Ууцны үнэ тэнгэрт хадлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Ууцны үнэ тэнгэрт хадлаа

Ууцны үнэ Цагаан сар дөхөх тусам өсч, хүмүүсийн нүдийг орой дээр нь гаргачихдаг тал бий. Энэ жил ууцны үнэ өмнөх жилүүдээс илүү өссөнийг иргэд шүүмжилж  байна. Захуудад баярын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ ханш ямар байгааг хүргэж байна.

“ХҮЧИТ ШОНХОР” ЗАХАД УУЦНЫ СОНГОЛТ АРВИН Ч ӨНДӨР ҮНЭТЭЙ БАЙНА

Бусад худалдааны төв, захыг бодвол эндээс хүссэн ууцаа сонгох боломж бүрджээ. Хөдөөнөөс оруулж ирсэн ууцыг махны ченжүүдийн гар дамжуулалгүй шууд зарж байв. Хашаан дотор хоёр эгнээ болж зогссон машинуудын тэвшин дээр ууц зарах аж.  Үнийн хувьд харьцангуй өөр, өөр. 40 килограммаас доош жинтэй туранхай гулууз махны үнэ 120-150 мянган төгрөгийн хоо­ронд хэлбэлзэж байна. Учир нь нэг килограмм хонины махыг 4200-4500 төгрөгөөр зарж байсан болохоор тарган биш ч гэсэн ийм үнэд хүрчээ. Тиймээс тарган, том ууц хэдэн килограмм хүрэхээсээ шалтгаалан 150-250 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Гэхдээ хамгийн үнэтэй том ууцуудыг “Жинлэхгүй шууд хэлсэн үнэдээ л өгнө. Авах хүн зөндөө байна” гэсэн хариулт өгч байсан. Бүдүүн эр хонины ууцыг 200-250 мянган төгрөгөөр авахаас өөр аргагүй болжээ. Зарим айл ууцны оронд үхрийн өвчүүгээр Цагаан сарынхаа ширээг чимдэг. Үхрийн өвчүүний үнэ ууцтай мөн адил хамаарч 120-150 мянган төгрөг байна. Энд үхрийн өвчүүний махыг нэг килограммыг нь 4000-4500 төгрөгөөр борлуулж байв. Махны худалдаачдын хэлснээр зүүн аймгуудаас Улаанбаатар хот руу мах нийлүүлэхийг хориглосон нь махны үнэ өсөхөд нөлөөлсөн аж. Харин махны жижиглэнгийн лангуун дээр  хонины ястай мах нэг килограмм нь 4200-4500 төгрөг, үхрийнх  4700-5000 төгрөг, ямааных 3100-3500, адууных 3500 төгрөгийн үнэтэй байлаа. Цагаан сараар бууз, банш хийх цул мах ч үнэд орох нь бий. Харин өнөөдрийн байдлаар хонины нэг килограмм цул мах 4300-4100, ямаа 3500, үхэр 3600, адууных 3200 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Харин тэмээний цул махыг килограммыг нь 3400 төгрөгөөр зарж байгаагаас гадна гүйлгээ сайтай байгаа хэмээн махны худалдаачид ярьж байсан. Олны нэрлэж заншсанаар “Дэнжийн 1000” буюу “Хүчит шонхор” захаас 100 орчим метрийн зайд “Нарантуул-2” худалдааны төв нээгдээд удаагүй байгаа билээ. Энд нэг килограмм махны үнэ 100-200 төгрөгөөр хямд байсан ч бусад захыг бодвол хүн багатай байлаа. Тэгээд ч тэр үү мах зарж байгаа худалдагч ч цөөхөн байсан юм.

“БӨМБӨГӨР”-Т ЖИЖИГЛЭНГИЙН МАХ ХАМГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

“Бөмбөгөр” худалдааны төвд нэг килограмм мах “Хүчит шонхор” зах дээр зарж байснаас хамаагүй үнэтэй байна. Энд үхрийн цул мах килограмм нь 6200 төгрөгийн үнэтэй байсан бол хонины цул мах килограмм нь 5500 төгрөгт хүрчээ. Адуу, тэмээ, ямааны мах  килограмм нь 4000-4800 төгрөгийн үнэтэй байсан юм. Харин ястай мах цул махаасаа  200-300 төгрөгөөр хямд байлаа. “Бөм­бөгөр”-ийн махны тасаг жи­жиг, цөөн лангуутай учир зарж бай­гаа ууц, өвчүү огт харагдсангүй. Тэгээд ч энд ууц, өвчүү зардаггүйг махны худалдаачид нь хэлж байсан. Тэд мах харьцангуй үнэтэй байгааг тайлбарлахдаа “Өөрсдийн унаагаар “Дэнжийн 1000”-аас зөөж авчирдаг. Тиймээс нэг килограмм махаас 100-200 төгрөгийн л ашиг олдог” хэмээсэн.

ХЭВИЙН БООВ ХААНА Ч ИЖИЛ ҮНЭТЭЙ  БАЙВ

Хамгийн үнэтэй буюу шар тосонд багсарч хийсэн Гандангийн хэвийн боов ширхэг нь 1700 төгрөгийн үнэтэй байна. Харин бусад үйлдвэрийн хэвийн боов өнгө зүс, үйлдвэрлэгч компа­нийн нэр хүндээс хамаарч 900-1600 төгрөгийн үнэд хүрчээ. Тухайлбал, үйлдвэрийн хэвийн боовыг ширхэгийг нь 1400-1600 төг­рөгөөр борлуулж байсан бол хувийн үйлдвэрийн хэвийн боов 900-1200 төгрөгийн үнэтэй байлаа. Мөн 15-21 ширхэг хэвийн боов авбал суурь еэвэн дагалдуулж өгч байсан ч суурь еэвэнгийн тусынх нь үнэ 2500-3000 төгрөг гэж байлаа.

Р.САРАНГОО


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж