ОХУ газрын тосны салбартаа шинэчлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

ОХУ газрын тосны салбартаа шинэчлэл хийнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Газрын тос, хийн экспортоор тэргүүлэгч ОХУ одоогийн байдлаар нефтийнхээ нөөцийн 50 хувийг нь хэрэглэчихээд байна. Одоо нефтийн дэд бүтцийг шинэчлэх шаардлагатай болж буй бөгөөд асар их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай болох аж. Дэлхийн эрчим хүчний зах зээлд Бразил улс хүчээ авч, хийн салбар дахь хувьсгал гарсан. Харин ОХУ төдийлөн их шинэчлэл хийгээгүй гэхэд маш сайн ажиллаж байгаа юм. Зарим тооцооноос харахад газрын тосны олборлолтоор Саудын Арабыг ч ардаа орхиж, дэлхийн тэргүүлэгч нефть экспортлогч болжээ.

    Гэхдээ тус улсын Ерөнхий сайд Владимир Путин ойрын 10 жилийн дотор 8,6 триллион рубль /280 тэрбум ам.доллар/-ийн хөрөнгө оруулалтыг нефтийн салбарт хийх хэрэгтэй гэжээ. Ингэхгүй бол 2020 он гэхэд Оросын нефть олборлолт 20 хувиар буурахаар байгаа гэсэн тооцоо байна.

    “Шатахуун, энергийн системд техникийн шинэчлэл хийхэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Компаниудыг орчин үеийн технологи ашигладаг болгосноор бид газрын тос, хийн үйлдвэрлэлээр илүү их ашиг олох боломжтой” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев энэ долоо хоногийн эхээр Аюулгүйн зөвлөлд хандан хэлсэн байна. Ямартай ч газрын тос болон хий дамжуулах хоолой, боловсруулах үйлдвэрүүдийн ашиглалтын хугацаа дуусч буй, заримынх нь хэдийнэ дуусчихсан байгааг албан тушаалтнууд болон экологичид хэлж байна. Үүнээс болж дэлхийн эрчим хүчний зах зээлээс ОХУ шахагдах хэмжээнд ч хүрч болзошгүй юм.  ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Газрын тос, хийн судалгааны институтын дарга Анатолий Дмитриеский ВВС агентлагт ярихдаа тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааг хайхрахгүй өнгөрч болохгүй гэв. Түүний өгсөн мэдээллээс харахад ОХУ илрүүлсэн газрын тосныхоо 50 хувийг хэрэглэчихсэн байгаа ч нийт нөөцийн 60 хувь нь олдоогүй байгаа аж. Түүнчлэн байгалийн хийн нөөцийн ердөө 25 хувийг нь л нээсэн гэжээ. Засгийн газрын тооцооноос харахад ОХУ-ын байгалийн хийн нөөцийн илэрсэн орд нь 165 триллион 2 шоо метр хэмжээтэй юм.

    Зарим шинжээчдийн хэлснээр Орост үйл ажиллагаа эрхэлж буй нефтийн компаниуд дахин 20 жилийн турш ажиллах хэмжээний нөөцтэй бөгөөд ойрын хугацаанд ямар нэг эрсдэл байхгүй аж. Бүтэн 20 жилийн нөөц гэдэг нь барууны өрсөлдөгчдийнхөөс хавьгүй их хэмжээ.

    Гэхдээ л хойд хөршийн нефтийн салбарт шинэчлэл хэрэгтэй гэдгийг үгүйсгэх аргагүй. Кремлийн мэдээллээс харахад газрын тос боловсруулах байгууламжуудын дэд бүтцийн 80 хувь нь үеэ өнгөрөөсөн гэнэ. Харин хий болон цахилгааны хувьд байдал бага зэрэг дээр байна.

    ОХУ-ын ихэнхи боловсруулагч байгуулам­жуудыг 1950-1960 онд байгуулсан бөгөөд хамгийн хямд, хамгийн энгийн технологиор ажилладаг байна. Харин боловсруулсан бүтээг­дэхүүний 40 хувь нь шатахууны нефть зэрэг хүнд бүтээгдэхүүн байдаг юм. Боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадал нь арай хөнгөн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тоног төхөөрөмж олон улсынхтай харьцуулахад дутмаг байдаг. Гэхдээ нефтиэс үйлдвэрлэдэг хүнд шатахуун бүтээгдэхүүний үнэ нь түүхий эдээсээ хямд байдаг юм. Иймд ашиг олохын тулд газрын тосны экспортын албан татвар нь нефть бүтээгдэхүүнийхээс бараг хоёр дахин үнэтэй байдаг аж. Өөрөөр хэлбэл, энэ нь зохиомлоор бүтээсэн ашиг. Бүтээгдэхүүнээс бус татвараас ашиг олох хэлбэр юм. Засгийн газар ч үүнийг одоо ойлгож байгаа бөгөөд татварт өөрчлөлт хийж, нефтийн салбарт шинэчлэл хийхээр ажиллаж буй юм.

    Одоогийн эрчим хүчний салбарын дэд бүтцийг амжилттайгаар шинэчилж, далайн гүнээс хайгуул хийхийн тулд Орост барууны орнуудын туслалцаа хэрэгтэй юм. Үүнийг ч сайн ойлгож байгаа Засгийн газар нь гадаадын хөрөнгө оруулагчдыг татах сонирхол өндөртэй байна.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж