”Толгой”-гүй цэц ба намуудад колоничлогдсон үндсэн хууль

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

”Толгой”-гүй цэц ба намуудад колоничлогдсон үндсэн хууль

Эцэг хуулийг ноцогсод олон. Харин одоо тэд Үндсэн хуулиас эмээж байна. 1992 оны нэгдүгээр сарын 13. Эл өдөр батлагдсан ардчилсан Үндсэн хууль эрх баригчдын хувь заяаг үзэл баримтлалын зааг харгалзалгүй шийдэх гээд байгаа учраас тэр. Үндсэн хууль хамтарсан Засгийн газар орших, эс оршихыг шийднэ. Парламентад олонхи болсон Ардын нам ирэх сонгуульд ялах эсэхийг ч бас мэднэ. Тиймээс л эцэг хууль үзэл бодлын бус, ашиг сонирхлын нэгдэл болсон улстөрчдийн хувьд цэнэглэсэн галт зэвсэг адил болчихоод байгаа юм. Тэд Үндсэн хуулийн тухай сэдэв хөндөхөөс цааргалж байна. УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа тухайн үеийн МАХН, Ардчилсан намынхан эцэг хуулийг нийгмийн шаардлагын дагуу өөрчлөхөө амлаж, хамтарсан Засгийн газар байгуулсан. Гэвч стандарт бус засаглал тогтоож, Үндсэн хуулийн үнэт зүйл дээр гишгэсэн билээ. Чухам энэ л гүйцэтгэх засаглалынхны хувьд “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг бүү хөндөөрэй” хэмээн бие биедээ мессеж явуулах гол сэжим нь болсон юм.

Үндсэн хуулийг “унтуулж” үлдээх өөр нэ­гэн шалтгаан нь Ардын нам болон Ардчилсан намынхны дотоод хагарал. Тиймээс УИХ дахь “Гуравдагч хүчин”-ий төлөөлөл болсон зарим гишүүн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж, эрх баригчдын зүрхийг ёгхийлгэж эхэллээ. Тэдний хувьд, Үндсэн хуульд өөрсдөөс нь өөр хүн өөрчлөлт оруулах нэр нүүргүй мэт харагдуулах алхам хийсэн нь ч ажиглагдаж байна. Энэ бүхэн ойлгомжтой. Парламентад ганц суудал бүхий Ногоон намын дарга, УИХ-ын гишүүн Д.Энхбат, бие даагч З.Алтай, МАХН-ын түр штабын ерөнхий зохицуулагч Ц.Шинэбаяр, Ардчилсан намаас Ц.Баярсайхан, Н.Батбаяр, С.Эрдэнэ зэрэг хамтарсан Засгийн газрыг эсэргүүцэгчид, Ардын намаа байнга муулдаг Ш.Сайхансамбуу, асуудлыг арай өөр өнц­гөөс хардаг О.Чулуунбат, Л.Гантөмөр, Ж.Сүх­баатар, Ж.Энхбаяр нарын 15 гишүүн дээрх төслийг санаачилсан нь энгийн үйлдэл мөн гэж үү. Хуулийн төсөлдөө “Сайд нарын гуравны нэгээс дээшгүй нь УИХ-ын гишүүн байж болно” хэмээх заалт оруулж, сайд нарыг сэм өдсөн ч тэд “Хамтарсан Засгийн газраар одоо­хондоо оролдох хэрэггүй” гэж үзжээ. Үүнийгээ “УИХ-ын 2012 оны сонгуулиас өмнө мөрдөж эхлэх тухай заалт оруулбал Үнд­сэн хуульд өөрчлөлт оруулсны үр дүн гарахгүй. Улстөрчдийн тоглоом болж гүйцнэ. Тэгээд ч нөхөд эсрэг санал өгч, эцэг хуульд ийм өөрчлөлт оруулахыг дэмжихгүй. Тийм учраас 2012 оны наймдугаар сарын 1-нээс мөр­дөж эхлэх тухай заалт оруулсан” хэмээн хууль санаачлагчид тайлбарлалаа.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх, тэр тусмаа Цэцийн даргаар хэнийг томилохоос Ардын намын хувь заяа шийдэгдэнэ. Хэдийгээр Үндсэн хуульд “Монгол Улсын Үндсэн хуу­лийн Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн ту­хай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийд­вэрлэх бүрэн эрх бүхий байгууллага тө­дий­гүй Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” гэж тодорхойлсон ч намуудын ашиг сонирхлын зөрчилдөөн эцэстээ эцэг хууль сахиулагчдыг “толгой”-гүй болгон хувир­галаа. Хэрэв Үндсэн хуулийн 65 дугаар зүйл дэх “Цэцийн есөн гишүүний аль нэгийг гур­ван жилийн хугацаатайгаар гишүүдийн олонхийн саналаар Цэцийн даргаар сонгоно” гэсэн заалтыг мөрдсөн бол Улсын ерөнхий про­курор асан М.Алтанхуягийг энэ албанд то­милох тухай яриа гарахгүй байлаа. Гэвч энэ заалт эрх баригчдын хувьд албан тушаал ху­ваарилах гишгүүр болсон нь нэгэнт то­дорхой болсон. Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Ж.Бямбадорж суудлаа тавьж өг­сөн нь ч намуудын дотоод хагарал, эрх ашиг­тай холбоотой. Хашир парламентч асан түү­нийг Цэц рүү илгээсэн нь мөн л намын томи­лолт байсан билээ. Харин өнгөрсөн оны эцэст “Сонгуулийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн” гэсэн дүгнэлт гаргаж, “Ардын нам МАХН хэмээх хуучин нэрээ ашиглаж болохгүй” хэмээн лүндэн буулгах сургаар Ж.Бямбадоржийг өөр албан тушаалд томилсон. Иймэрхүү “галт зэвсэг” Үндсэн хуулийн Цэцийн зүгээс галлахаас Ардын намынхан тэгтлээ болгоомжилсон хэрэг. Тэгээд ч Ж.Бямбадорж Үндсэн хуулийн Цэцийн дарга байх үед Ц.Нямдорж зарим хуульд засвар хий­сэн гэх шалтгаанаар УИХ-ын даргаас огцорч, Монгол Улсын 2007 оны Төсвийн тухай хуулийн дагуу УИХ-ын сонгуулийн тойрог бүрт 250 сая төгрөг хуваарилсан нь эцэг хуу­лийн өмнө бүдэрч байсан удаатай. Харин энэ удаад, бүр тодруулбал Ж.Бямбадорж Цэцийн даргаар хэвээр үлдсэн бол “Ардын намынхан хуучин нэрээ сэргээсэн учраас МАХН гэдэг товчлолыг ашиглах эрхгүй” гэж бүдрэх магад­лалтай байсан тул түүнийг соёлтойгоор “огцруулжээ”. Бүр “УИХ-ын байнгын хороод Ж.Бямбадорж, П.Очирбат нарыг Цэцэд нь үлдээх шийдвэр гаргасан ч Ж.Бямбадорж албан тушаалаасаа өөрийн саналаар чөлөөлөгдсөн” гэдэг тодотголтойгоор шүү. Гэхдээ экс проку­рор М.Алтанхуяг Цэцийн даргаар томилогдвол бүр ч аюултай. Учир нь түүнд улстөрчдийн тухай хар дэвтэр бий. Тэрхүү хар дэвтэрт бүх зүйл бичээстэй. М.Алтанхуяг дэвтэрт тэм­дэг­лэснээсээ хэн нэгний тухай уншиж өгвөл яах билээ. Иймэрхүү шалтгаанаар улстөрчид түү­ний харцаар хөдөлж, бас дургүй ч гэсэн хайр зарлаж байна. Үндсэн хуульд заасанчлан төр эрх барьдаг биш, нам бүхнийг ийнхүү шийддэг болжээ. Үндсэн хууль хэмээгч нь намуудын хувьд өөрсдөдөө зориулж байгуулсан колонич­логдсон бүс адил аж.

С.БАТТУЛГА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж