Роялтийн татвар 68 хувийнх шиг гай тарихгүй

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Роялтийн татвар 68 хувийнх шиг гай тарихгүй

Уул уурхайн салбарынхныг ундууцуулж байсан нэгэн хууль энэ оны эхнээс үгүй болж, өөр нэгэн хуулийг шинээр хэрэгжүүлж эхлэхээр болоод байгаа билээ. Тодруулбал, Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар буюу гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг Өсөн нэмэгдэх роялти буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр сольж байгаа юм. Өмнөх хууль нь улсын төсвийн орлогод багагүй хувь нэмэр оруулсан ч өндөр хувь хэмжээгээр олборлогчдыг айлгаж, төв банкны алтны нөөцийг ёроолыг нь гартал шавхсан том балагтай. Харин шинэ хуулиар дээрх алдааг засч, уул уурхайн хэвийн үйл ажиллагааг хангана хэмээн санаачлагчид нь үзэж буй юм. Үнэхээр ч шинэ хуулийн дагуу төсөвт орох орлогын хэмжээ өмнөхөөсөө эрс бага байх ч аливаа эрсдэлээс сэргийлэх ач холбогдол нь хамаагүй илүү.

Жишээ нь, “Эрдэнэт” үйлдвэр  гэхэд 68 хувийн татварт жилдээ 450 тэрбум төгрөг төлдөг байсан бол шинэ хуулиар 190 тэрбум төгрөгийн татвар төлөхөөр болж байгаа юм. Зөвхөн нэг аж ахуйн нэгжид л ийм их ялгаа гарч байгаа болохоор шинэ хуулийн ач холбогдол өндөр байх нь тодорхой.

Хуулийн хэлэлцүүлгийн яв­цад татварын хувь хэмжээг тохи­рох гэж гишүүд нэлээд ширүүхэн маргаан өрнүүлж байсан. Тухайл­бал, өмнөх хуулийн автор УИХ-ын гишүүн Н.Батбаяр шинэ татварын хувь хэмжээг аль болох өндөр байлгах гэж багагүй бухимдсан юм. Өөрийнх нь санаачилсан хуулийг хүчингүй болгочихсон болохоор өнөөдрийг хүртэл тэр тун ууртай яваа. Тэрбээр, зэс, алтад ногдуулах нөөц ашигласны төлбө­рийн хэмжээг тус бүр 18 хувь болгох гэж баахан зүтгэсэн. Харин Д.Дамба-Очир нарын гишүүд “Төсвийн орлогын гол ачааг үүрч яваа “Эрдэнэт” мэтийн том үйлдвэрээ нэмж дарамтлах хэрэггүй” хэмээн хамгаалсны хүчинд роялтийн хувь хэмжээг нэлээд бууруулж чадсан юм. Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар хүчингүй болоогүй байсан бол энэ онд зөвхөн зэсээс л гэхэд 527.7 тэрбум төгрөгийн орлого орж ирэх ёстой байв. Гэхдээ үүнээс гадна Монгол Улсын Засгийн газрыг олон улсын шүү­хийн тавцанд аваачсан, алт олбор­логчид татвараас зугтах нөхцөлийг бүрдүүлсэн гээд сөрөг тал нь бүр ч их. Угаасаа анх 68 хувь гэж тогтохдоо дэлхийн уул уурхайн жишгийг огт бодол­цоогүй. Бараг л “Монголын тамирчин сүмогийн 68 дахь их аварга болсныг бэлгэшээгээд ин­гэж шийдсэн” гэсэн инээдтэй яриа байдаг. Харин шинэ хуулийн онцлог нь хувь хэм­жээг хатуу тогтоолгүй тухайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд дээр хэрхэн хэлбэлзэхээс хамаарах юм. Тодруулбал, тонн зэсийн үнэ 8000 ам.доллараас дээш гарвал нөөц ашигласны төлбөр 10 хувьд хүрнэ. Мөн алтны үнэ 1300 ам.доллараас давах бол одоо байгаа таван хувь дээр дахин таван хувийг нэмэх жишээтэй. Энэ мэтээр хатуу тогтсон бус, тоон утгаараа хэлбэлзсэн татвар байх юм. Үндсэндээ ашигт малтмал тус бүрийн онцлогийг харгалзаж, төлбөрийн хувь хэмжээг тогтооно гэдгээрээ нэлээд онцлогтой. Гэх­дээ одоохондоо энэ төрлийн татварыг авч эхлэх хараахан болоогүй. УИХ-ын хаврын чуулганаар Ашигт малт­малын тухай хуулийн 47 дугаар зүйлд өөрчлөлт оруулж байж дээрх хууль хүчин төгөлдөр болох юм. УИХ, байнгын хороо­ны гишүүд ч энэ асуудалд нэлээд нухацтай хандсан гэхэд болно. Энэ онд зэсийн үнэ нэлээд өсөх төлөвтэй байгаа. Зэсийн үнийн төлөвийг гаргадаг олон улсын байгууллагууд тонн зэсийн эрэлт хийгээд үнэ ойрын гурван жилд хурдацтай нэмэгдэхийг байнга онцолж буй. Тиймээс Засгийн газраас өргөн мэдүүлсэн Өсөн нэмэг­дэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ту­хай хуулийн төсөлд зэсээс авах төлбөрийг 15 хувь хүртэл нэмэг­дүүлж тусгасан юм. Уг хуулийн дагуу зөвхөн зэс, алт ч бус цайр, молибден, гянт болд, төм­рийн хүдэр, тэдгээрийн баяж­мал, хайлуур жонш, хар, цагаан тугалга, түүхий болон боловс­руулсан нүүрс зэрэг нийт 12 хоёр төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүнийг хамруулахаар тусгаад байгаа юм.

Манай улсын уул уурхайн салбарын өнгийг тодорхойлж байгаа томоохон ордуудаас зөвхөн нэг бус, бусад төрлийн ашигт малтмалын хүдэр хавсарсан байдлаар олдох нь элбэг. Тиймээс олон нэр төрлийн бүтээгдэхүүнээс татвар авдаг байх нь монголчуудын ирээдүйд тун ч хэрэгтэй. Ялангуяа дэлхийд томоохонд тооцогдох стратегийн ордууд эдийн засгийн эргэлтэд орж байгаа энэ эгзэгтэй үед хэт хатуу бус, уян хатан, басхүү олон талын ач холбогдолтой татварын тогтолцоо бүрдүүлж байгаа нь их зөв гарц хэмээн эрдэмтэд үнэлж байна. Ер нь уул уурхайн салбараа тогтвортой хөгжүүлсэн улсууд Өсөн нэмэгдэх нөөц ашиг­ласны  төлбөрийн аргыг түгээ­мэл ашигладаг аж. Энэ нь голчлон хоёр хэлбэрээр татвар ног­дуулдаг. Нэг хэсэг нь татварын хэм­жээг ашгийн түвшинтэй шууд уял­дуулдаг бол нөгөө хувилбар нь бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн хэмжээ, борлуулалтын дүнгээс хамаардаг юм билээ. Уул уурхайн салбар нь хөгжлийн босгон дээр байгаа манайх шиг улсын хувьд хоёр дахь хэлбэрийг сонгох нь ашигтай. Яагаад гэвэл, татварын хэмжээг шууд ашгийн хэмжээтэй нь уялдуулах юм бол компаниуд өгөөжөө нэмэгдүүлэх тал дээр хойрго хандаж, аль болох арга заль хэрэглэхийг оролддог аж. Тиймээс үнэ ханшийн хэлбэлзэлтэй уялдах хэлбэрийг сонгох нь манайд хамгийн тохиромжтой гэдгийг Засгийн газар олж харж чадсан байна. Ямартай ч манай улс уул уурхайн салбарыг сандралд оруулаад байсан нэг хуульд “Баяртай” гэж хэлж чадлаа. Харин сайн замд хөтлөх шинэ хуулиа аятайхан угтаад авчих хэрэгтэй байна. Эрхэм гишүүд маань хувийн амбиц хөөж, хамаагүй “шоудаж” байгаад баллачихгүй л бол татварын шинэ тогтолцоог хэрэгжүүлэх нөхцөл үндсэндээ бүрдчихээд байна.       

Ч.ДАШДЭЛЭГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж