Автомашины зээлийн хүү буурсан ч үнэ нь нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Автомашины зээлийн хүү буурсан ч үнэ нь нэмэгджээ

Автомашин болон сэлбэгийн үнэ ямар байгаа талаар өчигдөр сурвалжиллаа. Өвлийн дугуйн үнэ дунджаар 35 мянган төгрөгт хүрчээ. Өнгөрсөн аравдугаар сард 25 мянган төгрөгөөр зарагдаж байсан аж. Учрыг лавлавал гаалийн татвар нэмэгдсэн гэх юм. Гэтэл хил, гаалийнхнаас энэ талаар тодруулахад “Өнгөрсөн жил ямар байсан тэр л хэвээрээ байгаа” гэх хариуг хэлж байна.

Оны өмнөхөн Онцгой албан тат­ва­рын тухай хуульд өөрчлөлт оруулж, автомашины импортын тат­ва­­рыг насжилт, хөдөлгүүрийн баг­таам­­жаас нь хамаараад нэмэх талаар яригдаж төмөр хүлэг авах хүсэл­тэй иргэдийг нэлээд сандаргасан. Гэтэл тэрхүү хуулийн төсөл болох­гүй, бүтэхгүйгээрээ дуудуулж цуцлаг­дах явцдаа илт мэдрэгдэхээр балаг тарьж орхижээ. Тухайн үед ченжүүд автомашиныхаа үнийг огцом нэмж, хэвлэлүүд энэ талаар бичиж байсан ч өнөөдөр тэрхүү үнэ нь буугаагүй байна. Тэд зогсоолд цэгцтэйхэн тавьж, цонх, дугуйг нь угаасан тө­дий машинуудынхаа үнийг дор хаяж 600 мянгаас сая төгрөгөөр  нэмжээ. Удахгүй цагаан сар болох тул ойрын үед автомашины наймаа өвлийн бусад үетэй харь­цуулахад сэргэдэг гэсэн. Иймээс машины наймаа, үнэ ханшийн талаар сурвалжлахаар “Да хүрээ” захад өдрийн хагасыг өнгөрөөсөн юм.

БАНКУУД ХҮҮГЭЭ БУУЛГАСАН. ГЭВЧ…

Цалингаараа тансаглах гэх үү, цалингаа өрөндөө цавчуулах гэх үү. Ямар ч байсан банкны лизинг хэрэг болох хүндээ хэрэгтэй. Энд байгаа ихэнх машинуудыг  “ХААН”, “Хас”, “Хадгаламж банк”-ны лизингээр худалдан авах боломжтой аж. Дээрх банкуудын цахим хуудсаар орж үзэхэд шинэ машинд гурван жил, хуучинд нь хоёр жилийн хугацаатай сарын 1.9 хувийн хүүтэй зээл олгодог юм байна. Цагаан сар болох гэж байгаа тул лизингийн хүү 1.5 хувь болон буурчээ. Харамсалтай нь хүү буурсан ч машиных нь үнэ нэмэгдсэн байхаар ямар олиг байхав дээ. Лизингийн хүү буурсан гэдэг үг зөвхөн банкны танилцуулга, ченжүүдийн ярианы “хачир” л болж байх шиг. Тэд, “банкны лизингээр машин авч болно. Хүү нь буураад бүр 1.5 хувь болчихсон” хэмээн алдаж болохгүй боломж гэх нь холгүй ярьж байна.

Япон автомашины үнэ нэлээд нэмэгджээ. Хэдхэн сарын өмнө долоон сая гаруй төгрөгийн үнэтэй байсан Toyoto Carina гэхэд өнөөдөр найман сая 100 мянган төгрөг болон нэмэгджээ. Машин авахдаа иргэд хэзээ ч ганцаараа явдаггүй аж. Тэд сайтар шалгаж, хоорондоо зөвлөлдөж байлаа. Тэдний дунд Toyoto Carina маркийн хүрэн өнгөтэй машин үзэж байсан дунд эргэм насны эр, “Та нар оруулж ирж байгаа машиныхаа ядаж дугуйг нь солихгүй байж болдоггүй юм уу. Энэ машины аваарын дугуй хэзээ ийм байсан юм” гэж ченжэд хандан хэлж байв. Ченж хариуд нь “Угаасаа нөөц дугуй    байгаагүй. Бид яаж хүнд дутуу юм өгөх вэ гээд л оронд нь…” хэмээн тайлбарлана. Түүний ярьж буйгаар ченжүүд машин оруулж ирээд дугуй, толь, салхивч, обуд зэрэг өнгөтэй өөдтэй нэмэлт хэрэгслүүдийг нь солиод түүнийгээ үнэд хүргэн зардаг гэсэн. Эндээс автомашины бизнес эрхлэгчдийн бас нэгэн хачирхалтай “соёл” харагдаж байна. Машин сонирхож байгаа хүмүүсийг дагаж яриаг нь сонсоод байсныг ченжүүд анзаарсан бололтой эхнээсээ дургүйцэж байгаагаа илэрхийлж байлаа.

ЧЕНЖҮҮДЭЭС АЙДАГ

Энэ барааг зарагчид буюу ченжүүд их л найрсаг байдаг юм байна. Хэд хэдэн машин үзээд яриа хөөрөө үүсгэхэд “Залуу хүн байна даа. Спорт машин сонирх. 2.0 хөдөлгүүртэй, хүндрүүлэгчтэй, Субару Импереза. Авах бол обудыг нь сайжруулаад өгч болно. Долоон саяд…” хэмээн сунжруулаад, өөр япон тэрэгнүүд ч санал болгож байв. Харин намайг “Машины үнэ нэлээд нэмэгджээ” хэмээн тоомжиргүйхэн асуухад “Яахав нэмэгдсэн. Цагаан сар дөхөхөөр иймэрхүү л байдаг” гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Татва­рын сургаар үнээ нэм­сэн талаар тэд ярих дур­гүй бололтой. Тэдний хэлж буйгаар энэ жил машины борлуулалт өмнөх оны­хоос харь­цангуй сайн бай­гаа аж. Дараа нь солонгос тэрэг худал­даалдаг хэсэгт очив. Сонирхож байгаа хү­мүүс тасрахгүй аж. Цагаан болон алтлаг өн­гийн Verna маркийн автомашины дэргэд зогсох эр, “7.5 саяд өгнө. 2003 онд үйлдвэрлэсэн. Он залуутай эд дээ” гэж байна. Монголчууд бидэнд найман жилийн өмнө үйлдвэрлэсэн машин он залуутайд тооцогддог юм байна.

Hyundai Avante маркийн цэмбэгэр цагаан тэрэг зарж буй залуутай уулзав. Тэрбээр тодорхой шалтгааны улмаас машинаа зарахаар зогсч байгаа нь энэ аж. Үнэ нь найман сая төгрөг бөгөөд авах хүнтэй сайн ярих бололтой. Түүнээс мөн л машины үнэ өнгөрсөн арванхоёрдугаар сард нэмэгдсэн байсан. Ченжүүд буул­гах­гүй нь ээ хэмээн асуув. Харин  тэрбээр  “Ер нь бүх машины үнэ нэмэгдсэн. 500, 600 мянган төгрөгөөр нэмэх бол энүүхэнд. Ний нуугүй хэлэхэд энэ захын ченжүүд эвгүй дээ. Болгоомжилж байх хэрэгтэй. Наад зах нь мань мэт шиг ингээд зогсч байгаа хүмүүсийн зарах гэж байгаа машины хамрыг сөхөж үзээд баахан муучилж байгаад хямд үнээр авчих санаатай байдаг юм. Та нарт зарахгүй. Өөрөө зогсоно гэхээр үнэ унагав аа чи гээд олон юм ярина. Одоо би энэ машиныг найман сая төгрөгний үнэтэй гэж байна. Анхны үнээ 7.5 саяас гэж хэлбэл сонирхох хүмүүс зөндөө гарч ирнэ. Ченжүүдийн дундаж үнийг барьж зарахгүй л бол тэд худалдаж авахаар ирсэн хүмүүст “Наад машин чинь ийм, тийм” гэж хажууд ирж наймаа хаагаад байдаг гэсэн” хэмээн ярьж байв.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж