайлбаруудыг нь орхиод уншчихсан.
Өөрийн­хөө­рөө хүлээж авахыг хүссэн гэх үү дээ.

-Чамайг либертари үзлийн талаар нэлээд ойлголттой гэж болох нь ээ?

-Би
либертари үзлийн үүднээс гэх юм бол өөрийнхөө байр сууриа дуугаараа эрх
чөлөөтэй илэрхийлж байна. Энэ бол давуу тал. Харин үүнээс илүү нэг
давуу тал бий. Тэр нь би дуртай ажлаа хийж, хэлэх гэсэн зүйлээ дуугаар
дамжуулж олон нийтэд хүргэснийхээ төлөө мөнгө олдог. Нэг тийм
тодорхой­лолт байдаг даа. Дуртай ажлаа хийж мөнгө олно гэдэг бол
хамгийн том аз жаргал юм гэж. Мэдээж, мөнгө олохын тулд урлагийн хүн
олны анхаарлыг татах хэрэгтэй. Энэ бол миний амьдрал. Надад таалагддаг.

Харин саяхан Австралийн ур­лаг судлаач Монголд
ирж хип хоп хамт­лагуудын тухай баримтат кино хийсэн. Тэр үеэрээ манай
урла­гийнх­наас та бүхэнд уран бүтээлээ чөлөөтэй хийх эрх чөлөө байна
уу, гэж асуусан байна лээ. Хачир­халтай нь манайхан тэр асуултад
ихэвчлэн эрх чөлөөгүй гэж хариул­сан тухай ярьж байсан. Миний хувьд
бага зэрэг гайхсан. Өөрсдөө ашиглаж ча­дахгүй болохоор ингэж хэлсэн юм
болов уу л гэж бодсон.

-Танд үзэл бодлоо илэр­хий­лэх эрх чөлөө байна, харин сан­хүүгийн хувьд сэтгэл хангалуун байж чадаж байна уу?

-Яалаа
гэж, цэвэр цомог бор­луулж, дуу дуулаад мөнгө олохгүй. Миний орлогын
нэг эх үүсвэр нь хамтлаг дуучдад дууны үг зохиож өгөх. Хамтлаг биш
ганцаараа бие дааж ажиллаж байгаа болохоор тэр талд зав гаргахад илүү
боломжтой байдаг. Би Болдод нэлээд олон дууны үг бичиж өгсөн. Тэгсэн
нэг удаа Болд “Чи уншилгүйгээр нэг гэрээнд гарын үсэг зурчих” гээд
өгөхөөр нь би “Үгүй ээ, ийм юм байж болохгүй” гээд миний үгийг нь
бичсэн дуу бүрээс олж байгаа орлогынх нь таван хувийг авч байхаар
болсон.

-Хатуу гэрээ биш үү гэж үү. Дууны үг үнэд хүрдэггүй гээд байдаг?

-Энэ
бол манай урлагийнхны дунд хийсэн нэг шинэчлэл гэж болно л доо.
Тэгэхээс өөр аргагүй. Зохиогчийн эрх гэдэг хүнийг бүхэл амьдралынх нь
турш тэжээгээд зогсохгүй нас барснаас нь хойш үр хүүхдэд нь 150 жилийн
хугацаанд хадгалагдаж байдаг. Энэ эрхээ эдлэх хэрэгтэй. Яах вэ, олон
хүн надад “Одоо чамаар дууны үг би­чүүлэхгүй дээ” гэсэн чинь харин ч
эсрэгээр. Болд хүртэл нэлээд хэдэн захиалга өгсөн байгаа. Ер нь бол
захиалга ихтэй шүү.

-Үл ойлголцол үүсээгүй юу?

-Болд
бид хоёрын хамтарч хийсэн дуунаас “Яах уу”, “МБ” гэсэн дуу нь
сурталчилгааны зориулалт­тай. Тэр гэрээнээс шууд тооцоод авах
боломжтой. Цомог борлуу­лалтын тухайд Болдын цомог хам­гийн ихээр
борлогдсон. Яг хэд борлогдов, тэндээс нь таван хувийг авна гэсэн чинь
шууд хяналт тавих гэж байна гэж үл ойлгох зүйл гарсан. Гэхдээ бид
өнөөдөр ч гэсэн хамтарч байна. Энэ бол яах аргагүй хийх ёстой зүйл
байсан.

-Дуулахаас өөр тө­лөвлөгөө байсан уу?

-Уг
нь Монголд ирсэн даруйдаа МИАТ-д ажилд орох гэж байсан. Бараг орсон гэж
болно. Хүнд энэ бүтэхгүй бол тэгнэ гэдэг хоёрдахь төлөвлөгөө байдаг.
Түүнийгээ хэрэгжүүлэх гэж үзсэн юм. Даанч үнэхээр таалагдаагүй. Хүн
болгоны өмнө жүжиглэж, худлаа хэлэх шаард­лагатай байдаг юм билээ. Тэгж
ажиллаж, амьдарснаас эрх чөлөөтэй байх нь илүү дээр.

-Ямар ажилд орох гэж байсан юм?

-Нууцалчихая тэгэх үү.

-Харин Чехийн Карлын их сургуульд ямар чиглэлээр сурч байснаа нууцлахгүй биз дээ?

-Яалаа гэж, хөдөө аж ахуйн бизнесийн менежер мэргэжлээр.

-Ямар ажилд орох гэж байсныг нь тааж болох л юм байна?

-Тэр миний дуртай юм биш байсан. Миний хийх дуртай ажил бол дуулах гэдгийг л сайн ойлгосон.

-Чехэд сургуулиа төгссөн үү. Зарим хүмүүс дундаас нь орхисон байдаг?

-Хоёр
жил сурсан. Баклаварын биш дипломын хичээлийг нь үзээд Лондонд ирж
дахин нэг жил англи хэлний сургуульд сурсан. Чехэд өмнө нь хэлний
бэлтгэл гээд нийт­дээ гурван жил суралцсан.

-Ажил хийж байсан уу?

-Чехэд хичээлийн хажуугаар ажил хийх боломж гараагүй. Харин Лондонд ажил хийсэн.

-Лондонд бас гэр бүлтэй бол­сон гэдгийг чинь “Чи бүхнээс илүү” дуу хэлээд өгөх юм билээ. Эхнэртэйгээ тэнд танилцсан уу?

-Монголд байхдаа таньдаг байсан. Харин Лондонд гэрлэсэн.

-Тэр дуу хилийн чана­дад өнгөрүүлсэн амьдралыг чинь шууд л автоматаар хэлээд өгөх юм билээ?

-Манайд
хүний сэтгэлийг хөдөл­гөсөн дуу борлуулалт сайтай бай­даг. Үүний тулд
хүнд гэрэл гэгээ, сайн сайхныг бэлэглэх хэрэгтэй. Гэхдээ тэр бүхнийг
хийсвэр дүрслэ­лээр илэрхийлэх хэрэггүй. Удтал бодож байж бичсэн дуу.
Гэр бүлийн хоёр хүний дунд өрнөдөг энгийн л нэг харилцаа. Ямар нэгэн
илүү дутуу хийсвэрлэл, хэтрүүлэг байхгүй.

-Тэр дуу эхнэрийн чинь тодорхойлолт мөн үү?

-Зөвхөн
минийхээр. Би хүн болгоны эхнэрт зориулаагүй. Мэ­дээж адил төстэй
чанартай хүн олон л байгаа. Тэдэнд дотно санаг­дахыг үгүйсгэхгүй.

-Охин чинь бас Англид төрсөн гэж байсан. Ингэж бүх амьдралаа хүмүүст дэлгэх хэрэг байна уу?

-Миний
охин одоо хоёр настай. Уг нь хүүхдээ олны өмнө ил гарга­хыг хүсээгүй ч
өөрт нь зориулсан “Охин” дуунд тоглуулсан. Амери­кийн хипхопчид миний
хүзүүний зүүлт 10 мянга ам.доллар, би алтан шүдтэй, их үнэтэй гээд л
дуулаад байдаг. Тэр бол хөгжсөн нийгэм. Монгол бол огт өөр. Бид энд
бодит байдлыг дуулж, ойлгуулах хэрэгтэй. Би саяхан хүүхдийн яруу
найргийн тэмцээнд түрүүлсэн хүүхдийн шүл­гийг сониноос уншсан. Тэнд
“онгон сар…шүүдрийн туяа” гээд 70-тай өвөөгийн бичдэг шүлэг тэр чигтээ
явж байгааг хараад гайхсан. Гэтэл 23 дугаар сургуульд сурдаг гэх тэр
зургадугаар ангийн хүүхэд хөдөө гарч үзээгүй. Байгалийн сайхныг
мэдрээгүй гээд бодохоор харам­салтай санагдаж байсан.

-Урлагийнхан дотроо хип хо­пыг доош нь хийсээр байгаа. Тэдний бодлыг эсэргүүцдэг үү?

-Монголд
дуулж байгаа хип хоп хамтлагууд өөрсдөө тийм ойлголт төрүүлсэн. Тэд
танхай харагддаг. Уг нь хөгжиж байгаа оронд урлагийн хүмүүс соёлтой,
боловсролтой байх хэрэгтэй.

-Хип хопчид боловсролгүй гэж үү?

-Үгүй ээ, зөвхөн боловсролгүй л харагддаг. Энэ нь тэд боловс­ролгүй гэсэн үг биш.

-Тэгвэл таны хувь нэмрийг тодорхойлбол?

-Хип хоп урлагийг зөвөөр ойл­гуулахыг зорьж байна. Энэ бол миний үзүүлэх хувь нэмэр.

-Манайхан бие биендээ дүгнэлт хийх дуртай. Quiza-гийн дүнг сонсч болох уу?

-”Татар” хамтлаг хип хопыг боди­тоор нь таниулж чадсан.

-Бусад нь?

-Бусад нь уу, байгаараа л бай­гаа.

-”Бадарчин” дууг чинь сонс­сон. “Люмино”-той толхилцоод байх шиг санагдсан?

-Тэд
миний “Бадарчин” дууг зөвшөөрөлгүй дуулсан. Дээр нь намайг
“Люмино”-гийнхон “Том ах” гэдэг дуугаараа оролдож эхэлсэн. Намайг “Чи
хүний газар шалаа угаагаад байж бай” гэж дуундаа оруулж байхаар хүний
дууг зөв­шөө­рөлгүй дуулчихаад зүгээр л “баярлалаа” гэж хэлж болох
байсан шүү дээ.

-Үүний хариуд заавал “Бадарчин”-г шинээр дуулах байсан юм уу?

-Би
тэднийг муулаагүй, зүгээр шүүмжилсэн. Мэдээж дээр нь би Монголд ирсэн
даруйдаа бусдын анхааралд өртөхийн тулд арай онцгойрох хэрэгтэй байсан.
Үүнд тэр дуу ч дэм үзүүлснийг үгүйс­гэхгүй. Бас нэг зүйл тодруу­лахад
би Лондонд шал угаагаагүй. Харин япон хоолны ресторанд тогооч хийсэн.
Харь улсад хүн өөрийн орон зайгаа олох Монголд ажил­лахаас илүү хэцүү
шүү дээ. Би Лондонд байхдаа Монголд очоод дуулбал амжилт олох болов уу.
Яадаг бол. Яаж олны танил болж, цомгоо борлуулалттай болгох вэ гээд
ихийг бодсон. Бүх юм амар байхгүй нь ойлгомжтой шүү дээ. Одоо бол өөр
хэрэг л дээ.

-Олны танил болсон, амьд­ралаа төвхнүүлсэн гээд л үү?

-Яг
бүх зүйлийг бий болгосон гэж хэлж болохгүй л дээ. Амжихгүй байна.
Хугацаа их шаардах болол­той. Гэхдээ итгэлтэй байна. Дууг минь хүмүүс
сонсч байна. Борлуу­лалт сайтай байна. Удахгүй тоглол­тоо хийнэ. 2000
онд хип хоп тоглол­тыг зуун хүн үзэж байсан бол өнөөдөр гурав, дөрвөн
мянган хүн үздэг болж. Эргэн тойронд сайхан мэдээ олон байна шүү дээ.

Г.ОТГОНЖАРГАЛ /2007.09.27/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж