Гурван сайдыг нүд үзүүрлээд хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Гурван сайдыг нүд үзүүрлээд хэрэггүй

УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягтай ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт Зас­гийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрээс яриагаа эхлэе. Иргэн бүрт 1,5 сая төгрөгийг гурван жи­лийн хугацаанд олгох юм байна. Гэхдээ яаж?
-Өнгөрсөн долоо хоногт ч шийдсэн юм биш л дээ. Маш олон удаа ярьж байж өнгөрсөн долоо хоногт эцэслэн шийдвэрлэсэн. Энэ 1,5 сая төгрөгийг Засгийн газрын бүрэн эрхийн хуга­цаанд бүрэн дүүрэн олгоё гэж. Ер нь бол 120 мянган төгрөгийг нь олгоод эхэлчихсэн, үлдсэнийг нь 2012 он гэхэд бүрэн олгож дуусна. 500 мянга орчмыг бэлнээр олгоё, үлдсэн нэг сая төгрөгийг дөрвөн төрлийн зүйлд зар­цуулах эрхтэйгээр, бэлэн бусаар олгоё. Эхнийх нь орон сууцны зээл авахад урьдчилгаа болгож, хоёр дахь нь сургалтын төлбөрт, гуравдугаарт эрүүл мэндийн үйлчилгээ, эрүүл мэндийн даатгалд, дөрөвдүгээрт тэтгэврээ тогтоолгож чадаагүй хүмүүсийг тэтгэврийн даатгалд хамруулахад зарцуулья гэдэг шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан.
-Тавантолгойн асуудлыг бас энэ хуралдаанаар хэлэлцсэн. Тэгэхээр Оюутолгойноос авсан урьдчилгаа төлбөрийг нугалсан өрийг  Тавантолгой дээр дахиад тавих нь ээ дээ?
-Тавантолгойн ордыг цаашид яаж ашиглах вэ гэдэг дээр зарчмын гол асуудлуудаа тохирсон. Нэгдүгээрт энэ орд төрийн өмчид 100 хувь байна. Хоёрдугаарт энэ ордыг хоёр хувааж, хоёр өөр оператор компанид ашиг­луулья гэлээ. Өмнө нь бол гурав, дөрөв хувааж ашиглуулья гэж ярьж байсан шүү дээ. Гуравдугаарт нүүрс олбор­лолт дээрээ гадаад, дотоодын компа­нийг оруулж ажиллуулаад, бүтээг­дэхүүн хуваах зарчмаар явья гэдэг хэдэн үндсэн асуудлыг л тохирсон.
-Үнэхээр 1,5 саяыг өгье гэж байгаа бол үүнийхээ эдийн засагт үзүүлэх сөрөг үр дагаврыг нь яаж тооцсон юм бэ? Эхний 70 мянга бол ууцны мөнгөнд л явчихсан, үнэ жаахан хөөргөдсөн. Гэтэл одоо 500 мянган төгрөг бэлнээр тараах тухай асуудал ярьж байна. Нийт зүнгээр нь харвал 70 мянга ч том мөнгө байсан…
-Эхний авсан 70 мянгаа идчихлээ , одоо яах вэ гэдэг бол хувь хүний асуудал. Ямар ч байсан засаг төр амлалтаа биелүүлж эхэлж байна. Ингэхдээ мэдээж энэ мөнгө үр ашигтай байгаасай, зөв зарцуулаасай гэдэг бодлогын үндсэн дээр 3/1-ийг нь буюу 500 мянгыг бэлнээр өгнө, бусдыг нь эрүүл мэнд боловсрол, тэтгэвэр, орон сууцанд зарцуулаарай гэж байна. Үүнийгээ бид зөв бодлого гэж үзэж байгаа. Ард иргэдээрээ хэлэлцүүлж болно. “Өгөхгүй нь ээ” гэж баахан бухимдчихаад “өгье” гэхээр бас “үр ашиггүй юманд зарцуулах нь” гэж санаа зовоод байх шаардлагагүй. Алийг нь бэлнээр, алийг нь бэлэн бусаар өгөхөө засаг өөрөө хязгаарлаад өгчихнө.
-Өгөхгүй нь ээ гэж уурлаж бухимдсан нь яг хэд юм бэ. Нөгөө хэсэгт нь бол уул уурхайгаас олсон орлогоо илүү үр ашигтай, алсыг харсан хөрөнгө оруулалт хий­гээсэй, үйлдвэрлэлээ дамжиж, ажлын байр нэмэгдүүлээсэй гэсэн хүлээлт л байсан шүү дээ?
-Хөрөнгө оруулалт шүү дээ. Орон сууцны зээл, эрүүл мэнд, боловсролд зарцуулна гэдэг бол хөрөнгө оруулалт. Өндөр насны тэтгэвэртэй болно гэдэг бол бас л иргэн лүү хийж байгаа хөрөнгө оруулалт. Харин ч хамтарсан Засгийн газар байгуулагдсан учраас энэ мөнгийг олох аргыг жил гаруйн хугацаанд, олон талаас нь судалж байж, нэгэндээ дэгээ тавих биш дэмжиж, хамтарч ажилласны хүчинд богино хугацаанд шийдэж чадлаа гэж би бодож байна. Энэ бол давуу тал.
-Тэгвэл тэр нэг сая төгрөг чинь үнэт цаас юм уу, ваучэр, эрхийн бичиг байх юм уу?
-Энэ бол их нарийн асуудал. Үүнийг дахиж ярьж шийднэ. Ямар хэлбэрээр иргэдэд очвол илүү үр ашигтай, үнэгүйдэхгүй байх вэ гэдэг тэр аргыг хайж ол гэдэг үүргийг Сангийн яаманд өгсөн.
-Намуудын мөрийн хөтөлбөрт энэ 1,5 саяас гадна үйлдвэржилтийг дэмжих, ажлын байрыг нэмэг­дүү­лэх, боловсрол, эрүүл мэндийн салбараа шинэ стандартад гаргах гээд нийгэмд тулгамдаад байгаа маш олон зүйлийн амлалтууд бий. Гэтэл яагаад Засгийн газар хамгийн үр ашиггүйг нь, энэ 1,5 саяыг түрүүлж барьж авч байгаа юм бэ?
-Бодлогын өөрчлөлт хийгдээд эхэлчихсэн. Боловсролын салбарт жишээ нь мэргэжилтэй боловсон хүчин, мэргэжилтэй ажилчин бэлтгэх асуудлыг олон жил орхигдуулж ирсэн. Үүн дээр бид Мянганы сорилын сангаас 60-аад сая ам.долларын дэмжлэг аваад ажлаа эхэлчихсэн байгаа. Төрийн өмчийн 50-60 их дээд сургууль байсныг нь 10-20 болгоод нэгтгэж байна. Би өөрөө дээд сургуульд багшилж байсны хувьд сайн мэднэ. 200 оюутны өмнө зогсдог багш, 20 оюутны өмнө зогсдог багш хоёр их ялгаатай. Энэ бол эхний алхам. Хоёрдугаарт их дээд сургуулиуд дур дураараа мэргэжилтэн бэлтгэдгийг зогсооё. ШУТИС жишээ нь нийгмийн ажилтан бэлтгэхээ больё л доо. Хувийн сургуулиуд бас нэг зүйлийг ярьдаг юм. Хүн мөнгөө төлөөд сурья гэж байгаа тохиолдолд эдийн засагч, нябо, хуульч, багш мэргэжилтэнг нь бид бэлтгэе. Инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэдэг лаборатори сургуулиудаа л төр ав л даа гэж. Энэ бас байж болох л зүйл. Энэ тогтолцоог өөрчлөх ажлыг Засгийн газар хийгээд, тодорхой ажлууд хийгдээд эхэлчихсэн.
-Гэхдээ л Засгийн газрын гар­гасан шийдвэр их гэнэтийн санагд­сан. Энд иргэний хөдөлгөөнийхөн жагсаад, УИХ, Засгийн газрыг тараая гэмэгц л өмнө нь боломжгүй гэж үзэгдэж байсан 1,5 сая боломжтой болж байна шүү дээ? Хүмүүс ч гайхаж байна лээ, яасан их суудалдаа хайртай хүмүүс вэ гэж?
-Суудалдаа хайртайдаа биш. 2004 оны сонгуулийн дараа бид хүүхдийн мөнгийг бас л өгсөн. Би Сангийн айд байхдаа 3000-аар эхлүүлсэн, сүүлдээ 100 гаруй мянгыг авдаг болсон. Тэр хооронд засаг төр зөндөө л солиглоо биз дээ. Гэхдээ амласнаа л өгсөн. Энэ 1,5 сая дээр ч гэсэн УИХ, Засгийн газар сонгуульд нэг удаа амлачихаад, амлалтаа мартчихсан явж байгаад гэнэт хүмүүс нэхэхээр нь цочоод гаргаад ирсэн юм байхгүй. Үүнийг яаж өгөх вэ, эх үүсвэрээ хаанаас бүр­дүүлэх вэ, юунд зарцуулах вэ гэдгийг байнга ярьж байсан. Хүний хөгжлийн сангийн хуулийг өнгөрсөн намрын чуулганаар баталсан. Таван­толгойн асуудлыг энэ хаврын чуулганаар оруулж хэлэлцүүлнэ гэдэг чиглэлээ Засгийн газар намрын чуулганы тар­магц л зарласан. Харин энэ амлалт чинь нэг талаасаа засгийг шахах, ажиллуулах их сайн хөшүүрэг болж байгаа. Эерэг талаас нь харвал. Амлаа­гүй бол нөгөө л бахь байдгаараа, цалин хөлсөө 5-10 хувь нэмсэн болоод л сууж байгаа. Ийм том амлалт чинь зүгээр суухын аргагүй болгож байгаа байхгүй юу. Яаж өгөх юм, яаж олох юм, ер нь өгөх нь зөв үү, буруу юу, бэлнээр өгөх юм уу, яах юм гээд.
-Энэ 1,5 саяыг өгснөөрөө цаашдаа 5-10 саяыг амладаг, нэхдэг юм руу л нэг мөсөн явчих вий гэж болгоомжилж байна. Баялгийн хараал ч гэж ярьдаг болсон?
-Бид баялгийн хараал руу явахгүй ээ. Тэр чинь өөр утгатай зүйл. Уг нь тиймэрхүү зүйл болсон уу гэвэл болсон. Гэхдээ үнийн өсөлтөөс болсон юм. Байгалийн баялаг маш өндөр үнэд хүрээд, өндөр үнэтэй байх үед нь маш их ашигт малтмал олборлоод, үнэ буунгуут хоосорсон. Сая бидэнд бас тохиолдсон шүү дээ, зэсийн үнэ дээр. Ер нь бол юунаасаа айгаад, хулчийгаад суугаад байгаа юм бэ. Зургаан тэрбум тоннын нөөцтэй нүүрс Монголд байна. Яваандаа энэ нүүрсний хэрэглээ дэлхий нийтээр багасч мэдэхээр байна. Өнөөдөр авья гэж байгаа дээр нь л ашигла л даа. Баахан л бол­гоомжтой хүмүүс, бүгдээрээ уур­хайчин, нүүрсчин болчихсон л яриад байх юм.
-Сайхан Оюутолгойнхон ханган нийлүүлэгчдээ танилцуулсан. Гэтэл тэнд Монголын ганцхан компани шалгарсан нь мэдээлэл сур­тал­чилгааны ажлыг нь хийхээр Мон­голын нэг телевиз үлдсэн байх жишээтэй. Энэ ордоос ашиг авч үлдэх үндэсний компани байхгүй байна шүү дээ?
-Оюутолгой дээр орно, одоо бол ажил нь эхлээгүй байгаа. Энэ жил 780 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ. Тендэрийн шалгаруулалтад Монголын компаниуд оролцоно. Хам­гийн гол нь манай компаниуд өөрсөө гадаадын компаниудтай өрсөлдөхүйц чадвартай байх ёстой. Иймэрхүү хэмжээний мөнгөний, ажлын зах зээл бий болчихоод байна. Та нар минь наад менежмэнтээ, техник технологио сайжруулаач, өрсөлдөөч л гэж хэлмээр байна. Харин Тавантолгой дээр бол олборлолт, дэд бүтцийн ажил дээр нь үндэсний компаниудаа оролцуулахаар ярьж байгаа. Дээр нь нефть боловс­руулах, зэс хайлуулах, коксын үйлдвэр үйлдвэр барина. Нэг үеэ бодоход бид гарын 10 хуруунд багтахааргүй их ажил нэрлэж чадаж байна шүү дээ. Ажил гэдэг чинь мөнгө, ажлын байр. Ганцхан үүнд өөрсдийгөө бэлтгээч ээ гэж л монголчууддаа хэлмээр байна.
-Өнөөдөр жагссан иргэний хө­дөл­гөөнийхан Засгийн газрыг огц­руулахыг шаардаж, УИХ-ын даргад шаардах бичиг өгсөн. Тэгвэл үүний хариуд юу хэлмээр байна?
-Сүүлийн үед бол мөнгөн дээр л ажилладаг болсон юм байна лээ шүү дээ. Би тэгж л ойлгосон. Ерэн онд бидний хийж байсан жагсаал цуглаан өөр байлаа, хүмүүс нь өөр зорилготой байлаа. Жагсаж байгааг нь буруут­гадаггүй л дээ. Гэхдээ юуны төлөө, яах гэж жагсаж байгаа нь л их эргэлзээтэй болчихоод байгаа юм даа. Монгол Улс жаахан урагшилж, хөгжиж дэвшихэд хэн дургүйцээд байгаа юм бэ. Үүнийг чинь УИХ, Засгийн газар л хийнэ шүү дээ. Тэгээд жаахан юм хийх гэхээр нь “76 мангуу”, “76 авлигач” болгочихдог. Одоо байгаа Монголын төр засгийг аль болохоор харлуулах бодлого яваад байна шүү дээ. Энэ хэнд ашигтай юм бэ?  Тэгвэл энэ 76-гаа соль, өөр 76-г гаргаад ир. Гурван сарын дараа дахиад л тамтаггүй хар юманд хучигдахсан байна. Энэ хэний бодлого юм бэ, хэнд ашигтай юм. Би бол монгол хүн, Монголдоо сайхан амьдрахыг боддог. Миний үр хүүхдүүд ч гэсэн энд л амьдардаг. Энэ лав Монголын бодлого биш ээ.
-Тэгээд хэний бодлого гэж? Н.Энхбаяр, М.Энх­сайханых уу?
-Энүүхэндээ ярихад М.Энх­­сайхан үүнд манлай­лан оролцож байна. Энэ хүн юундаа гомдоод байгаа юм бэ. Намын дарга хийсэн, Ерөнхий сайд байсан, Тэргүүн шадар сайд ч байсан. Тэр үедээ хийхгүй яасан юм. Н.Энх­баяр М.Энхсайхан хоёр л үүнийг хийгээд байгаа биз дээ. Яах вэ, мон­голчууд хоорондоо хорсоод жаахан үзэж болно л доо. Би бол түүнийг нь зөвшөөрдөг юм, 2-3 хүн хоорондоо муу байж болно. Гэхдээ улсаа алах хэмжээнд хүрээд, ард­чил­лаар сонгосон байгуул­лагаа шалан дээр унатал үзэж болохгүй л байхгүй юу. Хэний мөнгөөр ийм юм хий­гээд байгаа юм бэ. Би үүнийг л дэмждэггүй. Түүнээс биш санаа бодол нийлэхгүй байхыг бол ойлгоно.
-Би бол УИХ-ын гишүүд Засгийн газрын амла­сан­даа уначихлаа гэж хараад байгаа?
-Амласандаа унаад байгаа юм байхгүй. Амласан учраас тэр чинь их хэрэг болж байна гэдгийг би хэлсэн. Яг энүүхэндээ ярихад би тэр сая төгрөгийг нь амлаагүй. Тэр үед би намын дарга ч бай­гаагүй. Гэхдээ би “Мэдэхгүй, миний өмнөх дарга л амласан юм гэнэ лээ” гэж новшрохгүй. Тийм зан надад байдаггүй юм. С.Баяр нь, Ц.Элбэгдорж нь хэн нь ч амласан бай ха­маагүй. Яах вэ, тэр үедээ өрсөлдөө л биз. Уг нь анх тэр хоёр сонгуульд орохдоо “Юу ч амлахгүй шүү” гэж ярьж тохирсон л юм гэнэ лээ. Тэгээд манай Элбэгээ “сая” гэнгүүт, нөгөөдөх нь “1,5 сая” гэчихсэн л байхгүй юу. Одоо тэрнийг мянга сөхөөд яах юм бэ. Харин монголчууд л энэ дундаас хожих ёстой. Хүн бүхэн хожиж гарах ёстой.
-Гэвч хөрөнгө оруулал­тын гэрээг хийсэн гурван сайд тань ажил хийснээсээ илүү ялтай болчихоод байна. Хэн нь хэдийг авлигад авсан бол, хэдээр зарчихав гээд л?
-Нэг зүйлийг ойлго, “Рио Тинто” энэ тэр чинь бол Монголд авлига өгдөг компани биш. Хөрөнгийн бирж дээр бүх үйл ажиллагаа нь ил тод явдаг, public компани. Хятадын компани бол манайд авлига өгч магадгүй.  Хоёрдугаарт бид тэдэнд өгөхгүй гээд өөр хэнд өгөх юм, Хятадад л өгнө шүү дээ. Орос тэдэнтэй өрсөлдөөд авч чадах уу, чадахгүй. Би Зас­гийн газрын сүүлийн хуралдаан дээр хэлсэн. “Энэ гурван хүний л нэр гараад, энэ гурван хүн л чичлүүлээд байна. Дөрөв дэх хүн нь би шүү” гэж. Миний нэр гар­сангүй, ямар сайхан юм гээд би зугатахгүй, хариуцлагыг хамтдаа хүлээнэ. Би тийм л философитой хүн.
-Гэрээ бол хуулийн да­гуу хийгдсэн, маргаан байх­гүй. Хайгуулыг “Айвенхоу майнз” хийсэн учраас хуу­лиараа Монголын тал 34 хувийг авах ёстой. Гэтэл Н.Энхбаяр гэдэг хүн “Би байсан бол 51 хувийг авч өгөх байсан юм” гээд байна. Тэгвэл хуулиа хэн, яагаад эхнээс нь 34 хувиар хийсэн бэ гэдэг асуулт гарна аа даа?
-Солиорч байгаа юм шүү. Н.Энхбаяр 51 хувийг авч өгнө гэж байхгүй. Н.Энхбаяр одоо өөрөө байхгүй болчихсон учраас л ингэж хэлж байгаа юм. Хүмүүсийн мартамхай байдлыг л далимдуулж байгаа хэрэг шүү дээ. Байхдаа тэгвэл тэр 51 хувиа хийхгүй яасан юм. Н.Энхбаярыг байхад л энэ хууль гарсан шүү дээ, түүн шиг Монголын төрд хаанчилсан хүн хаана байна. Н.Энхбаярын өмнөөс хэн үг хэлж байсан юм, тэр үед нь 51 хувиа хийхгүй юугаа хийж байсан юм. Өнгөрсөн юманд хүн бүхэн цэцэн гэдэг болж байна. УИХ-ын даргаас Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийг нь хүртэл бүгдийг нь л хийлээ шүү дээ. Тэр үедээ тэгээд хийгээд, “алаад” өгөхгүй яасан юм бэ. Битгий ингэж гонгинож бай. Би бол Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёрт ингэж л хэлмээр байгаа юм. Идээд цаддаг бол цадахаар болсон байх. Манай гэрийн сургаальд “Буруу замаар олдсон хоол бахлуур дээр нь тээглээд үхдэг” гэдэг юм. Харин тээглэдэггүй ямар сонин хүмүүс вэ. Буруу л байхгүй юу даа. Ялангуяа төр лүүгээ эргэж дайрдаг бол маш буруу. Түүнээс биш хэн нэгэнтэй хэрэлдэж болно. Н.Энхбаяр, С.Баяр хоёр муу байж болно шүү дээ. Түүнийгээ түүгээрээ л ярь л даа. Яахаараа С.Баярыг муу хэлэхийн тулд Монголын төрийг тэр чигээр нь харлуулж байгаа юм. “Засаг нь муу, УИХ нь муу”. М.Энхсайхан, Н.Энх­баяр хоёр УИХ-д ороогүй­гээсээ болоод ингэж хэлж болохгүй шүү дээ.
-Н.Энхбаяр, С.Баяр хоёрын асуудал МАХН-ын дотоод асуудал байх л даа. Гэхдээ тэдний харьцаа яагаад ийм байдалд хүрчих­сэн юм бэ. Хэнээс нь бо­лоод?
-МАХН-ын л дотоод асуудал. Би бас тэр намын дотоод асуудал руу ороод байхаагүй зарчимтай хүн. С.Баяр даргатай жил гаруй хамтарч ажилласан. Монго­лын төлөө гэсэн сэтгэл зүт­гэлтэй, ёстой л мундаг хүн гэж ойлгосон. Ойлгосон ч биш, мэдэрсэн гэж болно. Бид чинь бас хамтдаа тодорхой хугацаанд ажиллалаа, хамтын шийдвэрүүд гаргалаа. Тэндээс л би үнэхээр Монголын төлөө гэсэн сэтгэлтэй хүн юм гэж итгэсэн.
-М.Энхсаяхан дарга Шадар сайд байхдаа бас Н.Энхбаярын тухай ингэж хэлж байсан удаатай шүү. Н.Энхбаяр бол Монголд байхгүй удирдагч гэж?
-Биш ээ. Энхсайхан яасныг хэлэх үү. Их өрийг тэглэсэн асуудлыг шалгахаар УИХ дээр ажлын хэсэг байгуулахад М.Энхсайхан орсон юм. Тэгээд Н.Энх­баяртай хамт нэг удаа том­чуулын уулзалтад явсан. Ирээд л “Оросын өрийг тэглэсэн асуудал ямар ч асуудалгүй юм байна аа” гээд шууд гарын үсэг зурсан.. Үүнээс хойш энэ хүн Н.Энх­баярын хүн болсон гэж ойлго.
-Худалдагдчихсан хэрэг үү?
-Мэдэхгүй.
-Тэгвэл таны одоо “С.Баяр бол мундаг хүн” гэж хэлж байгаа тань юугаараа ялгаатай юм бэ?
-Би нэг зүйлийг хэлье. М.Энхсайхан Н.Энхбаяртай нэг удаа Ерөнхийлөгчийн сон­гуульд өрсөлдөхдөө “Авли­гачдыг цээрлүүлнэ” гэсэн цус урсгасан зураг хадаад явж байсан даа. Н.Энхбаяртай тийм л харьцаатай байсан хүн. Дараа нь ямар болсныг чи өөрөө мэдэж байгаа. Надад бол С.Баяртай тийм харьцаа байгаагүй. Анх Ардчилсан нам засагт орох гэж байхад хү­мүүс надаас “С.Баяр гэж ямар хүн бэ” гэж асууж байсан. Би “Мэдэхгүй, нүдний шилтэй л хүн байна лээ” л гэж хэлсэн. Үнэн л байхгүй юу. Өмнө нь бид ямар харьцаж байсан биш, бие биенээ мэдэх биш. МАХН хавиар л Ерөнхийлөгч Н.Багбандийн Тамгын газрын дарга гээд нэг нөхөр явдаг байсан, хуучин бага хуралд сууж байсан. Өөрийг мэ­дэхгүй, би үнэнээ л хэлсэн. Ялгаа нь энэ. Би хүнтэй бай­гаагаараа л байдаг, тэврэл­дээд байсан юм байхгүй. Яах аргагүй нэг нүдний шилтэй нөхөр л байсан, бүтэн жил хамт ажиллахдаа үнэхээр л Монголын төлөө сэтгэлтэй хүн юм гэдгийг нь л мэдсэн. Өөр илүү юм байхгүй. Гаргаж байгаа шийдвэр, хийж байгаа үйлдлүүдийг нь харахад үнэхээр л том тоглогч л юм билээ. Орос, Хятад, Япон, бүгдийг нь гаргаж тавьж байгаад л тоглодог юм билээ. Манайд тийм хүн байхгүй. Бидний толгой дутаж байна.
-Танай намд уу?
-Үгүй ээ, Монголд байхгүй. Энүүхэндээ, өнөөдөртөө байхгүй. Тэгсэн хэрнээ л хоорондоо үзээд байдаг юм байна лээ. Би үүнийг л ойлгодоггүй.
-МАХН-ын асуудлыг орхиё. Харин таныг на­мынх­ныхаа үгийг сонсохоо больсон, МАХН-ын даргын л үгийг сонсдог гэсэн гомдол байна даа?
МАХН-ын дарга хэн юм?
-С.Баяр юм биш үү?
-С.Баяр чинь хэдэн сар алга л байлаа шүү дээ. Би тэгж хүний үгээр явдаг хүн биш. Хамтраад ажиллаж байгаа нөхцөлд, засаг дээр гарч байгаа шийдвэр дээр бол С.Баяр даргын үгийг сонсоно. Тэр хүн ч гэсэн бас хүний үгийг сонсдог хүн байхгүй юу. Бид хоёрт нэг л зарчим байсан. Намуудынхаа дотоод асуудлыг ярьдаггүй, засаг дээр гарах шийдвэрээр л зөвлөлддөг. Тэр хүн саналаа хэлдэг, би саналаа хэлдэг.
-Манай намын бодлого биш, МАХН-ын даргын бодлогыг түрүүлж тавиад байна гэсэн л дээ?
-Хэн тэгж ярьж байна?
-Гишүүд.
-Хэцүү л дээ наадах чинь, хэсэг хүн л тэгж ярьж байж магадгүй. Би ч бас тэгж хэсэгт хүмүүст тэгж санагдаж байгааг үгүйсгэдэг хүн биш. Тэгж санагдаж магадгүй шүү дээ. Гэтэл үнэндээ би намынхаа бүлэгтэй өдөр бүр харьцаад, шийдвэрээ гаргаад л явж байгаа. Бүлэг дээр зарим асуудлаар цөөнх болж байгаа хүн байдаг шүү дээ. Би бол тэгж намын бүлэг дээрээ ороод “энэ асуудлыг ингэж, тэгж шийд” гэдэг хүн биш. Ганцхан удаа би Оюутолгойн асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Үүнд маань алдаатай, зөрүүтэй юм байхыг үгүйсгэхгүй. Улс төрийн хувьд энэ шийдвэрийг явуулах ёстой, энэ бол Монгол улсад хөгжил дэвшил авчирна гэдгийг л харсан учраас байр суурий хэлсэн. Таван хувийн алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Би улстөрч хүн ийм л зүйл дээр байр сууриа илэрхийлэх ёстой гэж үзээд жил хагас болоход ганцхан асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Хүн бүр өөрийн бодож сэтгэдэг толгой тархитай, мэдээллээ авдаг, боловсруулдаг ертөнцтэй, би үүнийг нь хүндэтгэдэг.
-Тэгвэл сонгуулийн хууль дээр та яагаад байр сууриа хэлэхгүй байгаа юм бэ? Сонгуулийг пропор­циональ системээр явуулна гэдэг чинь танай намын бараг эхний болоод эцсийн байр суурь юм биш үү?
-Бас нэг зовлонг чи ойлго. Ардчилсан намын даргын байр суурь нэг их юм юмны түрүүнд илэрхийлэгдээд байх хэрэггүй гэж би үздэг. Хэрэв тэгэх юм бол чиний хэлээд байгаа тэр хэсэг хүмүүсийг би дарамтлаад, эсвэл заавар­чилгаа өгөөд байгаа юм шиг сонсогдоно. Намын дарга ингэж хэллээ гэхээр түүнээс нь өөр бодолтой байж бо­лохгүй юм шиг зарим хүмүүст ойлгогдоно. Тийм учраас би түрүүлж “би ингэж бодож байна “ гэж хэлдэггүй. Аль болохоор манай гишүүд өөрс­дөө ойлгоосой, өөрсдийнх нь итгэл үнэмшил болоосой, нэг хэсэг нь цөөнх болоод мар­галдлаа гэхэд бидний дутуу харж байсан зүйлийг олоод гаргаад ирээсэй билээ л гэж хардаг. Арай нэг “ардчилсан” маягийн л юм чамд яриад байна шүү дээ. Угаасаа миний төрөлх натур чанар ийм.
Ер нь бол бид нам дотроо ярьсан. Нэгдүгээрт, жижиг 76 тойрог болохгүй нь, мөнгөний үүрэг роль маш их болж байна гэдгийг ярьсан. Хоёрдугаарт сая явсан том 26 тойрог бас болохгүй нь, олон мандаттай нэг том тойрог нам дотроо өрсөлдөөн бий болгоод байна, хамгийн гол нь хөгжлийн бод­лого таарахгүй юм байна гэж үзсэн. Энэ хоёрыг хоёуланг нь хэрэггүй гэсэн. Тэгэхээр шууд пропорциональ буюу хувь тэнцүүлсэн систем, холимог хувилбар хоёр л үлдэж байгаа. Үүн дээрээ яриад шийднэ. Аль нэг намд ашигтай биш, улс орны хөгжилд хэрэгтэй байх хувилбарыг олж гаргаж ирэх нь л чухал шүү дээ.
-Ядахдаа энэ асуудлыг хамтарсан  Засгийн газрын үед шийдчихэж болохгүй юу?
-Ярина шүү дээ. Асуудлаа босгож тавиад, УИХ-ын гишүүдтэйгээ сайн яриад, бүлэг бүлэг дээрээ тал талдаа асуудлаа сайн ойлголцоод явбал болохгүй юм гэж байхгүй. Яагаад асуудал явахгүй байна гэвэл ойлголцол нэгдэж өгөхгүй байна. Хүн хүн өөр өөрийнхөө өнцгөөр хараад зогсчихдог тал бас байдаг. Тийм учраас тэр ялгаануудыг л багасгавал асуудал явна.  
-Ардчилсан нам Зас­гийн газарт орох шийд­вэрийг та өөрөө намынхаа ҮЗХ-гоор хэлэлцүүлээд дэм­жүүлсэн, тийм үү? Намын даргын албыг Ц.Элбэгдоржоос дөнгөж аваад…
-Маш чухал гэж үзсэн, улс эх орны хувь заяатай холбоотой асуудлаар бол би байр сууриа илэрхийлдэг. Илэрхийлэхдээ “Та нар тэг, ингэ” гэж захирдаггүй. Үндэслэлээ л зөв гаргаж хэлэх нь чухал.
-Гэвч сайд нарыг томилсон тухайд Н.Алтан­хуяг хэнээс асуусан юм бэ гэж байна лээ?
-Хэн тэгж асууж байгаа юм.
-Хэн байх нь чухал биш л дээ. Ер нь энэ Н.Алтан­хуяг гэдэг хүн Ардчилсан намыг төлөөлөөд байна уу, Алтангадас гэдэг фракцийг төлөөлөөд байна уу ч гэдэг гомдол яваад байдаг…
-Хүн юу гэж ярих нь тэр хүний эрх чөлөө. Би нэг хүний ярьсан яриаг яг үнэндээ яриа ч гэж үздэггүй. Арван хүний үгээр үг хийвэл арай дээр байдаг юм. Хүн хүн өөр өөр байр суурьтай байж болно шүү дээ. Яахаараа Ардчилсан намын дарга ардчилсан на­мынхаа бүх гишүүдэд таалаг­дах ёстой вэ. Тийм хорвоо ертөнц байхаа больсон шүү дээ, 1990 оноос хойш.
-Тэгвэл та одоо хэдэн хувийн дэмжлэгтэй байна?
-Ямар ч байсан олонхи нь байгаа. Дийлэнх нь биш байж магадгүй. Угаасаа их хэцүү асуудал шүү дээ, энэ чинь. Яагаад 20-30 хувь нь миний эсрэг байж болохгүй гэж.
-Алтангадасынхан яагаад ингэж үеийн үед л илүү үзэгдэж явдаг юм бэ?  МАХН-тай нийлдэг, хуйвалддаг л гэнэ. Одоо ч гэсэн Засгийн газарт Алтангадасаас гурван сайд, бусад фракциас нь нийлээд гурав байгаа нь хүмүүсийн бухимдлыг төрүүлээд байна л даа?
-М.Энхсайхын үед л нам доторх тэмцэлдээ ашигласан  нэг арга нь л шүү дээ. Одоо тэгээд өөрөө хэнтэй нийлээд явж байгааг харж байгаа биз дээ. Тийм учраас Алтангадас ч гэнэ үү, юу гэнэв, энэ хэдэн хүнийг буруутгаад байх шаардлагагүй. Нийгэмд болохоор “Алтангадас л МАХН-тай нийлдэг” гэж тараа­чихаад, амьдрал дээрээ бол өөрөө нийлээд л явж байгаа хүн шүү дээ. Үүнд ач хол­богдол өгөхийн хэрэггүй. Улстөрчид ойрын зайны улс төр хийх гэж ярьдаг, түү­ний­гээ л хийсэн юм байгаа биз.
-Алтангадас яагаад гурвуулаа байгаа юм бэ?
-Би намын дарга болоод хэлсэн нэг үг бий. Энэ тал дээр зарим хүмүүстэй санал нийлдэггүй. Нам дотор байгаа фракци, сонирхлын бүлгийг устгана гэж ярьдаг хүн байдаг юм. Устгаад бүгдийг нь адилхан, нэг нам болгоно гэж. Би тэдэнд “Элэнцэг чинь, тийм юм байдаггүй юм” гэж хэлдэг. Гэхдээ би тэжээгээд, бордоод, гахай шиг байлгахгүй. Яагаад амьдрал дээр байгаа бодитой зүйлийг хүлээн зөвшөөрч чаддаггүй юм бэ, заавал өөртөө таалагдсанаар байлгах, эсвэл устгаж алга болгох, тэнд байсан юмыг энд авчирч наах гэдэг большевик зангаа л болих хэрэгтэй. Их дээрээсээ аваад ийм болчихсон. Ардчилсан биш л гэж хэлье л дээ, большевик энэ тэр нь ч яах вэ. Мөддөө үүнээсээ салах ч үгүй байх. Ягаад гэвэл бид ард­чилсан замаар 20-хон жил явж байгаа, харин ч том дэвшил гарсан. Бидний дараа дараа­чийн үр хүүхдүүд том болоод, тэдний амьдралын хэвшил болж байж л жинхэнэ ардчил­сан нийгэм болох байх.
-Алтангадас Ардчилсан нам дотор юу юм бэ?
-Байдаг л нэг хэсэг.
-Арай нэг оюунлаг хэсэг нь үү? МоАХ бол парти­занууд шүү дээ гэж хэлэх хүн ч бас байдаг л даа?
-Би бол намынхнаа оюун­тай, оюунгүйгээр нь ялгадаг хүн биш. Би Ардчилсан намын дарга. Нам гэдэг хамт олон дотор олон санаа бодолтой хүмүүс байх ёстой. Би үүнийг үгүйсгэдэггүй. Хүмүүсийг оюунтай оюунгүйгээр нь яаж ялгах юм, би бол мэдэхгүй. Ер нь намын дотор нь янз бүрээр нь ялгаад, ярлик зүүх тусам буруу болдог. Бидний, манай намын 20 жилд хийсэн алдаа энэ. Хүн ирээд “Танай намын тэр чинь нэг тэгээд байх шиг байна даа” гэхээр “тэгээгүй ээ, гэхдээ ингэдэг байх шүү” гээд дэмийрдэг юм. Би бол тэгж явах хий нь гарчихсан. Хий  нь гарахаасаа гадна бид тэгж явсаар байгаад хэрэгт ороод дууссан. Маш олон удаагийн сонгуульд ялагдсан. Тэр хүмүүсийг нэг зорилгын төлөө авч явах нь намын даргын ажил. Харин ч энэ их зовлон дундуур олон жил яваад одоо манай намынхан бүгдээрээ үүнийг ойлгочихсон. Хоорон­доо хэрэлдэх, хэмхэлдэх нь юунд хүргэдэг вэ гэдгийг.
-Ойлгоогүй л юм шиг байна. Ардчилсан хүчний холбоо юу хийж байгааг та харж л байгаа биз дээ?
-Тэр чинь бол Төрийн бус байгууллага. Түүн дотор байгаа зарим хүн намын тухай юм ярьж байгааг бас “нам юм байна” гэж битгий хар. Би намын дарга учраас түүнийг чинь харж байна. Зовлон үзсэн чавганц гэж нэг үг байдаг даа.
-Алтангадаас бусад бүх фракци л АХХ-нд орчихсон байгаа шүү дээ. Гэтэл цаана үлдэж байгаа 51 хувийг та яаж гаргаж байгаа юм бэ?
-Мэдэхгүй, би бол тийм тооцоо хийж үзээгүй. Та нар л сайн хийж байгаа юм шиг байна. Ардчилсан намын дарга тийм тооцоо хийж суудаг хүн биш, тэгвэл энэ нам урагшаа явахгүй. Түүний оронд АХХ юу хийх гэж байна гэдгийг хар. Зөвхөн намууд л улс орныг гийгүүлдэг гэсэн бодлоо бас авч хая. Ерөн оноос ганцхан МАХН л Монгол улсыг удирдан чиглүүлдэг мундаг амьтан гэж ярьдаг байлаа. Ерөн онд бид гарч ирээд “олон намын систем л Монгол улсыг авч явах мун­даг эд юм” гэж ярилаа. Гэтэл бас тийм биш байна. Ардчил­сан нийгэм гэдэг чинь иргэний нийгэм, түүний нэг нь төрийн бус байгууллага шүү дээ.
-Тэгээд АХХ гэж үү? Шууд л улс төрийн байгуул­лага харагддаг шүү дээ?
-Хэн харахаасаа шалт­гаалж байгаа юм. Чи бол улс төрийн амьдралыг сурвал­жилдаг, сонирхдог учраас тэгж харж байна. Өөр хүмүүс өөрөөр харж байна. Өөр өөрийн­хөө харснаар маргаад байх нь хэрэггүй гэж үг байдаг юм.
-Тэгвэл та АХХ-г зөвхөн ТББ гэж л харж байна уу?
-Би хараад байгаа ч хэрэг биш. Угаасаа албан ёсоор ингэж бүтгүүлээд тамга тэмд­гээ авчихсан байгууллага. Хүн хүслээ хэлж болно, дүр­гүйцлээ илэрхийлж болно. Гэхдээ цагаан дээр хараар юу гэж бичигдсэнээрээ л үлдэнэ шүү дээ. 

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж