Жүжигчин Женнифер Лопез ганц бие эхийн дүрд тогложээ

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Жүжигчин Женнифер Лопез ганц бие эхийн дүрд тогложээ

Жүжигчин Женнифер Лопез ихэр хүүхэд төрүүлснээсээ хойш киноны ертөнцөөс түр холдоод байсан юм. Түүний  ихрүүдийнхээ  болон “Нөөц төлөвлөгөө” хэмээх шинэ киноныхоо  талаар  “Холливуудын гоо үзэсгэлэнгийн нууц” номын зохиолч Синди Перлманд өгсөн ярилцлагаас толилуулж байна. “Хэрвээ би Марк Антонитой учраагүй байсан бол ганц бие ээж болох замыг хэзээ ч сонгохгүй байсан” хэмээн ярьж буй жүжигчин бүсгүй нэгэн шинэ кинонд тоглоод удаагүй  байгаа билээ.

Кино од ээж болох хэцүү байсан уу?

Амар зүйл биш л дээ. Миний ихрүүд одоо 2 нас хүрч байгаа. Ухаан ордог нас нь. Намайг хувцсаа солихыг харчихвал хаалганы хажууд зогсоод “Үгүй ээжээ битгий яв” гэдэг болсон. Тэдний хувьд энэ нь сайн зүйл биш. Би  гэрээсээ гарах бүрдээ  нар жаргасан үед ирнэ гэдгээ мэддэг.

Ихэр хүүхэдтэй болсон гэдгээ мэдээд юу бодсон бэ?

Би ер итгэж чадахгүй байсан. Бүр жирэмсэн гэдэгтээ ч итгээгүй. Тэгээд ийм зүйл хэзээ нэг цагт тохиолдох нь гарцаагүй байсан гэж бодоод инээд алдсан юм. Харин Марк их сэтгэлийн хөдөлгөөнтэй болохоор бүр уйлсан. Гайхамшиг гэж л тэр байсан байх.

Ихрүүдийнхээ талаар ярьж өгөөч ?

Тэд хайрлахгүй байхын аргагүй хүүхдүүд. Янз янзын зүйлд сонирхоно. Их ярьдаг болсон. Одоо ээжийгээ нүүрээ будаж , үсээ янзалж байгааг хараад “Ээж явах гэж байна” гэдэг. 

Саяхан “Нөөц төлөвлөгөө” кинонд тоглосоныг тань хэсэг завсарлаад  байсан кино урлагтаа эргэн ирж байна гэж ойлгож байна?

 Үүнийг эргэн ирэлт гэж хэлж болохгүй байх. Би ердөө л жирэмсний амралтаа авч хажуугаар нь хөгжмөө туурвиж байлаа. Таргалснаас хойш тоглосон анхны кино болж байна. Тоглосон юм аа. Гэртээ  байхад сайхан байна. Гэхдээ одоо ажилдаа буцаж орох цаг болсон.

Уг кинонд та ганц бие эх Зүи –ийн дүрд тоглосон. Түүний дүрийн онцлог юу вэ?

Хамгийн хөгжилтэй нь энэ дүр миний зан араншингаас тэс өөр. Зүид ганцаараа  байх нь хавьгүй дээр байдаг. Харин би ганцаараа байж огт чадахгүй. Гэхдээ би түүн шиг хүмүүст атаархдаг. Хажуудаа түшиж тулах эр хүнгүй хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг эмэгтэй хүнээс маш их зориг тэвчээр шаардана. Би ганц бие эхчүүдийг их хүндэлдэг.

Кинонд зөвхөн эмэгтэй хүний үүрэг хариуцлагын тухай өгүүлдэг. Яагаад тэр вэ?

Уг киноны олон сайн талын нэг нь орчин үеийн хандлага. Бид  дандаа эрчүүдийн үүрэг хариуцлагын тухай ярих дуртай. Харин энэ киноны Зүи бол өвөрмөц эмэгтэй. Бие даасан, гайхалтай хөдөлмөрч. Тэр өөрийн хүрээний эрчүүдээс илүү баян. Ерөнхийдөө энэ кино улиг болсон инээдмийн киноноос огт өөр.

Дахиад  ар гэрийн фронт руугаа оръё. Ихэр хүүхэдтэй байхын сайн, муу тал нь юу юм бэ?

Сайн нь их байлгүй яах вэ. Амьдрал тань бүхлээрээ өөрчлөгддөг. Хүн өөрт нь ямар их хайр байдгийг анх удаа мэдэрдэг. Би арай эрт үүнийг мэдрэхгүй яав даа гэж хааяа боддог. Гэвч энэ бол надад хүртээсэн хувь тавилангын хишиг. Миний санааг зовоодог зүйл бол хүүхдүүдийнхээ аль нэгийг нь хайраар дутаах вий гэж айдаг. Чихэр өгсөн ч тэнцүү хувааж өгөх хэрэгтэй болдог .Нэгийг нь үнсвэл нөгөөг нь заавал үнсэнэ. Нэгийг нь тэврэхэд нөгөө нь нуруунаас зүүгддэг. Энэ л хамгийн гайхалтай.

Таны “Хайр” нэртэй шинэ CD хэр явцтай байгаа вэ?

Бид энэ зун худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа. Би одоохондоо нэрийг нь өөрчлөх эсэхээ хараахан шийдээгүй байна. Хайр бол намайг байнга эргэлзэхэд хүргэдэг төгсөшгүй гайхалтай сэдэв.

Марк та хоёрын хайр дурлалын талаар юу хэлэх вэ?

Жирэмсэн байхдаа би их цухалддаг байсан. Орон дээрээ нэг тал руугаа харж хэвтэхээр нэг ихэр маань, нөгөө тал руугаа харахаар нөгөө ихэр гээд л Надад байнга дэрлэж унтдаг нэг дэр байсан юм. Марк үүнийг одоо ч  дэрлэж унтдаг. Тэр аялахдаа ч авч явдаг юм.   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж