Брисбэйнд үер болж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Брисбэйнд үер болж байна

Австралийн Брисбэйн хотын дундуур урсдаг Брисбэйн гол үерлэж байна. Энэ удаагийн үерийн хохирол 1974 оныхоос ч илүү байх төлөвтэй байгаа юм. Голын усны төвшин лхагва гаригт дахин хоёр метрээр нэмэгдэж, пүрэв гаригт бүр таван метрээр нэмэгдэхээр байгаа аж.

“Бид түүхэн дэх хамгийн аймшигтай байгалийн гамшигт бэлдэж байна” гэж Квинслэндийн захирагч Анна Блигх хэлэв.Одоогийн байдлаар нэг сая хүн амтай Брисбэйн хотын 19700 байшин үерт автаад байгаа юм. Харин Ипсвич хотод 4000 байшин үерт автсан байгаа аж. Брисбэйн гол 1974 онд үерлэхдээ эргээс хальж, 6000 байшин үерт автсан бөгөөд нийт 14 хүн амиа алдаж байсан юм.

Үерээс болж олон газар тусгаарлагдаад байгаа бөгөөд эм, хангамжийг зөвхөн нисдэг тэргээр хүргэж байна. Энэ долоо хоногт л гэхэд Квинслэндэд арван хүн амиа алдаж, 90 хүн сураггүй алга болжээ. Батлан хамгаалах яамны долоон нисдэг тэргийг лхагва гаригт нэмж илгээснээр нийт 15 нисдэг тэргээр үлдсэн хүмүүс болон алаг болсон иргэдийн цогцосыг хайх ажиллагаа явуулж байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж