-Цаг үеийн байдалтай холбогдуулж хоёр асуудлыг авч хэлэлцлээ. УИХ-ын Хаврын чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар хүүхдийн мөнгөний асуудлаар байр сууриа илэрхийлсэн учраас бүлгээс энэ ажлыг судлах ажлыг хэсэг байгууллаа. УИХ-ын Хаврын чуулганы нээлттэй зэрэгцээд жагсаал болж, тэдний зүгээс УИХ-ыг тараах талаар ирүүлсэн шаардлагыг дэлгэрэнгүй хэлэлцлээ. УИХ өөрөө институцийнхээ хувьд байр сууриа илэрхийлэх нь зүйтэй. Ингэхдээ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл, байнгын хороодын дарга нар энэ асуудлаар яаралтай цуглаж, жагсаал зохион байгуулагчдаас тавьсан асуудлыг заасан хугацаанд нь буюу 72 цагийн дотор албан ёсны хариуг өгөх ёстой гэж үзсэн. УИХ-аас байр сууриа илэрхийлэх энэ ажилд бүлгийн гишүүд бас оролцохоор боллоо.
Яагаад заавал УИХ-ын даргын зөвлөл хариу өгөх ёстой гэж үзээд байна вэ?
– Жагсагчид УИХ-д хандан шаардлага хүргэсэн. Энэ тохиолдолд улстөрийн нам хүчин, УИХ дахь намын бүлгүүд биш, УИХ өөрөө институцийнхээ хувьд албан ёсныхоо байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж бүлгийн гишүүд үзсэн л дээ. Хариу өгөх ажлын хэсэгт бүлгийн дарга, дэд дарга, байнгын хороодын дарга нар бас багтана.
-Хуваарийн дагуу хэлэлцсэн асуудлын тухайд тодруулбал?
-Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, түүнтэй холбогдох багц хуулиудыг хаалттай хэлэлцлээ. Ингээд хуулийн үзэл санаа концепци дээр ажиллах, ажлын хэсгийг байгууллаа. Тодорхой заалтууд дээр ярилцах шаардлага байгаа юм. Сүүлийн үед гүйцэтгэх засаглалын байгууллагуудад моодонд орж байгаа үзэгдэл бол тэдгээрийн удирдлагууд ард түмнээс мандат авдаг хоёр субьект болох Ерөнхийлөгч, УИХ хоёроос илүү хугацаагаар буюу зургаан жилийн хугацаатайгаар томилох асуудал орж ирээд байгаа нь өөрөө Үндсэн хуулийн зөрчилтэй зүйл гэдэг дээр гишүүд нэлээд ярилаа. Яагаад гэвэл Үндсэн хуульд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор нарыг л зургаан жилийн хугацаатайгаар томилохоор заасан. Бусад албан тушаалтнуудын хувьд энэ хугацааг харгалзах ёсгүй. Гэтэл УИХ-ын харьяа байгууллага, сүүлдээ бүр гүйцэтгэх засаглалын олон олон байгууллагын удирдлагыг томилох асуудал дээр энэ санал орж ирж байгаа учраас энэ нь өөрөө ард түмний мандат авч, сонгогддог хүмүүсээс илүү эрх мэдэлтэй гүйцэтгэх засаглалын субьектууд гарч ирэх гэж байна гэж үзсэн. Тийм учраас бүрэн эрхийн хугацаа нь дөрвөн жил байх ёстой. Харин улстөрийн нам, харьяалал, сонгуулийн үр дүнгээс шалтгаалж, өөрчлөгддөг тэр зүйлийг нь алга болгохын тулд УИХ-ын сонгуулийн цикл 2008, 2012 онд болж байхад тухайн албан тушаалтнуудын томилгоог 2010, 2014 он гэж хоёр жилээр солбиж томилж байх нь зүйтэй гэж үзэж, бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэн, бусад хууль тогтоомжуудыг судалж үзэх ажлын хэсэг байгууллаа.
Г.Дарь