
Баскийн террорист байгууллага ЭТА (ETA – Euzkadi Ta Azkatasuna, “Эх орон ба эрх чөлөө” баск хэлээр) 1959 оны долдугаар сарын 31-нд байгуулагдсан ба Баскийн орны тусгаар тогтнолын төлөө тэмцэл хийж ирэв. Тус байгууллага анх удаагаа 1968 оны зургадугаар сарын 7-нд террор хийн өөрсдийгөө гаргаж ирсэн ба тэр аллагад нь цагдаагийн ажилтан Хосе Пардинес амь үрэгдсэн байлаа. ЭТА-гийн террорт нийтдээ 820 хүн амиа алджээ.
ЭТА дөчин жилийнхээ тэмцэлд ихээхэн өөрчлөгдсөн юм. Эхлээд Франкогийн ард түмний эсрэг дэглэмтэй баскуудын өөрсдийн хэлээр ярих зэрэг ердийн эрх чөлөөний эрхийн төлөө тэмцэн олны дэмжлэг авсан байгаад сүүлдээ цөөн тооны хүмүүстэй жижиг террорист байгууллагууд болсон байна. Жилээс жилд дэмжлэгээ алдсаар ирсэн юм.
Даваа гаригийн өглөөгүүр гадаад зарим хэвлэл тэдний тоонд BBC, Guardian, Spiegel ба Dow Jones зэргийн редакцид Gara сониноос мэдээ ирэн өдрийн турш өөрийн сайтад баскийн салан тусгаарлагчдын “олон улсын төвшинд баталж байгаа бүрэн хэмжээний тогтмол эвлэрэл” зарлаж буйг мэдээлнэ гэсэн байв. Тэгээд сонины сайт хаагдсан байна. Хожим үдээс хойш уг сайт нээгдэн баск, англи, испани хэлээр баскийн террористуудын мэдэгдэл тавигдсан ба мөн видео бичлэгийг дагалдуулан харуулжээ.
Сонины сайтаар тараасан өгүүлэлд ЭТА байгууллага “зэвсэгт сөргөлдөөнд” төгсгөл тавихаар чиглэгдсэн “хатуу үүрэг” болгон “бүрэн хэмжээний бүх нийтийн” хэмжээнд тэмцлээ зогсоож буй шийдвэр гаргаж байгааг хэлсэн байв. Тэд энэ үүргээ “олон улсын төвшинд баталгаажуулахад” бэлэн гэжээ.
Баскийн салан тусгаарлагчид өөрсдийн шийдвэрээ “сөргөлдөөнөөс гарах шударга, ардчилсан замын хайлт” хэмээн тайлбарласан байна. Тэд Засгийн газарт хандан баскийн хэт зүүний хөдөлгөөнийхний эсрэг явуулж байгаа хэлмэгдүүлэлтээ зогсоохыг уриалжээ.
Gara сониноор дамжуулан 2010 оны есдүгээр сарын эхээр баскийн салан тусгаарлагчид “байлдааны довтлох үйл ажиллагааг зогсоож” буйгаа зарласан ба тэр нь тогтмол эсвэл түр зуурын хэрэг үү гэдэг нь ойлгомжгүй байв.
Ээлжит эв найрамдал зарлах нь хангалтгүй бөгөөд ЭТА байгууллагын оршсон түүхэнд тэд олон удаа эвлэрэл зарлан тэмцлээсээ татгалзсан гэж мэдээлээд өөрсдөө түүнийгээ зөрчдөг гэж Засгийн газар үзэж байгаа.
Террористуудаас зэвсэгт үйл ажиллагаагаа нэг мөр зогсоож, таран зэвсгээ хураалгах мөн хэт зүүний намуудаас террорын ажиллагааг эрс шуудаар буруутгахыг хүлээж байсан юм. Сүүлийн долоо хоногуудад ЭТА өөрийн үйл ажиллагааг бүрэн зогсоож байгаа тухай мэдээлэл гарна гэсэн яриа Испанид тархсан байлаа.
ЭТА бүлгийн гишүүд сүүлчийн террорын ажиллагааг 2009 оны наймдугаар сарын 9-нд хийжээ. Тэр цагаас хойш Испанийн цагдаагийнхан Франц, Португали, Их Британийн мэргэжил нэгтнүүдийнхээ дэмжлэгтэйгээр уг байгууллагыг бараг хүчин мөхөс болгожээ. Өнгөрсөн жилд цагдаагийнхан ЭТА-гийн гишүүд байж болох гэх 60 хүнийг баривчилсан байна. Тэдний тоонд уг байгууллагын удирдагч байж магадгүй хэд хэдэн хүн байгаа юм. Мөн хоёр тонн орчим тэсрэх бодис, ихээхэн хэмжээний баримт бичиг, зэр зэвсэг ба мансууруулах бодисыг хураасан байв. Португалид тэсрэх төхөөрөмж бэлтгэх нууц лаборатори ба агуулахуудыг илрүүлэн Португали ба Испанийн Каталонид террористуудын хоёр бааз байгуулах гэж байсныг таслан зогсоожээ.