Үндсэн хуулийн ойг тэмдэглэж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн ойг тэмдэглэж байна

Маргааш буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол улсын шинэ үндсэн хуулийг баталсан өдөр. Улсынхаа хууль цаазын тулгуур бичиг болсон шинэ үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Сүхбаатар аймгийн удирдлагууд Үндсэн хууль батлахад гар биеэр оролцож, оюун санаагаа уралдуулсан иргэдийг өнөөдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

1992 онд Шинэ үндсэн хуулийг баталж орон даяар дагаж мөрдөж эхэлсэн. Хуулийг батлахад аймаг бүрээс төлөөлөл оролцож, 70 гаруй хоног хуралдаж баталсан түүхтэй.

Хууль батлахад Сүхбаатар аймгаас 15 хүн оролцсоны олонхи нь өдгөө нийслэлд амьдарч байгаа тул орон нутагт байгаа хоёр хүнийг төлөөлүүлэн өнөөдөр аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, ИТХ-ын дарга Д.Шижирбаатар нар хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулсан юм. Монгол улсын хүний гавъяат эмч Д.Чулуун, өндөр настан С.Батсүх нар өнөөдөр батлалцсан хуулийн өдрөөрөө хүндэтгэн хүлээн авсанд нь талархаж байгаагаа илэрхийллээ. Мөн нийтээр дагаж мөрдөх хуулиа төрийн өндөрлөгүүдээс эхлээд жирийн иргэд хэрхэн сахин биелүүлж байгаа тухай ч бодлоо хэлсэн юм.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байгаа тохиолдлыг тэд шинэ нийгмийн нөхцөл байдалтай холбон тайлбарласан бол зарим үед хуулиа зөрчих тохиолдол ч гарсаар байгааг нуугаагүй ээ.

Улс үндэстний тусгаар тогтнол, иргэдийн эрх чөлөө, ахуй амьдралд гүнзгий ач холбогдолтой болсон хэмээн олонхи иргэдийн хүлээн зөвшөөрдөг Шинэ үндсэн хууль баталсан өдрөөр Сүхбаатар аймагт өнөөдөр хүчит бөхийн барилдаан болно.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж