2010 онд эрхтэн шилжүүлэн суулгалт буурчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

2010 онд эрхтэн шилжүүлэн суулгалт буурчээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Сүүлийн арван жилийн түүхэнд анх удаа хүний эд эрхтэн “хандивлах” үйл ажиллагаа тооны хувьд бууралттай  гарсан боловч Испани улс 19 жилийн турш эрхтэн шилжүүлэн суулгах, эрхтэн хандивлах үзүүлэлтээр дэлхийд тэргүүлсээр байна гэж  тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна. 

    Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний Байгууллагаас гаргасан тоо баримтаар 2010 онд 1502 донор гарсан гэж мэдээлсэн нь 1 сая хүнд 32 донор ногдож буй  үзүүлэлт бөгөөд 2009 онд 1605 донор гарч байжээ.

    Испани улсын Эрүүл мэндийн яамны ерөнхий нарийн бичгийн дарга Хосе Мартинес Олмос “Манай улс хүний эд эрхтэний донорын тоо хэмжээний хувьд Европын Холбоо, АНУ болон дэлхийн бусад орнуудаас үлэмж өндөр үзүүлэлттэй байдаг юм” гэж хэвлэлийн бага хурал дээр мэдээлжээ. 2010 онд эрхтэнээ хандивласан хүмүүсийн 46,6 хувь нь  60-аас дээш насны хүмүүс байгаа ажээ.  

    Испани улс нийтдээ 3773 хүнд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийснээс 2225 хүнд бөөр, 971 хүнд элэг, 235 хүнд зүрх, 243 хүнд уушиг, 94 хүнд нойр булчирхай, 5 хүнд гэдэс тус тус шилжүүлэн суулгах мэс засал хийсэн байна.


    Эх сурвалж: REUTERS

    Бэлтгэсэн Д.Пунцаг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж